Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Архинд орсон суутан: Стивен Кинг

““The Tommyknockers” сайн зохиол байх. Гэхдээ би тэр үед бичсэн олон романаа яаж бичсэнээ санадаггүй”


Орчин үеийн хамгийн алдартай зохиолчдын нэг болох Стивен Кингийн ихэнх романд эрүүл ухаантай, эелдэг даруу хүн өөрөө ч мэдэлгүй аймшигт мангас болон хувирч байгаа талаар гардаг. Энэ нь ч аргагүй. Стивен Кинг өөрөө амьдралынхаа 15 жилийг яг л аймшигт мангас мэт өнгөрүүлсэн юм.

“Та орон гэргүй гуйлгачин уу, алдартай зохиолч уу гэдэг чухал биш. Сувганд бөөлжиж байгаа хүн бүр ижилхэн харагддаг” Стивен Кинг

Түүний намтар “Америкийн мөрөөдөл” мэт л байсан. Угаалгын газрын жирийн нэг ажилчин өөрийн ургуулан бодох агуу их авьяас чадвар, зохиолч болох асар их хүслийнхээ ачаар хүний мөрөөдөж болох бүх зүйлийг гартаа оруулж чадсан. 30 настайдаа тэр нэр алдартай болж, бичсэн ном болгон нь асар их мөнгө авчирч байлаа. Уран бүтээл туурвихад түүний хувьд ямар ч зовлон байсангүй. Хялбархан биччихнэ. Ухаантай, үнэнч, үзэсгэлэнт эхнэр Табита, хөөрхөн хүүхдүүд, ажлын тохилог өрөөтэй, сайхан байшин гээд л...түүнд бүх юм бий.

Амьдралынх нь бүх юм амжилттай, хэт сайхан байсан тул Кинг архичин болон хувирсан юм. Чимээгүй, томоотой архичин. Тэр өглөө ажлын өрөөндөө авдар шар айраг авч орон, гарахдаа ардаа хэдэн арван хуудас зохиол, мөн тэр тооны хоосон лааз үлдээгээд гардаг байв.
“Ном хэрхэн бичих вэ” гэсэн намтартаа Стивен энэ үеэ “Шатаж буй дээвэр дээрх бясалгал” хэмээн нэрлэсэн байдаг. Үдэш нь тэр зочдын өрөөндөө коньяк ууна. Өглөө болгон бага зэрэг гаатай спиртийн уусмалаар шүдээ цэвэрлэнэ. Үүнээс гадна тэр уран бүтээлд нь кокаин цоо шинэ уур амьсгал оруулж байгааг олж мэдлээ. Үнэрлээд л...Ингээд л үе үе түүний уран бүтээлийн тэр их эрч хүч урт удаан зогсонги үеэр солигдож байв. Стресс, сэтгэлийн зовлонгоос ангижрахын тулд янз бүрийн эм ууна. Энэ үед Стивений амьдралаас бүтэн өдөр хоног, зарим үед бүтэн долоо хоног, сар ч юу болсон нь мэдэгдэхгүй урсан, алга болж байв.

Гэхдээ тэр гайхамшигтай сайхан зохиол бичсэн хэвээр байлаа. Түүний алдарт “The Tommyknockers”, “Cujo”, “Misery” романууд энэ үед буюу Кингийн архи, хар тамхины солиорлын үед бичигдсэн юм. Зохиолч өөрөө ангалын ирмэг дээгүүр явж байгаагаа мэдэрч байлаа. Түүний зохиолын гол баатрууд бараг бүгд аймшиг, айдас болон хувирч байв.

1985 онд Табита түүнд архиа сонгох уу, гэрбүлээ сонгох уу гэсэн сонголт тавьж, уухаа болихгүй бол гэрээсээ явна гэж хэлсэн юм. “Аав нь өөрөө өөрийгөө алж байгааг хүүхдүүд нь хараад сууж байхыг тэсвэрлэхгүй” гэж тэр хэлээд хогийн савнаас шар айрагны лааз, тамхины окурок, кокаин, марихуаны үлдэгдэл, архины шил гаргаж ирээд өмнө нь асгасан гэдэг. Эхнэр нь хэлсэн үгэндээ хүрдэг хүн гэдгийг мэддэг Кинг 2 долоо хоног бодох хугацаа өгөхийг хүсээд архинаас гарахаар шийдсэн. Хар тамхинаас гадна архинаас гарах эмчилгээ хийлгэж, тэр цагаас хойш дусал архи ч амсаагүй байна. Архинаас гараад бичсэн анхны роман нь “Needful Things”.
Стивен Кинг архинд живэхээс аврагдсандаа тун баярлаж явдаг. Заримдаа шөнө сэрээд эрүүл энх, эрх чөлөөтэй байгаадаа талархаад уйлдаг гэдгээ ч нуудаггүй. Гэхдээ мэдээж аймшигт мангас өөрийг нь дахин уургалахаар хүлээж байгааг ойлгож байгаа. Мангасны тухай тэр сайн мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ дээ.

Архинд орсон суутны намтраас

1947 он. Стивенийг төрснийх нь дараа эцэг нь орхиод алга болсон юм. Ээж нь бие даан амьдралаа залгуулсан.
1964 он. Стивен сургууль дээрээ өөрийн хийсэн “Хогийн савнаас хийсэн мэдээнүүд” сонингоо авчирлаа. Сонинд сургуулийн захирал нь хамрын нүхэндээ нүдийг нь хийхийн тулд гахай нядалсан зэрэг мэдээнүүд байв. Хэл амыг яаж ийгээд дарж чадлаа.
1966 он. Дунд сургуульд сурахынхаа хажуугаар Кинг будгийн үйлдвэрт ажиллаж, коллежийн төлбөрөө цуглуулж байв. Түүний төрөлх мужид 21 нас хүрээгүй хүнд архи зардаггүй байсан тул тэр Нью-Йорк орж, архи худалдаж авна. Уугаад шартаж, дахин уухгүй гэж андгайлах боловч дахин уусаар.

1969 он. Мэн мужийн их сургуульд Английн уран зохиол судлаж эхэллээ. Ангийнхаа Табита охинд дурлаж, жилийн дараа гэрлэнэ. Одоо болтол тэд хамт.
1970-1980 он. Стивен тун үр бүтээлтэй ажиллаж байлаа. Түүний зохиолууд ээлж дараалан бестселлер болж байв. Зохиолоо туурвихдаа байнга ууна, ихэнхдээ шар айраг.
1980-1984 он. Архи, шар айрган дээр кокаин нэмэгдлээ. Валиум, ксанаксыг боодол боодлоор нь залгичихдаг боллоо. Энэ үед бичсэн “The Tommyknockers” романдаа архи (“хорон санаат харь гаригийнхан”) хүний тархийг хэрхэн захирч байгааг уран тод дүрсэлсэн байдаг.
1985 он. Гэргий Табита нь архиа хаях шаардлага тавьж, Кинг архинаас гарлаа.
1999 он. Хүнд осолд орсныхоо дараа мэдээ алдуулах тариа хийлгээд Стивен мартини ууж байгаа зүүд зүүдлэн, цагаан солиоролд автана.
2017 он. Америкийн хамгийн алдартай зохиолчийн нэг хэвээр, архи амсдаггүй хэвээр. 70 насныхаа ойг тэмдэглэлээ.  

Согтуудаа хэлсэн эшлэлүүд

“Уудаг байхдаа би орой болгон доод тал нь 16 лааз шар айраг хөнтөрдөг байлаа. “Cujo” гээд роман биччихсэн гэж байгаа. Яг үнэнийг хэлэхэд би тэр романыг яаж бичсэнээ огт санадаггүй. Одоо ч санахгүй байгаа”
“Архичинд бага уу гэж хэлэх нь хоол идсэн хүнд бага баа гэж хэлэхтэй ижил”
“Архичид өөрийн хамгаалалтаа голландчууд далан барьж байгаа мэт л хийдэг. Архи уусан эхний 12 жилдээ би хүмүүст хааяа нэг уудаг гэж л хэлдэг байлаа. Өөрөө ч тэгэж боддог байсан”
““The Tommyknockers” сайн зохиол байх. Гэхдээ би тэр үед бичсэн олон романаа яаж бичсэнээ мэддэггүй”

Архинд орсон суутан: Винсент Ван Гог

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
3
1
1
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.