Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

2018 ОНЫ ОСКАРЫН ШАГНАЛЫН УРЬДЧИЛСАН ТААМАГ | TEGSHEE'S MOVIE CORNER

Голлох 10 төрлөөр Оскарын шагнал хүртэх хамгийн өндөр магадлалтай кино, уран бүтээлчдийг нэрлэж байна.


Indiewire, Variety, Hollywood Reporter зэрэг киноны томоохон цахим хуудсуудаас АНУ-ын кино академийн дээд шагнал болох Оскарыг ямар кино, уран бүтээлчид хүртэх талаарх таамгийг мэргэжлийн кино судлаач, шүүмжлэгчдийн санал дээр үндэслэн тодруулаад байна. Тэдгээр таамагт үндэслэн 90 дэх удаагийн Оскарын шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай бүтээл, уран бүтээлчдийг үзэгчдийн сонирхлыг түлхүү татдаг голлох 10 төрлөөр, зохих тайлбартайгаар хүргэж байна.

ШИЛДЭГ КИНО

Ялагч: “Усны хэв” (The Shape Of Water)

Удаах магадлал: Миссури мужийн Эббинг дэх гурван самбар (Three Billboards outside Ebbing, Missouri)

2017 он кино сонирхогчдын хувьд дориун сонирхолтой жил байсан нь энэ жилийн Оскарын шилдэг кино төрөлд нэр дэвшсэн кинонуудын олон талт баялаг агуулга, чансаагаар илэрч байна. Шилдэг кино төрөлд тэр бүр үзэгддэггүй аймшиг, уран зөгнөлт төрлөөс гадна түүхэн, намтарчилсан, шилжилтийн насны (coming of age), гэмт хэрэг, драм зэрэг бараг бүхий л жанрын кинонууд чуулжээ.

Аймшиг, мистик төрөл жанрын киног бараан инээдэм, улс төрийн агуулгаар баяжуулан “арьсны үзлийн” асуудлыг цочир хөндсөнөөрөө “Эндээс гар” (Get Out) кино онцлогдох учиртай. Өсвөр насны охины шилжилтийн насны хямрал, гэр бүлийн зөрчил, өөрийгөө олох эрэл хайгуул, өрөөлийг хайрлах тухай элдэв халил, хэтрүүлэггүй ухаалаг, үнэн үзүүлснээрээ “Шүрэн цох” (Lady Bird) кино “coming of age” төрөл дотроо аргагүй толгой цохих бүтээл юм. Нэрнээсээ эхлээд романтик байдлаа тунхаглах “Намайг нэрээрээ дуудаач” (Call Me By Your Name) кино ижил хүйстэн залуусын хайр дурлал буюу ЛГБТ агуулгаараа бус хэний ч сэтгэлийг булаах таатай, үзэсгэлэнтэй байдал, үзэгчдийн нарийн мэдрэмжийг өдөөн дуудах чансаатай кино болсноороо “Шилдэг кино” төрөлд хүчтэй өрсөлдөх учиртай. Эл гурван кино анх удаа Оскарын шагналд нэр дэвшиж буй харьцангуй залуу найруулагчдын бүтээл, мөн цомхон, “инди” хэв маягаараа илт ялгарч байна. Тухайлбал “Эндээс гар” кино 4.5 сая долларын цомхон төсвөөр бүтэж 207 сая долларын ашиг олсон аж. Ихэвчлэн том төсөл, нүсэр хийцийг таашаадаг Оскарын шилдэг кино төрөлд энэ мэт чансаатай “инди” кинонууд хүч түрэн орж ирж буй нь сайн хэрэг.

Дэлхийн II дайнд Францын Дюнкирк эрэгт холбоотны 300,000 орчим цэрэг Германы бүслэлтэд орж хашигдсаныг амжилттай аварч гаргасныг түүхэнд “Дюнкиркийн аврах ажиллагаа”, “Дюнкиркийн гайхамшиг” хэмээн тэмдэглэсэн байдаг. Дюнкирк аврах ажиллагааны тухай найруулагч Кристофер Ноланы нүсэр төсөл “Дюнкирк” (Dunkirk) кино, эл ажиллагааг удирдан явуулж буй британийн ерөнхий сайд Уинстон Черчиллийн тухуй найруулагч Жо Райтын “Цөвүүн цаг” (Darkest Hour) хэмээх түүхийн нэг сэдэвт хоёр кино Оскарт дэвшиж буй сонин давхцал тохиожээ. Найруулагч Стивен Спилберг “Нууц баримтууд” (The Post) киногоороо “Шилдэг кино” төрөлд 17 дахь удаагаа дэвшиж буй нь хэтэрхий улиг болсон үзүүлэлт болж байна.

“Загасан хүн”, хэлгүй бүсгүйн хоёрын хачирхалтай хайрын түүхийг үзэсгэлэнт үлгэр болгон дэлгэцнээ дэглэсэн Гийермо дел Торогийн “Усны хэв” (The Shape of Water) кино хамгийн олон буюу 13 төрөлд нэр дэвшиж, ихэнх кино мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар шилдэг кино төрөлд Оскар хүртэх хамгийн өндөр магадлалтай бүтээлээр тодроод байна. Сайн зохиол, чансаатай найруулга, жүжигчдийн гайхалтай тоглолт, сонирхолтой эргэлтүүд гээд сайн кинонд байх бүхий л шинжийг агуулсан найруулагч Мартин МакДонагийн "Миссури мужийн Эббинг дэх гурван самбар" (Three Billboards outside Ebbing, Missouri) хэмээх хурц кино шилдэг кино төрлийн өрсөлдөөнийг улам хурц болгох нь дамжиггүй.

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

Ялагч: Гийермо дел Торо “Усны хэв” (The Shape of Water)

Удаах магадлал: Кристофер Нолан “Дюнкирк” (Dunkirk)

“Шилдэг найруулагч” төрөлд өрсөлдөж буй 5 найруулагчаас “Шүрэн цох”-ийн Грета Гервиг, “Эндээс Гар”-ийн Жордан Пил нарын хувьд анхны киногоороо ийн нэр дэвшиж байгаа нь гялалзсан амжилт юм. Аль аль нь кино зохиолоо өөрсдөө бичиж найруулсан. Аймшгийн киногоор нийгмийн хурц үзэгдлийг ёжлон үзүүлж, эл төрөл жанрыг тэлж шинэ уур амьсгал оруулснаараа Жордан Пилд залуу найруулагчийн хувиар энэ төрөлд ялах илүү боломж байгаа. Үлдсэн гурван найруулагч бол дэлхийн кино урлагт өөрсдийн онцгой арга барилаар танигдсан архаг уран бүтээлчид билээ. “Memento”, “Dark Knight”, “Inception” зэрэг цомхон инди болон нүсэр блокбастерын алийг ч гарамгай найруулж амжилтад хүргэдэг Кристофер Нолан энэ төрөлд анх удаа дэвшиж буй нь сонин хэрэг. “Дюнкирк” киноны хувьд зураглаач, дууны найруулгын ажлууд нь онцгой боловч найруулгын шийдлийн хувьд П.Т.Андерсон, Дел Торо хоёрын хойно алхам хоцорч мэднэ. Хорин есөн насандаа “Замбага цэцэг” (Magnolia) хэмээх ярвигтай киногоо хийснээс хойш өдгөө 8 дахь кино “Үл үзэгдэх шаглаас”-аараа шилдэг найруулагчид нэр дэвшиж буй П.Т.Андерсон өнөө цагийн хамгийн алдартай, магад хамгийн дундрашгүй авьяастай, найруулгын олон талт баялаг шийдлийг харуулдаг уран бүтээлч биз. П.Т.Андерсон Оскарын тайзнаас “Алтан хүн”-ийг гардан авбал “инди” киноны сүр жавхлант ялалт болно гэвэл хилсдэхгүй. Эл дөрвөн найруулагчаас киноны олон элементийг амжилттай сүлж, найруулгын онцгой шийдлүүд хийснээрээ “Усны хэв” кино аргагүй толгой цохино. Аймшгийн киног ч “халуун дулаан” хийдгээрээ, аймшиг, хүний мөн чанарын бараан талыг романтизм, шидэт байдалтай гарамгай сүлдгээрээ Дел Торо тун ч давтагдашгүй хэв маягтай найруулагч. “Усны хэв” киног Гийермо дел Торогоос өөр найруулагч хийж чадахгүй байсан биз. Тиймээс шилдэг найруулагч төрөлд Гийермо дел Торо оскарын шагнал хүртэх нь баараагүй болсон хэмээн кино судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР

Ялагч: Фрэнсес МакДорманд "Миссури мужийн Эббинг дэх гурван самбар" (Three Billboards outside Ebbing, Missouri)

Удаах магадлал: Сирша Ронан “Шүрэн цох” (Lady Bird)

Энэ жилийн Оскарын шагналын хамгийн тэгш өрсөлдөөнтэй төрөл. “Шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд нэр дэвшиж буй 5 жүжигчдээс Мерил Стрип өмнө гурван удаа ялж, 21 дэх удаагаа нэр дэвшиж буйгаараа ялах магадлал хамгийн багатай, бэлэг тэмдгийн чанартай өрсөлдөгч болж байна. Америкийн алдарт уран гулгагч Тоня Хардингийн дүрийг “Би Тоня” (I, Tonya) кинонд сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин Марго Робби анх удаа оскарын шагналд нэр дэвшиж байна. Бас л хүчтэй өрсөлдөгч. “Усны хэв” кинонд загас, хүний холимог жигтэй амьтанд дурладаг, хэлгүй, дүлий цэвэрлэгч эмэгтэйн гаднаа ердийн, сул дорой ч дотооддоо онцгой, хүчтэй оршихуйг царайн хувирал, нүдний харц, биеийн хэлэмжээрээ чадамгай гаргасан жүжигчин Салли Хоукинс ч энэ төрлийн ялагч байж мэднэ. Өдгөө дөнгөж 23 настай ч Жо Райтын сэтгэл шимшрэм драм “Наманчлал” (The Atonement) кинонд бүтээсэн дүрээрээ анх удаа 13 настайдаа, “Брүклин” (Brooklyn) киноны дүрээрээ 21 настайдаа өмнө хоёр ч удаа Оскарын шагналд нэр дэвшээд амжсан жүжигчин Сирша Ронан өсвөр насны охины ярвигтай сэтгэлзүйг дурайтал харуулсан зоримог, шулуухан жүжиглэлтээрээ ялах өндөр магадлалтай. Хүчирхэг, ил тод зан характертэй дүрүүдийг чадамгай бүтээдэг жүжигчин Фрэнсес МакДорманд зэрлэгээр хүчирхийлүүлж амиа алдсан охиныхоо хэргийг илрүүлэхийн төлөө өөрийнхөө аргаар цуцалтгүй тэмцэж буй ээжийн дүрийг гайхалтай бүтээснээрээ Шилдэг гол дүрийг шагналыг хоёр дахь удаагаа хүртэх магадлал хамгийн өндөр байна. Өмнө тэрээр “Фарго” (Fargo) кинонд бүтээсэн дүрээрээ оскар хүртэж байсан юм.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

Ялагч: Гэри Олдмен “Цөвүүн цаг” (Darkest Hour)

Удаах магадлал: Тимоте Шаламе “Намайг нэрээрээ дуудаач” (Call Me By Your Name)

Үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг төрлүүдийн нэг энэ жилийн хувьд өрсөлдөөн багатай, ялагч нь ойлгомжтой төрөл болоод байна. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романаас сэдэвлэсэн ижил нэрт киноны Томасын дүрээр залуу насаа дэлгэцнээ мартагдашгүй мөнхөлсөн жүжигчин Дэниел Дэй-Льюис жүжигчний карьераараа дуусган тэтгэвэрт гарч буйгаа зарласан юм. Өмнө гурвантаа эл төрөлд оскар хүртэж байсан Дэниел Дэй-Льюис жүжигчний замналаа ахин нэг оскараар мялаасан, мялаагаагүй ялгаагүй юм. Өдгөө 51 настай тэрээр ямар нэг шагналаар тодорхойлогдохгүй өндөр карьерт хэдийн хүрчээ. Архаг жүжигчин Дензел Вашингтон ч энэ удаад бэлэг тэмдгийн чанартай дэвшиж байна. “Эндээс яв” киноны жүжигчин Дэниел Калуя, “Намайг нэрээрээ дуудаач” киноны өсвөр насны хүү Тимоте Шаламе нар сонирхолтой дүр бүтээсэн, анх удаа дэвшиж буй залуу жүжигчдийн хэн нэг нь ялбал гайхамшиг тохионо гээч болох биз. Анхны хайртайгаа учирч буй ижил хүйстэн өсвөр насны хүүгийн дүрийг ангаймаар мэдрэмжтэй гаргаснаараа 22 насандаа эл төрөлд дэвшиж буй Тимоте Шаламег кино мэргэжилтнүүд ихээхэн онцолж, дэмжиж байгаа ч Уинстон Черчиллийн дүрийг чадамгай бүтээсэн Гэри Олдменд аргагүй даруулна гэж таамаглаад байна. Тэгэхээр энэ төрлийн ялагч жүжигчин Гэри Олдмен байх нь баараггүй болов уу.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

Ялагч: Эллисон Женни “Би Тоня” (I, Tonya)

Удаах магадлал: Лори Меткалф “Шүрэн цох” (Lady Bird)

Энэ жилийн хувьд шилдэг эмэгтэй туслах дүр төрөлд өрсөлдөөн тийм ч ширүүн өрнөхгүй нь бололтой. Эл төрөлд дэвшиж буй 5 эмэгтэй жүжигчдээс хамгийн хүчтэй өрсөлдөгчид бол “Би Тоня”-гийн Аллисон Жанни, “Шүрэн Цох”-ын Лори Меткалф нар юм. Гэвч Аллисон Жанни Шүүмжлэгчдийн сонголт, Алтан бөмбөрцөг, Британийн кино академийн шагнал зэрэг гол шагналуудыг ээлж дараалан түүж байгаа нь энэ төрлийн Оскарын таамгийг тун ч ойлгомжтой болгож байна.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

Ялагч: Сэм Рокуэлл "Миссури мужийн Эббинг дэх гурван самбар" (Three Billboards outside Ebbing, Missouri)

Удаах магадлал: Уиллем Дэфо “Флорида төсөл” (The Florida Project)

"Миссури мужийн Эббинг дэх гурван самбар" киноны хоёр туслах дүр эл төрөлд нэгэн зэрэг нэр дэвшиж буй нь эл киноны жүжигчдийн тоглолт хэчнээн гарамгай байсныг нотолж байна. Дүрийн эргэлт, шилжилт, тоглолтын агуулга зэргээрээ Сэм Рокуэлл эл төрөлд аргагүй онцгойрч байна. "Ногоон бүс" (The Green Mile)-ийн цэвдэг, солиотой алуурчин "Зэрлэг Билл" зэрэг голдуу үзэгчийн жигшлийг төрүүлдэг эсрэг дүрийг чадамгай бүтээдэг жүжигчин Сэм Рокуэлл анх удаа Оскарын шагналд нэр дэвшиж буй аж. Энэ төрөлд жүжигчний нугарашгүй замналаараа энэ жилийн Берлиний кино наадмын хүндэтгэлийн Алтан баавгай хүртсэн жүжигчин Уиллем Дэфо "Флорида төсөл" киноны дүрээрээ удаах хүчтэй өрсөлдөгчөөр тодроод байна.

КИНОНЫ ШИЛДЭГ ЭХ ЗОХИОЛ

Ялагч: "Миссури мужийн Эббинг дэх гурван самбар" (Three Billboards outside Ebbing, Missouri)

Удаах магадлал: “Эндээс яв” (Get Out)

Энэ жилийн шилдэг эх зохиол төрөлд өрсөлдөж буй 5 киноны 4 нь тухайн киноны найруулагчдын бичсэн зохиол гэдгээрээ онцлог байна. “Эндээс яв”, “Шүрэн цох”, “Усны хэв” гурав бол киноны хэллэг, уур амьсгал, найруулга зэрэг зохиолоос ангид кинонд хамаатах шинжээрээ илүү хүчтэй жин дарах бүтээлүүд юм.

Харин “Миссури мужийн Эббинг дэх гурван самбар” бол атаархмаар сайн зохиолтой кино. Уг киноны жижиг гэлтгүй дүр болгон онцгой, орлуулашгүй, дүрүүдийн дотоод дахь эргэлт, драмууд тааварлашгүй, хурц, зохиолыг зангидсан ерөнхий зохиомж болох сурталчилгааны гурван самбар ч тун сэтгэлд хоногшим, сонирхолтой бэлгэдэл. Магад эл зохиолыг манай Монголын нэг аймгийн төвд ч нутагшин хувиргаад кино хийх боломжтой. Тиймээс уг төрлийн ялагч хамгийн тодорхой нь болов уу.

ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ

Ялагч: Рожер Дикинс “Ирэн дээр гүйгч 2049” (Blade Runner 2049)

Удаах магадлал: Хойте Ван Хойтема “Дюнкирк” (Dunkirk)

Шилдэг зураглаач төрөлд энэ жил анх удаа “Шаварт намаг” (Mudbound) киногоороо эмэгтэй зураглаач Рэйчел Моррисон нэр дэвшиж байна. Кино урлагт зураглаач, эрэгтэй хүн хоёрын дунд тэнцүүгийн тэмдэг тавьдаг гэхэд хилсдэхгүй. Эл хэвшмэл ойлголтыг эвдэн эмэгтэй зураглаач ийн тодорч буй нь тэмдэглүүштэй явдал юм. Анх удаа нэр дэвшиж буй Рэйчел Моррисоны хувьд ялах магадлал үгүй болов уу. Харин “Ирэн дээр гүйгч 2049” киноны зураглаачийн ажлаараа өмнө эл төрөлд 14 удаа нэр дэвшиж байсан ч нэг ч ялж байгаагүй домогт зураглаач Рожер Дикинс оскар хүртэхийг кинонд хайртай хүн бүхэн тэсэн ядан хүлээж буй нь дамжиггүй. Рожер Дикинсийг бид “Бартон Финк”, “Шоушенкээс оргосон нь”, “Фарго”, “Төгс оюун ухаан”, “Скайфолл” зэрэг кинонуудын зураглаачийн ажлаар нь сайн мэднэ.

ШИЛДЭГ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ АНИМЭЙШН КИНО

Ялагч: Коко (Coco)

Удаах магадлал: Хайрт Винсент (Loving Vincent)

Гэр бүлийнхээ тогтсон уламжлалаас зөрж өөрийн зүрх сэтгэлийг даган хөгжимчин болохоор “үхэгсдийн орон” хүртэл зорин тэмүүлэх нугарашгүй өхөөрдөм хүү, “нөхцөлгүй хайр”, гэр бүлийн халуун дулаан түүхийг өгүүлж үзсэн хүн бүрийг асгартал уйлуулсан “Коко” (Cосо) анимэйшн энэ төрлийн хамгийн хүчтэй бүтээл. Гэтэл цаана нь алдарт зураач Винсент Ван Гогийн нууцлаг үхэл, амьдрал, уран бүтээлийн нугарашгүй тэмүүллийн тухай “Хайрт Винсент” (Loving Vincent) хэмээх уран зургаар бүтээсэн анхны бүрэн хэмжээний анимэйшн кино хүлээж буй. Жүжигчдээ ногоон дэлгэцийн өмнө тоглуулсны дараа киноны дүрс бүрийг Ван Гогийн зургийн хэв маягаар нэг бүрчлэн будаж хийсэн нь уг киноны уран бүтээлчдийн урлаг болон агуу зураач Ван Гогд үзүүлж буй өндөр хүндэтгэл, чин сэтгэл гэхээс яалтай. Тиймдээ ч 94 минутын урттай киног бүтээхэд 4 жилийн хугацаа зарцуулжээ. “Хайрт Винсент” кино саяхан Алтан хальс холбооны долоо хоног тутмын Dreamer’s Day кино өдөрлөгөөр гарсан юм.

ШИЛДЭГ ГАДААД ХЭЛ ДЭЭРХ КИНО

Ялагч: Гайхамшигт эмэгтэй (A Fantastic Woman)

Удаах магадлал: Доромжлол (The Insult)

Шилдэг гадаад хэл дээрх киног киноны уран бүтээлчдэд биш нэр дэвшүүлсэн оронд нь өгдөг уламжлалтай. Орон орны нэр хүндтэй кино институциэс Оскарын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд тухайн орныг төлөөлөн өрсөлдөх нэг киног нэр дэвшүүлдэг. Манай орны хувьд киноны ямар институци оскарт нэр дэвшүүлдэг нь тодорхойгүй бөгөөд энэ жилийн хувьд юутай ч “Чингисийн хүүхдүүд” киног Оскарын шагналд нэр дэвшүүлэхээр илгээлээ хэмээн мэдээлснийг үзэгчдэд санаж буй биз ээ. Нэр дэвшүүлэхээр илгээх, тухайн төрөлд нэр дэвшин сонгогдох гэдэг мэдээж ялгаатай ойлголт. Америкийн кино академи орон орны төлөөлөл болсон кинонуудын үзвэрийг зохион байгуулж шүүгчдийн тусгай баг гарган шүүлгэдэг. Энэ жил өмнө “Левиафан” киногоороо нэр дэвшиж байсан оросын найруулагч Андрей Звягинцевийн “Хайр үгүй” (Loveless) кино нэр дэвшиж байна. “Сэтгэл зүйн харгислал” гэж нэрлэмээр тун ч хүчтэй эл бүтээл Улаанбаатар олон улсын кино наадмын үеэр монгол үзэгчдэд хүрч байсан билээ. Берлиний кино наадмын дээд шагналыг хүртсэн, Унгар улсаас нэр дэвшиж буй “Бие ба сэтгэл” (On Body and Soul) кино мөн Dreamer’s Day кино өдөрлөгөөр олонд хүрч байсан. Түрүү жилийн Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн “Дөрвөлжин” (The Square) кино Швед улсыг төлөөлөн анх удаа дэвшиж байна. Харин энэ төрөлд нэр хүндтэй кино наадмуудаас шагнал хүртэж амжилтаа нэгэнт бататгасан кинонууд бус өмнө нэр дэвшиж байгаагүй шинэ, содон орны чансаатай бүтээлүүдийг дэмжих магадлал өндөр байдаг. Тиймээс ч гол өрсөлдөөн Чили болон Ливан улсаас тус тус анх удаа нэр дэвшиж буй “Гайхамшигт эмэгтэй” (A Fantastic Woman), “Доромжлол” (The Insult) гэсэн хоёр киноны дунд өрнөнө  хэмээн таамаглаж байна. “Шилдэг гадаад хэл дээрх кино” таамаглахад хамгийн бэрх төрөл тул таамаг онхи эсрэгээр эргэж монголчуудын сайн мэдэх найруулагч Звягинцевийн “Хайр үгүй” ч оскар хүртэж мэдэх юм.

Эл бүхний хариуг бид монголын цагаар 3 сарын 5-ны Даваа гарагийн өглөөний 6 цаг 30 минутаас эхлэх 90 дэхь удаагийн оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас хүлээх л үлдлээ.

Та Оскарын шагналын ялагч болон нэр дэвшигчдийг хэрхэн тодруулдгийг мэдэхийг хүсвэл дараах нийтлэлийг уншаарай: Оскарын шагналтнуудыг хэрхэн тодруулдаг вэ?

Мөн Оскарын шагналд нэр дэвшсэн кинонуудыг дараах холбоосоор орон шууд үзээрэй: Оскарын шагналд нэр дэвшсэн кинонуудыг үзэх

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
13 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
13 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
42
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.