Хайх зүйлээ бичнэ үү

Би хэдэн сар оффист ажил хийгээд яваад байлаа ч энэ бол бүтээл биш. Харин ямар нэгэн байдлаар өөрөөсөө мэдрэмж гаргаад шинэ зүйл бүтээж л байвал сайхан байдаг юм.

Олон зуун жилийг дамжин уран бүтээлчдийн сэтгэл зүрхээ шингээн урласан бүтээлийг олонд толилуулах боломж олгодог байсан урлагийн галерей гэх зүйл урлаг, тэр тусмаа дүрслэх урлагийн ертөнцөд хамгийн чухал байр суурийг эзэлдэг билээ. Энэ удаад бид хотын төвд байрлалтай, урлаг болоод хүмүүний амьдралд үнэ цэнэтэй олон зүйлийг өөртөө багтаасан “220к резиденс”-т үзэсгэлэнгээ гаргаж буй дэлхийн хамгийн алдартай И.Е.Репиний академийн төгсөгчид болох, Урлаг судлаач, доктор профессор, зураач Ц.Эрдэнэцог болон хөрөг зураач Ө.Эрдэнэбулган нартай ярилцлаа. И.Е.Репиний нэрэмжит академи 1757 онд Хаант Орос улсын нийслэл Санктпетербург хотноо байгуулагдаж байжээ. Хэрэв тус сургуулийн хаалгыг татаж орсон л бол "Хамгийн шилдэг сургуульд суралцах боллоо" гэж хүн бүхэн өөрсдөөрөө бахархан боддог юм. Дэлхийн шилдгүүдийн, их уран бүтээлчдийн суралцдаг тус сургууль өдгөө урлагийн хамгийн хүндтэй сургуулиудын нэг билээ.

Урлаг судлаач, доктор профессор, зураач Ц.Эрдэнэцогтой бид ярилцлаа.

-Уран бүтээлч хүний үүргийг та юу гэж боддог вэ?

-Ямар ч уран бүтээлч байсан, зохиолч, хөгжмийн зохиолч, зураач гэх мэт мэргэжилтэй болно гэсэн бодолтой хүн болгонд нэг хүсэл байдаг. Тэр нь ард түмэндээ үлдсэн, хүн бүхний таашаалд нийцсэн уран бүтээл туурвих хүсэл. Ийм бодолтойгоор хүн бүхэн урлагт хөл тавьдаг. Гэхдээ урлагт хөл тавиад явж байхдаа ихэнх нь замын дундаас буцаж, цөөрсөөр цөөн хүмүүс үлддэг. Яагаад гэвэл их бүтээл туурвина гэдэг хүний сэтгэлийн хүслээр хийдэг ажил биш. Түүнд хүрэхийн тулд мэдлэг, боловсрол, шантаршгүй тэмүүлэл, ялалт, ялагдал зэргийг үзэх хэрэгтэй. Энэ бол оргилд нь хүрэхэд хэцүү даваа.

-Уран бүтээлч хүн дан ганц авьяас, хичээл зүтгэл гэхээс гадна өөр ямар чадварыг эзэмшсэн байх ёстой вэ?

-Би авьяастай гэсэн хүн уран бүтээлд ордог. Дан ганц уран бүтээл ч биш эмч, инженер, багш зэрэг дээр ч яригдана. Би хүний зүрхэнд мэс засал хийж чадахгүй мойног хүн гэсэн хүн эмч болох гэж зүтгээд дэмий шүү дээ. Үүнтэй ижил, солгой хоолойтой хүн ч тэр дуучин болно гэж яваад байж боломгүй. Зураач хүний хувьд, надад мэдрэмж, авьяас, чадвар байна, тиймээс зураач болно гээд энэ замыг сонгодог. Оронгуут зураач биш болж таарах нь ч бас бий. Тэр хүнд төрөлхийн дүрслэлийн, сэтгэлгээний мэдрэмж байж болох ч үүн дээр мэдлэг гэж зүйл байх ёстой. Мэдлэгээ дагаад чадвар тогтдог. Их сургууль, коллежийн боловсрол гэдэг ер нь л хүнд мэдлэг, дадал, чадвар олгодог зүйл юм шүү дээ. Авьяас чадвар, мэдлэг дээр нэмэгдээд аливаа нэг зүйлд хүрэх гэсэн тэмүүлэл байх хэрэгтэй. Энэ гурван зүйл нэгдэж байж аливаа юманд хүрдэг.

-Бодит жишээ дурдахад?

Хүн болгоны мэддэг жишээ татъя л даа. Ван Гог гэж зураачийг мэдэхгүй хүн үгүй. Энэ хүний тухай бичээгүй дүрслэх урлагийн ном, сурах бичиг гэж үгүй. Энэ хүн бол 36 насандаа өөрийн амийг хороосон уран зураач. Бусад хүнтэй эгнэшгүй ер бусын мэдрэмжтэй хүн гэдгээ олоод мэдчихсэн. Бусад нь ердийн чадвараараа нэрд гарсан байж болно. Тэр үед аль чиглэл нь илүү тааламжтай, олны анхаарлыг татаж байна, түүнийгээ дагаад нэрд гарсан байж болно. Ван Гог бол тэс ондоо. Ой модыг зур гэхэд навч нэг бүрийг зураад зураач болох юм биш. Навч гэлтгүй салхилж буй салхийг нь зурвал энэ ой мод болох юм. Тэр хүн үнэхээр ондоо байдлаар зурсан. Бусад нь хүлээж авахааргүй тийм ондоо зүйлийг зурж байна гэдэг нь мэдрэмж нь бусдынхаас илүү гарчээ гэсэн үг. Гэхдээ тэр хүн шууд тийм зүйл зурж эхлээгүй. Эхлээд хөрөг, байгаль гэх мэтээр зурж байгаад өөрийн хэв маягийг олсон. Гучин хэдхэн насалсан гэхэд ямар их бүтээл хийсэн билээ. Голландад таван давхар музей байдаг. Өөр улс оронд ч бас ийм музей олон бий. Ингээд бодоход хэдэн зуун зураг байгаа билээ. Тэр зүгээр л талхны мөнгө олох гэж тэгж их хөдөлмөрлөөгүй юм. Харин ер бусын мэдрэмж таашаалтай, зураач хүн гэдгээ, их бүтээл туурвих гэж зүтгэж явсан нь нас барсных нь дараа үнэлэгдэж, хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрөн, их зураачдын нэг болсон. Тиймээс энэ гурван үндсэн холбоо бол салшгүй юм.

-Та ОХУ-д 12 жил амьдарсан. Анх хэрхэн И.Е.Репиний академид тэнцэж орсон бэ?

-Би анх дүрслэх урлагийн сургуулийг төгсөөд бусад бүх хүүхдүүдийн л нэгэн адил орос улсад очиж суралцахыг мөрөөддөг байсан. Шалгалтад унаад л, орос хэлнийхээ шалгалтад бас унаад л, гурав дөрөв орчим унаж байгаад тэнцээд явсан. Эхлээд Иркутск хотод хэлний бэлтгэлд нэг жил сурсан. Энэ надад их зүйл өгсөн, ойлгуулсан үе байсан. Хэрэв хэлний бэлтгэлд суулгүй цааш явсан бол мэдээж Орос хэлээр ярьж чадах ч дүрмийн мэдлэгийг тийм сайн сурахгүй байсан байх. И.Е.Репиний академид зургаан жил сурч, зураач болж ирээд ажиллаж байгаад дахин таван жил докторантаар суралцахаар явсан. Эрхүүд олж авсан Орос хэлний дүрмийн мэдлэггүй байсан бол би хэрхэн докторант хамгаалах билээ дээ.

-Яг юу тэр сургуулийг дэлхийн “хамгийн шилдэг” болоход нөлөөлсөн юм бол?

И.Е.Репиний академи бол 270 жилийн түүхтэй агуу сургууль. Бидний мэддэг олон их зураачид тэр сургуулийг төгсөж байсан. Хэрэв хүн тэр сургуулийн хаалгыг татаад орох л юм бол “Би хамгийн шилдэг сургуульд сурлаа” гэж өөрөөрөө бахархдаг юм. Маш их нэр хүнд, үүх түүх юм шүү дээ. Орос түмэн ер нь агуу юм. Бие биедээ үнэнч, хатуу шаардлага тавьдаг, зарчимч ард түмэн. Бид түүнээс нь суралцах хэрэгтэй. Үгүй бол бид цагаа барьдаггүй, залхуу, эсвэл нэг зүйл хийгээд шантардаг. Ер нь Орос гэлтгүй барууны орнуудаас сурах зүйл их бий. Зовлон үзсэн хүмүүс гэдэг өөр байдаг. Өлсөж, зовж, дайтаж үзсэн ард түмэн гэдэг тийм байдаг юм байна.

-Сургуульд байсан хамгийн дурсамжтай мөч?

-Сургууль гэдэг тэр чигтээ дурсамж юм. Бидний хүүхэд нас, залуу нас, оюутан байхад өнгөрсөн бүх цаг үе дурсамжтай сайхан. Тэр үед хийсэн алдаа, оноо, хүнийг гомдоож байсан, гомдож байсан гээд бүгд л дурсамж. Гэхдээ тэр болгоны дэнсэн дээр хүн болсондоо би баярладаг. Шантраад дундаас нь хаяж яваагүй. Мэдээж би өнөөдөр өөрийн зорьсон зорилгодоо хүрсэн гэж хэлж байгаа юм биш. Би тэмүүлж байгаа, тэмүүлэх ч болно. Энэ бол үүрэг юм. Энэ улсын буянаар дэлхийн үнэ цэнэтэй, алдартай академид сурч ирсэн л бол би ийм юм зурсан юм шүү гэх нэг хоёр ч болтугай туурвил үлдээхгүй бол болохгүй. Би одоо ч зурсаар л байна. Гэхдээ туурвил гэх агуулга өөр юм.

-"220к резиденс"-т та хэдэн зургаа олонд толилуулахаар тавьсан байгаа вэ? Онцлох уран бүтээлээсээ хуваалцвал?

-И.Е.Репиний академийн төгсөгчдийн гурван үеийн хориод зураачид нийлж дөч гаран бүтээлээ тавьсан байна. Л.Гаваа гэж анх тэр сургуулийг төгссөн хүний хоёр этюд тавигдсан байгаа. 90-ээд оны залуучуудаас олон хүн мөн хамтран оролцжээ. Миний хувьд бол би дөрвөн бүтээлээ тавьсан байгаа. “Нүүдэл”, Голландад зурсан “Амстердам”, АНУ-д зурсан бүтээл болон “Хавар ирлээ” гэсэн натюрморт зэрэг бүтээлүүд. Би бүтээл болгондоо хайртай. Мэдээж тааруу болсон, хүний сэтгэлд хүрээгүй бүтээлүүд байдаг ч би тийм бүтээлүүдээ хүртэл хайрладаг. Яагаад гэвэл би халтуурдаад эсвэл үүнийгээ зараад юм болгоно гэж бодолгүй өөрийн сэтгэлээрээ зурдаг. Энэ үзэсгэлэнд бол би дандаа сүүлийн үеийн бүтээлүүдээ тавьсан байгаа. Өөрийн зүрх сэтгэлээрээ харийн нутгийг, нүүдлийг, хаврыг яаж мэдэрснээ, төсөөлснөө харуулсан.

-Хувь хүний бүтээл яг яаж зөвхөн тэр хүний гэсэн цор ганц өнгө төрхийг бий болгодог юм бол?

-Хүн болгоны бүтээлийн зохиомж өөр байдаг. Үзэсгэлэнд очоод бид доор нь нэр нь бичигдээгүй байсан ч хэний бүтээл болохыг нь мэддэг. Өнгө, зохиомж, арга ажиллагаа нь хүртэл өөр байдаг. Уран бүтээлч байхын хамгийн сайхан нь уран бүтээл дээрээ ажиллаж байх явц юм.

-Залуу, шинэ зураачдад та юуг хэлмээр санагддаг вэ?

-Бидний хүүхэд нас ч өөр өнгөрч дээ. Тэр үед зах зээлд ороогүй, цалингаас цалингийн хооронд бид амьдраад сурчихсан байсан. Хичээл тараад гэрийн даалгавраа хийсэн болоод л гарч гүйгээд тэвэг тоглодог үе байлаа. Хүүхэд насаа би гайхалтай сайхан өнгөрүүлсэндээ баярлаж явдаг боловч одооны хүүхдүүд тэр үе шиг явж болохгүй. Би тэгж тоглож явсан үедээ их цаг алдсан мэт санагддаг. Тэр үед өөр нэг ном нэмж шагайгаад, өөр нэг хэл мэдээд авсан бол өшөө илүү байх байсан биз. Гэхдээ одоо юм дутсан, айхтар харамсаж явдаг гэж байгаа юм биш шүү. За дараа болно биз гээд нэг хоногийг алдаж болохгүй. Юм болгонд цагийг хэмнэж, цагийг ашиглаж боловсроорой гэж хэлье.

-Ер нь Монголын уран бүтээлчид гадаад улс оронд танигдах боломж хэр нээлттэй вэ?

-Энэ хорвоод бүх юм нээлттэй. Ганцхан өөрөөс чинь л шалтгаална. Өмнө нь цензур гэж нэг зүйл байсан. Нэг ёсондоо бүх юм хяналт дор явдаг байлаа л даа. Одоо бол тийм зүйл байхгүй. Фэйсбүүк, вебсайт гэх мэтээр өөрийгөө яаж ч таниулах боломжтой. Орчлон чамайг ер бусын уран бүтээлч гэдгийг мэдэж хүлээж авч л байвал нээлттэй. Бүх зүйл чамд бий. Ганцхан хаашаа түлхүүр тааруулж оруулах нь тэр хүний шийдэх хэрэг.

-Хотын төвийн байрлалд 220к резиденс гэх ийм барилга баригдан, тэнд нь үзэсгэлэнгээ гаргах боломж олдсон нь танд ямар санагдаж байна вэ? 

-UB ART Gallery, 220k-тай хамтраад И.Е.Репиний төгсөгчдийн үзэсгэлэн зохион байгуулна гэх мэдээг дуулаад бид баяртай сайхан хүлээж авсан. Тэр мэдээг дуулаад л анх нээгдэж байгааг нь мэдсэн дээ. Би өөрөө 220-д өссөн, тэнд хүүхэд насаа өнгөрүүлсэн хүн. Тэндээс анх дүрслэх урлагийн сургуульдаа явдаг байлаа. "220к" гээд их сайхан цогцолбор баригдсанд баяртай байна. Ер нь дэлхийн урлаг гэдэг галерейгаар дамжин түүхээ бичүүлсэн байдаг. Галерей, үзэсгэлэн гэх зүйлээр дамжин урлагийн шинэчлэл, хөгжил мэдэгддэг. Уран бүтээлчид ч мөн үүний ачаар танигдаж, илүү хөгжиж байсан түүхтэй. Хэн нэгэн хүн тухайн галерейгаар дамжин тодорсон бол тэр галерейн нэрийн хамтаар түүхэнд бичигддэг. Юм бүхэн шууд дэлхийн өв сан, музейд тавигдахгүй. Эхлээд үзэсгэлэнгээр, үзүүлж толилуулсан ховор сайхан байшин барилгаар дамждаг юм. Энэ бол нэгэн түүхийн босго гэж ойлгох хэрэгтэй. Ийм сайхан барилга дотор үзэсгэлэн зохион байгуулах боломж олдсон нь тун сайхан хэрэг.

Мөн бид энэхүү сэдвийнхээ хүрээнд авьяаслаг, чадварлаг залуу уран бүтээлч Ө.Эрдэнэбулгантай ярицлага хийсэн юм.

-Та энэ үзэсгэлэнд хэдэн бүтээлээ тавьсан байгаа вэ?

-Гурван хөрөг зургаа тавьсан байгаа. Гурвуулаа хөрөг зураг л даа. Хоёрыг нь хойно академид сурч байхад хичээлийн шаардлагаар хийж байсан юм. Академик ажиллагаагаар хийгдсэн хар зураг. Нөгөө зураг нь бол Монголд хийгдсэн хөрөг зураг байгаа.

-Та Орос улсад сургууль төгссөн юм уу?

-Би Орост 2 жил мэргэжил дээшлүүлээд, сая хавар ирсэн.

-Өмнө нь хэдэн удаа үзэсгэлэнгээ гаргаж байсан бэ?

-Өмнө нь бие даасан хоёр, мөн бусад нийтийг хамарсан үзэсгэлэнд зөндөө орж байсан.

-Ер нь уран бүтээлч хүний үүргийг та юу гэж боддог вэ?

-Уран бүтээл хийнэ гэдэг нь сэтгэл санааны бэлтгэл, амьдрах чадвар зэрэг олон зүйлсэд хувь хүн өөрийгөө хөгжүүлэх боломж. Өөрийгөө хөгжүүлсэн хувь хүний чадвараар тухайн бүтээл бүтэн болдог гэж боддог.

-Та анхнаасаа зураач болъё гэж бодож байсан уу?

-Манай аав зургийн багш хүн байгаа юм. Би нэг их зураач болъё гэж бодож байгаагүй ээ. Тухайн үед 10 жилээ төгсчихсөн байсан, тодорхой хэмжээнд зурдаг байсан. Тэгээд нэг л өдөр мэргэжил сонгох хэрэгтэй болоод л зураач болъё гээд шийдчихсэн дээ.

-Уран бүтээлч хүн байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Сайхан нь уу? Юм бүтээх л юм даа. Бүтээх л сайхан. Жишээ нь би хэдэн сар оффист ажил хийгээд яваад байлаа ч энэ бол бүтээл биш. Ингээд ирэхээр би бүр бухимддаг. Харин ямар нэгэн байдлаар өөрөөсөө мэдрэмж гаргаад шинэ зүйл бүтээж л байвал сайхан байдаг юм.

-Манай Монголын уран бүтээлч оросын уран бүтээлчдийн хооронд сэтгэлзүйн ч юм уу, сэтгэлгээний том ялгаа харагддаг уу?

-Тийм зүйл бас анзаарагдсан шүү. Манай уран бүтээлчид харьцангуй гэрэл гэгээтэй, аз жаргалтай уран бүтээл хийх гэж оролддог, хийдэг юм шиг санагдсан. Харин Оросын уран бүтээлчид дайн дажин, нэг тийм хар бараан, зовлонтой төрлийн бүтээл хийдэг юм шиг санагдсан. Жишээ нь би саяхан Орос улсад болсон нэг том үзэсгэлэнг очиж үзэхэд тэнд зөвхөн уран бүтээлчид гэлтгүй дүрслэх урлагийн оюутнууд нь хүртэл ямар нэг сэдвийг сонгож аваад, тэр сэдвийнхээ зөвхөн хар бараан талыг илүү тодруулсан бүтээлээр оролцож байсан. Тэгээд энэ бүгдээс харахад манай Монголын уран бүтээлчид зургийн сэдэв агуулгын хувьд сайхан юм зурахыг эрмэлздэг нь мэдрэгдсэн. Харин уран бүтээл гүйцэтгэж байгаа чадвар чансааны хувьд манайхан бага зэрэг дутуу. Учир нь Орос бол хэдэн зуун жилийн турш өөрийн дүрслэх урлагийн академик боловсролоо жигд хадгалаад бариад явчихсан. Манайд бол тэр зүйл дунд нь тасалдсанаас болоод гүйцэтгэлийн хувьд жаахан дутуу гэж харсан.

-Монголын дүрслэх урлагийн салбарт гадаадын дүрслэх урлагаас суралцах зүйл нь юу байсан бэ?

-Одоо Орос, Бельги эсвэл Франц улсад 10 жилийн хүүхдүүдийн дүрслэх урлаг болон хөгжмийн боловсролд нийт массаараа маш их анхаардаг. Хүүхдүүдээ багаас нь урлагийн том том музейгээр дагуулж явж, уран бүтээлийг тайлбарлаж өгдөг. Хүүхдүүд нь эргээд тухайн бүтээлээс өөрийнхөө харж байгаагаа зурах эсвэл зургийг даган зурах зэрэг ямар нэгэн байдлаар хүүхдийг уран бүтээлтэй ойрхон өсгөх гэж хичээдэг. Тэгэхээр хүүхдүүд өсч томроод нас биед хүрэхээр өөрийн эрхгүй уран бүтээлийг мэдэрдэг, ямар ч байсан хүний бүтээл дээгүүр алхдаггүй гэдгийг мэддэг, урлагийн хүмүүжилтэй өсдөг гэж бодоод байгаа.

-Та яагаад хөрөг зургийг илүү ихээр сонирхох болсон юм бэ?

-Би багадаа хүнд их итгэдэг байсан. Одоо ч гэсэн тийм. Хүнд амархан гомддог, их мэдрэмтгийгээс гадна хүнийг ойлгох чадвар надад байдаг юм шиг санагддаг. Тийм учраас ч юм уу, зарим хүмүүсийг харахаар нэг их сайхан зурмаар санагддаг. Өвөрмөц, сайхан, өөрөөсөө гэрэл цацруулсан хүнийг зурах хүсэл төрдөг. Яг энэ хөрөг зураг зурах сонирхлыг тайлбарлахад их хэцүү. Зүгээр л зарим нэг хүмүүсийг харахаар зурмаар санагддаг.

-Сүүлийн үед манайд галерей олноор бий болж байгаа. Ер нь галерей олон байх ёстой юу? Галерейг үзсэнээр хүмүүст нөлөөлөх үр нөлөө мөн хүмүүст галлрейг яаж илүү хүртээмжтэйгээр хүргэх, үзэгчдийн хандалтыг өсгөх талаар юу гэж боддог вэ?

-Мөн л саяны ярьсантай уялдана даа. Багаасаа галерей үзэж, түүнтэй ойр байгаагүй хүн том болоод үзэж хэвшинэ гэдэг хэцүү. Хүн ер нь мэддэг юмаа сонирхож дотно байдаг. Энэ бол хүний өөрийн төрөлх араншин учраас аль болох ойрхон байлгаж, нүдэнд нь харуулж, чихэнд нь сонсгож, дотно болгох тэр нөхцөлийг л бүрдүүлэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгэхэд хүн өөрийн эрхгүй галерей ормоор, уран зураг үзмээр санагддаг болно. Гол нь хүнд өгч байгаа уран зургийн эерэг нөлөөллийг ойлгох нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа ихээр явуулбал хүмүүсийн хандалт ихсэх л байх. Олон галерей нээгдэж байгаа нь муу зүйл биш л дээ. Эндээс олон нийтийн үйл ажиллагаа ихээр явуулдаг сайн галерей нь алсдаа шигшигдчихнэ. Ер нь нэг ч гэсэн хүн нэг уран бүтээлчийн бүтээлийг үзээд эерэг нөлөөлөл авч байна гэдэг сайн л зүйл юм даа.

-Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахад юу нь хэцүү байдаг вэ?

-Бие даасан үзэсгэлэн гаргана гэдэг нь хийсэн бүх юмаа тавина гэсэн үг биш. Тэндээсээ энийг нь оруулна, энийг нь оруулахгүй гээд шилж сонгодог. Ер нь хэцүү л дээ. Гэхдээ нэг үзэсгэлэн гаргасны дараа хуучин бүтээлээсээ салж цоо шинэ бүтээл хийх шаардлага гарч байгаа гэсэн үг.

-"220к резиденс" гэх энэ барилга дотор дүрслэх урлагийн үзэсгэлэн дэлгэгдэх болсон нь танд ямар санагдсан бэ?

-Энэ барилгын таазны өндөр, зохион байгуулалт зэрэг нь Европын стандарттай их ойролцоо байгаа. Орчин өндөр таазтай байх тусам тухайн бүтээл орчинтойгоо нэгдэж уусч өгдөг юм. Харин уг цогцолбор түүнд их нийцсэн. Мөн цонх, байгалийн болон зохиомол гэрлийн хувьд ч тэр, их сайхан газар гэж бодож байгаа шүү дээ. Тэнд үзэсгэлэнгээ гаргавал их тохиромжтой санагдсан. Бас анх орохоосоо эхлээд л яг нэг музей шиг сайхан, тансаг сэтгэгдэл төрүүлж байсан.

-Зөвхөн авьяас чадвар, хүсэл тэмүүлэл байгаад сайн зураач болно гэсэн үг биш байх. Эдгээрээс гадна хүн өөрийгөө юугаар хөгжүүлж, ямар чанартай байж байж сайн зураач болдог вэ?

-Уран бүтээл хийхэд авьяас байх хэрэгтэй, дээрээс нь боловсрол мэдээж хэрэгтэй. Учир нь боловсрол гэх зүйл хүнд заяагдсан авьяасыг мэдрэмжтэй хамт бэхжүүлж нэгтгэж байдаг. Мөн уран бүтээлч хүн гэдэг маш их хүчтэй байх ёстой юм шиг санагддаг. Дотоод эрч хүч, юунд ч дийлдэхгүй, юунд ч шантрахгүй, хэний ч өмнө бөхийхгүй ХҮЧИРХЭГ зан чанар хэрэгтэй. Яагаад вэ гэвэл энэ нь уран бүтээлч хүн өөрийгөө энэ нийгэмд бүрэн бүтэн авч үлдэх арга болдог юм. Энэ бүхэн нийлж байж л уран бүтээлчийн алсын зам нээлттэй болдог. Тэгээд ер нь дан авьяас байгаад хангалтгүй. Авьяасаа нэмэгдүүлж, тэлэхэд уншиж боловсрох хэрэгтэй.

“220к резиденс” тансаг зэрэглэлийн орон сууцны гол танхимд зохион байгуулагдаж буй уран бүтээлийн үзэсгэлэн хоёр хоногийн дараа өндөрлөх тул таныг яаран зорихыг зөвлөж байна. Монголын бүх цаг үеийн сор бүтээлүүдийг нэг дороос, үнэ төлбөргүй хүлээн авч, Монголын барилгын салбарын шилдэг бүтээн байгуулалтыг тольдоорой. Та бүхэн 220к резиденс дотор дэлгэгдсэн үзэсгэлэнгийн тухай болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
4
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.