Хайх зүйлээ бичнэ үү

ХААН Банкнаас Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл анхдугаар форумыг өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Форумын ач холбогдол болон интернэтээр гүйлгээ хийхэд үүсэж буй зарим эрсдэлийн талаар Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатаас цөөн асуултад хариулт авлаа. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: ЦАХИМ БАНКНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ТӨЛБӨРИЙН ЭРСДЭЛ АНХДУГААР ФОРУМЫГ МИНУТ, МИНУТААР

-Интернэт банкны аюулгүй байдалдаа банкууд анхаарч, нэлээд их ажил хийдгийг форумын үеэр мэдээлж байна. Гэхдээ хэрэглэгчид мэдээлэл багатай байгаа нь анзаарагддаг шүү дээ?  

-Банкуудын зүгээс үйл ажиллагааны шинэчлэлтэй холбогдсон техник, тоног төхөөрөмжийн сайжруулалт байнга хийж байна. Хүмүүсээ сургаж байна. Гэтэл нөгөө талд харилцагчид бий. Тэдэнд ч бас тогтмол мэдээлэл хүргэж байх хэрэгтэй болдог. 

Та бүхэн анзаарсан бол банкууд үйлчлүүлж буй хүмүүстээ нууц үгээ солиорой, үл мэдэгдэх  мэйл хаягаас ирсэн мэдээллийг нээж болохгүй, устгаарай, янз бүрийн программ хангамжаар битгий оролдоорой, өөрийнхөө нууц үгийг битгий хүнд  дамжуулаарай гэх мэтээр байнга зөвлөгөө өгдөг. Мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс хэтэрч чадахгүй шүү дээ. Гэтэл хүмүүс мэдээлэл, зөвлөгөөнд төдийлэн ач холбогдол өгөхгүй байна.  

Уг нь ямар ч тохиолдолд өөрийнхөө хувийн мэдээллийг бусдад буюу гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэдгийг бүх хүн ойлгож байх хэрэгтэй. Үүнийг хүүхэд байхаас нь эхлээд сургах хэрэгтэй байх. 

-Банкуудын хувьд хөрөнгө оруулалт нэлээд хийж, хамгаалалтаа сайжруулж буй учраас хакерууд халдах магадлал бага байх. Харин харилцагчдын түвшинд Монголд хакердуулсан тохиолдол байдаг уу? 

-Хүмүүсээс гомдол ирдэг л юм. Гэхдээ хэрэглэгчид ихэвчлэн хувийн мэдээллээ гэмт хэрэгтнүүдэд өөрөө өгсөн тохиолдол олон. Гуравдагч этгээдэд хувийн мэдээллээ өгч, гуравдагч этгээд гүйлгээ хийсэн байдаг. 

“Та яагаад мэдээллээ өгсөн юм бэ?” гэж асуухад гомдол гаргасан хүн өөрөө эвгүй байдалд ордог. Тухайн хүн хувийн мэдээллээ өөрөө гуравдагч этгээдэд өгсөн бол хариуцлага тэр хүнийх шүү дээ. Үүнийг анзааралгүй миний данснаас мөнгө гарсан байна гэх гомдол гаргадаг.  

-Монголд анх удаа зохион байгуулагдаж буй Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл гэх нэртэй энэхүү форумын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач? 

-Цахим орчин бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Банкны гүйлгээнээс эхлээд худалдан авалт, төлбөр, гүйлгээ, нийгмийн сүлжээ зэрэг бүх зүйл цахим орчинд суурилжээ. Цахим орчин бидэнд аятай таатай боловч үүний хажуугаар эрсдэлтэй гэдгийг санахад илүүдэхгүй. 

Буруу сэдэлтэй хүмүүс хувийн мэдээлэл ашиглаж, нэр төр, мөнгө төгрөгтэй холбоотой янз бүрийн луйвар хийх эрсдэл бий. Тийм учраас хүмүүс өөрсдийгөө хамгаалах шаардлагатай. Хамгийн наад зах нь интернэт банкны нууц үгийг бусад хүнд мэдэгдүүлж болохгүй. 

-Та өмнө нь Монголбанкийг удирдаж байсан. Тэр үеийн байдалтай харьцуулахад үүнийг шинэ эрсдэл гэж тодорхойлж болох уу?

-Шинэ эрсдэл. Жишээлбэл, 1990-ээд оны эхэн үед и-мэйл гэдэг зүйл байгаагүй. Эхлээд компьютер, дараа нь интернет орчин бий болсон. Өдгөө илүү хөгжөөд хүмүүсийн зан үйлдлийг мэдээллийн тусламжтайгаар таамаглах боломжтой болсон.

Тиймээс иргэд өөрийн цахим аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлагатай болж байна. Энэ бол дан ганц банкуудын асуудал ерөөсөө биш. Бүх хүний асуудал.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
34
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.