Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Фото: Үүрд, чинийх... (Захидлын үдэш)


Ub.life сайт болон Fat Cat Jazz Club-ээс хамтран зохион байгуулдаг "Poetry Night"-ийн ээлжит эвент "Үүрд, чинийх" нэрээр 5-р сарын 16-ны өдөр болж, хүрэлцэн ирсэн зочид ...дугаар хаягтай өөр өөрийн өнгө аяс бүхий захидлаа уншиж, тухайн захиаг бичиж ахуй болоод догдлон уншиж асан үеийнхээ гэгэлгэн мэдрэмжээс хуваалцлаа. Захидал бол хүний сэтгэлийн хамгийн үнэн, бодит илэрхийллийн тусгал билээ. Түүнд ямар ч дүр эсгэлт шаардлаггүй агаад гагц зүрх сэтгэлээрээ бичихэд л хангалттай юм.

ЗурагТайлбар





"Хэрэв амьдрах аваас уулзацгаая."

Амьдралынхаа ихэнх хугацааг хүнд өвчтэй өнгөрөөсөн Марсель Прустын цаг бусын үхэл 1922 оны 11-р сарын 18-нд тохиожээ. Тэрбээр тавин нэгэн настай байсан бөгөөд “Алдуул цагийн эрэлд” номынхоо төгсгөлийн ботийг бичиж амжаагүй юм. Нас барсных нь хойно түүний ах Роберт Прүст, Жан Полхан, Жак Ривьер нартай хамтарч сүүлийн бүтээлүүдийг нь хэвлүүлжээ. Гэсэн хэдий ч тэд Хэнри Дюверноисд бичсэн сүүлчийн захидал дахь үгсийг нь төдийлэн хэрэгсээгүй гэдэг. Уг захидлыг бид зохиолч Х.Нямхишигийн орчуулгаар хуваалцаж байна.


1922 оны 10-р сарын 28, (эсвэл) 29

Хайрт найз минь,

Хэрэв чи миний ямаршуухан байгааг харсан бол чиний захиаг нээж, чамд хариу бичих гайхамшигт хүчийг хэрхэн олсныг минь гайхах болно. Товчхондоо, яг одоо чек битгий илгээгээрэй, хэрэв би эрүүл мэндийн энэ ядаргаатай асуудлаас ангижрах юм бол бид тэдэнтэй харьцаж амжих болно. Романы тухайд гэвэл чи юу ч үлдээхгүйгээр галд өргөх юм уу, эсвэл толгойдоо хав дараарай. Түүний утгагүй дэмий нуршилтаас юу ч ойлгогдоогүй гэдэгт гайхах юм алга. Намайг хасахаа хассаны дараа нийт 9000 гаруй мөр үлдсэнийг тэд тооцоолсон. Тухайн үед бие чилээрхүү байсан тул бичгийн машинаар бичсэн бүх бүлгийг хассан юм. Хассан нь ч, хасаагүй нь ч надад хамаагүй. Энэ бүхнийг чам руу бичих болсон шалтгаан нь ном (Gallimard хэвлэлийн газраас) даруй гараасай гэж би хүсэхгүй байгаатай холбоотой юм. Ийм үед би хэн нэгэнтэй уулзах юм бол тэр нь чиний найз байх болно. Гэвч зочин хүлээж авах хориотой, огт боломжгүй байна. Хэрэв амьдрах аваас уулзацгаая. Онц шаардлагагүй урьдчилан сэргийлэх хэсэг гэдэг дэмий зүйл боловч асуудал үүсгэхгүй байх цор ганц үе шат юм. Хэрэв би дахин бичих эрч хүч олж чадваас хайрт Роберт де Флерс рүү захидал бичиж, “хурц хийгээд урт удаан өвчний дараах намайг уучлаарай” гэж хүсмээр байна. Гэхдээ энэ бол тийм ч зөв биш, сэдэвтэй ер хамааралгүй зүйл л дээ. Ямар ч гэсэн амь хэлтрэх байх гэж бодож байна. Ингэсэн тохиолдолд амласан ёсоороо өвчний дараах сул дорой үед минь надад чанд хатуу хандаарай гэж хүсье. Хариу бичих хэрэггүй ээ, хайрт найз минь. Миний тухай сураг ажиг бүү тавь, өөртөө төвөг бүү тарь (үнэндээ хэн ч, юу ч мэдэхгүй). Би чамд Bourget-ийн шагнал хүртсэн Riviиre тосны тухай нэг зүйл бичмээр байсан ч өвчин үнэхээр хэцүү байлаа. Чамайг бишрэн шүтдэгийг минь чи мэднэ шүү дээ. Яг одоо л сайн бичих хэрэгтэй. Миний бичсэн зүйлсээс зүүд нойрны тухай өгүүлсэн хэсгүүдийг хасаарай. Би мартчихсан байж магадгүй. Шаардлагагүй давталт утгагүй. Надаас чи цаашдаа нам гүм байдлаас ондоо зүйл хүлээх хэрэггүй, чи ч бас тийм байгаарай.

Хүндэтгэсэн: Марсел Прүст

ЗурагТайлбар





"Тарчилсан бие билгийн мэлмийн хөшгийг сөхөж байна."

Францын алдарт яруу найрагч Пол Валери сүүлчийн захидлаа өөрөөсөө гучин хоёр насаар дүү романч бүсгүй Jean Voilier-т зориулсан бөгөөд амьсгал хураахаасаа хэдхэн хоногийн бичжээ. Уг захидлыг бид зохиолч Х.Нямхишигийн орчуулгаар хуваалцаж байна.


1945 оны 6-р сарын 6 Лхагва гарагийн 6:00 цаг дор

Хайрт найз минь,

Тэд тэсэхүйеэ бэрх усан эмийн тунг яльгүй хаслаа. Өчигдөр уржигдарын айхтар халуурал ахиж бүү давтагдаасай билээ. Өнөөдөр миний бие илүү тэсвэртэй хариу үйлдэл үзүүлэв. Би толгойноосоо хөл хүртлээ цэв  хүйтэн, гэхдээ дагжиж чичрэхгүй байна. Намайг аль хэдийнээ зузаан хөнжил, халуун дэвсгэрт ороосон. Битүү хөлс... Энэ эмчилгээг зайлшгүй шаардлагатай гэж Г. хэлсэн. Цахилгаанаар цочроож эмчилсэн юм. Дюамель саяхан ирээд хоёр сайхан үнсэлт бэлэглэв. Танд хэлэх өөр зүйл байсан ч болоосой. Өө, юу билээ! Чамд чичрүүдэс төрүүлэм галзуу, тэр цуутай дуунуудыг дуулж өгмөөр байна. Гэхдээ одоохондоо дуулж чадахгүй нь дээ. Миний хэлэх үгс бол сахилгагүй зүйл. Яг одоо бол илэрхийлэх цаг нь биш. Чи гайхамшигтай хайрцаг илгээсэн байна лээ. Үүнийг чам шиг сайхан хүнээс хүлээж авах учиртай байжээ. Баасан гарагт ирээрэй. Ирэх үед чинь халууны эрхшээлд автчихгүй байх гэж найдаж байна. Чамтайгаа хэзээ уулзаж чадах вэ? Өө, юутай золгүй вэ! Тарчилсан бие – хөөрхий дөө - билгийн мэлмийн хөшгийг сөхөж байна. Бурханд гялайлаа, тийм ээ, бурханд гялайлаа.

ЗурагТайлбар





"Намайг ердөө шивнэх төдий байвал, энэ нь ховор тохиолдол бол, надад ярих хувь буй гэж бодож байгаа бол, та нар эргэлтээ нэг өдрөөр ч атугай хойшлуулж болно шүү."

Кафка сүүлчийн захиагаа сүрьеэгээр өвдөн эмчлүүлж байсан Вена хотын ойролцоох Кирлинг сувиллаас гэр бүлийнхэндээ бичсэн байна. Дөнгөж дөчин нэгхэн настай ч маш сул дорой биетэй Кафка маргааш нь сүүлчийн амьсгалаа татсан юм. Уг захидлыг бид зохиолч Х.Нямхишигийн орчуулгаар хуваалцаж байна.


1924 оны 6-р сарын 2, Кирлинг

Хайрт аав ээж минь, зарим захидалдаа дурдсан тэр уулзалтын чинь талаар ярилцъя. Энэ бол миний хувьд маш чухал зүйл учраас толгойд минь үргэлж байдаг. Бид нэлээд хугацаанд хамт байгаагүй тул уулзах мэдээж сайхан байх болно. Прага хотод болсон уулзалтыг тооцохгүйгээр шүү дээ. Тэр ч гэрийн нэгжлэг шиг юм болсон. Франценсбадад - хэдэн цаг вэ ч гэж тоолохгүйгээр, хамгийн сүүлд хэзээ үзэсгэлэнт хотдоо, ганцаархнаа, санаа амар хэдэн өдрийг өнгөрөөснөө санахгүй байна. Таны захидалдаа дурдсанчлан, хамтдаа “ганц аяга сайхан шар айраг” уух; "сайхан" гэдэг үгнээс миний ойлгосноор, Heuriger-ийн дарсанд аав минь тийм ч дуртай байсангүй. Шар айрагны тухайд бол санал нэг байна. Бид халуун өдрүүдэд байнга шар айраг уудаг сан. Олон жилийн өмнө аав минь намайг усан сэлэлтийн сургуульд хүргэж өгөхдөө ч хамтдаа уудаг байсан юм.

Та нарынхаа эргэлтийг зөвтгөх олон шалтгааны нэг нь энэ. Гэсэн хэдий ч одоохондоо энэ уулзалтыг хийхгүй байх шалтгаан бас бий. Юуны өмнө аав маань паспортын саад бэрхшээлтэй тулгарна. Тиймдээ тулвал эргэлтийн гол утга учир алдагдана.

Түүнчлэн хажууд нь хэн ч байсан ээжийн бүх анхаарал над дээр төвлөрөх болно.  Би аятайхан харагдахааргүй байна. Намайг Вена хотод болон энд анх ирэхэд ямар асуудал тулгарч байсныг та мэднэ дээ, тэр бүхэн намайг бага багаар сульдаасан. Түрүүчийн халуурал овоо сайн байх байсан биеийг минь бүр дордууллаа. Хоолой оролдсон тохуурхалт өвчин илүү ихээр нэрмэлээ. Би одоо хамаг ядаргаагаа арилгахыг хичээж байна. Дора, Роберт нар туслаагүй сэн бол би юу хийх байсан юм бэ? Хэрэв тэд хол байсан бол ингэх боломжгүй байлаа. Одоо ч сүүлийн өдрүүдэд туссан гэдэсний ханиадтайгаа тэмцсээр байна. Энэ бүхэн дундаж гэсэн үг боловч хажууд минь байгаа гайхалтай туслахууд, хэрэглэсэн цэвэр агаар, эрүүл хүнс, өдөр тутмын усан эмчилгээнд ч би бүрэн сэргэсэнгүй. Ерөнхийдөө бол хамгийн сүүлд Прага хотод уулзсан шигээ сайн биш. Намайг ердөө шивнэх төдий байвал, энэ нь ховор тохиолдол бол, надад ярих хувь буй гэж бодож байгаа бол, та нар эргэлтээ нэг өдрөөр ч атугай хойшлуулж болно шүү.

Сайн зүйл огт тохиохгүй байгаа юм биш шүү: Миний хоолой мэдэгдэхүйц сайжирсныг саяхан Профессор олж харсан. Түүнд ямар ч ашиг сонирхол байхгүй, зүгээр л надад элэгсэг ханддаг учраас машиндаа үсэрч суугаад долоо хоног бүр зочилж ирдэг юм. Үүнийхээ хариуд бараг юу ч шаардахгүй. Түүний үгс намайг маш ихээр тайвшруулдаг. Бүх зүйл сайхан болчих мэт. Гэхдээ энэ нь одоохондоо тийм ч чухал биш юм. Ийм нөхцөлд гаднын хүн ч гэсэн анзаарахуйц илт сайжраагүйгээр та нартай уулзах нь байна, тэгэхээр энэ уулзалтыг хойшлуулах нь зөв шүү. Одоохондоо больж болохгүй юу, хайрт эцэг эх минь?

Миний энд авч байгаа эмчилгээ, тусламж үйлчилгээ илүү сайжрах боломжтой гэдгийг битгий мартаарай. Хэдийгээр энэ сувиллын эзэн нь өөрийгөө 100 хувь ажилдаа зориулах боломжгүй хөгшин, бие муутай хүн байдаг ч залуухан туслах эмчтэй нь би эмнэлгийн гэхээсээ илүү анд нөхрийн харилцаатай. Бас мэргэжилтнүүдийн зочлохоос бусад үед дэргэдээс минь хоромхон зуур ч холддоггүй, өөрийн шалгалт шүүлгээс илүү миний биеийн байдлыг боддог Роберт байна. Миний маш их итгэдэг, долоо хоногт гурван удаа ирдэг бас нэгэн залуу эмч бий (миний сая хэлсэн профессор шиг, түүнтэй ч мөн архитектор Эрманны ачаар танилцсан). Эмчийн үзлэгт хандах миний хандлагыг тэр харгалзан үзэж, тун даруухнаар, долоо хоногт гурван удаа машинаар биш галт тэрэг, автобусаар ирдэг юм. Би энэ захидлыг урах гэж байхад нь  түүний гараас булааж авлаа. Маш хэцүү болж байна. (Захидал энд хүрээд дуусаж байна).

ЗурагТайлбар





“Хөөрхийлэлтэй, хөгшин, хөндүүр зүрхэндээ өнгөрсөн цагийн нэгэн хуудас нээж...”

Виктор Хюго сүүлчийн захидлаа Чарльз Франжу хэмээх нэгэн энгийн ажилчинд бичсэн байна. Тэр хүн өмнө  нь Хюгод өөрийн бүтээлээ илгээсэн байжээ. Алдарт зохиолч энэхүү захидлыг бичсэнээсээ хойш гурван хоногийн дараа, уушгины хүнд өвчний улмаас таалал төгссөн юм. Уг захидлыг бид зохиолч Х.Нямхишигийн орчуулгаар хуваалцаж байна.


1885 оны 3-р сарын 20 Парис

Эрхэм Чарльз минь,

Хөөрхийлэлтэй, хөгшин, хөндүүр зүрхэндээ өнгөрсөн цагийн нэгэн хуудас нээж зовлонт эцгийнхээ тухай дурсамжийг амилуулж буй илэн далангүй сэтгэлийг минь өршөөгээрэй.

Таны хөөрхөн, бяцхан ном болбоос уран тансаг, энгийн атлаа сэтгэл хөдлөлөөр дүүрэн, жирийн хөдөлмөрчний бичсэн, ажилчин ангийн ариун шударга гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн ном юм. Би эхнээс нь дуустал дахин дахин маш анхааралтайгаар уншлаа. Үүнийг яагаад хав дарах ёстой юм бэ? Уншиж байхдаа би нулимсаа барьж дийлсэнгүй. Энэ замаараа итгэлтэйгээр урагшлаарай, эрхэм ээ. Танд үгүйсгэхийн аргагүй авьяас байна. Та ямар ч дүр эсгэлгүйгээр, зүрх сэтгэлээрээ бичжээ. Энэ бол амжилтанд хүрэх чухал хүчин зүйл юм шүү.

Сайхан сэтгэлээр хандаж буйд чинь гүн талархал илэрхийлье. Надад аавынхаа гарыг атгах зөвшөөрөл олгоно уу.

Виктор Хюго

ЗурагТайлбар







ЗурагТайлбар





Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.