Хайх зүйлээ бичнэ үү

Өөрөөр хэлбэл гадаадаас авчирсан тоглогч гэдэг монголчуудаас илүү байх ёстой.

Эрдэнэтийн “Хангарьд” багт тоглож байсан ОХУ-ын хөлбөмбөгч Михаил Зайцев euro-football.ru сайтад ярилцлага өгч, манай улс, Монголын хөлбөмбөгийн талаар ярьсан нь цахим ертөнцөд нэлээд шуугиан дэгдээлээ. "Нэг улсад ийм олон архичин байхыг Монголд л харлаа”, “Манай дасгалжуулагч бэлтгэл муу хийлгэдэг”, “Монголчууд согтуу хөлбөмбөг тоглодог”, “Цалингаа тавьдаггүй, хуурдаг” гэх мэт түүний хэлсэн үг хүмүүсийн, ялангуяа хөлбөмбөгчдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм. Бид энэ талаар тодруулга авахаар Эрдэнэтийн “Хангарьд” багийн дасгалжуулагч М.Отгонбаяртай уулзан ярилцлаа. М.Отгонбаяр нь 2015, 2016 онд Лигийн сарын шилдэг дасгалжуулагч болж байсан, 2016 онд Оны шилдэг дасгалжуулагчид нэр дэвшсэн хоёр дасгалжуулагчийн нэг билээ.

-    Танай багт тоглож байсан М.Зайцевийн ярилцлагын талаар юу хэлмээр байна?
-    Үнэхээр харамсалтай байна. М.Зайцев өөрөө ёс зүйгүй тамирчин байсан. Тэр намайг төдийгүй “Хангарьд” багийг минь гутаан доромжиллоо. Хүний хийсэн бүтээснийг үгүйсгэж, доромжлоход ийм амархан байгаад маш их харамсаж байна. Гадаадын хэвлэлд өгсөн ярилцлага болохоор Монгол Улсын нэр хүндийг ч гутаасан үйлдэл боллоо. Хүмүүст буруу ойлголт өгсөн ярилцлага тул ташаа ойлголтыг засах, залруулах зорилгоор би ирлээ. В.Зайцевийн ярилцлага гарснаас хойш хөлбөмбөг сайн мэдэхгүй хүмүүс манай багийг олон янзаар хэлж байна. Манай баг 1996 онд байгуулагдсан. Би анх тамирчин дасгалжуулагчаар орж, дараа нь ахлах дасгалжуулагч болсон. 21 жил энэ багтаа хүчин зүтгэж байна. “Хангарьд” баг энэ хугацаанд МҮОХ-ны “Бөртө чоно” шагнал хүртэж, Лигийн 4 удаагийн аварга (2001, 2003, 2004, 2010) болж, лигийн 6 мөнгө, 1 хүрэл медальтай, “Боргио Цом”-ын 3 удаагийн аварга (2007, 2013, 2015), 2 мөнгөн медаль, МБАТС-ийн алт, мөнгө, хүрэл медаль, Холбооны Цомын 5 удаагийн аварга, 2016 оны МХБХ-ны “Алтан бөмбөг” шагнал хүртсэн. Монголын анхны хөлбөмбөгийн ОУХМ Б.Буман-Учрал, Д.Баярзориг, Ж.Энхбаяр нар манай багаас төрсөн. Одоо Монголын шигшээ багт манай 4 тоглогч тоглож байгаа. Ийм баг шүү дээ. Энэ бүх амжилтад миний өчүүхэн ч гэсэн хувь нэмэр байгаа байх гэж бодож явдаг. Манайх дан Эрдэнэтийн тамирчидтай. Гадаадын уралдаан тэмцээнд Эрдэнэт гэж овоглуулан, Инчёоны олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ 21 жилийн турш манай багт 15 орос легионер тамирчин тоглосон. Нигериэс 6, Кыргызстан, Колумб, Бразилаас тус бүр 1 тоглогч байсан. Үүнээс өмнө огт асуудал гарч байгаагүй.  

-    Михаил Зайцев гэдэг хөлбөмбөгчинтэй хэзээ анх танилцав? Яагаад багтаа авах болсон юм бэ?
-    Манай баг 2016 онд Холбооны Цомын аварга болж, лигийн дэд байрт шалгарсан. Тэр үед манайд 4 орос хөлбөмбөгч тоглож байлаа. Энэ жил ч тэд нар тоглох байсан боловч харьяалагддаг Оросын баг нь шат ахиж, дивизион дэвшсэн тул тоглох боломжгүй болсон. Ингээд бидэнд гадаадын легионер тамирчин хэрэгтэй болсон. Энэ үед В.Мартынов гэдэг агент бидэнтэй цахим хуудсаар холбогдож, тамирчдаа санал болгосон. Тэгээд сарын 400 долларын гэрээгээр 3 орос тоглогч авахаар болсон юм. Би бол энэ агентийг танихгүй. Гэрээ байгуулах цаг, нөхцөл тулчихсан байсан учраас авсан. Нөгөө хоёр орос хөлбөмбөгч бол ямар ч асуудалгүй. Харин энэ М.Зайцев л шизотой гэх юм уу, сонин ааштай нөхөр байсан. Багт олон тамирчин байгаа, бүгд л зан ааш, авир өөр. Олон хүнтэй ажиллаж байсан ч би ийм тамирчин урьд өмнө үзээгүй.
-    М.Зайцев олон юм шүүмжилсэн. Хамгийн гол нь цалин мөнгө өгдөггүй, цагтаа буудаггүй гэж их уурласан бололтой байсан.
-    Бид В.Зайцевтэй гэрээ байгуулахдаа “Цалинг гэрээний хугацаанд 3 хувааж олгоно” гэж байгуулсан. 2017 оны 05 сарын 04-нөөс 09 сарын 04 хүртэл таван сарын нийт 2000 долларын гэрээ байгуулж, Зайцев манайд тоглох болсон. Түүнд 5, 6, 7, 8, 9 саруудад 400 доллар олгож,  урамшуулал болгон, 1400 доллар нэмж өгснөөр нийт 3400 доллар олгосон байгаа. Энэ түүний гарын үсэгтэй цалингийн хуулбар байна.

Тэр энэ мөнгөө авсныхаа дараа 10 дугаар сарын мөнгө авна гээд нэхэж байгаа юм. Яалаа гэж илүү мөнгө өгөх вэ. Бас гэрээн дээр 3 хувааж олгоно гэж байхад нэг дор өгөхгүй шүү дээ. Зайцев цалингаа ойр ойрхон нэхсэн. Энэ жилийн хувьд багийн төсөв танагдаж, хугацаандаа олгогдоогүй. Үүнд баг ямар ч буруугүй гэж бодож байна. Ингээд түүнийг хэрүүл маргаан хийхэд бид ОХУ-ын Консулын газарт ийм тайлбар бичиг явуулсан.

Зайцев сүүлийн 5 тоглолтод ороогүй ч 200 долларын бонус олгосон. Цалингийн асуудлыг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал шийдэхгүй, Спортын ордны дарга Ш.Даваахүү шийдээд явдаг. Ямар ч асуудалгүй гэрээгээ бид биелүүлсэн. Харин ч бүр давуулан биелүүлсэн гэж бодож байгаа. 7-р сарын 5-27-нд Лигийн завсарлага болдог. Гэрээнд зун завсарлагаар нутагтаа харина гэсэн зүйл байхгүй. Гэтэл “Гэртээ харьчихаад ирье. Хөл бага зэрэг гэмтэлтэй байна” гэж гуйсан. Би зардлыг нь удирдлагуудтайгаа ярьж байгаад гаргуулж, гэрт нь амраасан. “Эхний тойргийн дараа манай баг 2-р байрт байна. Бас хорин хэдэн хоног гэртээ амраад ирэхдээ урамшаад сайн тоглох байх” гэж бодсон. Гэтэл тэр даварсан. Долоодугаар сард нутаг явж ирчихээд 7-р сарынхаа цалинг авна гэж нэхсэн. Бид ярилцаж байгаад өгсөн. Сүүлд гарсан 10-р сарын цалин гэдэг бол бас л даварсаар даварсаар гэдэг болсон хэрэг. Гадаад тамирчдад анхаарал тавиад байдаг, тэгвэл монгол тоглогчдынхоо амьдралыг бас бодох ёстой шүү дээ. Тэгээд л болье гэж шийдсэн. Эд наргүй амжилт тааруу болж болно, гэхдээ ирээдүйгээ бодоод залуучуудаа тоглуулахаар шийдсэн.

-    Хоёрдугаар байрт байсан баг тавдугаар байрт унасан нь дасгалжуулагчийн буруу гээд байгаа.
-    12 тоглолтын дараа “Эрчим” 1-т, манай баг 2-т явж байлаа. Нийт 18 тойрог тоглодог. 6 тоглолт дутуу байхад бид 2-т байсан. Харин 17 дугаар тойргийн дараа 4-р байрт буусан. Сүүлийн 5 тоглолт энэ нөхөр тоглоогүй. 12 дугаар тойрогт манайх “Эрчим”-ийг ялахад хоёр багийн тоглогчдын хооронд нэлээд маргаан, будлиан гарсан. Манайхаас 5 тоглогч 3-6 тоглолт өнжихөөр торгуулсан. Үндсэн багийн 5 тоглогч талбайд гарахгүй болчихоор мэдээж тоглолтод нөлөөлнө. Багийн амжилт буурлаа гэж байна. Би багаа өмөөрч байгаа юм биш. Гэхдээ энэ жил манай 3 тоглогчийг “Сити” баг худалдаж авлаа. Шигшээ багт манай хэд хэдэн тоглогч байна. Энэ бол бас л манай багийн нэгэн амжилт, үнэлэгдэж байгаа хэлбэр гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэрийн баг гэхээр их баян гэж ойлгоод байдаг. “Эрдэнэт” үйлдвэрт ганцхан хөлбөмбөгийн баг байдаг юм биш. Спортын 28 төрлөөр баг, тамирчид байна. Манай хөлбөмбөгчид үйлдвэрт ажиллаад ажлынхаа л цалинг авдаг. Оюутан, ажилгүй залуусдаа харин бид тодорхой хэмжээгээр цалин өгдөг. “5-р байрт унасан, үндсэн тоглогчдоо суулгаад бэлтгэл дээр ч харагдаагүй 16-тай бацаанууд гаргалаа” гэж Зайцев ярьж байна. Тоглолтод хэнийг гаргахаа дасгалжуулагч шийднэ. Хэчнээн сайн байлаа гээд ийм ааш зантай нөхрийг тоглуулж, амжилтад хүргэх үү, ирээдүйгээ бодоод залуучууд гаргах уу гэдгийг дасгалжуулагч шийдэх ёстой. Гэхдээ мэдүүлэгт ч байхгүй хүүхдүүд тоглуулна гэж юу байх вэ. 5 тамирчин торгуулиар өнжиж байсан гэдгийг бас ойлгох нь зүйтэй. Түүнээс үндсэн бүрэлдэхүүнээ суулгаад танихгүй залуучууд тоглуулдаг, өөрийгөө хорлосон тийм дасгалжуулагч дэлхийд хаана ч байхгүй. Зайцевийн энэ үг бол “Надгүй болоод “Хангарьд” муудсан” гэж яриад дараагийн очих багтаа л үнэ хүрэх гэсэн санаа.  

-    Интернетээс харахад М.Зайцев Эстонд тоглож байхдаа бас багтайгаа цалин хөлсний маргаан хийж байсан гэсэн.
-    Тэрийг нь бол бид мэдэхгүй. Тэгвэл луйвардаад сурчихсан нөхөр болж таарах нь.
-    М.Зайцев тоглогчийн хувьд хэр байв?
-    Шууд хэлэхэд сайн тоглогч биш. 12 тоглолтод оролцож, 1 гоол хийсэн. Үндсэн багт тоглодог байсан ч манайхнаас бүр тасарчихсан биш. Манай өмнөх легионеруудийг  гүйцэхгүй. Миний хувьд бусад дасгалжуулагч нарт анхааруулга болгож хэлэхэд гадаадаас тоглогч авахдаа миний энэ алдааг битгий давтаарай. Сайн судлаж, харж байж авахгүй бол болохгүй. Бас нэг юм хэлэхэд ойрхон газраас легионер авсан нь дээр юм байна. Яагаад гэвэл элдэв асуудал гарахад клубт нь хандахад хол байх хэцүү. Жишээ нь, өнөөдөр бид Зайцевийн асуудлыг Ленинградын “Юниор” гэсэн багт нь тавих ёстой. Гэтэл хол болчихож байгаа юм. Зардал мөнгө өндөр.   
-    Дасгалжуулагч солигдохгүй болохоор бүх легионер гэрээгээ сунгалгүй явсан гэж хэлсэн байсан.
-    Манайх 4 гадаад тамирчинтай байсан. 3 нь орос, нэг нь Нигериэс ирсэн тоглогч. Энэ гурван орос хангалтгүй тоглож байхад би 400 доллараар цалинжуулаад тоглуулаад байх шаардлага байхгүй. Энэ бол дасгалжуулагчийн шийдэх асуудал. Нигери тоглогч манайд миний удирдлага дор 7 жил тоглож байна. Сайнтай, муутай тоглож байгаа ч би гэрээ байгуулж байгаа. Яагаад энэ гуравтай гэрээ хийхгүй гэхээр нэгэнт легионер авсных эд нараас сайн легионер бидэнд хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор гэрээгээ сунгаагүй. Хоёрдугаарт, анх удаагаа баг удирдаж яваад асуудал гаргасан бол дасгалжуулагч хариуцлага хүлээнэ. Тэгвэл би 20 жил ажиллахдаа ямар ч гэсэн өдий зэргийн амжилт үзүүлсэн. Нэмээд хэлэхэд манай “Эрдэнэт” үйлдвэрийн хоккейн баг намайг удирдаж байхад 2 удаа лигийн аварга болж, 2 мөнгө, 2 хүрэл медаль авсан. Миний нэрд халдаж болно. М.Отгонбаяр гэдэг дасгалжуулагчийг муулж болно. Харин 20 жилийн түүхтэй “Хангарьд” багт халдаж болохгүй. Баг болгон өөрийн гэсэн бэлтгэлтэй, заавал оросуудтай адилхан бэлтгэл хийх албагүй.

-    Улаанбаатарт хийх тоглолтод хөлбөмбөгчдийн хоолны мөнгийг дутуу өгдөг гэсэн.  
-    1000 рублиас 990-ийг нь өгөөд 10 рублийг нь өөрөө авчихдаг гэж хэлсэн байсан. 10 рубль нь 400 орчим төгрөг шүү дээ. Би юу гэж хоолны 400 төгрөг авч байх билээ. Өөрөө ч хоол унд, сауна, бассейн, буудал, бэлтгэлийн танхим гээд хангалт сайн гэж хэлсэн байсан. Манай багт гадаад, монгол гэж ялгахгүй, адилхан хангалттай. Үүнийг ганц би биш клуб зохион байгуулж байгаа. Хоолны мөнгө хэдийг өгч байгаа цаанаасаа хяналттай. “Хангарьд” гэдэг баг чинь даргатай, эдийн засагч, санхүүчтэй газар.   
-    Интернет тасалсан талаар?
-    Гадаад тамирчдын буудлын интернет тасарсан нь дасгалжуулагч надад ямар ч хамаагүй. 4 легионертоо бид “Гэр” интернет тавьж өгсөн. Хугацаа нь дуусаад сунгагдаагүй л байсан байх. Үүнийг ашиглаж, явуулга л хийж байна даа, Зайцев.  

-    Монголчуудыг архичин гэж нэрлээд тамирчдыг ч согтуу тоглоод байдаг гэж ярьсан.
-    Архин дээр бодит үнэнийг л хэлье. Эрдэнэтэд манай багийн тоглолт хийдэг газар захын хажууд байдаг. Архичид бол тэнд бий. Улаанбаатарт тоглолтоор очихдоо бид Бөхийн өргөөний дэргэд зочид буудалд буудаг. Тэнд ч бас захтай болохоор уусан хүмүүс таардаг. Үүнийг хараад л Зайцев тэгэж хэлж байгаа юм. Харин хөлбөмбөгчин архи уучихаад тоглолоо гэж байгаа нь огт худал зүйл. Манай багийн ахлагчийг тэгэж хэлсэн байна лээ. Багийн ахлагч маань зарчимтай хүн. Тэр Зайцевт “Легионер хүн бол легионер л байх ёстой” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл гадаадаас авчирсан тоглогч гэдэг монголчуудаас илүү байх ёстой. Илүү сайн хүнийг гадаадаас авчрахгүй бол утгагүй. Энэ асуудлыг тавихаар эд нар чинь манайхнаас илүү гарч чадахгүй болохоор хэл ам хийдэг. Багийн ахлагчийнхаа үгэнд уурлаад, шаралхаад хорлох гэсэн байх. Манай багийн ахлагч надад “Энэ легионерууд сайн биш байна. Солиод өөр сайн тамирчин аваач” гэж санал тавьж байсан. Тэр Лаша Оманидзе гэдэг нь бол эд нараасаа илүү сайн тоглогч. Яагаад аваагүй вэ гэхээр наймааны цонх хаагдчихсан байсан. Бодит үнэнийг хэлэхэд Монголын хөлбөмбөгт сүүлийн 15 жил архи уусан хүн талбайд гарах ямар ч бололцоо байхгүй, үндэс ч байхгүй болсон. Төвийн, захын, хянагч гээд шүүгч нар байна. Тэд нар яасан ч талбайд гаргахгүй. Хэрэв архи уусан хүн тоглуулвал бид торгуульд орно. Шүүгч нар ч торгуулж, шийтгэгдэнэ. Цэнгэлдэхэд ирсэн үзэгчид ч анзаарна. Энэ чинь Монголын лиг шүү дээ. Эцэст нь дасгалжуулагч нартаа дахиад хэлэхэд “Легионер авч, гэрээ байгуулахдаа сайн нягт хийгээрэй. Зардал мөнгөндөө баригдаад хямд тамирчин авах ийм аюултай юм байна. Үнэхээр Монголын тамирчдад үлгэр дууриал болох сайн тамирчин авчраарай. Өндөр босго тавиарай. Ийм явдал дараа ямар ч багт тулгарч болзошгүй шүү” гэж захих байна.    

“Хангарьд” багийн дасгалжуулагч М.Отгонбаяртай ярилцсаныхаа дараа бид “Хангарьд” спорт клубын зөвлөх, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Д.Баясгалан, Дасгалжуулагчийн албаны дарга Ш.Цогтбаатар нараас бас тодруулга авсан юм.

Д.Баясгалан: Манай дасгалжуулагч М.Отгонбаяр бол ажилдаа үнэнч, сайн мэргэжилтэн. Хөлбөмбөг, хоккей, арга зүйчээр манайд ажиллаж байна. Лигийн 4, Холбооны Цомын 5 удаагийн аварга болсон амжилтыг нь л хар. Хоккейн спортоор ч Азиас медаль авч байсан дасгалжуулагч. Ийм хүнийг үнэлэх хэрэгтэй. Хамаагүй хүний нэр хүнд, багийн нэр хүндэд халдаж болохгүй.

Ш.Цогтбаатар: Монголын лигт сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйл бол баян багууд мөнгөөр зоддог болж байна. Бусдынхаа сайн тоглогчийг худалдаад авчихдаг болсон. Энэ хүчирхэг, баян багуудын эсрэг “Хангарьд” маань тун сайн тоглож байгаа болохоор дасгалжуулагч сайн ажиллаж байна гэсэн үг. Би дасгалжуулагчаа сайн мэргэжилтэн гэж хэлнэ. Хөлбөмбөг гэхээр орон гэрээ мартаад л гүйдэг. Бүх юмаа хийнэ. Өөр хүн бол энэ их ажлыг хийгээд явж чадахгүй.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
25
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.