Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Б.Ананд: Өөр хүний сэтгэл хөдлөл, төрхийг гаргахад маш сонирхолтой байсан

"Чик" Б.Анандын анхны кино. Гэхдээ зүгээр ч нэг кино биш, дэлхийн шилдэг найруулагчдын нэг Фатих Акиний бүтээл.


Турк гаралтай герман найруулагч Фатих Акин өнгөрсөн онд зохиолч Вольфганг Херндорфын “Чик” (Tschick) романаас сэдэвлэн кино хийсэн. Тус киноны гол баатар болох Чикийн дүрд Германд амьдардаг монгол хүү Б.Ананд тоглож, шүүмжлэгчид эергээр хүлээж авсан билээ. Тэгвэл “Гёте институт” Монголд индепендент киног дэлгэрүүлэгч “Алтан хальс” холбоотой хамтран ирэх баасан гарагт уг бүтээлийг өргөн дэлгэцээр гаргах гэж байна. “Алтан хальс индепендент кино наадам”-ыг (AKIFF) тохиолдуулан Ф.Акин, Б.Ананд нарыг урьж авчирчээ. Баасан гарагт “iCinema” кино театрт 19.00, 22.00 цагаас хоёр ч удаа гарах бөгөөд киноны уран бүтээлчидтэй уулзаж, хэлэлцүүлэгт оролцох боломжтой. Бид Б.Анандтай хэдэн хором ярилцлаа. Тэрбээр Германд амьдраад таван жил болж байгаа бөгөөд ахлах сургуулийн X ангид урч буй. Хичээл нь англи, герман хэлээр давхар хичээл ордог учраас хэлний мэдлэг өндөр ажээ. Биеэ авч явах байдал, зан төлвийн хувьд (аяллын машинаа Чик хулгайлдаг) нийтлэг бус, өвөрмөц төрхтэй Чик 13 настай хүүхдийн хувьд амаргүй дүр. Халимаг үстэй, зөөлөн төрхтэй Б.Ананд кинонд гардгаасаа тэс өөр харагдах аж. Тэрбээр бодит амьдрал дээр дүрээсээ эрс өөр зан араншинтай гэлээ.

-“Tschick” зохиолыг хэзээ уншсан бэ? Кинонд нь тоглож эхлэхээсээ өмнө уншсан байсан уу?

-Тэр зохиолын талаар ерөөс олж дуулаагүй байсан. Шалгуулж тэнцээд, дүрдээ бэлдэж эхлээд л уншсан.  

-Ф.Акин анх “Чик”-ийг уншаад заавал кино болгоно гэж бодсон, дүр зураг нь шууд нь харагдсан гэж ярьсан шүү дээ. Та нарт (тоглосон хүүхдүүдэд) түүний төсөөлөл хэр амархан буусан бэ?

-Маш тэвчээртэй тайлбарлаж байсан. Мэдээж номд болдог бүх үйл явдлыг оруулахгүй учраас яг юуг нь шилж кинондоо багтаасан, ерөнхий уур амьсгал нь ийм тийм гэх мэтээр тайлбарлаж өгсөн. “Чик” найруулагчид их таалагдсан юм шиг байна лээ. Хийж байхдаа байнга баясгалантай байсан. Ажил хэрэгч мөртлөө хөгжилтэй, хамтарч ажиллахад маш амар хүн юм билээ.

Б.Ананд найруулагч Фатих Акиний хамт

-Бусад киног нь үзсэн үү?

-Шалгаруулалтад оролцохоосоо өмнө тэр хүний тухай мэддэггүй байсан. Кинонд нь тоглож эхэлснийхээ дараа зарим бүтээлийг нь үзсэн. Их гоё зураг авалттай кино хийдэг, бас яг юу харуулахыг зорьж байгаагаа маш сайн мэддэг. Фатих Акин бол Германы хамгийн алдартай найруулагч.

-Өвөрмөц ааш, төрхтэй орос хүүгийн дүрийг гаргахад хэр хэцүү байв? Үг хэллэгийн хурцаас өгсүүлээд амаргүй байсан уу?

-Амархан дасчихдаг юм байна лээ. Хоёр сарын дотор ерөнхийдөө уусчихсан шүү. Өөр хүний сэтгэл хөдлөл, төрхийг гаргахад маш сонирхолтой байсан. Сургуульдаа бол би энгийн л нэг хүүхэд.

-Ангийнхан чинь хэр хүлээж авсан бэ?

-Намайг харж инээсээр байгаад киногоо анхаарч үзээгүй (инээв). Таалагдсан гэсэн. Ангийнхантайгаа үзэхэд гоё байсан шүү.

-Гараагаа дэлхийд алдартай найруулагчийн киногоор эхлүүлсэн учраас цаашид энэ замналаар явъя гэвэл боломж илүү өндөр болов уу. Дахиж кинонд тоглох бодол байгаа юу?

-Агентлагт орсон. Германд Ази гаралтай жүжигчин цөөхөн байдаг. Ямар санал ирэхээс л болох байх. Одоохондоо хичээлдээ л шамдъя гэж бодож байна. Гурван жилийн дараа төгсөнө. Ахлах сургуулиа дүүргээд англи хэлтэй аль нэг оронд очиж сурах бодолтой байгаа.

-Баярлалаа. Амжилт хүсье!

AKIFF буюу "Алтан хальс индепендент кино наадам"-ын талаар мэдээлэл авахыг хүсвэл энд, бас энд дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
13 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
14 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.