Хайх зүйлээ бичнэ үү

26 мин

Үндэсний номын баяраас онцлох нь: Уран зохиолын АРВАН ТАВАН шинэ ном


“Надад байгаа хамаг сайн сайхан бүгдийг би номоос олсон” гэж М.Горький бичжээ. Харин “М.Горькийд байсан хамаг сайн сайхан гэгдэх тэр зүйлс нь хүнлэг сэтгэл, гүн мэдлэг байсан юм” хэмээн нэрт сэтгэгч Л.Түдэвийн “Хүүхдийн зохиолын онцлогууд” номын нэгэн өгүүлэл эхэлдэг. Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг. Бид баасан гарагаас эхлэн гурван өдрийн туршид Сүхбаатарын талбайд явагдах Үндэсний номын баяраар уншигчдын гарт анхлан хүрч буй уран зохиолын АРВАН ТАВАН номыг онцолж байна.


Орхан Памук "Улаан үст бүсгүй" (орчуулагч Т.Загарпэрэнлэй)

Хоёр соёлын уулзвар гарцгүй эмгэнэлийг бий болгодог хэмээнэ. Тийм уулзвар, зааг дээр төрсөн бүтээлүүд ч орчин цагийн уран зохиолд жин дарж байдаг. Памук “Улаан үст бүсгүй” романдаа энэхүү үзэл санаа, соёлын мөргөлдөөнийг дүрүүдийн хүсэл мөрөөдөлтэй холбон давхар бэлгэдлээр илэрхийлэхээс гадна хувь хүний сэтгэлзүй, нийгэм нь бүтээж бий болгосон дотоод мөн чанартай нь чадамгай уялдуулж бичжээ.

Энэ бол бүүдгэр өдрүүдийн дүнсгэр ахуй нь гойд зохицох Истанбулын уй гунигаас залгилж өссөн Памукийн арав дахь роман билээ. Бүх зүйлс мөнхийн эргэлт, жам ёсны хувиралтай. Гагц түүн дотроос дурсамж цаг ямагт амьд байж хүйтэн хийгээд дулаан, харуусал болоод баяр жаргалын сүлэлдээнээр аж төрөхүйд оршиж, дотоод сэтгэлд тэмтрэгдсээр байдаг. Үүнийг тус зохиолын бичлэгийн арга, туурвил зүйн онцлогоос харж болно.

Францын их сэтгэгч Жан Поль Сартр “Үг” хэмээх намтарчилсан бүтээлдээ “Сайн эцэг гэж байдаггүй. Энэ бол хууль” хэмээсэн нь бий. “Улаан үст эмэгтэй” бол шинэ эриний үед бичигдсэн Эдип юм. Роман доторх жүжиг ч хэмээн тодорхойлж болно. Софоклын “Эдип хаан”, Фердовсийн “Шахнаме” буюу “Хаадын цадиг”-ийн сонгодог хувилбарт тооцогдох перс үлгэрийн эцэг нь хүүгээ, хүү нь эцгээ хөнөөх эсрэгцэл бүхий эмгэнэлт жүжгүүдийн үйл явдал романы агуулга, утга санаанд нэвт шингэсэн байдаг. Уг сонгодог жүжгүүд романы гол баатар болох Жем Челикийн хүсэл тэмүүлэл, өнгөрсөн дурсамжийн бараан сүүдэртэй холилдсоноор эцсийн цэгтээ тулсан үйл явдлын эргэлт, дүрүүдийн хувь тавиланг төгсгөлөөс нь эхлэл хүртэл эрэн сурвалжлах толь, индивидуалист үзэл санааны ивээс болж өгнө. 

Цаг хугацаа бүхнийг элээж, мартуулж, эмчлэх гэж оролдсон ч эцэст нь хүний туйлын хүсэл, төрөлх мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй аж. Буй юмс хувьсаж танигдах төрхгүй болох авч романы гол дүрүүд яг хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй байлаа. Үүнийг зохиолч “Эдип хаан” болоод эртний перс үлгэрийн монологтой харьцуулан хувь хүний уугуул чанарын хэзээд үл хувирах шинжийг бүтээсэн юм. Ерөөс Памук аливаа түүх болон эртний уран зохиолыг гүн гүнзгийгээр туучиж, түүгээр дамжуулан нийгмийн зөрчилдөөн, хувь хүний хөдөлшгүй бат чанар, дотоод сэтгэлд нь жин дарж буй дурсамжийг уудлан гаргадаг. Харин энд дүрслэгдэж буй нийгэм дэх зөрчилдөөн нь үргэлж хурц ширүүн, заримдаа дүрүүдээ үгээр нидрээд л өнгөрөх шиг сэтгэгдлийг төрүүлнэ. 

Уг бүтээл эхэндээ “Худаг” нэртэй байв. Үүнийг учрыг зохиолын эхлэлээс л уншигч өөртөө нээж дөнгөнө. Харин хожуу номын нэрийг “Улаан үст бүсгүй” болгон өөрчилсөн нь зохиолын агуулгыг дотроо давхар тээж буй “ид” буюу “Эдипийн хүсэл” ба Фрейдизмээс татгалзсан хэрэг билээ. 


Б.Батзаяа "Тарган муур"

"Зарим зохиолчдын дүр нь үйтэнхуар дээлтэй, үнэгэн лоовууз малгайтай, үсэндээ даруулгатай байхад миний дүрүүд шалдан л тууж яваа. Гэхдээ юу мэдэрч яваа нь харагдана. Дээр нь хоёр хүний сэтгэхүй, мэдрэмжийг зэрэг уншиж болохоор бичих гэж хичээсэн. Аль аль дүрийг нь нэгдүгээр биеэс, бас хоёрдугаар биеэс уншиж болно". (Б.Батзаяа)

Зохиол хоёр талаасаа уншигдах бүтэцтэй. Нэг талаас “Хүн гэдэг өчүүхэн сул дорой” болохыг Маа өрөөний хамтрагчдаа, магадгүй өөртөө хэлснээр уншигчийг адармаат оршихуй өөд замчлах бол нөгөө талаас зохиолч залуугийн “Хүн бүхэн ахин давдагдашгүй, хурууны хээ шигээ ганцхан хувь байдаг” гэсэн эгоист санаа хэрхэн хувирамтгай чанартай болохыг үнэнээр илчилж, бид аливаа буй юмсын өмнө хоорондоо ялгарах зүйлгүй адил. Гаднаасаа хэчнээн хүчирхэг, өөр харагддаг ч дотроо мөнөөх л сул доройгоо халхавчлахаас ялгаагүй болохыг хүүрнэсэн цогцолбороор эхэлж байна. Ерөөс сайн бүтээлийн учиг эхний өгүүлбэрээс уншигчдад мэдрэгддэг гэх совин билгийн шинжтэй үзэл хэр үнэмшилтэй вэ? Угтаа дээрх эхлэлүүд бол үргэлжилсэн цул текстийн шинжтэй агаад нэг санааг нөгөө нь хожимдож тайлбарласнаас өөрцгүй. Магадгүй залуугийн хэлэх санаагаар тууж эхэлж дараа нь бидний сул дорой шинжийг ямар ч баримт өгүүлэлгүй дурдсан бол илүү тодорхой болох биз. Гэхдээ ойлгомжтой болоод ирэхээр л зохиол муу тал руугаа жин дардаг. 

Угтаа зохиолч залуугийн дотор хэчнээн их зөрчилдөөн байлаа ч түүнийг ямагт ууч сэтгэл дагалдана. Тэр ууж, мансуурч, жазз клуб орж, бүтээл туурвих асар их тэмүүллийн өмнө цөхрөн буй дотоод хүнээ тайвшруулж, өр зүрхний гүнээс хайж, мөрөөдөх тэр хүнээ өөр нэгнээр орлуулсан ч “Сайхан уужим, санаа амрам хоосон”-д хэзээд хүрнэ. Хөгжимчин Маа ч мөн эцэстээ өөрийг нь зовоож буй зүүд, совин билиг нь хөтлөх үл үзэгдэгч гарыг тавихгүйгээр шийдэж элдэв дүрэм, амьдралд нь эрх чөлөө шургалах зайгүйгээр боомилж орхисон хичээлийн хүнд өдрүүдийг мартахаар шийдэж өөртөө шинэ амьдралын дүрэм зохиодоггүй гэж үү? Тэнд л Маа мартах шинэ дэгийг бий болгож, өөрийнхөө төлөө амьдрахдаа ерөөс хэн нэгэнд үйлчлэх нь утгагүйг ойлгоно. Тэгэхээр жинхэнэ оршихуйн үнэ цэнийг ухамсар нь бүтээж өгчээ. Энэ нь эцэстээ экзистенцалистуудын баримталдаг хүнд өөрт нь тус болохуйц хүмүүнлэг үнэн юм.

Ойлгомжгүй, хариулт авах боломжгүй, тэр чинээгээр аль болохуйц их тунгаар эмх цэгцгүйг өөртөө агуулсан бүтээл л орчин цагийн жинхэнэ уран зохиолын хэм хэмжүүрт нийцдэг нь дамжиггүй үнэн. Уг үнэн огтоос хэтрүүлэл биш. 

Магадгүй Самуэл Бэккэттийн “Годог хүлээхүй”, Венедикт Ерофеевийн “Москва Петушки”, Милорад Павичийн “Салхины дотоод тал”, үгүй юм аа гэхэд Кортосарын өгүүллэгүүдээс бид хүний аж төрөхүйд чухам хэрэг болчихмоор ухаарлын үг, өгүүлбэртэй таарахад бэрх. Гэтэл эдгээр зохиолууд л бидний оршин буй ертөнцийн хаос шинж чанарын хамгийн зөв гаргалгааг бүтээсэн хүн төрөлхтний оюуны цаглашгүй өвд тооцогддог.  Хэт дэгсдүүлсэн жишээ байж магад ч “Тарган муур” туужийн төгсгөлийн үйл явдлыг аваад үзвэл яг л тийм хаос бүтэцтэй. Гэтэл агуулгынх нь цар хүрээ урлаг хоорондын нийлэгжилт, эр эм хүмүүсийн хайр сэтгэлээс үүдэлтэй хүлээлт, шаналал, цөхрөл зэргийг нэгэн цөмд багтааж бүтээсэн адилтгалын хэмжээнд тулж очно. Гэвч эцэстээ хэр хэмжээний цар хүрээ хамрахыг сайн уншигч, цаг хугацааны дэнс шийддэг хойно доо. Та бүхэн ЭНД дарж Б.Батзаяагийн "Тарган муур" номын тухай дэлгэрүүлэн унших боломжтой.


Үй Хуа "Зүс борооноор хадах дуун" (орчуулагч Х.Банзрагчгарав)

Би тэдний тухай долоон жилийн өмнө бичиж байсан бол энэ долоон жилийн турш тэд яг л миний найзууд шиг нүдэнд минь харагдсаар л байна. Цаг хугацааны уртад царай нь бүдгэрээгүй харин ч улам тодорч, илүү бодит болсон. Эдүгээ би тэднийг дурсамждаа хараад зогсохгүй шатаар өгсөж хаалгыг минь тогшин орж ирээд над руу дөхөх тэр хөлийн чимээг ч сонсдог болсон. Хийсвэр дүрүүд ийнхүү улам бодит болохын хэрээр би жинхэнэ байдал мөн эсэхэд эргэлзэж сэтгэл минь донхолздог боллоо.

Зохиогчийн оршил бол хөврөх дурсамж дундаас зурсхийн тодрох газрууд, урьд илрэн гарч байсан дүрслэл эсвэл өөрийн өнгөрсөн түүхтэй учрах болзоо юм. Энэ оршил тийм ч онцгой бишийн дээр эхлээд 1991-1998 оны хоорондох он цагийн болзоо, дараа нь зохиолч болон зохиолын дүрүүд хоорондын уулзалт юм. Бодит байдал, уран зөгнөл хоёрыг хэл бичгээр ялгахад бэрх. Он цаг хоорондын зай яг л нүдний харууц шиг ахар хийгээд долоон жилийн хугацаа гэдэг ширээн дээр өөд өөдөөсөө хараад суухтай л адил богино гэдгийг би харлаа.

Ингэж л би дахин гэр бүлийнхэнтэйгээ нэгдэхдээ тэдний харсан, сонссон, баяр баясгалан, зовлон шаналалтай мөн давхар уулзсан. Тэдний амьдралд аажим аажмаар уусан нэгдэх явцдаа тэдний дотоод дуу хоолой, санаа алдалт, уйлах, инээхийг нь хүртэл сонсож чадсан би азтай нэгэн. Дараа нь тэдний хувь заяаг дахин ойлгох эрхтэй болж, сул дорой ээж минь амьдралаа хэрхэн шүд зуун тэвчсээр дуусгаж байгааг, эцэг Сүн Гуанцайн хэрхэн өөрийгөө эцсээ хүртэл балмад, увайгүй болгон хүмүүжүүлснийг, яагаад аав, хүү хоёртоо хүртэл яг л өөрийг нь бүдрүүлсэн чулуу мэт хандаж, тэднийг хэзээ ч өшиглөхөд бэлэн ихэрхүү зантай байдгийг ойлгосон. Сүн Гуанцай ханийнхаа нүдэн дээр өөр эмтэй хамтран амьдарч байсан ч эхнэр нь нас барж, үхэл өөрт нь ойртоод ирэхийн цагт насан эцэслэсэн эхнэрийнхээ булшин дээр шөнө бүр очин нулимсаараа угааж байв. Сүн Гуанцайгийн аав Сүн Еөүюань урт удаан насалсандаа өөрөөсөө ч санаа зовон, шаналж байсан хэдий ч түүний хошигнох нь гуниглахаасаа олон байсан. Мөн Сүн Гуанпин, Сүн Гуанлин, Сүн Гуанмин хэмээгч ах дүү гурвын зам хэсэгхэн хугацаанд давхацсан ч удалгүй тус тусын зүг салсан. Сүн Гуанпин хамгийн эгэл байдлаар өсөж, аав Сүн Гуанцайг айлган сүрдүүлдэг байсан бол Сүн Гуанлин түүхийг хүүрнэгч хийгээд гэртээ буцаж ирсэн хүний хувьд илүү их туршлага хуримтлуулан, олон хүний хувь заяаг нүдэндээ тогтоон тэмдэглэсэн. Сүн Гуанлин бол энэ гэрийн хамгийн бага нь бас хамгийн түрүүнд мөнх бусын үүргээ биелүүлж, усанд үйж өөд болсон нэгэн. Тэр сүүлчийн удаа уснаас гарах гэж амь тэмцэн байхдаа нүдээ томруулан алтан нарны өөдөөс эгцлэн харсан юм. Долоон жилийн өмнө би энэ хэсгийг бичиж байхдаа анхнаасаа л би түүнийг наран өөд шууд харж чадна гэж бат итгэж байсан, учир нь энэ бол түүний сүүлчийн нар байсан. Тэр үүний төлөө амиа өргөсөн шүү дээ.


Б.Алтанхуяг "Сүнсний нөгөө тал" 

"Яруу найраг мэдрэмжээс гадна үзэл санааг тээдэг гэж бодох болсон. Ямарваа нэгэн үзэл санаа тухайн яруу найргаас мэдрэгддэг байх ёстой болов уу. Үгүй бол хоосон уянга, цагаан халилаас хэтрэхгүй. Яруу найраг надад ямагт гунигтайгаа эвлэрэх боломж, хүндхэн дурсамжуудаас аврагдаж болох сүмтэй адил санагддаг". (Б.Алтанхуяг)

Утга зохиол судлаач П.Батхуяг түүнийг "Монголын уран зохиолын “ШИНЭ ЦОНХНУУД”-ын нэг хэмээн үзэж мөн "Түүнээс ямархан салхи сэвэлзэхийг одоохондоо би гадарлана" хэмээн "Салхины үүсэл доторх шинэ цонх" эсээндээ тэмдэглэн үлдээжээ. "Сүнсний нөгөө тал" бол Балдоржийн Алтанхуягийн яруу найргийн төрлөөр хэвлүүлж буй долоо дахь ном. Түүнээс "Та шүлэг бичсэнийхээ хойно ямар мэдрэмжтэй үлддэг вэ?" гэхэд "Оюун санаа гэдэг ямагт байгалийн хүчнээс илүүгүй юм шиг мэдрэгдэх болсон. Бодит байдал дээр ч энэ зөрчилдөөнтэй асуудал. Шүлэг бичсэний дараа тайвширч, илүү нам гүм, улам илүү нам гүмийг хүсдэг. Уг нам гүмд бичиж, туурвисныхаа дараа хүрч чаддаг" хэмээн хариулсан юм. 

Харин "Сүнсний нөгөө тал" номын редактор О.Элбэгтөгс "Өдгөө би яруу найргийг “ид шидийг бүтээх урлаг” гэж маш товчоор дүгнэж чадах байна. Яруу найргийн талаар ийн нухацтайгаар эргэцүүлэх болсны шалтгаан яруу найрагч Балдоржийн Алтанхуягийн “Сүнсний нөгөө тал” номыг уншсанаас үүдсэн хэрэг. 

Яруу найраг бол “Ид шидийг бүтээх урлаг” гэсэн дээрх үг Алтанхуягийн яруу найрагт яв цав тохирно. Тэгвэл, энд онцлоод буй яруу найргаар ид шидийг бүтээх гэсэн санаа нь бидний уламжлалт ойлголтоос арай өөр тайлбар шаардана. Миний хэлэх гээд байгаа санаа бол яруу найргийг уншиж хүртсэн уншигч оюун санаандаа ямар нэгэн ид шидийг бүтээж, төсөөллийн ертөнцөө бий болгож байдаг, тэрхүү төсөөллийн ертөнцийнхөө дутуу хэсгүүдийг тухайн яруу найрагчийнхаа, эсвэл өөр яруу найрагчийн шүлгүүдээс бүрдүүлэх замаар цогц ертөнцөө сая бүрдүүлдэг. Тэгж цогц ертөнцөө бүтээсэн хүмүүс амьдралыг арай өөрөөр харж чаддаг байх. Ерөөс тийм цогц ертөнцийг бүтээх нь тун ховор. Бүтээж чадсан цөөн хүмүүс нь юуг ч хийсэн бай гайхамшгийг л үлдээдэг нь жам. 

“Сүнсний нөгөө тал” шүлгийн түүвэр уншигч танд хэрэгтэй зүйлсийг алган дээр чинь тавиад өгнө гэдэгт огт эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь та өөртөө юу хэрэгтэй гэдгийг ч мэдэхгүйгээр хэрэгцээгээ хангана гээд төсөөл дөө. Энэ номын шүлгүүд таны далд ухамсартай ярилцах учраас тэр шүү дээ. Алтанхуягийн ид шид үүнд л оршдог билээ" хэмээн бичжээ.


“Тэдний хэлэх гэсэн бүхэн” - Үнэний эрлийг өгүүлэх ази өгүүллэгийн түүвэр 

Эл түүврийг Ж.Хулганаа, Б.Уранзаяа, Н.Өнөржаргал, О.Жаргалт, С.Батзориг нар орчуулж, Х.Буянбатын өгүүллэг Монгол зохиолчдын бүтээлийг төлөөлжээ.

Мэдээллийн урсгал, хурдтай өрнөх үйл явдлын дунд бид заримдаа чухам юу үнэн болохыг ойлгож дийлэлгүй төөрөлдөх нь бий. Нийгэм хувь хүнээс хамаарахгүйгээр хөдөлж, урагшилж буй мэт үймэн бужигнах атал “Яагаад ийм зүйл болов? Яагаад?” гэх асуултыг тавьж үзвэл хариулт нь эргээд хувь хүн дээр буудаг. Эсрэгцэл, тэмцлийн хамгийн эхний очийг үсэргэх “Яагаад?” хэмээх асуултаар хөврөн үргэлжлэх үнэний эрэл аль ч цаг үеийн аль ч нийгэмд байсаар л байж. Харин "Ритм" Паблишингаас Иран, Камбож, Индонези, Казахстан, Бутан, Монгол зэрэг улсуудын өөр өөр түүхийн үе шатад эгэл хүмүүсийн тээсэн асуулт, эргэлзээ, үнэний эрлийг цогцлоох “Тэдний хэлэх гэсэн бүхэн” түүврийг эмхэтгэн барьжээ. 


Франц Кафка "Эцэгтээ бичсэн захидал" (орчуулагч Д.Цэмбэл)

Аав Херманндаа бичсэн энэ захидлаас нь түүний бага настай танилцан, Кафкагийн мөн чанар, эцэг хүү хоёрын зөрчилт харилцааны тухай олж мэдэх ба тэр бүхэн өнөөгийн бидний эцэг эхтэйгээ харилцах харилцаанд болж буй, эсвэл болоод өнгөрсөн зөрчлүүд бидэнд эргэн бодогдуулах өч төчнөөн асуудал байдгийг анзааруулж, бүр хямруулж ч мэднэ.

"Эцэгтээ бичсэн захидал" бол Франц Кафкагийн 1919 оны арваннэгдүгээр сард аав Херманндаа хандан бичсэн захидал авай. Уг захидалдаа тэрээр эцгийнхээ токсик, нарциссист хандлагын талаар бичсэн байдаг. Кафка эл захидлыг улам бүр хөндийрч буй хоёр биеийнхээ харилцааг жаахан ч гэсэн ойлголцолд хүргэх гэж бичсэн ч захианд аавынхаа хортой харилцааг маш хурцаар илэрхийлсэн юм.

Энэхүү захидлыг анх зохиолч, орчуулагч асан Д.Цэмбэл орос хэлээс орчуулсныг Монсудар хэвлэлийн газраас герман эх болон англи орчуулгатай нь тулган редакторлахын сацуу зарим ойлгоход бэрх ойлголтыг гуравдагч хэлнээс давхар нягталжээ.


Ц.Доржготов "Айсуй"

"Манай ХХ зууны үзэл сурталжсан, хэт нийгэмжсэн, цаг үежсэн уран зохиолд хуурмаг цаг үеэ, Бабануудтай нь хамт хууран хэмлэгч “Ямаан сахалт”-уудын нэг бол зохиолч Цэндийн Доржготов байлаа. Утга зохиолын түүхэнд түүнийг шог зохиолч гэж дүгнэсэн нь анхнаасаа л бүгдээрээ түүнд хууртсан хэрэг. Зохиолуудынх өнгөн тал нь яах вэ, шог дуг байж болно. Биднийг бага сага инээлгэдэг л байсан биз. Харин үгийн “өөхөөр” боосон доторх үзэл санааны “чулуунууд” нь Бабагийн чулуун мунаас ч дутахааргүй хүчтэй зэвсэг байлаа. Философийн” бүхэл хэсгийн” үзэгдэл хэмээх онолоор Ц.Доржготовын уран бүтээл бүхэлдээ ноён хутагт Данзанравжаагаас хойш тасарсан монголын уран зохиолын ”шүүмжлэлт реализм”-ын ХХ зууны бараг цор ганцхан төлөөлөл юм". Утга зохиол судлаач П.Батхуяг “БАБА” БОЛ БАБА Л ДАА..." эсээндээ түүнийг ийн тодорхойлжээ.

Муу нэрт монголчууд муу нь муу. Гэхдээ муугийн маань цаана бидний хүч мөхөстсөн эмгэнэл оршдог. Ядмаг арчаагүйгээ бид соёлт ертөнцөд таниулж чаддаггүй бүрэг дорой амьтад. Маниус соц. лагерийн харанхуй мухарт холын байтугай ойрын мэдээгүй, дан ганц коммунизмаар амьсгалж ХХ зууныг барсан улс. Цөөн буурай бидэнд зөв юм байдаг ч хэлэх эрхгүй явж ирлээ. Томчуудын үг төрийн мэдэгдэл болдог тул тэд үгээ цэнэдэг. Тэдний илэрхийлэлгүй залгисан үгийг (тухайлбал оросуудад) түгээх боломж зохиолчдод ардчилал олгов. Сургуулийн минь хайрласан мэргэжил, гэдэс тэжээсэн ажил минь дон болж архагшаад салж өгөхгүйд бичих тэнхэл мохсон би “зөв нь буруугаа зөөлөн нь хатуугаа элээдэг” жам айсуйд хөөрч дэм өгөхөөр бүх нийтлэлийнхээ хураангуйгаар даган баяслаа. Бичих-миний ажил, бичих-миний үүрэг байв. Эдүгээ би архиваа ухахаас цаашгүй болжээ. Ном маань эргэцүүлэл төдий агаад туйлын үнэнд сэвээгүйгээ өчье.


Канеко Мисүзү "Цуурай юм уу, чи?" (орчуулагч Б.Баясгалан)

Нар мандахад, сүр жавхлантайяа мандахад

"Ганзага дүүрэн шүү" гэсээр

Манай загасчид ирлээ.

Май загасыг тор тороор нь барьжээ.

Эрэг дээр олз омгоо баяр болгоно.

Энүүхэн далайн ёроолд гэвч

Арван түмэн ах дүүсээ үдэх

Аймшигт оршуулгын ёслол болж буй. (Канеко Мисүзү "Том ан" (орчуулагч Б.Баясгалан)

Ерөөс томчууд бид хүүхдэд зориулж аливаа бүтээл туурвих, сонгохдоо хүүхдийг дэндүү дутуу үнэлж, тэдний ертөнцийг дандаа өөрсдийнхөөрөө хялбарчлан боддог гэмтэй. Гэтэл хүүхэд гэдэг бидний нүдэнд балчир, гэнэхэн харагдаж байж мэдэх ч ердөө л тоглоом наадгай, чихэр жимс төдийхөн бодож явдаг дуу, шүлгийн хялбархан дүр биш билээ. Тэд бас эцэг эх, гэр бүлийнхнийхээ элбэрэл ачлал дор дандаа жаргалтай, дандаа баясгалантай байдаг хүүхэлдэйн киноны өхөөрдөм дүр ч биш. Хүүхдүүд гэр бүл, эргэн тойрон, тэр бүү хэл улс оронд нь өрнөн буй аж амьдралын баяр жаргал, зовлон гунигийг яг л томчуудтай нэгэн зэрэг мэдэрч, бүгдийг нь томчуудтай хамт туулдаг. Тийм ч учраас үхлийн тухайд хүүхдийн мэдрэмж, хагацлын тухай тэдний анхны сэрэмж, амьдралын энгийнээс ч аз жаргалыг бүтээж чаддаг хүүхдийн сууг бид үл ойшоож боломгүй билээ. Тэд амьдралыг өөрсдийнхөөрөө эргэцүүлж, тэр л эргэцүүлэл, эргэлзээ, асуултуудаа үүлсийн хэлбэр, навчсын хэлэнд шингээн, мэдрэмжээ хамгийн гэгээн, хамгийн бүтээлчээр илэрхийлж чаддаг жинхэнэ уран бүтээлчид билээ.

Ерөөс түүний шүлгүүд амьдралд даруу бөгөөд хүндэтгэлтэй хандахыг хэн бүхэнд сануулан, сэтгэлийг булаах шидтэй. Цэл залуу 26 насандаа хорвоог орхисон тэрбээр богинохон наслахдаа асар хүнд амьдралын дундаас ч сайн сайхныг нь олж харж, хайрлахын хүчийг бидэнд үзүүлсэн билээ. Түүний шүлгүүд зуун жилийн дараа ч хүмүүсийн зүрхэнд хонх шиг жингэнэж, шүүдэр шиг бөнжгөнөн, багваахай шиг дэлгэрч, шувуухай шиг жиргэсээр байна. Загасчдын тосгонд өссөн өрөвч, нинжин охины аварга том халимаас авхуулаад жижигхэн зөгий хүртэл, одод, моддын тухай шүлэглэхээс өгсүүлээд нүдэнд үл үзэгдэх зүйлсийг хүртэл ив ижилхэн хайрлан, энэрч бичсэн шүлгийн мөрүүд уншсан хүний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэн гийгүүлж, амьдралын сайн сайханд итгэх хүчийг нь сэлбэдэг билээ. Хамгийн чухал нь хүүхдийн ертөнцийг томчуудын үзэмжээр гоёчилж, хялбарчлалгүй, хүүхдийг хүүхдийн мэдрэмжээр нь ойлгуулж чаддагаараа томчуудад ч том сургамж өгдөг нь түүний шүлгүүдийн шид гэлтэй.


Ясүнари Кавабата "Цасны орны утгач" (орчуулагч Б.Чандмань)

Зохиол бүтээл туурвиж, гоо сайханд тэмүүлснээрээ уйсал, ганцаардлаа даван туулж байсан ч амьдралынх нь эхэн үед дараалан тохиосон үхэл хагацал бүтээлүүдэд нь сүүдэр мэт нөлөөгөө тусгажээ. 1937 онд анхны роман болох “Цасны орон”-оо хэвлүүлсэн нь Японы утга зохиол дахь Кавабатагийн байр суурийг зүй ёсоор бэхжүүлж чадсан хэмээн үнэлэгддэг.

Эдүгээ бидний унших “Цасны орон” романы зохиолч Ясүнари Кавабата бол Наран улсаас төрсөн анхны Нобелийн шагналтан төдийгүй Японы уран зохиолд үнэлж баршгүй гавьяатай эрхэм билээ.
Тэрээр 1899 онд Осака мужийн сэхээтэн гаралтай эмчийн гэрт мэндэлжээ. Хоёртойдоо аавыгаа, гуравтайдаа ээжийгээ, долоотойдоо эмээгээ, аравтайдаа дөрвөн насны зөрүүтэй эгчийгээ, арван тавтайдаа цусан төрлийн сүүлийн хүн болох өвөөгөө гээд ойр дотно бүхнээсээ хагацсан дунд сургуулийн сурагч Ясүнари хүү “Арван зургаан насны тэмдэглэл” нэртэй анхны богино өгүүллэгээ бичиж, ирээдүйн зохиолчийн замналаа сонгосон гэдэг. 

Ахлах сургуульд байхдаа тэр Акүтагава Рюүносүкэ, Шига Наояа, Рабиндранат Таагүр, Федор Достоeвский зэрэг зохиолчдын бүтээлүүдийг шимтэн уншсан байлаа. 1924 онд их сургуулиа дүүргэхдээ л тэрбээр уран зохиолын зарим сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлээрээ тухайн үеийн нэр нөлөө бүхий зохиолч, редакторуудын анхааралд хэдийнээ өртсөн байсан гэдэг.

Тэрээр дөнгөж 28-тайдаа өөрийг нь дэлхий дахинаа таниулсан “Изүгийн бүжигчин охин” гэх мэт олон шилдэг бүтээлээ туурвисан байв. Японы уламжлалт соёл, тэр дундаа Зэн буддизмын гоо сайхныг бишрэгч, үхэл хийгээд амиа тэвчихүйг дээдлэгч тэр бээр энэ л өнцгөөсөө “Цасны орон” романаа бичсэн гэдэг. Мөнхүү романдаа тэр орь ганцаардал хийгээд тусгаарлагдмал байдал, түүн дундах хайрын сэтгэлийг хүслэнт, романтик ахуйгаас нь төгс төгөлдөрт хүртэл нь бичихдээ уламжлал-шинэчлэл, төсөөлөл-бодит байдал, гоо сайхан-үхэл мөхөл зэрэг эсрэгцлүүдийг Цасны орны нэлэнхүй, хүйтэн үзэсгэлэнт дэвсгэр дээр тод томруун зурайтал дүрсэлжээ. Түүний гойд уран яруу, нэн тод дүрслэл бүхий бичвэрийн арга барил нь хожим 1968 онд Нобелийн шагнал хүртэхэд нөлөөлсөн нь гарцаагүй бөгөөд Нобелийн хорооноос эш татсан гурван романы нэгэнд “Цасны орон” роман нь нэрлэгдсэн билээ.


Д.Энхболд "Хорьтой охин жаран дөрөвтэй өвгөн хоёрын хайрын түүх" 

"Миний үнэт зүйл бол уран бүтээл юм. Би уран бүтээл рүүгээ орчихвол юу ч сонин биш болдог. Бүхнийг уран бүтээлдээ шингээдэг. Энэ миний үзэл бодол". (Д.Энхболд)

"Хорьтой охин жаран дөрөвтэй өвгөн хоёрын хайрын түүх" нь бичил роман юм. Хүмүүний сэтгэлд нуугдмал ямар ариун нандин хайр бас сэртхийм ганцаардал нуугдаж байдаг тухай тэр нь илэрч гарахаар ямархуу гүн гүнзгий хайр болж хувирдаг тухай өгүүлсэн сэтгэл зүйн роман юм. Үйл явдал гэхээр ноцтой юм байхгүй хэдхэн л сцен маягийн үйлдэл л байгаа. Үүнтэй цуг ХАНДАА БУЮУ ЭРЛИЙН ХҮН жижиг тууж байгаа. Арван зургаа долоотой жаахан хүү салхидсан тэмээнийхээ эрэлд явж байхдаа үеийнхээ охинтой айлд очиж хэрхэн тусалж өөрийн амьдардаг хөдөөгийнхөө амьдралыг хэрхэн шинээр нээж байгаа тухай өгүүлнэ. Бас л үйл явдал гэхээр юмгүй цэвэр сэтгэл зүйн тууж билээ.


Тора Хьерлейвсдоттир "Магма" (орчуулагч Б.Хатантөмөр, 

дизайнер Б.Төгсжаргал)

Зохиолын цөм санаа нь хосын хортой харилцаа (toxic relationship). Ийм харилцаа эцэстээ хүйсээс үл хамаарч хосын хоёуланг эсхүл аль нэгийг дотроос нь мэрсээр хувь хүний бодгальч шинжийг үгүй хийдэг онцлогтой.

Исландын нийслэл Рейкьявикт зургаан эмэгтэй яруу найрагчаас бүрдэх "Imposter Poets" бүлгэм бий. Өөрийн авьяас, чадвар, ололт амжилтдаа эргэлзэж, бусад хүмүүс "залилж буй"-г нь мэдэхээс айх эмгэг буюу "импостер синдром"-той яруу найрагчид хэмээн өөрсдийгөө нэрийдэгч тэрхүү зургаагийн нэг нь Тора Хьерлейвсдоттир. Залуу зохиолчдын дунд эл эмгэг түгээмэл гэлцдэг. Анхны ном нь амжилтад хүрвэл ердөө аз юм биш биз дээ, яг үнэндээ тааруухан амьтан болохыг минь мэдчих вий дээ хэмээн эмээх, эс хүрвэл дараагийн бүтээл нь ч адил байх юм болов уу хэмээн түгшинэ. 

Гол шалтгаан нь өмнөх үеийн "аугаа" зохиолчидтой өөрийгөө харьцуулдгаас үүдэлтэй гэнэм. "Залилагч яруу найрагчид"-ын хамтаар гурван ч яруу найргийн эмхэтгэл гаргасны дараагаар Тора Хьерлейвсдоттир бие даасан, анхны зохиолоо туурвисан нь одоо таны унших "Магма". Санаанд оромгүй амжилтад хүрэн, улсдаа төдийгүй хэд хэдэн улсын хэлээр хэвлэгдээд буй эл зохиолын нууц нь өнөө сүрдэж асан өмнөх үеийн зохиолчдын жимээр бус одоо цагийнхаа асуудлыг энгүүн хэлээр хүүрнэсэнд орших болов уу.  

Энэхүү зохиолд хориод насны Лилиа хэмээх бүсгүйн хайраар дамжуулан хүн хэрхэн хортой харилцааны (toxic relationship) боол болдгийг ний нуугүй харуулсан юм. Хайрын талаарх уншиж, үзэж, сонсож дадсан олон романтизм биднийг, нэн ялангуяа залуу дурлагчийг зовлонд нь эгнэгт хүлдэг ч байж магад. Уг санааг тодотгон зохиолыг англи хэлээр эрхлэн гаргасан хэвлэлийн газраас "...Романтик харилцаанд төдийлөн ил гарч мэдэгддэггүй далд хүчирхийлэлд зохиолч Хьерлейвсдоттир шударга ёсны гэрэл тусгалаа. Энэ ном манай соёл аливаа хүчирхийллийн шинжийг тодорхойлон танихдаа тун таарууг илчилсэн бөгөөд зөөлөн сэтгэлт эмэгтэй ердөө хайрыг л хүсээд юунд хүрч дуусаж буйг хүүрнэн өгүүлэх хүчирхэг дуу хоолой юм..." гэснийг ч энд цохон тэмдэглэе. 

Харилцаа бүр өөрийн асуудалтай ч тэнд нээлттэй ярилцах, хамтын шийдвэрт хүрэх, хамгийн чухал нь хамт байгаадаа хэн хэн нь жаргалтай байх учиртай. Харин нэгнийхээ зориг зүрхийг мохоосон, хэл амаар давшилсан, хардаж сэрдсэн, атаархаж уралдсан, байнгын үг хэл, үйл хөдлөлийг хянаж цагдсан, хэрэгцээ шаардлагыг үгүйсгэсэн, нийгмийн хүрээллээс салгасан зэрэг хийгээд энд тоочсоноор хязгаарлагдахгүй олон шинж илэрч буй бол тэр яахын аргагүй хортой харилцаа. "Хайр" нэрийн дор зугуухнаар ийм харилцааны хохирогч болдог тул анхандаа үүнийг таних амаргүй агаад таних тэр цагт хэдийнээ "би л муу учраас ийм байна, би л өөрийгөө засвал бүх юм сайхан болно" хэмээн итгэж, биеэ буруутгах шалтаг бүрийг гарамгай ашигладаг нэгэн болсон байх нь бий. 


Ч.Лодойдамба "Тунгалаг Тамир"

"Тунгалаг тамир" романы зарим газар Шолоховын зохиолынх нь амьсгалд чирэгдээд орчихсон байж мэднэ. Гэлээ ч энэ романаа би Шолоховын зохиолоос өөр гэж боддог. Зохиолын баатруудын маань амьдрал зөвхөн монгол хүнд биш, ер нь хүн төрөлхтөнд хэрэгтэй байх. Аль нэг улс үндэстний зан заншил, ахуй байдал нь өвөрмөц боловч жирийн хүнд тохиолдох амьдралын баяр баясгалан, гуниг нь хаанахын ч жирийн хүнийхтэй адилхан байдаг". (Ч.Лодойдамба)

Төрийн шагналт зохиолч Д.Норов агсан хүртэл нэгэнтээ "Ч.Лодойдамба гуай шиг л бичдэг болчихвол ч. Итгэлт баяны ганц үг, Цахиур Төмөрийн дүр гэхэд хүний сэтгэлд яв цав бууж байдаг даа. Дүрийг амилуулдаг ийм эд эс нь дутаад байх юм" хэмээн өчсөн удаатай. Зохиолч Б.Наминчимэд энэ санааг лавшруулан "Уран дүр гэж... Дүрийг хэр амьд, тод, уран гаргаж чадсан эсэхээр нь уран бүтээлчийг дүгнэх нь бий. Мөн "Уран зохиол гэдэг нь дүрээр сэтгэх урлаг юм" гэсэн тодорхойлолт ч бий. "Тунгалаг Тамир" романд Итгэлт, Долгор, Галсан, Нямаа зэрэг ер бусын амьдлаг, өөрийн давтагдашгүй мөн чанар, үг яриатай дүрүүд олон. Ганцхан Итгэлтийн дүрийн тухай ярихад л энд өгүүлж буйгаас илүү олныг хэлж болно. Ч. Лодойдамба зохиолчийн "Тунгалаг Тамир" романыг Зууны манлай роман хэмээхийн нэг учир энэ" хэмээн бичсэн байдаг. Ч.Лодойдамбын "Тунгалаг тамир" роман өдгөө ч үнэ цэнээ үл алдан уран зохиолын шилдэг бүтээлд тооцогдож буйн гол шалтгаан нь зохиолын үйл явдал, түүхэн үнэ цэнэ бус. Харин хэл найруулга, дүрийн давтагдашгүй амьд чанар билээ. Тус романы хуучин хэвлэл өдгөө олдоц ховор, өндөр үнэлгээтэй болсныг "Альфа" хэвлэлийн газраас дахин хэвлэж, олон түмэнд түгээхэд үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа ажээ.


Харүки Мүраками "Радио" (орчуулагч Ц.Энхтүлхүүр)

Хэрэв бяслагтай омлет хийнгээ сонссон бол ингэж их бодолд автахгүй л байсан болов уу.

. . . Нил Янгийн дуутай СD худалдаж авчхаад галын өрөөндөө оройн хоол зэхэхээр хутга, заазуур болов. Ганцаараа дуу сонсонгоо луувантай кинпира хийж байтал эргэн тойрны агаар чийглэг мэт болж сэтгэл хөдлөв. Нил Янгийг кинпира хийхдээ сонсох нь сэтгэлд үнэхээр таатай байлаа. “Нил минь хичээдэг юм шүү. Би ч гэсэн ингээд кинпира хийгээд хичээж байгаа юм чинь” гэх гүн бодолд автав. Болдогсон бол өөрийн гараар хийсэн кинпирагаа аваачаад өгөх юмсан гэж хүртэл бодогдоно.


Ц.Ганболд "Шувуу зүүрмэглэх зуур"

Цэцүүдийн нутагт нэгэн домог үеийн үед ам дамжин яригдсаар цаг хугацаа мэт насалжээ”. Энэ эхлэл надад хачин их таалагддаг. Олон асуултын дунд эргэлзэн зогсоо ч юм шиг. Кафкагийн "Цайз" нэг тийм оньсого шиг саарал ахуйд хүлсэн эхлэлтэй байдаг даа. Гэхдээ энэ өгүүлбэрийг уншихад "цаг хугацаа мэт наслах" нь их анхаарал татна". (Б.Алтанхуяг)

Зохиолч Ц.Ганболдын анхны түүвэр "Хээрийн шүүх" номын өмнөтгөл хэсэгт судлаач Ч.Билэгсайханы бичсэн "Байгаа юмыг байхгүйгээр нь төсөөлж боддог өвөрмөц авьяастан төрж байна. Ц.Ганболд үйл явдлыг хөөж бичдэггүй оюун сэтгэлгээний эссэ эргэцүүлэл маягийн хүнд төрлийг залуу хүн гэхэд чихдэн авсанд би нэн баяртай байна. Эдгээдийн цаана нэг увдис оршдог. Ц.Ганболдод ч тийм увидас байна..." гэх догдлуун үгс хөвөрнө.

Тэрээр гурав дахь түүврээ "Шувуу зүүрмэглэх зуур" нэрээр хэвлүүлээд буй. Ц.Ганболдыг уран бүтээлчийн хувиар ойлгодог, мэдэрдэг хүмүүс уулга алдан "Өнөөх л шинэлэг дүрслэл, өвөрмөц өгүүлэмж нь хэвээр буй"-д сэтгэл хөдөлжээ. Зохиолч бүрийн мөрөөдөл "Үргэлж шинэ байх болов уу" гэж санадаг юм. Тийм зохиолчийн номыг уншина гэдэг сэтгэл догдлом үйл явдал ажээ. Ц.Ганболд "Хээрийн шүүх" (2010), "Цэцүүхэй"(2017) номууд хэвлүүлсэн агаад МЗЭ-ээс олгодог шилдэг бүтээлийн "Алтан-Өд" шагналт зохиолч юм. 


Дейв Пилки "Ахмад дотуур өмд" (орчуулагч Э.Өнөрцэцэг)

Ахмад дотуур өмд маш чадварлагаар хэнд ч мэдэгдэхгүй нууцлаг оршдог. Өөрөө ч өөрийнхөө хэн гэдгийг мэддэггүй гээд бод доо!

Уншигчид маань алдарт "Нохой хүн" комикийг андахгүй мэднэ биз ээ? Уг номын зохиогч Дейв Пилкигийн бас нэгэн хөгжилтэй цуврал Монгол хэлээр хүрэхэд бэлэн болжээ!

Жорж, Хэролд хоёр нэг сургуулийн дөрөвдүгээр ангид хамт сурдаг найзууд. Тэд бусдыг дөнгөх, тоглоом шоглоом хийхээс гадна комик ном хийхдээ сайн. Тиймээс ч түүхэн дэх хамгийн шилдэг супер баатрыг хамтдаа бүтээсэн юм. Энэ бол Ахмад дотуур өмд!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Elmo 2023.05.25 202.21.124.139

Номын баяраар авах номнуудаа олчихлоо

0 Хариулах