Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Нэгэн үдшийн дөрвөн концерт


“Концерт” гэдэг монголжсон орос үг 1940 оноос анх хэлэгдэн, бидний орон нийгэмд нэвтэрчээ. Энэ үг латин хэлнээ “мэтгэж, уралдаж байна”, харин итали хэлэнд “найрсах, эвсэх” гэсэн утгатай аж. 

“Концерт үзнэ, концертод очно” хэмээн хот хөдөөгүй ярьж, хэлцэх нь соёлын нэгэн хэрэглээ, монгол амьдралын нэгэн хэсэг болсон билээ. Монголчуудын энэхүү концерт гэх ойлголт театр, соёлын ордон, клубын өндөрлөсөн тавцан тайзнаа дуу хөгжим, бүжгийн урлаг, уран сайхны авьяас чадварын мэргэшилтэй хүмүүс тодорхой нэгэн ерөнхий сэдэв, урьдчилан бэлтгэсэн хөтөлбөр агуулгын хүрээнд ээлж дараагаар гарч, олны өмнө дуулж, хуурдах бас бүжих үйлийн нэр болно. 

Европ дахинд ийм маягаар олон түмэнд дуу хөгжим тоглон үзүүлэх заншил 1680-ад оноос эхтэй аж. Одоо цагт ардын болон сонгодог концертын үргэлжлэх хугацаа бичигдээгүй хуулийн хүрээнд нэг цаг хорин минутаас хоёр цаг гаранханы туршид үргэлжлэхээр тогтсон байдаг. Хэрэв хоёр цаг үргэлжлэхээр бол дунд нь заавал завсарлуулж, үзэгчдийг биологийн хэвийн солилцоо явуулах боломж олгох нөхцөлийг бүрдүүлдэг. Поп, рок шоу хөтөлбөр 3-5 цаг үргэлжлэх нь бий. Манайд зохиолын дууны тоглолтууд ч олон цагаар Бөхийн Өргөө, Ю-Би Паласт завсарлагагүйгээр үргэлжлэн явагдах заншил тогтоод буй билээ.

АНУ-ын Колорадо мужийн Симфони найрал хөгжмийн хамтлагийн сурталчилгааны 2022 оны 9-р сарын 30-ны цахим хуудаст ( https://coloradosymphony.org) сонгодог концертын төрлүүдийг оролцож буй хөгжмийн зэмсгүүд, урсгал чиглэл, тоглогчдын тоо зэрэг үзүүлэлтээс хамаарч доорх төрлүүдэд хуваан авч үзнэ хэмээжээ. Үүнд:

  • Найрал дууны концерт (найрал дуу болон цөөхүүл дуучид),
  • Цөөхүүл найрал хөгжмийн концерт (симфони найрал хөгжмөөс арай цөөн хөгжимчид),
  • Цөөхүүл концерт (цөөвтөр дуучин, хөгжимчид),
  • Хүүхдийн концерт,
  • Дуурийн концерт (дуурийг концертын тайзнаа тоглох),
  • Тайлан концерт (нэгэн дуучин, хөгжимчний бие даасан тоглолт),
  • Симфони найрал хөгжмийн концерт зэрэг болно.  

Харин энэ бичвэрийн гарчиг нэрэнд харагдах “дөрвөн концерт” гэдэг арай өөр утгыг илтгэнэ.

Италийн сэргэн мандалтын үед (XVI зуунд) анх “концерт” гэх нэр томьёо, хэлц үүсчээ. Анхандаа Католик шажны зан үйлийн үед дуулагддаг өөр өөр өнгийн хоолойтой эрэгтэй, эмэгтэй дуучид нэгэн зэрэг эсвэл ээлж дараагаар сөөлжин, өрөөлдөж “полифон” гэх олон хоолойн ая дангаар дуулах залбирал, мөргөлийн хөгжмийн бүтээлийг анх нэрлэж байж. Харин арай хожуухан XVIII зуунд “барокко” урлагийн урсгал чиглэлийн үед цөөвтөр хөгжимчид том хамтлагтай нэгэн тайзнаа ээлж дараалан, заримдаа хамтран хөгжимдөхийг “концерто гроссо” гэх болжээ. Чухам ийн хөгжимдөхдөө хөгжмийн хөг дангийн бүлэг хооронд өнгө дуугаралтаараа ялгарч хөгжимдөхөөс гадна цөөхүүл хөгжимчид хийгээд гоцлол юм уу том хамтлагийн аль нэг нь эхлэн хөгжимдөж, заримдаа хамтрах зэргээр наадан хөгжимдөх ажгуу (найрал хөгжимчид бүгдээр нүргэлэн хөгжимдөхийг “түтти” (tutti) гэх ба үүний эсрэг гоцлол хөгжимчин (soloist) ганц дайчин мэт хөг эгшиг, хөгжимдөхүйн ур чадлаараа сөрөн зогсож, тэмцэлдэх мэт). 

Кончерто гроссо (concerto grosso) нь италиар “том концерт” буюу “их сунгаа” гэх утгыг агуулна. Энэ төрөл зүйлийн дан хөгжмийн аязын бүтэц нь дүрслэл, өгүүлэмжээрээ өөр хоорондоо ялгаа бүхий ихэнхдээ хурдан, удаан, хурдан гэсэн хөгжмийн анги, хэсгүүдээс бүрдэнэ. Энэхүү төрөл зүйлийг дэлхийн сонгодог хөгжмийн түүхнээ алдаршуулсан эзэд нь А. Корелли (1653-1713), Г. Гендель (1685-1759), И. Бах (1685-1750), И. Стравинский (1882-1971), Б. Барток (1881-1945) нарын зэрэг хөгжмийн суут зохиолчид болно. 

Хүмүүний зохиосон алив бүтээл туурвил олон янзын хэв маягаар оршин байдаг. Бид үүнийг эх хэлнээ “төрөл зүйл” хэмээн нэрлэж заншсан хэдүй ч оросоор “жанр” гэдэг нь франц хэлний “төрөл, зүйл, омог, үе” хэмээх утга бүхий “ижааг” (genre) гэх үгийн кирил бичгийн дуудлага ба англи хэлтнүүд ч францын энэхүү үг, ойлголтыг тэр чигт нь латин үсгээрээ бичингээ Британийн англичууд “жшоонро”, харин АНУ-ын төв хэсгийн дуудлагаар “жоанра” (genre) гэж хэлдэг заншилтай ажээ.  

Чухам монгол нутагт Европ зүгийн сонгодог хөгжмөөс улбаатай “концерт” хэмээх төрөл зүйл бүтээлийг хэн анх туурвин бүтээсэн тухай асуудалд манай хөгжим судлал тоймтой хариу өгч амжаагүй шиг байна. Энэхүү түүхийг сөхөхөд хариулт нь тийм ч амар гарахгүй шиг. Өнгөрсөн зууны Монголын хөгжмийн түүхийн хуудсыг сөхөн үзвэл концерт хэмээх төрөл зүйлийн нэр анх хөгжмийн зохиолч Г.Цэндорж гуайн уран бүтээлд таарч байна. Түүний уран бүтээлийн жагсаалтыг бичиж, орос хэлээр гаргасан Монголын хөгжмийн зохиолчдын “Лавлах” (Справочник) хэвлүүлсэн манай анхны хөгжим судлаачдын нэгэн Д.Батсүрэн (1938-2004) агсан “Г.Цэндорж. Концерт для фортепиано с оркестром (1965)” хэмээн бичсэн нь “Төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан концерт” гэсэн үг болно. Харин Монголын радиогийн “Алтан фонд” буюу дуу бичлэгийн санд 1969 оны 10-р сарын 3-нд бичүүлсэн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдоржийн “Эх орны наран” хийл, симфони найрал хөгжмийн концертыг Болгар улсын нийслэл Софи хотын Консерваторыг төгсөгч, манай дээд боловсролтой анхны хийл хөгжимчин Цэгмэдийн Түмэндэмбэрэл гоцлож, Улсын Филармонийн найрал хөгжим, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын удирдлаган дор хөгжимджээ. Н.Жанцанноровын (Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт) “Хөгжмийн 12 хөрөг” номонд энэхүү бүтээлийн зохиогдсон оныг 1968 гэсэн байх аж. Чухам Л.Мөрдорж гуайн энэхүү “Эх орны наран” хийлийн концерт бүтээл манай энэ төрөл зүйлийн анхдагч бүтээл болж байх шиг байна. Харин Г.Цэндорж гуайн тэрхүү өмнө дурдсан бүтээлийн бичлэг, ноотны сураг одоогоор алга.

Ерөөс 1940-1960-аад онд “тулгын гурван чулуу” гэгдэх манай анхдагч хөгжмийн зохиолч Л.Мөрдорж (1919-1996 Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Алдарт гавьяат хөгжимчин), Б.Дамдинсүрэн (1919-1992 Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин), С.Гончигсумлаа (1915-1991 Төрийн шагналт, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн) тэргүүтний өмнө Европ дахины сонгодог хөгжмийн уламжлалыг монгол хөрсөнд, үндэсний ая хөгийн онцлогоор баяжуулан, шинэ маягийн төрөл зүйлсийг цоо шинээр бүтээх түүхэн үүрэг ноогдсон билээ. Симфони, сонат, рапсоди, вальс, марш зэрэг хөгжмийн гадаад нэршил аяз, удиртгал, найраглал, уран сэтгэмж зэрэг монгол орчуулгын шинэ үгсээр баяжин, орчин цагийн хөгжмийн зохиомжийг дэг сургууль гэх хөгжмөн бүтээлийн чуулгыг үүтгэж, өрнийн сонгодог хөгжмийн симфони хөгжмийн зэмсэгүүд, монгол хөг аяаар эгшиглэж, малчин сэхээтэн, ажилчин тариаланч зоны сэтгэлийг хөг дууны увидсаар хөндөн гижигдэж, уяраан хөгжөөх болов. “Хаан” төгөлдөр хуур гэгдэх хөгжмийн зэмсэг 1947 онд С.Гончигсумлаагийн “Бодол” хэмээх аязаар анх удаа монголоор аялгуулан дуурсаж эхэлсэн бол мөн онд Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” “хатан” хийл, симфони найрал хөгжимтэй гоцлол аяз монгол хүн бүрийн дуртай аялгуу болон өр зүрхэнд нь уянгат эгшигээ хадааж эхлэв. 

Анхдагч хөгжмийн зохиолчид маань үндэснийхээ хөгжмийн зэмсэгт ч шинэ маягийн бүтээл анхлан бүтээж туршив. Энэхүү туршилт нь ч төд удалгүй л “монгол сонгодог хөгжим” болон ард олноо түгэж чадсан билээ. Л.Мөрдорж ёочин хөгжимд зориулж “Хаврын шувууд ирлээ” симфоний найрал хөгжимтэй ёочингийн уран сэтгэмжийн гоцлол (1957), С.Гончигсумлаа шударга хөгжимд “Шанзны рапсоди” гоцлол, Б.Дамдинсүрэн морин хуур хөгжимд “Найрын дуу” төгөлдөр хууртай морин хуурын гоцлолыг анхлан бүтээсэн нь үндэсний хөгжмийг төгөлдөр хуур, симфони найрал хөгжимтэй хосолсон анхны бүтээлүүд болон түүхнээ үлдэв. Чухам Б.Дамдинсүрэнгийн төгөлдөр хуурын хамсраатай “Найрын дуу” хэмээх гоцлол аяз нь морин хуур хөгжмийн зэмсэгт зориулсан иймэрхүү шинэ маягийн хөгжмөн бүтээлийн анхдагч бүтээл болсон бөгөөд хөгжлийн цааш цаашдын шатанд “концертын аяз” хэмээх бүлэг төрөл зүйлийг бүтээх улмаар бие даасан “концерт” туурвилын угтал болсон билээ.

“Найрын дуу” хэмээн нэрийдсэн концертын аязыг Европын сонгодог хөгжмийн дууриалаар анхлан төгөлдөр хуур хөгжим дагалдан хөгжимдөж, морин хуурч гоцлохоор (өмнө нь газар бохирч суудаг байсныг халж, сандал таллан, тайзны хэв соёлыг дагуу сууж хөгжимдөх цоо шинэ дэгтэйгээр) туурвиж, алдарт хуурч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъян амлан амилуулж, хотол олонд түгээсэн байдаг. Тэр цагаас хойш Л.Мөрдоржийн “Айраг нуурын долгио”, “Хуурын дуу”, С.Гончигсумлаагийн “Өгүүллэг”, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн (1926- 1988) “Романс”, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн (1916-2006) “Уянгын дуу”, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цэрэндоржийн (1927-1974) “Эхийн сэтгэл”, Гавьяат жүжигчин Х.Доёддоржийн (1923-1981) “Эх орны өглөө”, Ц.Сүхбаатарын (1929-1984) “Үүлэн бор”, “Аялгуу”, “Хуурын эгшиг”, УГЗ Д.Жанчивын (1940-2018) “Талын дуу”, “Ширээ нуур”, МХөЗХолбооны шагналт, хөгжмийн зохиолч Д.Цогтсайхан (1957-2017) агсаны “Аялгуу” зэрэг морин хуурчдын “монгол сонгодог” урын сангийн төгөлдөр хууртай бүтээлүүд зохиогдох болсон билээ.

1989 онд манай хөгжмийн цуутай хоёр уран бүтээлч, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров (өдгөө Хөдөлмөрийн баатар, Төрийн хогой шагналт, Ардын жүжигчин), З.Хангал (1948-1996 Төрийн шагналт) нар бараг зэрэг шахуу морин хуур, найрал хөгжимтэй “концерт” хэмээх төрөл зүйлийн бүтээлийг анхлан туурвив. Энэ цагаас эхлэн манай бусад хөгжмийн зохиолчид (Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав (1952-2019), Төрийн шагналт Ц.Чинзориг (1955-2002), Төрийн шагналт Ц.Нацагдорж (1951-2010) нарын зэрэг) ч энэхүү гоцлол хөгжмийн хамгийн том төрлөөр өнөө хүртэл морин хуурт зориулан дараа дараалан хөгжим туурвих болсон бөгөөд энэхүү төрөл зүйл нь морин хуурч хөгжимчний ч хөгжмийн зохиолчийн ч нэгэн том сорил, тайзнаа тэрхүү концертыг хөгжимдөн буй морин хуурч бусад хуурчдаас илүү болохоо харуулах индэр, тухайн концертыг туурвисан хөгжмийн зохиолч нь ч зохион туурвих ид авьяасаа гайхуулан аархах дэвжээ, хэмжүүр болсон гэж хэлж болно. Тэгэхээр “концерт” гэдэг үг олны өмнө дуулж, хуурдах, бүжих үйлдлийг ерөнхийд нь нэрлэдэг нэр байхаас гадна тайзнаа дэс дараагаар гарч дуулах, хөгжимдөх, бүжихийг “концертын урлаг” гээд тусгайлан аль нэг хөгжимд зориулан бичсэн өгүүлэмжээрээ уран зохиолын роман, туужтай дүйцэх агуулга, өгүүлэмж бүхий даацтай том хэмжээний бүтээлийг гоцлол хөгжимчин найрал хөгжимтэй ур чадлаараа уралдан, өрсөлдөх мэт хөгжимдөхийг бас “концерт” гэх буюу эсвэл концертын төрөл зүйлийн хөгжмийн бүтээл гэх ажгуу.

Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын (1948-1996) цохиур болон чавхдаст хөгжмийн чуулга, морин хуурт зориулсан концерт (1989):  Энэхүү концерт нь удаан, хурдан, удаан гэсэн тов тодорхой гурван хэсэг бүхий нэгэн ангийн хүрээнд зохиогдсон байдаг. “Ре”-д ерөнхий хөг нь тулгуурласан. Чавхдаст хөгжим болон цохивор хөгжмийн гурван булант жингэнүүр, хөгт модон хонх оролцсон өвөрмөц оршил-дуугаралтын дараа морин хуурын гоцлолоор үндсэн аялгуу эгшиглэнэ (Lento). Энэхүү аялгуу гуниг, хөнгөн харуусал, өмнийн гүн дурсамж сэдрээн тээх мэт. Энэхүү аялгуу бодол нэрэн, найрал хөгжимтэй харилцан хүүрнэж, өрнөн дээш дээш тэмүүлэн аялгуулна. Эхлэлийн хөгт модон хонх, гурван булант жингэнүүр дахин сонсогдох нь уг концертын дунд талын хурдан хэсэг эхлэхийн дохио болно. Дунд хурдан хэсэг (Presto) эрчит тулаан, дайн тэмцлийн өргөн талбарыг дүрслэн илэрхийлнэ. Эрчит тулаан хүчээ шавхан найрал хөгжим, морин хууртай хөг булаалдан эрчлэн, өрнөн тэмцэлдэнэ. Их хэнгэрэг, цан, бөмбөр ээлж дараалан нүргэлэх нь эх адаггүй дайн дажны талбарыг илтгэх мэт. Морин хуур эрчит хөдөлгөөнөө эргэн санагалзуулсаар. Найрал хөгжмийн тасалдангуй эрчит хэд хэдэн нүргээний дараа морин хуур урт биш өөрийн чөлөөт гоцлол хэсэгт шилжих авч цан, царгил, их хэнгэрэгийн дэлдээнтэй морин хуур эрч хөг булаалдан нүргэлнэ. Энд хөгжмийн зөрчил тэмцэл туйлдаа хүрнэ. Оргил хөгжмийн дараа хуур каденц маягийн чөлөөт урт биш хэсэгт дахин шилжинэ. Урьдын эрч хүч харьцангуй суларсан байх ажээ. Нүргээнт дэлдэлт сүүлийн удаа чих дөжрөм дуурьсангаа эхний гуниг, харуусалт аялгуун морин хуурт эргэн дуурьссанаар төгсгөлийн хэсэг ирсэнийг нотлохын хамт нэгэнт болж өнгөрсөн их тулаан тэмцлийн дурсамж, хүүрнэл үлдсэн мэтээр хөгт модон хонх, гурван булант жингэнүүрийн дуунаар энэхүү гайхам концертын хөгжим төгсөнө. 

З.Хангал болон Б. Шаравын концертуудын тухай бодрол: Хөгжмийн аливаа бүтээлийн агуулга, дүрслэл, өгүүлэмжийг сонгодог уран зураг шиг харах боломж бага юм. XIX зуунд уран зохиолын төрөл зүйл болох тууж, найраглалын өгүүлэмж дагуу тухайн аль нэг хөгжмийн бүтээлд нэр оноох болсон явдал нь хөгжмийн романтизмаас эхтэй билээ. Иймэрхий утга зохиолоос сэдэвлэсэн хөгжмийг “хөтөлбөрт хөгжим” гэдэг. З.Хангалын энэхүү морин хуурын концерт бол хөтөлбөрт хөгжим биш юм. Гэсэн хэдүй ч машид их сэтгэлийн уянга, эрчтэй тэмцэх тэмүүлэлт хүч энэхүү концертын хөгжмөөс илтэд мэдрэгдэнэ. Тэр их уянга, тэмүүлэл чухам юуг дүрсэлсэн байх бол? хэмээн бодогдох. 1990 оны угтал үе бол манай үндэстний, үнэн түүхийн сэргэлтийн цаг байлаа. Энэ он цаг хүртэл монголчууд бид Эзэн Чингис хааныхаа нэрийг чанга, бүтнээр хэлж, дуудах, магтах боломжгүй, Монголчуудын их байлдан дагуулалтын сэдвийг урлагт дүрслэх эрхгүй, боломжгүй байлаа. З.Хангалын 1989 онд бичсэн энэхүү концерт, 1992 онд Б.Шаравын туурвисан концерт хоёр чухам нэг сэдэв дээр тухайлан монголчуудын түүхийн хүчирхэг он жилүүдийн тухай дүрслэл боловч, яахын аргагүй өөр хөгжим зохиох ур зүйн бие даасан хоёр том туйл уран бүтээлч болох тул тэс өөр хөгжмөн яруу хэрэглүүр хэрэглэсэн байх ажээ. Б.Шаравын концерт хэл хэлллэг яахын аргагүй монгол үндэстний гэмээр илт танигдах ая аялгааар дүүрэн байх бол З.Хангалын концерт нийт хүн төрөлхтөний хөг аялгын индэрээс монголчуудын их байлдан дагуулалтыг цэгнэн буй мэт сэтгэгдэнэ.

Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт, Төрийн Урлагийн шавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын (1952-2019) концерт: З.Хангалын концертын адил удаан, хурдан, удаан гэсэн хэсгүүд бүхий нэг ангитай зохиогдсон гэж хэлж болно. Хийл-чавхдас хөгжмийн аажуу эхлэл, лимбэний цохиолго аялгаар дамжин, вибрафон хөгжмийн жингэнээнээр морин хуурын гоцлол болох үндсэн аялгуунд хүрч очно. Энэхүү аажуу тайвуу аялгуу монгол нутгийн амар жимэр амьдрал, байгалийн тэнүүн сайхныг санагдуулах мэт хүүрнэн өрнөнө. Эл аялгуун улам улмаар тэмүүлэн тэмүүлсээр найрал хөгжим, морин хуурт ээлжлэн, харилцан найрсан өгүүлэн хүүрнэнэ. Найрал хөгжим мөнөөх аялгууг эхлүүт, морин хуур хариу эгшиглүүлнэ. Вибрафоны жингэнэх чимээ ямар нэгэн түгшүүр ирэн буйг зөгнөнө. Лимбэ дохио дуудлагын аялга өгч, жижиг бөмбөрийн цохилтоор аажуу тайван хөгжим маань эрчит морин төвөргөөн болон хувирна. Морьтон эр нэгэн зүйлд тэмүүлэн давхина. Морины давхилт маань эрчээ алдахгүй ч алхаа гишгэдлээ өөрчлөн эрчлэн тэмүүлнэ. Эрчит хөдөлгөөн нэгэн том хүчтэй тулаан тэмцэлтэй учран, төд удалгүй амсхийх мэт жаргалтайн дэлгэр байдлыг өгүүлэх мэт уртын дуугаа аялгуулна. Урт дууг маань олон ард түрэн дуу дуугаа авалцан найрал хөгжим өлгөн авч, найрал хөгжмийн түрлэг мэт нэгэн оргилд хүрч очоод, морин хуурын хос чавхдсаар наадах татлага хөгжимд шилжинэ. Татлага маань баруун монголын цавчим уул сарьдаг, толгодын дуу чимээг анирлан санагдуулах мэт. Гоцлол хөгжимчин хуурч маань хуурынхаа ид шид, олон талын хөгжимдөх арга, авиа дугаралтыг икэлийн хөгөөр илтгэн хуурдана. Европын сонгодог хөгжимд концертын гоцлол хөгжимд зориулсан, ур чадлаа илтгэх ийм хэсгийг “каденц” гэж нэрлээд бидний үед өртөөлөн ирж. Хөгжмийн зохиолч Б.Шарав энэхүү чөлөөт хэсэгт гайхалтай хуурч Шинэцогийн зарим уран санааг энэ хэсэгтээ аргагүй хүлээн зөвшөөрч тусгасан байдаг. Найрал хөгжмийн эрчимтэй төвөргөөнт хэмнэлийн дараа тус концертын оргил хэсэг уртын дууны түрлэг мэт нийт найрал хөгжимд нүргэлнэ. Үүний дараа Монголын их амар амгалан орчлонг бүрхэх мэт эхний тайван аялгуу морин хуурт эгшиглэн, найрал хөгжим түүнийг нь цууриалсаар уг концерт төгсөнө.

Ш.Өлзийбаярын морин хуур, симфони найрал хөгжмийн концерт: Ш. Өлзийбаяр морин хуурын таван ч концерт туурвисан манай залуу үеийн алдар нь түгэж байгаа хөгжим туурвигч юм. Манай чадалтай морин хуурч Д. Шинэцог-Генигийн тун удахгүй болох “Морин хуур мину-III” тоглолтонд Ш.Өлзийбаярын морин хуурын IV концерт тоглогдохоор бэлтгэлээ хангаад байна. Тэрээр морин хуурын V дахь концертоо “Баруун Монгол” гэж хөтөлбөрт нэр өгсөн бол энэхүү дөрөвдүгээр концертоо “Дорнод Монгол” хэмээжээ. Ш.Өлзийбаяр морин хуурын I, III, IV концертуудаа Д.Шинэцогт зориулж, түүний хүсэлтээр туурвисан байх аж. Эдгээр хөтөлбөрт нэрнээс нь ажихад л монгол угсаатны онцлог туссан байх нь ил тодорхой байна. Тавдугаар концертынх нь морин хуурын оноолт хөгжим нь тэр чигтээ Баруун Монголын Икэл хуурын (ширэн цартай) тавцын хөгт суурилсан онцлогтой байсан билээ. Энэхүү дөрөвдүгээр концерт нь цөөнгүй жилийн өмнө бичигдсэн хэдүй ч тайзнаа анх удаа амилах гэж буй нь сонсогч олонд сонин содон бэлэг болох юм. Энэхүү концертын хөгжмийн ноот бичиг, компьютерийн аудио бичлэгийг хөгжмийн зохиогч нь саяхан илгээсэнд үндэслэн өгүүлэхэд уг морин хуурын концерт манай өмнийн өмнөх энэхүү төрлийн хөгжмүүдээс ур чадварын хувьд морин хуурчаас үнэмлэхүй чадвар шаардахаар бичигдсэн байх аж. Ш.Өлзийбаяр нь манай бусад олонхи хөгжмийн зохиолчтой харьцуулахад өөрөө морин хуурыг чамгүй сайн эзэмшсэн хуурч нэгэн билээ. Иймд зэмсгийнхээ уран чадварын онцлогийг онцгой сайн мэддэг нь энэхүү зэмсэгт туурьвисан бүтээлийнх нь давуу чанар болно.

Дөрөвдүгээр концерт нь хуурын гоцлол оршлоор эхлэнэ. Үндсэн аялгуу тэнүүн дэлгэр өнгө аястай ба аажим эрчимт төрхтэй дүрслэлд шилжинэ. Дорнод монголын тод нэгэн ястан болох Буриад зоны ёохор бүжгийн хөг хэмнэлийг ашигласан нь нэгэн сонирхолтой дүрслэл болжээ. Энэхүү концертын хурдан хэсэгт морин хуурын хос эгшиг хөгжимдөхөд ихэд адармаатай хэмнэл, хол зайтай давхар хоолойгоор арвин ярвигтай болжээ. Дорнод Монголын хязгааргүй өргөн тал нутаг, тэр нутагт оршин амьдарч буй ард олны олон зууны адармаат түүхийн сэдэв тус концертын хөгжимд тусгалаа олсон бололтой.

Төрийн шагналт хөгжмийн зохиолч, Б.Мөнхболдын морин хуур, сиимфони найрал хөгжимд зориулсан концерт (2006): Энэхүү концерт гурван ангитай бичигдсэн. Концертын тайзнаа ихэвчлэн сүүлийн хоёр ангийг нь морин хуурчид хөгжимдөх хандлагатай байдаг аж. Хоёрдугаар анги монгол хүний дотоод сэтгэлийн бодрол, сэтгэлийн дуулал, үггүй дуу мэт сэтгэгдэнэ. Босоо ятгын жигд аялгуулах дэвсгэр дээр морин хуур илэн далангүй сэтгэлийн үгээ илтгэн наадна. Бодол санаа хөврөн, хөврөнө. Тэртээ цагт хуурдаж байсан “их хуурч” Жамъянгийн хуурын эгшиг энэхэн цагт амилан тантай хүүрнэн байгаа ч юм шиг. Дэлхийн сонгодогоос авахуулаад уртын дууны нугалаа, хугалаа их хуурчийн хуурын дуунаас сацран буй мэт. Сэрэл мэдрэмж ер бишийн тайвшрал, амирлангуйн хөгжмөн ховсдолд умбан, шумбана. Гуравдугаар анги яахын аргагүй өрнийн сонгодог хөгжмөөс улбаатай “хүргэх, шүргэх” гэсэн үгийн утгатай “токката” хэмээх түргэн хэмнэлт хөгжмийн төрөл зүйлийн монгол улбаа мөр, хоёр өөр соёлын гайхам сүлэл мөнөөсөө мөн. Морин хуурчаас ч ихээхэн чадал, чадвар шаардана.

Доктор Бадамжавын Батжаргал.  2023.05.10



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.