Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Жүдо ДАШТ”: 4 дэх өдрийн тойм

Хөнгөн жингийн барилдаан дуусаж, хүнд жингийнхэн гарч ирэхэд мэдээж Америк, Европын бөхчүүд толгойгоо өндийлгөж эхэлдэг.


ДАШТ-ий эхний өдрөөс алтан медалиудыг хамж байсан Японы шигшээ багийг уржигдар манай Д.Сумъяа зогсоосон билээ. Тэгвэл өчигдөр япончууд бүр медальгүй хоцорсон. Жүдогийн эх орныхныг медальгүй үлдээсэн бөхчүүд хэн бэ?
Хөнгөн жингийн барилдаан дуусаж, хүнд жингийнхэн гарч ирэхэд мэдээж Америк, Европын бөхчүүд толгойгоо өндийлгөж эхэлдэг.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д япончууд оролцоогүй. Яагаад гэдгийг яг таг хэлж мэдэхгүй ч япончууд энэ жинд түрүүлэх найдлагагүй гэдгээ мэдсэн хэрэг. 63 кг-ийг ноёрхож байгаа Тина Трстеньяк, Кларисс Агбеньену нарыг ялах бөх гараагүй удаж байна. Энэ жинд сүүлийн олимп, дэлхийн аварга нь Трстеньяк. Хоёр тэмцээний финалд тэр  Агбеньенуг ялсан бөгөөд үүний өмнө франц бүсгүй нь дэлхийн аварга болсон юм. Татами дээр “заналт өрсөлдөгч“ ч амьдрал дээр анд найз тэдний өрсөлдөөн энэ жинг чимэж байгаа. Хоорондоо 7 тааран барилдсанаас эхний 3 барилдаанд Агбеньену давж, сүүлийн 4-т нь Тина давамгайлсан. Энэ ДАШТ-д ч тэд хэсгээ ахлан, “тус тусдаа” гарсан тул финалд л таарах байв.

Тэднээс гадна медальд хүрэх буюу өөрөөр хэлбэл хүрэл медальд санаатай бөхчүүдээс хэд хэд нь эхний тойрогт ялагдсан. Чансааны хоёр дахь бөх Катрин Унтервурцахер эхний тойрогт Кетлейн Квадрост унаж, Кетлейн нь Польшийн Оздобад ялагдсан. Энэ жингийн бас нэг франц бөх Марго Пино Кларисстайгаа нэг хэсэгт орсон ч замд нь манай бөх Б.Мөнгөнчимэг түүнийг зогсоосон билээ. Кларисс Агбеньену манай бөхийг ялж, торгуулийн барилдаанд илгээгээд тун сайн байсан польш бүсгүйг тактикаар илүүрхэн давсан.

4 дэх өдрийн шилдэг иппон ялалтууд
 

Харин нөгөө хэсэгт Азийн аваргын 3 медальтай Хятадын Ян Жунься гялалзаж байлаа. Их Британийн Алиса Шлезингер, Германы Мартина Трайдос нарыг тэр тэмцээнээс хассан. Тина хэсэгтээ огт зовоогүй. Харин хагас шигшээд хятад бөхтэй удаан барилдаж, нэмэлт цагт ялж чадсан. Алдарт Тинад ялагдсан хятад бөхийг манай Б.Мөнгөнчимэг иппон ялж, хүрэл медаль авсан бол хүрлийн төлөөх нөгөө барилдаанд Польшийн Оздоба Германы Трайдостой үхэх сэхэхээ үзэж, нэмэлт цагт вазари аван, медалийн эзэн боллоо. Сенсаац гэж нэрлэж болохоор ч үзэгчдийн хувьд гол барилдаан бол финал байлаа. Хүн бүхний таамаглаж байсанчлан Тина Трстеньяк, Кларисс Агбеньену хоёр финалд үлдсэн. Тэдний найм дахь халз барилдаан сонирхолтой сайхан болоогүй ч тактик ямар хэрэгтэйг харуулсан. Агбеньену словен бүсгүйг алдаа гаргуулж торгуулсаар, нэг мэдэхэд 3 торгуультай болгосон байлаа. Ийнхүү Кларисс Агбеньену даагаа нэхэж, дэлхийн хошой аварга боллоо.

63 кг
1, Кларисс Агбеньену Франц
2, Тина Трстеньяк Словен
3, Б.Мөнгөнчимэг Монгол, Агата Оздоба Польш

Эрэгтэйчүүдийн 81 кг-д олимпийн аварга Хасан Халмурзаев, дэлхийн аварга Таканори Нагасе, чансааг тэргүүлэгч Алан Хубецов нарын нэг түрүүлнэ гэж бүгд бодож байлаа. Харин энэ гурвын хэн нь ч финалд гарч ирэхгүй гэж хэн ч бодоогүй биз. Энэ гурваас өөр түрүүлэх бөхийн нэрийг таах хүн Германы шигшээ багийн дасгалжуулагч Ричард Траутманаас өөр байгаагүй байх. Траутман энэ жилийн Европын аваргын мөнгөн медальт Доминик Расселийг шигшээд авалгүй Александр Вичерчакийг сонгосон нь ёстой л нүдээ олсон шийдвэр байлаа. Энэхүү Александр гэгч нөхөр хамгийн сүүлд оролцсон том тэмцээн нь 2016 оны Европын АШТ. Казаньд болсон тус тэмцээний эхний тойрогт л ялагдаад гэртээ харьсан байв. Хэдийгээр ДАШТ-ий өмнө Цельед болсон Европын цомын жижигхэн тэмцээнд түрүүлсэн ч хэн ч түүнийг тоогоогүй. Учир нь түүний дэлхийн чансаа 124 байлаа. Доогуур чансаатай тул дандаа л томчуудын аманд очсон.

Эхний тойрогтоо тэр 2012 оны олимпийн хүрэл медальт Канадын Антуан Валуа-Фортьег давсан. Антуан саяхан Хөх хотын Гран При, Азийн Цомд түрүүлж, тун сайн формтой байсан юм. Ингээд дараагийн тойрогт Александр Вичерчак дэлхийн чансааг тэргүүлэгч ОХУ-ын Алан Хубецовтой таарлаа. Том бөхөөс огт эмээсэнгүй, нэг мэдэхэд 3 вазаритай ялчихсан байв. Харин дараа нь Өвөрмонголын Эрхэмбатыг нэмэлт цагт ялаад нутгийн бөх Ласло Цокняитэй барилдсан. Барилдааны сүүлийн секундэд авсан вазаригаар Александр мөн л давлаа. В хэсэгт өрсөлдөөн бас л их байсан. Энд Таканори Нагасе, Хасан Халмурзаев хоёр багтсан ч хоорондоо таарах хувь байсангүй. Дэлхийн аварга Нагасэ хуучин бэртлээ сэдрээгээд юу ч хийж чадалгүй Давлат Бобоновт ялагдсан бол олимпийн аварга Хасан Халмурзаев хурууны гэмтэлтэй барилдсаар ямар ч гэсэн хэсэгтээ түрүүлсэн. Вичерчак дахиад сенсаац тарьж чадах уу, хэдий гэмтэлтэй ч Хасан олимпийн аварга хүн гэж бүгд бодож байлаа. Гэвч герман залуу дахиад сенсаац тарьж чадсан. Аваргатай эн тэнцүүхэн барилдаж байгаад цаг дуусахаас өмнө дархан мэхээ хийгээд л вазари. Френк де Вит, Рехвиашвили, Саид Моллаи, Аттила Унгвари, Ивайло Иванов, Этьен Брайанд, О.Ууганбаатар нарын барилдсан D хэсгээс Италийн  Матео Маркончини гараад ирсэн. Ингээд 81 кг-ийн жингийн финал Вичерчак - Маркончини. Ёстой хэний ч таамаглаагүй бөхчүүд. Хүрэл медалийн төлөө Хасан Халмурзаев манай бөхийг ялсан бол Саид Моллаи Ласлог нам шидэж, нутгийн эздийн медаль авах хүслийг дарсан. Финалд Александр итали залууг боогоод л дэлхийн аварга болсон. Долоон жилийн өмнө идэрчүүдийн дэлхийн аварга болчихоод сураггүй болсон герман залуу дэлхийн чансааны 124-т бичигдэж байхдаа насанд хүрэгчдийн дэлхийн аварга болдог юм байж.

81 кг
1, Александр Вичерчак Герман
2, Матео Маркончини Итали
3, Хасан Халмурзаев ОХУ, Саид Моллаи

ДАШТ-ий 4 дэх өдөр Франц, Германы баг алтан медаль авч, багийн дүнгийн 3, 4 дүгээр байрт бичигдэж эхэллээ. Япончууд энэ өдөр медаль аваагүй ч тэднийг гүйцэхэд бэрх байна. Японы баг 5 алт, 2 мөнгө, 1 хүрэлтэй бол манай баг 1 алт, 1 мөнгө, 3 хүрэлтэйгээр хоёрдугаар байрт явж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Уржигдар
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
31
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.