Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Сошиал медиа хуудсуудыг бизнестээ ашигтайгаар хөтлөх 6 зөвлөмж


"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарт орсон сошиал медиа хуудсуудыг бизнестээ ашигтайгаар хөтлөх 6 зөвлөмжийг хүргэж байна.

Бизнес байгууллагууд болон энтрепренерүүдэд тулгардаг нэгэн шаардлага бол сошиал медиа хуудсуудаа ажиллуулах. Бүтээгдэхүүн, үйлчилгээ тань хэр том, жижиг байхаас үл хамаараад оновчтой замаар хэрэглэгчдээ татах, сошиал хуудастаа дагагч нэмэх нь бизнесийн сорилтын нэг хэсэг болдог. Тэгвэл энэ үед юуг анхаарах, хэрхэн ажиллаж эхлэх талаар “The Science of Social Media” хөтөлбөрийн мэргэжилтнүүд юуг зөвлөснийг сонирхоцгооё.

1. Сошиал медиадаа зориулж цаг гарга

Та ямар ч төрлийн бизнес эрхэлж байгаа, эхлүүлж байгаагаас үл хамааран хэрэв сошиал медиа суваг нээсэн бол тухайлсан цаг гаргаж хэвшээрэй. Утсан дээр байдаг л нэг аппликейшнууд биш, маркетингийн бусад хэлбэрүүдтэй яг адил хүлээн авагчийн тоогоо нэмэх, сайн контент хийх, хүртээмжээ нэмэгдүүлэх гээд багагүй сорилт бий. Тийм ч учраас бидний сайн мэдэх олон брэнд хэдхэн сарын дараа идэвхгүй хуудсууд болоод үлддэг биз.

Харин амжилттай хуудсуудтай болъё гэвэл дор хаяж найман сараас нэг жил хүртэлх хугацааг маш идэвхтэй зориулах ёстой. Тогтмол контент хүргэхээс гадна хүлээн авагчид алинд нь ямар хариу үйлдэл үзүүлж байгааг анхааралтай хараад авах нь зүйтэй. Түүнчлэн энэ бүхэн төлөвлөгөө, стратегигүйгээр урагшилна гэж үгүй. Тиймээс хийхээр төлөвлөж, бодож буй зүйлсээ цаасанд буулгаад компанийн зорилго, алсын хараатай хэрхэн уялдах контентууд байж болох вэ гэдгийг бодоорой. Мөн хүмүүс яг яагаад танай хуудсыг дагах ёстойг өөртөө болон өрөөлд тодорхой болгож, түүнийгээ ягштал мөрдлөг болгох нь чухал шүү.

2. Өөрийнхөөрөө бай

Бизнес эрхлэгчдэд өгөх хоёр дахь зөвлөгөө бол ямагт өөрийнхөөрөө бай.
Цаашлаад сошиал медиад өөрийн дагадаг брэндүүдийг анзаараад үзээрэй. Тэднийг юу онцгой болгож, ямар учраас та дагадаг вэ? Тэдний хийж байгаа контент, тэдгээрийгээ түгээх хэлбэрт ямар нэг онцлог заавал байдаг буюу тэнд зүгээр нэг робот пост хийгээд байгаа биш хэн нэгэн байгаа нь мэдрэгддэг.
Тиймээс сошиал медиад амжилт олох нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараас гадна хэрэглэгчидтэйгээ холбогдох ур чадвар, дотно байдлаас тань шалтгаална гэсэн үг. Шилдэг брэнд хуудсууд дагагчидтайгаа ижил үнэт зүйлтэйгээр постуудаа бэлтгэсэн байдаг шүү дээ.

3. Зөвхөн сурталчлахаас гадна хэрэглэгчдээ сонс

Дараачийн анхаарах зүйл бол хэрэглэгчдээ сонсож чаддаг байх. Нэгэнт сошиал медиа гэдэг эргэх холбоотой харилцааг санал болгодог суваг учраас бизнес эрхлэгчдэд маш том давуу тал бий болгодог гэсэн үг. Үүнийг чадварлаг ашиглах нь танд амжилт авч ирэх болно. Хэрэглэгчдэдээ тусалж, санаа бодлыг нь сонсож харилцаж чадвал танайх руу хандах хүмүүсийн тоо ч нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр контентийн олон санаан дундаа төөрөлдөөд эсвэл эргэлзээд байгаа үед дагагчдаасаа асуугаад үзээрэй. Тэд юу хүсэж байгааг хялбархан мэдэх өөр арга бий гэж үү? Бас нэг арга хэлэхэд өрсөлдөгч брэндүүдийнхээ хуудсаар үе үе “шагайж” байгаарай. Тэд юу хийж, бас тэдний үйлчлүүлэгчид юу асууж, хүсэж байгааг мэдэрч чадвал та зах зээлийнхээ тухай илүү их мэдээлэлтэй болно.

4. Ямар сувгууд ашиглахаа зөв сонгох нь чухал

Сошиал медиа олон суваг бий. Бизнесийн хувьд Anchor, Pinterest, Tumblr гэхчлэн бүгдийг нь ашиглах нь оновчтой биш байх. Хэтэрхий олон суваг ашиглаад өдрийн турш тэр болгондоо пост хийхэд анхаараад эцсийн үр дүн нь шалихгүй бол хайран цаг хугацаа шүү дээ. Амжилттай яваа брэндүүдийн туршлагыг харвал 2-3 сувгийг л ашиглаж байна. Үүнээс гадна тэр бүрийнхээ онцлогт тохирсон харилцааны арга, хэлбэрийг ашигладаг нь давуу юм. Жишээ нь, Facebook-т оруулсан постоо яг ижилхэн хуулж тавиад LinkedIn-д олон лайк авах нь бараг л боломжгүй. Тиймээс Twitter, Instagram гэхчлэн суваг бүрийн хэрэглэгч, контент байршуулах онцлог зэргийг харгалзаж постоо оруулж дадах хэрэгтэй.

5. Амжилттай байхын тулд үнэн голоосоо “өвчил”

Өмнө хэлсэнчлэн найман сараас нэг жилийн хугацаанд тогтвортой ажиллаж байж сошиал медиад амжилт олно. Гэхдээ тогтвортой байна гээд ямар ч хамаагүй постууд байнга оруулаад байж болохгүй. Харин дуртай зүйл, чин хүсэл сонирхлоо дагаж контент, постууд бэлтгэвэл илүү сонирхолтой биш гэж үү?
Сошиал медиа гэдэг бол харилцаа гэдэгчлэн зөвхөн брэндийнхээ тухайгаас гадна өөрийн дуртай зүйлсээ хуваалцаж байгаарай. Ижил сонирхолтой, адил үнэт зүйлстэй хүн тантай, танай бизнестэй нэгдэх болно.

6. Видео маркетингийг туршаад үзээрэй

Зураг, видео контентууд яах аргагүй анхаарал татдаг. Гэхдээ видеоны үргэлжлэх хугацааг сайн анхаарч байхгүй бол болохгүй. Тухайлбал, Facebook-т 60-90 секундын видео хамгийн их хандалттай байдаг бол дараа нь нэг минут хүртэлх урттай видеонууд чамгүй үзэгч дагуулдаг. Энэ туршлага Twitter-т ч адил нөлөөлдөг. Тиймээс видеогоо богино, шууд гол санаандаа орсон байдлаар бэлдэхэд анхаарах хэрэгтэй.
Хэрэв видеондоо хөтлөлт, яриа оруулах бол мэдээж маш сайн микрофон, байгалийн гэрэл зэрэгт ач холбогдол өгөх хэрэгтэй болно.

холбоотой мэдээ
1
2019.08.02
"Гэрэг" сэтгүүлийн шинэ дугаараас САНАЛ БОЛГОХ 6 нийтлэл
2
2019.07.24
Хайр түгээсэн хагас жилийн амжилт
3
2019.07.23
Гэрэг Фэйшн: Тэргэлийн нүүр будалтын зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа
2
3 өдрийн өмнө
"The Hu" хамтлаг шинэхэн уран бүтээлээ нийтэд цацлаа
3
3 өдрийн өмнө
iPhone, Samsung зэрэг ухаалаг утас хэвийн хэмжээнээс их цацраг туяа ялгаруулж байгааг т...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0