Хайх зүйлээ бичнэ үү

Хүсэл тэмүүллээр дүүрэн, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө дайчлан, хичээж яваа миллениалуудын төлөөлөл болсон залуутай ярилцлаа.

Ахлах сургуулиа төгсөөгүй байгаа ч компани байгуулан, өсвөр насныхан болон залууст тулгардаг асуултын хариултыг олохоор эрэлхийлж яваа М.Наранзууны ярилцлагыг хүлээн авна уу. Хийж бүтээхийн хүсэл тэмүүллээр дүүрэн, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө дайчлан, хичээж яваа миллениалуудын төлөөл болсон түүний ярилцлага таалагдана гэдэгт итгэлтэй байна.  

-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

-Намайг Мөнхжингийн Наранзуун гэдэг. 1999 онд төрсөн. Би МУИС-ийн лицейд Биологийн ангид сурдаг. Энэ жил төгсөнө. Эмч болохыг хүсдэг. Хими, биологийн хичээлдээ дуртай. Мөн гэрэл зураг сонирхдог. Аав, ээж, дүүтэйгээ амьдардаг, айлын ууган хүү. “UB Bloom” компанийг үүсгэн байгуулагч. 

-“UB Bloom” компанийнхаа тухай танилцуулаач. Компаниа ямар зорилгоор байгуулсан бэ?

-Анх “UB Bloom” нэртэй клуб байгуулаад, сүүлд компани болгосон л доо. Одоо жил болж байна. Ерөнхийдөө өөрт тохиолддог асуудал дээрээ тулгуурлаад клубээ байгуулсан юм. “Би цаашдаа юу хийх хэрэгтэй вэ, хаашаа ямар чигээр явах вэ, би хэн бэ, юу хийж чадах вэ” гэсэн асуулт өсвөр насныханд тулгардаг. Энэ асуудлаа аав ээж, багш, найз нөхөдтэйгөө ярилцаад ч бүрэн дүүрэн хариулт авч чаддаггүй.  Миний бодлоор Монголын өсвөр насныхны ихэнх нь “Би хэн бэ, миний чадамж юу вэ” гэдгээ тодорхойлж чадаагүй байдаг. Бараг урсгалаараа явж байгаад л нэг их сургуульд орчихдог юм шиг санагддаг. Тиймээс энэ асуудлыг нь шийдвэрлэж өгөх, амжилттай яваа, зөвлөгөө өгч чадах хүмүүсийн санаа бодлыг яриулах, залуучуудыг чиглүүлж, юунд дуртай, ямар чиглэлээр ажиллаж, амьдрах боломжтойг нь мэдрүүлэх, ойлгуулах зорилготойгоор компаниа байгуулсан. Хувь хүний хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр, гурван найзтайгаа нийлээд ажиллаж байгаа. 

Өнгөрсөн хоёрдугаар сард “Өөрийгөө ол” нэртэй лекцийг зохион байгуулсан. Санаснаас олон хүн ирж, сонирхсонд урам авсан. 200 гаруй хүн ирж, лекцэнд оролцсон юм. Дараагийн лекцээ тавдугаар сарын 6-нд зохион байгуулахаар болсон.

-Хоёр дахь лекцээ хаана зохион байгуулах вэ. Ямар онцлогтой байхаар төлөвлөж байгаа вэ? 

-Ер нь лекц гэхээр ихэнхдээ тогтсон хэв маягтай байдаг. Нэг хүн индэр дээр гараад яриад л, бусад нь тэмдэглэж авах жишээний. Бид нар энэ байдлыг өөрчлөх бодолтой байгаа л даа. Лекцээ илүү энтертайнмент чиглэлээр зохион байгуулна. Энэ удаагийн лекцийн нэр буюу сэдэв нь “Өөрийгөө бүтээ” юм. “Корпорейт” зочид буудалд бол Зарим оролцогчтой нь хөтлөгч ярилцах бол зарим нь тайзнаас шууд үзэгчидтэйгээ харилцан ярилцахаар болсон. Лекцийн үеэр завсарлагатай. Энэ үеэр кофе, цай, жигнэмэгээр дайлна. “Futuroma”, “Walrus” амьд хөгжмийн хамтлагийнхан нэгдэж, уран бүтээлээсээ тоглоно. Лекцийн зочдоор нийт 6-7 хүн оролцохоор болсон. Одоогоор “Made in Enerel” компанийг үүсгэн байгуулагч, дизайнер Энэрэл эгч оролцох нь тодорхой байгаа. Бид нар аль болох хийж бүтээсэн зүйлтэй, лекцийн сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлж чадахуйц, үлгэр жишээ хүмүүсийг оролцуулахыг зорьж байна. Тасалбараа тун удахгүй www.ticket.mn цахим хуудсаар 20 мянган төгрөгөөр худалдана. Гэхдээ энэ дотроо олон хөнгөлөлтүүд багтсан байгаа шүү. 

-Ахлах ангиа ч төгсөөгүй өсвөр насныханд энэ ажлыг хийхэд бэрхшээл нэлээд тулгарч байгаа байх. Энэ бүхнийг зохион байгуулахад амаргүй байгаа болов уу? 

-Бэрхшээл нэлээд гарна. Зүгээр нэг өсвөр насны хүүхэд хэн нэгэн дээр очоод, учраа тайлбарлаад лекцэнд урих нэг өөр. Харин ямар нэгэн компанийн нэрийн өмнөөс, үзүүлэх төлөвлөгөө, хөтөлбөртэйгээр хүмүүстэй уулзаж, ажил хэрэг ярилцах нь тэнгэр газар шиг зөрүүтэй юм билээ. Тийм болохоор л клубээ компани болгож, өргөжүүлсэн. Энэ бүгдийг ганц өөрийнхөө хүчээр хийнэ гэвэл чадахгүй л дээ. Надад тусалж, намайг дэмждэг найз нөхөд олон бий. Мөн “Ub comedy”-гийн Батбилэг ах, “Ротракт” клубийн Гансүх ах болон гэр бүлийнхэн маань их тусалж, дэмжиж байна. Тэд нарын дэмжлэггүйгээр энэ бүхний ард гарна гэдэг хэцүү. Тусалж, дэмждэг та бүхэндээ баярлалаа. Миний бодлоор манай улсад хувь хүний хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулахад үүд хаалга нь нээллттэй санагдсан. 

-“UB Bloom” компанийн цаашдын төлөвлөгөө, зорилго нь юу вэ? 

-Цаашид хийхээр төлөвлөсөн зүйлс их байна л даа. Лекц зохион байгуулахаас гадна өөр олон үйл ажиллагаа зохион байгуулна. Үйл ажиллагаа маань жигдрээд, хүрээ нь тэлэхээр салбар клубээ орон нутагт байгуулах хэтийн төлөвлөгөө бий. Эхний ээлжинд подкаст хийхээр төлөвлөж байна. Лекцэнд оролцсон зочид маань тухайн үед хэлж, ярьж чадаагүй сэдвүүд байвал түүнийг нь подкастаар хүмүүст хүргэх болно. Мөн дулаархаар хүнсний 20-ийн туннелийг чимэглэж, орчныг нь гоё болгохоор зорьж байгаа. Графити зурж, гэрэлтүүлгийг нь сайжруулахаар төлөвлөсөн. Зун болохоор бүх насныханд зориулсан өдөрлөг ч зохион байгуулна. Бас хийж бүтээсэн зүйлтэй, үлгэр жишээ болсон өсвөр насныхны оролцсон видеог youtube-ийн цахим хуудсандаа байршуулах төлөвлөгөө байгаа.

-Наранзууны хүсэл мөрөөдөл нь юу вэ. Мэдээж ирээдүйд их зүйл бүтээх хүсэл эрмэлзэлтэй байгаа байх.

-Би сайн хүн байхаас илүү үнэ цэнэтэй хүн байхыг хүсдэг. Энэ бол миний амьдралын гол чиг л дээ. Мэс заслын эмч болох хүсэлтэй. Гэхдээ их сургуульдаа сурах явцад сонирхсон чиглэл маань өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Би дуу хөгжим, гэрэл зураг гээд л олон зүйлд сонирхолтой. Эсрэг тэсрэг зүйлс сонирхдог. “The Lemons”, “Guns n Rose” хамтлагт дуртай. Ихэвчлэн инди рок хөгжим сонсдог. Сүүлийн үед “Punk and Rap” хамтлагийг сонсож байна. Бага байхаас эхлээд л аав ээж маань өөрийгөө нээн, илрүүлэхэд тусалж, зөвлөгөө өгч, ярилцдаг байсан болохоор өөрийгөө азтай гэж боддог. Энэ зун гадаадаар юм уу Монголоороо аялах маршрут гаргаад, ганцаараа явах төлөвлөгөөтэй байна. 
 
-Монголын залуусыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Энэ тухай хэлэхээр би нэг их амжилттай яваа, мундаг хүн шиг болчих байх даа.

-Зүгээр дээ. Чиний бодол Монголын залуусын хүсэл мөрөөдлийн нэг хэсэг шүү дээ.

-Бүгдээрээ хүсэл мөрөөдөлтэй, зорилготой байгаасай. Өөрийнхөө сэтгэлийн мөн чанарыг олоод, хүсэж байгаа зүйлээ хийгээсэй л гэж боддог. Ер нь бол хүнд гай болохгүй л амьдрах хэрэгтэй болов уу.

-Цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье. Ихийг хийж, бүтээгээрэй.

-Баярлалаа.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
8
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.