Хайх зүйлээ бичнэ үү

Тэр цомгийнхоо гурав дууны клипийг UB.LIFE-аар дамжуулан сонсогчдодоо хүргэж байна.

Өнгөрсөн жилийн “Playtime” наадмын тайзан дээрээс хамгийн анх сонсогчидтойгоо уулзаж байсан үеэс хойш Магнолиан зургаан дуутай анхны EP цомгоо гаргаж, хоёр ч удаа бие даасан амьд тоглолтоо хийхээс гадна БНСУ-ын хамгийн том инди фестивальд оролцсон гээд хийж бүтээсэн зүйл мундахгүй олон. Энэ бүгдээс хамгийн онцлууштай нь мэдээж “Famous Men” цомог.

Монголын дуу хөгжмийн ертөнцөд онцгой үзэгдэл болон гарч ирсэн, инди фолк уран бүтээлч Магнолиан өнгөрсөн жил “The Dream of Ridiculous Man”, “Өвөлжөө” гэх хоёр дууныхаа клипийг та бүхэнд хүргэсэн. Тэгвэл цомгийн гурав дууны клипийг тэр өнөөдөр UB.LIFE-аар дамжуулан сонсогчдодоо хүргэж буй. Бид өнөөдөр “The Bride and the Bachelor” дууны цоо шинэ клипээс гадна хөгжмийн урсгал, жанраас эхлээд олон улсын хөгжмийн зах зээл, зохиогчийн эрх гээд олон сонирхолтой сэдвээр өрнүүлсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна. Таалан болгооно уу.

-Шинэ уран бүтээлээ UB.LIFE-ийн уншигчдад хамгийн түрүүнд хүргэж байгаад баяртай байна. Магнолианыг зарим хүн дуучин, зарим нь хамтлаг гэж ярих юм. Энэ тухай яриагаа эхэлбэл ямар вэ?

-Магнолиан бол миний өөртөө өгсөн уран бүтээлийн нэр. Хамтлаг биш. Гэхдээ амьд тоглолт хийх үедээ хамтлаг болох тохиолдол бий. Манай найз охин Б.Энхжин “Famous Men” цомгийн “The Beach Song”, “Famous Men” дуунууд дээр хамтран дуулсан. Энхжин болон Үүдээ гээд гитарчин залуутайгаа гол төлөв хамтран тоглож байна. Үүдээ “Something’s Brewing” гэдэг хамтлагт давхар тоглодог. Өнгөрсөн арванхоёрдугаар сард CUE+ дээр хийсэн амьд тоглолтод долоон хүний бүрэлдэхүүнтэй тоглосон. Тэр тоглолтод бид гурваас гадна “The Colors”-ийн бөмбөрчин Жамух, “Jazz Train” хамтлагийн бүрээчин Хонгор, контрабассчин Товчоо, мөн Энхжин гэдэг ятга тоглодог охин хамтарсан юм.

-Магнолианы хөгжмүүд ятга, бүрээ гээд олон хөгжмийн зэмсэг ашиглах тусам илүү гоё дугаралттай болоод байгаа юм шиг санагддаг шүү.

-Тийм ээ. Өнгөрсөн зун “Briti Grey” дээр хийсэн тоглолтын үеэр анх ятгатай амьд тоглож үзсэн. Маш сайхан сонсогдож байсан. Цаашдаа ч ятга, бүрээ ашиглан CUE+ дээр тоглосон бүрэлдэхүүнээрээ тоглох санаатай байгаа.

-“The Bride and the Bachelor” дуун дээр морин хуур оруулсан нь сонсогчдод их хүрсэн юм шиг ээ?

-Зарим уран бүтээлч бүтээлээ заавал монгол элементтэй болгох гэж хүчлээд морин хуур, хөөмий оруулаад байдаг. Гэхдээ энэ дуун дээр би огт хүчлээгүй. “The Bride and the Bachelor”-ийн ая нь өөрөө магтаал шиг өнгө аястай. Фолк дугаралттай энэ дуун дээр Цэлмүүний хоолой орж ирэхээс гадна нэмэлт хоолойнуудтай хослоод госпел аялгуутай болдог. Ингээд төгсгөл дээр нь морин хуурын аялгуу оруулахаар яг л магтаал шиг болоод ирсэн. Анх энэ дууг бичихдээ ийм болно тийм болно гэсэн төсөөлөлтэй байгаагүй. Хийх явцад өөрийн гэсэн өнгө төрхөө олоод, монголжуу болоод ирсэн. Студид бичих үед “Жонон” хамтлагийн морин хуурч Д.Мөнхсайхан тоглосон.
“The Bride and the Bachelor”-ийн морин хууртай хэсгийг студид бичих гэж бас нэлээн юм болсон. Морин хуурын хөг өөр байдаг болохоор энэ дуунд огт таарч өгдөггүй. Тэгээд морин хуурын хөгийг өөрчилж байгаад тоглож байлаа.

-Ахиж хэзээ амьдаар тоглох вэ?

-Өнгөрсөн жилийн найм болон арванхоёрдугаар сард тус бүр нэг, нийтдээ хоёр амьд тоглолт хийлээ. Дараагийн тоглолтоо ирэх дөрөвдүгээр сард хийх төлөвлөгөөтэй байна.

-Бичсэн олон дуу байгаа ч “Famous Men” цомогт тохирохүй гэж шилсээр байгаад зургаан дуун дээр тогтсон гэсэн. Тэгвэл цомогт багтаагүй дуунуудаа хэзээ сонсогчдод хүргэх төлөвлөгөөтэй байна вэ. Дараагийн цомгоо хэзээ гаргах вэ, ямар өнгө аястай цомог байх вэ гээд асуучихвал арай түргэдсэн болохгүй байгаа?

-Зарим дуунуудаа эцсийн байдлаар бичиж дуусгаад л явж байна. “Famous Men” цомогт тохирох дуунуудыг багагүй шилж сонгосон. Жишээлбэл “Someday” бол өнгө аясын хувьд хэзээ ч “Famous Men”-д багтах дуу биш байсан. Сонсоход л илэрхий. Дараагийн цомог арай өөр өнгө төрхтэй байх болов уу. Цомогт багтаагүй дуунуудаа синглээр гаргах бодолгүй байна. Ямар нэг киноны саундтрак байдлаар гаргавал арай зүгээр юм болов уу гэж бодоод л явна. Гэхдээ одоохондоо боломж нь бүрдэхгүй байна.

-CUE+ дэх тоглолтын үеэр шинэ дуугаа дуулсан гэж сонссон юм байна.

-Тийм ээ. Тэр үед “Caroline” гэдэг шинэ дуугаа анх удаа тоглосон. Энэ дуу дараагийн цомогт орно.

-Магнолиан өөрийнхөө хөгжмийн урсгалыг фолктой хамгийн ойр гэж “хамаатуулсан” тухай нэг ярилцлагаас уншсан юм байна. Тэгвэл фолк хөгжмийн онцлог, Магнолианийн өөрийн ялгарах онцлог юу вэ?

-Боб Дилан, Леонард Коэн, Хэнк Уильямс гээд хуучны фолк артистуудаас гадна Бон Иверийн шинэ цомог ч энэ урсгалд хамаарна. “Singer-songwriter” (хөгжмийн зохиолч-дуучин) ба фолк уран бүтээлчид олон талаараа төстэй. Фолкийн нэг элемент нь storytelling буюу үлгэр, түүх аль эсвэл болсон явдлыг өгүүлдэг. Нэг ийм юм боллоо, тийм юм боллоо гээд яг л мэдээн дээр гарч байгаа түүхийг дуу болгочихсон юм шиг байдаг шүү дээ. Би ч мөн адил дуунуудаараа ямар нэг түүх өгүүлэхийг хүсдэг. Мөн фолк дуучид их сайн дуулах, хоолойны чадалтай байх зэрэгт нэг их ач холбогдол өгдөггүй. Би ч бас Сэм Смит шиг гоё дуулдаг хүн биш. Эдгээрийг бодоод үзэхээр миний хөгжмийн урсгал фолк руу илүү дөхөх юм шиг санагддаг юм.

-Амьдралд нь дуу хөгжим чухал байр суурь эзэлдэг хүмүүсийг хараад байхад тодорхой урсгал чиглэлд баригдахаа больчихдог юм шиг ээ. Хөгжмийг ангилж, ялгах тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Урсгал жанр гэдэг ердөө л хөгжмийг хялбарчлах хэрэглүүр юм. Ямар ч юмыг ангилж, ялгана гэдэг хүмүүс өөртөө амар болгож буйн нэр шүү дээ. Харин би хөгжмийг spectrum дээр байдаг гэж боддог. Spectrum гэхээр нэг төрөлд харъяалагдаагүй олон зүйлийн нийлбэр гэсэн үг. Тэгэхээр хөгжмийг тэр, энэ гэхээс илүү тэдэн хувийн “орцтой” гэж ангилах нь зүйтэй юм болов уу.

-Хүний зан чанар, байгаа байдал сонсдог хөгжимтэй нь салшгүй холбоотой гэдэгтэй та санал нийлдэг үү?

-Тодорхой хэмжээнд санал нийлдэг. Гэхдээ тэр хүн хип хоп сонсдог болохоор тийм хүн, поп сонсдог болохоор ийм хүн гэж дүгнэж болохгүй. Тухайн хүний дотоод сэтгэлийн илэрхийлэлд хип хоп хөгжим илүү тохирч байвал мэдээж тэр хөгжмөө илүү их сонсоно. Хүн дотор байгаа мэдрэмж, сэтгэлээ хөгжим сонсож илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр миний мэдэрч байгаа зүйлийг яг сайхан илэрхийлж гаргасан дуунд би өөрийн эрхгүй татагдана. Ингээд бодохоор хүний дотоод сэтгэл сонсдог хөгжимтэй  ямар нэг байдлаар холбогдох нь гарцаагүй.

-Магнолиан яагаад дууныхаа үгнүүдийг англиар бичдэг юм бэ? 

-Би багаасаа англиар ярьж өссөн болохоор дууны үгээ англиар бичих нь илүү амар байдаг. Уншдаг ном, сонсдог хөгжим, үздэг кинонууд бүгд англиар байдаг болохоор яг бичих гээд үзгээ бариад суухаар яалт ч үгүй англи үгнүүд орж ирээд байдаг юм. Би үггүй аянуудаа барьцтай болгохын тулд үгэнд наалдуулж байж гаргадаг. Зохиосон аялгуунд маань англи үгнүүд илүү эвтэйхэн сонсогдоод байдаг юм. Монгол хэлээр маш сайхан дууны үг бичиж бололгүй яахав. Гэхдээ миний хувьд монголоор тэгж гоё бичиж чадахгүй байх аа. Монгол ардын дуунууд их гоё үгтэй байдаг. Орчин үеийн монгол дуунууд арай өөр байгаад байх шиг. Хэрвээ би монголоор дуу бичихээр бол ардын дуу шиг шүлэг мэт үгтэй дуу бичихийг л зорино доо.

-“Өвөлжөө”-гийн үгийг бичихэд хэр хэцүү байв?

-“Өвөлжөө”-гийн үгийг бичихэд их хэцүү байсан. Бараг хоёр хоног тасралтгүй сууж байж гаргасан. Үгийг манай “Алтан хальс”-ын Батзориг редакторлож өгсөн. Үг бүрийг хянамгай бодолцож, утга санаагаа бүрэн илэрхийлж байна уу гэдэг дээр их анхаарсан. Жишээлбэл дахилтын “Сэтгэл онгойх мөчийг хүлээсээр” гэх мөртийн “сэтгэл” гэдэг нь өөр үг байсныг Базо бид хоёр ярилцаж байгаад өөрчилсөн юм. 

- Дуугаа англиар бичихийн нэг давуу тал нь олон улсад бүтээлээ шууд хүргэхэд дөхөм байх, тийм үү?

-Мэдээж. Гаднынханд англиар дуулсан дуу илүү хүрдэг. Sigur Ros л биш бол эх хэлээрээ дуулаад дэлхийн олон оронд сонсогчтой болно гэдэг хэцүү. Lykke Li л гэхэд швед хүн хэрнээ бүх дуугаа англиар дуулдаг. Хэрвээ шведээр дуулдаг байсан бол ийм олон сонсогчтой болохгүй ч байх байсан юм билүү. Гэхдээ үнэхээр сайн дууг хэлийг нь ойлгохгүй байсан ч сонирхоод сонсдог юм байна лээ.

-Ихэнх бизнес эхлээд дотоодын зах зээлд тодорхой байр сууриа эзэлснийхээ дараа олон улсын тавцанд хүч үздэг. Хөгжмийн бизнест энэ хууль адилхан үйлчилдэг үү?

-Хөгжмийн бизнест маш олон боломж бий. Мэдээж дотооддоо тодорхой хэмжээний сонсогчидтой байвал сайн. Хөгжимчид өөрсдөө хичээж байж л онцгойрч гарч ирж чадна. Гадаадад олон блог, showcase-д оролцох боломж байна. Уран бүтээлчид интернэтээр дамжуулаад бүтээлээ сурталчилж, таниулах ажлыг идэвхтэй хийж байж л дараагийн боломжууд нээгдэнэ гэж боддог.

-“Famous Men” цомог өнгөрсөн жил гарснаасаа хойш гаднын маш олон хөгжмийн агентлаг, медиагийн жагсаалтад орж, онцлох цомгоор нэрлэгдлээ. Тэгэхээр Магнолиан менежментээ давгүй сайн хийж байгаа гэж дүгнэж болох уу?

-Цомгийг маань онцолсон зарим блог руу би өөрөө холбогдож, бүтээлүүдээ санал болгосон. Харин зарим нь өөрсдөө интернэтээс миний дуунуудыг олж сонссон юм билээ. Ямар ч байсан би өөрөө хөгжмөө олон хүнд хүргэх гэж их хичээж байгаа. Тэгэхгүй бол хэн олж сонсох бол гээд хүлээгээд суух утгагүй. Бас өнгөрсөн жил Зандари фестивальд оролцоод ирсэн. Энэ бидэнд маш их туршлага болсон.

-“Зандари” БНСУ-ын хамгийн том инди фестиваль шүү дээ. Тэр олон улсын томоохон фестивалиас олж авсан хамгийн чухал зүйл юу байв?

-Гадаадад очиж тоглох хамаагүй өөр байдаг юм билээ. Учир нь тэнд маш олон хамтлаг, дуучдаас гадна хөгжмийн салбарын томчууд, лэйбл, фестивалиудын хүмүүс цугладаг. Тийм болохоор бүгд л өөрсдийгөө бусад хамтлагаас онцгой, чадвартай гэдгээ харуулахын тулд ямар нэг байдлаар хичээж байгаа юм. Тун их өрсөлдөөнтэй болохоор өөрсдөө л сайн хичээх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Доор тоглолт болж байхад дээр гудамжинд хүмүүс тамхи татаж, пиво уунгаа хоорондоо танилцаад нетворкинг хийгээд л сууж байдаг. “Colonel Mustard & the Dijon Five” хамтлаг тэр дунд хамтлагаа таниулах зорилгоор бүгд шар өнгийн футболкоор жигдэрсэн байсан. Бараг 20-уулаа, их олон гишүүнтэй. Бүгд хүмүүстэй танилцаад, хамтлагийнхаа тухай танилцуулга тарааж байх жишээтэй. “Billy Carter” нэртэй нэг солонгос хамтлаг гэхэд хамтлагынхаа нэртэй асаагуурыг хүмүүст тарааж байсан. Тэнд их олон хүн тамхи татаж байгаа болохоор асаагуур маш сайн маркетинг болж байгаа юм. 

Харин Монголд байдал эсрэгээрээ. Нэг уран бүтээлч шинэ дуу бичлээ л бол хүмүүс олж сонсоод л, радио нэвтрүүлэгт оролцохыг хүсвэл өөрсдөө санал тавихад асуудалгүй. Олон улсад гарахад маркетинг маш чухал гэдгийг ойлгосон. Гэхдээ хэчнээн сайн маркетинг хийлээ гээд хөгжим нь тааруухан бол хол явахгүй. Хөгжмийн зах зээлд хөгжмөөс гадна маш олон зүйл нөлөөлдөг. Сайн хөгжимчин зөвхөн хөгжмөө тоглоод байх биш, хүмүүстэй харилцах, бүтээлээ өвөрмөц өнцгөөс харуулж чаддаг байх гээд л маш олон чадвартай байх хэрэгтэй юм билээ.

-Маркетинг, продюссерингийн ажлаа өөрөө хийж байна уу. Энэ тал дээр тусламж, зөвлөгөө авдаг хүн бий юу?

-Одоогоор маркетингийн ажлаа өөрөө хийгээд л явж байна. Гэхдээ мэдээж туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авдаг. “Playtime”-ийн Нацагаа ах гэхэд хөгжмийн зах зээлийн салбарын талаас их сайн зөвлөгч. Салбарын хүмүүс хамтлаг, уран бүтээлчдээс юу хайж байна вэ гэдэг талаар хэрэгтэй зүйл хэлж өгдөг.

-Ирэх гурван сард АНУ-ын Техас мужийн Остин хотод болох “SXSW” фестивальд оролцохоор болсонд тань баяр хүргэе. Фестивалийн тухай манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-“SXSW” нь хөгжмөөс гадна кино болон томоохон интерактив хэлэлцүүлгээс бүрддэг АНУ-ын томоохон фестивалуудын нэг юм. Хэлэлцүүлгийг агаарын бохирдол, хотжилтоос эхлээд дэлхийн нийтийн анхаарлыг татсан бүхий л сэдвийг хөндөж өрнүүлдэг юм билээ. Энэ жилийн наадамд олон сонирхолтой хүмүүс оролцоно. Миний санаж байгаагаар найруулагч Terrence Malick киноныхоо нээлтээ хийхээс гадна “ROGUE ONE” киног найруулсан Гарет Эдуардс илтгэл тавих юм байна лээ. Өнгөрсөн жилийн “SXSW” фестивальд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама илтгэл тавьж байсан. Харин хөгжмийн хэсэг нь showcase маягтай болохоор жижиг, шинэ, залуу уран бүтээлчид түлхүү оролцдог. Би янз бүрийн фестивалиудыг судлаж байгаад аль руу нь өргөдөлөө илгээхээ шийддэг. “SXSW”-д ямар ч байсан үзээд алдъя гэж бодоод аппликейшнээ явуулсан. Тэнцсэн тухайгаа мэдээд маш их баярласан шүү. Дэлхийн урлагийн ертөнцөд томдоо тооцогдох фестивальд монголоо төлөөлж оролцоно гэхээр сайхан байна. 

-Энэ төрлийн олон улсын фестивалиуд руу явах зардлаа яаж олдог вэ?

-Өнгөрсөн жил “Зандари”-руу явах зардлаа бид хувиасаа гаргаж байсан. Харин “SXSW”-рүү явах зардлаа өөр газраар даалгах гээд хөөцөлдөж л явна. 

-Уран бүтээлчид дан бүтээлээ хийгээд, түүгээрээ хоолоо олж идэх хэцүү гэж ярьдаг. Тийм болохоор бүтээлийнхээ хажуугаар өөр ажил хийж явсаар урлагаа орхисон хүн ч цөөнгүй шүү дээ. Хөгжмийн салбарт энэ асуудлыг шийдэх ухаалаг арга зам бий юу?

-Монгол хүн ам цөөтэй, зах зээл нь сайн хөгжөөгүй болохоор боломж хязгаарлагдмал байдаг нь үнэн. Гэхдээ хүн ам, зах зээлээс гадна эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаатай бас холбоотой байх. Гадаадад хөгжмөөр мөнгө олох маш олон арга зам байдаг. Жишээ нь францад нэг дуучны дуу нэг кафед явж байгаа л бол дуучинд нь тодорхой ашиг эргээд очиж байдаг. Үүнд зохиогчийн эрхийн асуудал хөндөгдөж байгаа юм. Ямар нэг кафед, эсвэл реклам, кинонд таны бүтээл ашиглагдаж байгаа л бол мөнгө авах эрхтэйгээр эрх зүйн орчинг нь зохицуулаад өгчихсөн байдаг. Энэ ертөнцийг хөгжимгүйгээр төсөөлөөд үз дээ. Тийм байсан бол хорвоо дэлхий тэс өөр байх байсан биз. Бидний алхам бүрт хөгжим эгшиглэж байдаг болохоор сүүлдээ анзаарахаа ч больчихсон, төдий чинээгээр үнэгүйдчихсэн. Гэхдээ тэр хөгжим бүрийн ард хэн нэгний хүч хөдөлмөр, цаг хугацаа, авъяас шингэсэн байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь бол хаана хөгжим дугарч байна, тэр нь цаашаа ямар нэгэн байдлаар тухайн уран бүтээлчдээ мөнгө очиж байх ёстой. 
Мөн гадаадад “CD”-ний борлуулалтаас гадна аялан тоглолт хийх, зохиогчийн эрхээ борлуулах зэрэг орлогын үүсвэр олон бий. Харин манайд “CD”-гээ борлуулах, тоглолт болон жижиг сажиг халтуур хийхээс бусад боломж нь хаалттай гэж хэлж болно. 

Эдгээрийг шийдэж болох нэг шийдэл гэвэл кафе, бааруудад согтууруулах ундаа борлуулахын тулд тусгай эрхийн зөвшөөрөл авдаг шиг хөгжим тоглуулмаар байгаа бол лицензийг нь худалдаж авахаар шийдэж болно шүү дээ. Лиценз авах нь тун энгийн зарчмаар ажилладаг. Жил бүрийн эхэнд subscription хийх байдлаар лицензийг шинэчилж, тэр эрхийг нь эзэмшиж байгаа байгууллагууд цаашаа тарааж өгөх гэх мэт. Манайд энэ асуудал шийдэгдчихвэл хөгжимчдөд олон боломж нээгдэнэ. Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “MCPP”, “MOSCAP” гэдэг байгууллагууд байдаг ч хангалттай хөгжөөгүй л байна. Гадаадад хөгжимчдийн орлогын эх үүсвэрийн 40 гаруй хувь нь зохиогчийн эрхээс орж ирдэг юм билээ. Гэтэл монгол уран бүтээлчдийн энэ төрлийн орлого нь огт байхгүй байгаа юм. Ядаж бүтээлээ туурвих зардлаа нөхдөг болчихвол улам сайн уран бүтээлчид олноороо бий болох байх л гэж боддог. 

Монголд авъяастай хүмүүс их олон бий шүү дээ. Харамсалтай нь урлагийг дэмжих гол суурь нь тааруухан байгаа болохоор потенциалдаа хүрч чадалгүй урлагаа хаяж байгаа нь олон байх. Ямар ч гоё цэцгийг муу хөрсөнд тариад ургахгүй шүү дээ. Сайндаа л зүлэг болох байх. Суурь, хөрс нь нэг үгээр хэлбэл боломжууд гэх үү дээ. Монголд хөгжмөөр мөнгө олж чадахгүй болохоор хөгжмөө хаяад, өөр юм хийгээд явж байгаа хүмүүсийг харах нь харамсалтай санагддаг. Зөвхөн хөгжим гэлтгүй Монголын урлагийн бүх салбарт энэ асуудал бий. Кинон дээр аваад үзвэл бараг бүх оронд киноны хөрөнгийн сан гэж байдаг. Хүмүүс бичсэн зохиолоо тухайн сангуудад илгээж, сонгогдсон тохиолдолд хөрөнгө оруулалт аваад бүтээлээ хийж, цааш хөгжүүлэх боломж нээгддэг. Бид хөрс, сууриа сайжруулчихвал урлагийн төрлүүд цаашаа улам сайжраад явах байх.

-Тэгвэл нийгэмд урлаг яагаад зайлшгүй байх хэрэгтэй юм бэ?

-Нэг их анзаардаггүй ч гэсэн хөгжим, кино гэх урлагийн бүтээлүүд бидний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. 8000 төгрөгөөр хоол авч идэх үү, кино үзэх үү гэж асуувал ихэнх хүн хоолыг сонгох байх. Масловын хэрэгцээний шатлалын онол дээр хүртэл үүнийг тодорхойлчихсон байдаг шүү дээ. Хүн хоол, хувцас гээд анхдагч хэрэгцээгээ хангасныхаа дараа оюун санааны хэрэгцээ рүү ордог. Миний харж байгаагаар Монголын урлагийн салбарууд өөрийнхөө хэмжээнд сайн хөгжиж байгаа. Монголд сайн дизайнерууд олноор гарч ирж байна, кино урлагийн салбар ч бага багаар хөгжиж яваа. Хөгжмийн салбарт ч олон шинэ уран бүтээлчид төрөн гарч байна. Бүр цаашилбал олон сайн кафе, кофе шопууд, мөн соёл, урлагийн газрууд олширч байгааг харахад маш хурдан хөгжиж байгаа гэж итгэлтэй хэлж чадна.

-Б.Дөлгөөн Канадад урлагийн түүхийн чиглэлээр суралцсан юм билээ. Одоо хөгжим хийхийн хажуугаар “Алтан хальс” холбоонд харъяалагдахаас гадна, баримтат кинон дээр ажиллаж байна. Урлагийн олон төрөлд сонирхолыг тань татдаг юм шиг ээ. Таны карьерийн оргил ямар төрөлтэй холбогдох бол?

-Юуны өмнө хөгжмөөрөө тодорхой хэмжээний амжилтанд хүрэхээр зорьж байна. Хөгжим, кино гээд урлагийн бүх төрөлд би сонирхолтой. Гэхдээ хөгжмөө илүү хөгжүүлэх зорилготой байгаа. Цаашдаа хоёр дахь цомгоо гаргаад, гадаад лэйблтэй хамтрахыг хичээж байна. Үүнийхээ хажуугаар бусад сонирхолоо хаяхгүй, киноны зохиол бичих зэргээр олон төсөл хөтөлбөрт хамтран ажиллана даа.

-Нэг баримтат кинон дээр ажиллаж байгаа гэж дуулсан юм байна?

-Тийм ээ. Анжи гэдэг Америк эмэгтэй хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөний тухай баримтат кино хийхээр Монголд ирсэн юм. Тэр кинон дээр би продюссер, зураглаачаар ажиллахаас гадна хөгжмийн зохиолыг нь бичихээр болсон. Баримтат кино болохоор хийж дуусах хүртэл багагүй хугацаа орно. Зураг авалтын ажил 80 хувьтай явж байгаа ч ирэх онд л дуусах болов уу.

-Найз охинтойгоо хамт уран бүтээл хийгээд явахад ямар байдаг вэ. Хамт дуулж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-Найз охинтойгоо хамт дуулах сайхан байдаг. Гэхдээ их санаандгүй байдлаар Энхжинтэй хамт дуулж эхэлсэн. Энхжингийн төрсөн өдрөөр найз нар нь гитар бэлэглэсэн юм. Би тэр гитараар тоглож байгаад “Someday” дууг дуулаад үз дээ гэж Энхжинд хэлсэн юм. Тэгтэл тэр дуунд хоолой нь яг тохирсон шиг санагдсан. Түүнээс хойш зарим дуун дээрээ хамт дуулж байгаа. Бид хоёр дуугаа хамт бичдэггүй болохоор зөрчилдөөд байх тохиолдол гардаггүй. Харин би дуугаа бичихдээ мэдээж Энхжингээс зөвлөгөө авдаг.

-Магнолиан хөгжим бичих урам зоригоо юунаас авдаг вэ. Судлагаа хийх зорилгоор байнга хөгжим сонсдог байх?

-Яг дуу бичих үедээ ганц хоёр дуу сонсвол сонсоно. Гэхдээ хөгжмийг судалгаа хийх зорилгоор сонсоод байдаггүй. Би сүүлийн үед жазз хөгжим сонсож байгаа. Үүний өмнө нэг хэсэг хип хоп хөгжим сонссон. Ажил болгож биш, харин сонирхлын журмаар л янз бүрийн хөгжим сонсдог гэх үү дээ. Урам зоригоо гол төлөв хөгжим, ном, киноноос авдаг.

-Тэгвэл дуу хөгжимгүй, чихэвчгүйгээр хэр удаан байж чадах вэ?

-Өмнө нь би маш их хөгжим сонсдог байсан. Одоо арай гайгүй болчихоод байгаа. Гэхдээ мэдээж өдөр болгон хөгжим сонсдог хэвээрээ. Сүүлийн үед олон төрлийн хөгжмөөс гадна подкаст их сонсдог болсон. Урьд нь хөгжмийг бүр донтож сонсдог байсан гэх үү дээ. Шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл унтахгүй, хөгжим сонсдог байлаа. Тэр үетэй харьцуулахад одоо харьцангүй багассан. Кино зохиол дээр ажиллаж байх үедээ хөгжим сонсохоос илүү кино үзэх юм уу, ном унших маань нэмэгддэг.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Магнолиан & Цэлмүүн “The Bride and the Bachelor” дууны клипний тухай 10 баримт

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ШИНЭ УРАН БҮТЭЭЛ: Магнолиан & Цэлмүүн “The Bride and the Bachelor” дууны клипийг хүлээн авна уу


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.