Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Премьер лигийн дасгалжуулагчид залуудаа ямар тоглогч байсан бэ 2

Хьюз бол “МЮ”-гаас гадна “Барселона” (1986/87), “Бавари” (1987/88), “Челси” (1995-1998) багт тоглож байсан сайн довтлогч.


Дэлхийн хамгийн сонирхолтой лиг гэгдээд байгаа Английн хөлбөмбөгийн Премьер лигийн шинэ улирал эхлээд хоёр тойрог өнгөрлөө. Энэ лигийг сонирхолтой болгож байгаа гол зүйл бол дасгалжуулагч нар. Бөмбөрцгийн ихэнх шилдэг мэргэжилтэн энд цугласан тул Премьер лигийг “Дасгалжуулагч нарын ДАШТ” гэж ч нэрлэдэг болсон. Моуриньо, Конте, Гвардиола, Венгер гээд л томчууд Будант Альбионд ухаан чадлаа уралдуулж байгаа. Ингээд энэ мэргэжилтэн дасгалжуулагч нар ид залуудаа ямар хөлбөмбөгчид байсныг эргэн нэг санацгаая. Эхний хэсэгт бид Английн том 6 багийн дасгалжуулагчдыг авч үзсэн. Энэ удаад өнгөрсөн улиралд 7-13 дугаар байр эзэлсэн багт зочилцгооё.

“Эвертон”
Рональд Куман

1963 онд Голландын Зандамд төрсөн Куман 1980-1997 онд мэргэжлийн хөлбөмбөгт хүчин зүтгэхдээ тун хүчтэй цохилттой хамгаалагч гэдгээрээ алдартай байлаа. Төвийн хамгаалагч.
Тоглож байсан хамгийн том баг- “Барселона” (Испани 1989-1995)
Хамгийн том шагнал- Аваргуудын лигийн аварга 1991/92

Шигшээ баг- 78 тоглож, 14 гоол оруулсан. “Евро 1988” аварга (5 тоглолт/1 гоол), “Евро 1992” (4 тоглолт), ДАШТ-1990-д (4 тоглолт/1 гоол), ДАШТ-1994-т (5 тоглолт) оролцсон.
Рональд Куман бол шилдэг сайн тоглогч байсан. 1985-1994 онд тэр жил бүр ямар нэг цом хүртэж байлаа. Нийт 19 цомтой Куманы замналын шилдэг үе нь Испанийн “Барселона”-д өнгөрсөн.  1991/92 оны Аваргуудын лигийн финалд түүний сум шиг хүчтэй цохилт “Барса”-д цом авчирсан билээ. Куманы хийдэг хүчтэй, оновчтой хаалттай цохилтоос дэлхийн бүх хаалгач айдаг байв. Нийт 207 гоолтой, хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан хамгаалагч гэж тооцогддог.

“Саутгемптон”
Маурисио Пеллегрино

1971 оны 10 дугаар сарын 5-нд Аргентиний Леонест төрсөн. Төвийн хамгаалагч. 1990-2006 онд ногоон талбайд тоглосон.
Тоглож байсан хамгийн том баг- “Барселона” (Испани, 1998/99)
Хамгийн том шагнал- Тив хоорондын цом 1994

Шигшээ баг- 3 тоглосон.
Маурисио “Велес Сарсфилд” багтайгаа Аргентинд авч болох бүх цомыг хүртсэнийхээ дараа 27 настайдаа Европт ирсэн. Ирэхдээ шууд “Барселона”-д орж, Испанийн аварга болсон ч “Барса” түүнтэй гэрээ байгуулсангүй. Ингээд “Валенси”-д орж Испанийн аварга, 2003/04 улиралд УЕФА-гийн Цомын эзэн болсон. Дасгалжуулагч Рафа Бенитес Англид очиход тэр даган явж, “Ливерпуль”-д тоглож байлаа.

“Борнмут”
Эдвард(Эдди) Хау

Английн Вервудэд 1977 оны 11 дүгээр сарын 29-нд төрсөн. 1994-2007 онд мэргэжлийн хөлбөмбөг тоглосон. Төвийн хамгаалагч.
Тоглож байсан хамгийн том баг- “Портсмут” (Англи, 2002-2004)
Хамгийн том шагнал- Байхгүй.

Шигшээ баг- Английн залуучуудын шигшээ багт 2 удаа тоглосон.
Залуучуудын шигшээ багт тодорсон Эдвард насанд хүрэгчдэд амжилт олоогүй. 2002 онд тэр “Борнмут”-аас “Портсмут”-д шилжсэн. Гэвч өвдөгний хүнд гэмтэл түүний замналд цэг тавьсан юм.

“Вест Бромвич Альбион”
Тони Пулис

Уэльсийн Ньюпорт хотод 1958 оны нэгдүгээр сарын 16-нд төрсөн. 1975-1992 онд хөлбөмбөг тоглосон. Төвийн хамгаалагч.
Тоглож байсан хамгийн том баг- “Бристоль Роверс”, “Хэппи Вэлли” (Хонконг), “Ньюпорт Каунти”, “Борнмут”, ”Жиллингем” багуудад тоглож байсан. Алийг нь ч том баг гэхэд хэцүү.
Хамгийн том шагнал- 1981/82 оны улиралд Хонконгийн аварга болох дөхсөн ч аз дутаад 2-т орсон.

Шигшээ баг- Тоглоогүй.
Пулис хөлбөмбөг дээд түвшинд тоглох авьяас чадваргүй гэдгээ маш эрт ухаарсан. Ингээд л 21 настайдаа УЕФА-гийн А зэрэглэлийн дасгалжуулагчийн эрх авсан байлаа. 34 нас хүртлээ тоглосон ч дасгалжуулагчийн ажилд өөрийгөө бэлтгэж байсан юм.

“Вест Хэм”
Славен Билич

1968 оны есдүгээр сарын 11-нд Хорватын Сплитэд төрсөн. 1988-2000 онд хөлбөмбөг тоглосон. Төвийн хамгаалагч.
Тоглож байсан хамгийн том баг- “Эвертон” (Англи, 1996-1998)
Хамгийн том шагнал- Югославын Цом 1990/91

Шигшээ баг- 44 тоглож, 3 гоолтой. 1998 оны ДАШТ-ий хүрэл медальт (7 тоглолт), Евро-96-д оролцсон (4 тоглолт).
Социалист үзэлтэй, рок хөгжимд дуртай нэгэн. Маш найдвартай төвийн хамгаалагч байлаа. “Хайдук”-аас гараагаа эхэлж, “Карлсруэ” (Герман), “Вест Хэм”, “Эвертон” багуудад тоголсон. 1998 оны авьяаслаг Хорватын шигшээ багийн нэгэн гишүүн гэдгээрээ түүхэнд үлдсэн.

“Лестер”
Крэйг Шекспир

Английн Бирмингемд 1963 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн. 1981-2000 онд зүүн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байлаа.
Тоглож байсан хамгийн том баг- “Шеффилд Уэнсдей” (1989/90)
Хамгийн том шагнал- Английн лигийн 3-р дивизионд түрүүлсэн (1988).

Шигшээ баг- Багтах ямар ч боломж байгаагүй.
Шекспир хөлбөмбөгчийн замналынхаа ихэнх хугацааг хоёрдугаар дивизионд өнгөрөөсөн. Эртний түүхтэй “Шеффилд Уэнсдей” багт богинохон ч гэсэн тоглоод амжсан. Дээд лигийн багт уригдахаар ур чадвар түүнд байгаагүй ч амьдралаа хөлбөмбөгөөр аваад яваад байдаг байлаа. 37 нас хүртлээ тоглосон.

“Сток Сити”
Марк Хьюз

Уэльсийн Рексем хотноо 1963 оны 11 дүгээр сарын 1-нд төржээ. 1980–2002 онд тоглохдоо төвийн довтлогч байлаа.
Тоглож байсан хамгийн том баг- “Манчестер Юнайтед” (1980-86, 1988-1995)
Хамгийн том шагнал- Цомтой багуудын цом (1990/91, 1997/98)

Шигшээ баг- 72 тоглож, 16 гоол оруулсан.
Хьюз бол “МЮ”-гаас гадна “Барселона” (1986/87), “Бавари” (1987/88), “Челси” (1995-1998) багт тоглож байсан сайн довтлогч. Нас ахиад тааруу сул багт (“Саутгемптон”, “Эвертон”, “Блэкберн”) шилжин тоглож байгаад зодог тайлсан. Нийт 14 цом авсан. Английн шилдэг залуу тоглогч 1984/85, Английн лигийн шилдэг тоглогч 1988/89, 1990/91, Уэльсийн Оны шилдэг тамирчин (2002) шагнал хүртэж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.