Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

AKIFF 2018 #Day 2: Бэлгэдэл, дүрслэл бүхнээс нь хайр мэдрэгдэх кино: АГА

АГА-дэлгэцийн хүчирхэг бүтээл байв


Бэлгэдэл, дүрслэл бүхнээс нь хайр үнэртэх кино: “АГА”

“Алтан хальс” индепендент кино наадмын хоёр дахь өдрийн онцлох бүтээл Болгарын найруулагч Милко Лазаровын “Ага” кино байв. Энэ жил анх Софигийн кино наадмаар дэлгэцнээ цацагдаж, Берлиний кино  наадмын хаалтын киногоор сонгогдсон “Ага” бол найруулагч Милко Лазаровын хоёр дахь бүтээл юм. Тэрээр үүнээс өмнө олон ангит болон бүрэн хэмжээний хоёр киноны продюссерээр ажиллаж, 2013 онд өөрийн анхны бие даасан бүтээл болох “Отчуждение”-г найруулжээ.

“Ага” кинонд ертөнцийн мухарт мартагдсан Нанүк (Михаил Апросимов), Седна (Феодося Иванова) хэмээх эр эм хоёрын амьдралыг хүүрнэнэ. Киноны эрэгтэй гол дүрийг Нанүк хэмээсэн нь тэртээ 1922 онд бүтээгдэж, анхны бүрэн хэмжээний баримтат кино хэмээн түүхэнд бичигдсэн “Умардын Нанүк””-ээс улбаатай болохыг Милко Лазаров Берлиний кино наадмын үеэр тайлбарласан нь бий.  

“Ага” киноны зургийг уг нь “Умардын Нанүк”-ийг хийсэн Грийнландад авах төлөвлөгөөтэй, зохиол нь тэндэхийн Иниут үндэстний амьдралд суурилж бичигдсэн байсан ч санхүүгийн боломжоос шалтгаалан ОХУ-ын Якут буюу Сахад зураг авахаар болсон талаар киноны Ерөнхий зураач Д.Ариунсайхан ярилаа.  Энэ жилийн “Алтан хальс” кино наадмын хүндэт зочдын нэг зураач Д.Ариунсайхан монгол үзэгчдийн сайн мэдэх найруулагч Петер Брозенсийн “Хадаг”, найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” киноны зураачаар мөн ажиллаж байсан уран бүтээлч юм.

Элчилгүй их цасан дайдад нэгэн хэмээр хөврөх хоёр цаатан хөгшний амьдралын утга учир өөрсдөөс нь нэгэнт алслан оджээ.  Гэргий Седна нь сав л хийвэл цаатны амьдралыг голж, орон хотыг зорьсон охин Агагаа дурсана. Агагийн дуртай байсан дуу, Агаг санагдуулдаг хадан цохио, Агагийн гэрэл зураг гээд насан өндөр хөгшний оюун бодолд охин нь тувт эргэлдэнэ. Гэрийн эзэн Нанүк хэдий охиноо ил дурсахгүй ч мөн л үрээ санан бэтгэрч яваа нь үйлдлүүдээс нь ил. Цооног гарган загас барьж, гарын үзүүрээр хийсэн хавхандаа ямар нэгэн амьтан орохыг хүлээсээр энэ хоёр хүн хорвоогийн шар нар, бор хоногийг элээх ажээ.  Уг нь олон цаатай, айл шиг айл байснаа тэд дурсах агаад хамгийн сүүлчийн цаагаа алдсанаас хойш тэр хоёрын амьдрал улам л өрнөлгүй, өлөн зөлмүүн болжээ.

Энэ уйтгарт өдрүүдийн завсарт тэдний дэргэд охинтой нь тоглож өссөн Чена (Сергей Егоров) цасны чарга хөлөглөн ирж, хоёр хөгшин хэрэндээ хөл болно. Залуугийн аманд ганц сайн мэдээ байсан нь Ага охиных нь тухай сураг. Охин нь алмаазны уурхайд ажиллах болжээ. Энэ мэдээг дуулсан өдрөөс эхлэн Седна охиндоо зориулан үнэгний арьсаар малгай хийж эхлэв. Эмгэн өвгөнөөсөө охиноо уучлахыг ятгаж, засрал авахаасаа өнгөрсөн бэтэг өвчнөөр талийхаасаа өмнө барааг нь харах хүсэлтэй буйгаа тойруу замаар ойлгуулахыг хичээнэ. Нанүк өвгөн чавганцынхаа энэ хүслэнг мэдэхийн дээдээр мэдэж байвч, завдан хөдөлж чадалгүй, үнэндээ хэрхэх учраа ч ололгүй дэмий л хавх, цооног хоёрынхоо дунд эргэлдэх аж. Энэ эргэцэн хулгасан байдлыг Чена хүүгийн үлдээгээд явсан хүлээн авагчаар эгшиглэх Густав Махлерын тавдугаар симфоний удиртгал улам сэтгэл өвтгөм болгоно.

Охиноо дурсаагүй цагтаа хоёр хөгшин эртний домог эсвэл зүүдээ бие биендээ ярина. Тэдний ярих домог дунд Доной баяны тухай монгол домогтой төстэй цаатны домог ч гарна. Домог зүүд хөвөрсөөр эцэст нь Седнагийн нэгэн зүүдээр бүгд зангидагдан төгсөв. Седна зүүдэндээ залуу охин болчихсон явах аж. Түүнтэй нэгэн цагаан баавгай учирч, бүсгүйг гэр лүүгээ дагуулан явжээ. Бүсгүй баавгайн гэрт орохгүй гэж цааргалсан ч, зүс хувилан сайхан залуу эр болоход нь эрхгүй даган оржээ. Гэтэл өнөөх гэр нь газарт ухсан нүх аж. Тэр нүхэнд тэнгэрийн хамаг одод түгжээ. Хараа булаам оронд хөл тавьсан Седна хэн болох, хаанаас ирснээ ч умартав гэнэ. Үхэл зөгнөсөн энэ зүүдээ ярьсных нь маргааш Нанүк хавхаа эргээд урцандаа иртэл Седна нэгэнт мөнх бусыг үзсэн байв. Нанүк нохой чаргаараа киноны турш хаа нэгтээ чулуу зөөж овоолсон нь эмгэнийхээ булшийг бэлдсэн хэрэг байжээ. Элчилгүй цагаан дайд дунд торойх ганц модны дор Нанүк эмгэнээ чулуугаар онголж орхиод, орон гэрээ орхин охиноо зорьж одов.

Ийм л төсөрхөн үйл явдал, зохиолын дотор эргэлдэх “Ага” киноны агуулгыг тэлж буй гол хүчин зүйл бол Якутын цасан талд авсан зургийн шийдлүүд, киноны сүүл хагасын хөгжимлөг байдал, жүжигчдийн чадварлаг тоглолт тэдгээрийг нэгтгэн зангидсан найруулагчийн ажиллагаа байлаа. Киноны дүрс, үг хэллэг, үйлдэл бүр цаанаа бэлэгдэл агуулах ба тэр нь угсаатны зүйн уйтгарт хэлэмжээр бус эгэл энгийн, хүн хоорондын харилцаан дээр илрэн гарч буй нь кино зохиолын товч атлаа яруу гаргалгаа байв.

Загасны цооногоор эхэлсэн кино газрын элгийг цөмлөсөн ил уурхайн асар гүн нүхээр төгсөнө. Тэр нүхний ёроолд олон жил уулзаагүй эцэг охин хоёр уулзаж буй юм. Үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлэх энэ бэлгэдэлт дүрслэлээс эхлээд киноны уур амьсгалыг амьдрал, сэтгэлд ойрхон болгон дэглэхэд зураачийн үүрэг, оролцоо чамгүй байсан нь илт. Ялангуяа хязгаар нутагт мартагдсан хоёр хөгшний амьдрал Монголд алгуурхан амь тавьж буй нүүдлийн соёл иргэншил, эзгүйрч буй тал нутгийн амьдралтай амь амьсгаа нэгтэй байсан нь нэгийг бодогдуулна. Ийм өнгө аяс, орон зайг бүрдүүлэхэд өөрийнх нь үүрэг оролцоо чамгүй байсныг ч Ерөнхий зураач Д.Ариунсайхан нуусангүй. Зураачийн ярьж буйгаар киноны зохиол зураг авалтын явцад хасагдаж танагдаж явсаар эцэстээ энэхүү минималист өнгө төрхөө олсон аж.

Бага чулуугаар том чулууг хөдөлгөх, юмханаар юм хийх, хийж чадвал ямар сэдэв багаддаггүй, бас хуучирдаггүйн амьд жишээ болсон ийм нэг кино “Алтан хальс” индепендент кино наадмын дэлгэцнээс монгол үзэгчдэд хүрлээ. Германд амьдарч, уран бүтээлээ туурвиж буй монгол зураач Д.Ариунсайхан киногоо толилуулсныхаа дараа залууст хандаж, “Зоригтой байгаарай. Битгий өнгө, хэв загвар хөөгөөрэй. Монголоор дүүрэн иймэрхүү сэдэв бий. Тэдгээрээс голыг нь олж хийхийг л хичээгээрэй” хэмээн захисныг уламжилснаар энэ удаагийн тэмдэглэлийг төсгөе.

 "АГА" киноны ерөнхий зураач Д.Ариунсайханы киноны дараахь яриаг эндээс үзээрэй

Жич: “Алтан хальс” индепендент кино наадам энэ долоо хоногийн баасан гарагийг хүртэл үргэлжлэх юм.

Наадмын #3 дахь өдөр буюу 6 сарын 4-ны даваа гарагт биднийг дараах хөтөлбөр хүлээж байна. 

#МэргэжилтнийЯриа, 17:00 цагт, iCinema кино театрт

Кино үйлдвэрлэлийн салбарт 20 жил ажилласан, Брисбейны олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон "Олон улсын хамтарсан бүтээл туурвих" нь сэдвээр мастер классыг кино сонирхогч хэн бүхэнд үнэ төлбөргүй тавих болно.

#СонгодогКиноҮзвэр, Милош Форман "Шаргал үстийн дурлал" 19:00 цагт, iCinema кино театрт

Хүн төрөлхтнийг хөхөөний үүрэн дээгүүр нисгэсэн, чех гаралт алдарт найруулагч Милош Форман энэ жил хүний ертөнцийг орхин одсон билээ. Тэгвэл "Алтан хальс" холбооны залуус эл агуу найруулагчийн дурсгалыг хүндэтгэн наадмын хөтөлбөртөө Милош Форманы эхэн үеийн хамгийн алдартай, догь, шинэлэг бүтээлүүдийн нэг болох "ШАРГАЛ ҮСТИЙН ДУРЛАЛ" киног найруулагчийн гэгээн дурсгалд зориулан толилуулж байна. Энэ бол залуусын хайр дурлалын сэдэвт эл сонгодог бүтээлийг өргөн дэлгэцээр үзэх сайхан боломжийн зэрэгцээ, үзэгч, кино хорхойтнуудын хувьд кино урлагийн нэгэн агуу суутантай салах ёс хийх хүндэтгэлийн үдэлт байх болно.

#ХосгүйБаримтатКино, Нуурын хатагтай, 21:00 цагт, iCinema кино театрт

Даваа гарагийн орой 21:00 цагаас дорно тэр тусмаа энэтхэгийн кино урлагийн нэгэн чансаатай баримтат бүтээлийг тольдох боломж гарах нь ээ. Баримтат киноны хорхойтнуудыг урьж байна.

AKIFF 2018 кино наадмын бүрэн хөтөлбөрийг та дороос хараарайНаадмын эхний өдөр болон Хөрөнгөтөн ангийн нохойн шүүмж нээлтийн киноны тухай тоймыг эндээс хараарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
18 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
18 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
41
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.