Хайх зүйлээ бичнэ үү

Телевизийн салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллаж, “Би Бадарчийн Жаргалмаа” хэмээн итгэл дүүрэн мэндчилдэг “Ийгл Ньюс” телевизийн анкор Б.Жаргалмааг “Үнэ цэн” буландаа урилаа.

Телевизийн салбар бол үргэлж шинэчлэгдэн, хөгжиж байдаг өрсөлдөөнтэй, мэдрэмжтэй байх талбар. Мөн сэтгүүлч хүнээс зөвхөн хурц хараа, үгийн ончоос гадна үзүүлэх мэдрэмж, харилцах урлаг гээд олон талын авьяас шаарддаг орчин. Тэгвэл энэ л салбарт 30-аад жил тасралтгүй ажиллаж, “Би Бадарчийн Жаргалмаа” хэмээн итгэл дүүрэн мэндчилдэг “Ийгл Ньюс” телевизийн анкор Б.Жаргалмааг “Үнэ цэн” буландаа урилаа. 

-Ажил, мэргэжлийн замналаа та хэрхэн эхэлж байсан түүхээсээ хуваалцаач. 

-Би багаасаа л олонтой байх дуртай хүүхэд байлаа. Театрын дугуйланд явдаг, том болоод жүжигчин болох хүсэлтэй байсан ч яг шалгалтдаа 0,1 оноо дутсанаар сургуульдаа орж чадаагүй. Харин жүжиглэх урлагийн Ц.Ургамал багш маань тухайн үед телевизэд найруулагч хийж байгаад Монголын үндэсний телевизэд цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч шалгаруулж авах гэж байгааг дуулгасан. Үүнийг сонсоод очоод шалгуултал тэнцсэнээр 1992 оны есдүгээр сарын 2-ноос Монголын үндэсний телевизэд ажиллаж эхэлсэн дээ. 

Тухайн үед хүүхэд, залуусын “Харц” нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн учраас дорхноо л олны танил болчихсон. Гэхдээ бас хүүхэд байхдаа Хүүхэд, залуучуудын театрийн дэргэдэх дугуйланд суралцаж олон жүжгийн гол дүрд ажиллачихсан учраас тэр дүрүүдээр маань хүмүүс таньдаг, дууддаг байлаа. Мөн “Агшин” кинонд тоглоод удаагүй байсан учраас тэр үедээ хэрэндээ танигдчихсан байлаа. 

-Харин мэргэжлийн анкор болж эхэлсэн үеэ яривал? 

-Яг мэдээний хүн болох зам гэвэл 1995 онд хүүгээ төрүүлчхээд гэртээ байхад Америк телевиз байгуулагдах гэж байгаа гэнэ, шалгуулна уу гэдэг мэдээ дуулсан юм. Тэр үед нэвтрүүлэгч Д.Нарантуяа, Б.Цэенханд, Ж.Бямбаа нарыг хараад дотроо энэ хүмүүс шиг мэдээ уншдаг хүн болохсон гэсэн бодол, мөрөөдөл мэдээж байлаа. Түүндээ хөтлөгдөөд 1996 оны хоёрдугаар сард “Ийгл” телевизэд очиж шалгуулсан. “Сайн байцгаана уу, эрхэм үзэгчид ээ. “Бүргэд” телевизийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна” гээд л уншиж шалгуулж байлаа. Тэр үед Хонконг дахь “CNN”-ий мэргэжилтнүүд ирж зөвлөж байсан учраас намайг хараад үсийг нь тайрчихвал мэдээний жанрын, ажил хэрэгч төрхтэй болоод болчих юм байна гэж байсан. Ингээд химитэй, урт үстэй байсан хүн чинь үсээ тайрах уу гэхэд нь мөрөөдлийн ажлаа хийх гэж байсан учраас “тэгье тэгье” гээд л эргэлзэх зүйлгүй гараад шууд халимаг үстэй болоод л мэдээ уншиж эхэлсэн. Тэндээс мэдээний хүн болж, эхэндээ зөвхөн мэдээ уншдаг байсан бол төдөлгүй мэдээний сурвалжлагч болсон. 

-“Бадарчийн Жаргалмаа” гэж нэвтрүүлгээ хэзээнээс эхэлсэн бэ? 

-2013 оноос өөрийн нэрээр нэвтрүүлэгтэй болсон. Өөрийнхөө нэрээр нэрлэсэн учир нь ямар ч сэдвийн хүрээнд би өөрийнхөө туршлагаар ярилцъя гэж бодсон. Тодорхой утга илэрхийлсэн, чиглэсэн нэр өгчих юм бол тэр тухайгаа л ярилцах шаардлагатай болно. Зөвхөн урлаг соёл, улс төр, эсвэл энтертайнмент гэхчлэн хязгаарлагдмал болчих магадлалтай учраас цаг үе, сэдэвт баригдахыг хүсээгүй. Мөн үргэлж үлгэр, жишээ болгож хардаг “CNN”-ий том анкоруудын нэгэн адилаар өөрийн гэсэн ярилцлагатай байх ёстой юм байна, түүнийг нь ингэж хийдэг байна гэсэн өөрийн төсөөлөл, хүслээ тээчихсэн байсан. 

-Нэг ёсондоо телевизийн салбартай амьдралаа холбоод тасралтгүй 21 жил ажилласны дараа өөрийнхөө нэрээр нэвтрүүлгээ эхлүүлжээ. 

-Тийм ээ. Энэ хугацааны дараа л өөрийгөө телевизийн хүн боллоо гэж хүлээн зөвшөөрсөн болов уу даа. Хэдийгээр хүмүүс намайг таньж мэддэг болсон ч телевизийн эфирт тэнцэж ажиллана гэдэг бол том шалгуур, тасралтгүй цаг хугацааны хөдөлмөр шүү дээ. Надад дарга болооч, илүү эрх мэдэл, албан тушаалд очооч гэсэн санал цөөнгүй ирж байсан. Гэхдээ би эфиртээ үнэнч байх ёстой л гэж бодож ирсэн байна. 

-Манайд телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч гэхчлэн олон мэргэшлүүд бий. Харин “Ийгл Ньюс” телевизийн хувьд анкор гэж ялгаатай нэрлэдэг. Анкор гэж таны хувьд хэн юм бэ?

-Аливааг хөтөлж явуулах, бусдын бэлтгэснийг нэвтрүүлэн хүргэхээс ялгаатай нь анкор бол хөрвөх чадвартай, шуурхай, шууд мэдээний үед мэдээллийг бэлтгээд учир шалтгааныг харах чадвартай, анализ хийдэг хүн шүү дээ. Анкор байна гэдэг нэг л өдөр студийн гэрэлд шууд ирээд суух биш олон жил мэдээнд “гүйж”, мэдээ, сурвалжилга хийж түүнийг боловсруулж дадсан туршлагатай байх учиртай. Би өөрийгөө “Бадарчийн Жаргалмаа” гэх нэвтрүүлэг эхлүүлэхдээ л анкор болсон байх гэж боддог. Хэдийгээр бүр 1996 оноос л ингэж дуудуулдаг байсан ч чадвар, туршлага төдийгүй зориг хүрсэн нь тэр үе л болов уу. 

-Та карьерийнхаа энэ үед ирэх хүртэл хэрхэн өөрийгөө хөгжүүлсэн бэ? 

-Хүн нэг талаас хүсэл, тэмүүлэлтэй нөгөө талаас түүндээ хүрэх шартай байх ёстой шиг байгаа юм. Миний хувьд ямартаа ч хэн нэгэнд хар буруу санахгүй, буруу үйл хийхгүй, өөрийнхөө хийх ёстойг сайтар хийгээд явахад болно л гэж боддог байлаа. Гэтэл энэ замд хүнд янз бүрийн сорил, шалгуурууд гарч ирдэг юм билээ. Тухайлбал, намайг 1997 оны үед ажиллаж байхад сэтгүүлч мэргэжилтэй хүн биш учраас зайлшгүй Сэтгүүлч гэсэн дипломтой байх шаардлага тавьж байлаа. Үүнийг би нэг л шалгуур, сорил юм болов уу даа гэж бодоод Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаад ирсэн. Энэ үед би өөрийгөө харуулах ёстой юм байна, бусдаас илүү чадаж байгаагаа мэдрүүлэх ёстой юм байна гэж бодоод илүү их хичээсэн. Мэдээгээ аль өнцгөөс, яаж хийх үү, тэнцвэртэй байдлыг яаж хангах уу, олон нийтэд хэрхэн хүргэх үү гэхчлэн шаргуу ажилласан. 

Мөн юугаараа би олныг татаж мэдээллээ хүргэх вэ гэж их боддог боллоо. Харин америк захирал маань тухайн үед “Жагаа чи нүүр дүүрэн инээмсэглэ. Чамайг инээж байхад хүмүүс чам руу харна. Чам руу харж байхад нь чи мэдээллээ өг” гэдэг байсан. Энэ бол зүгээр л инээмсэглэх тухай биш үзэгчтэйгээ илүү ойр байх ёстой юм байна, үзэгчгүй бол Жаргалмаа ганцаараа мэдээ уншаад юунд ч хүрэхгүй юм байна гэдгийг ойлгуулсан хэрэг. 

-Өөрийгөө илүү хурцлан ажиллахад тань сайн редакц нөлөөлсөн гэж боддог уу? 

-Тэгэлгүй яахав. Би сайн редакцид, сайн редакторуудтай ажиллаж, хөгжиж ирсэн. Дараа нь өөрөө редактор, Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал ч хийж үзээд эргээд харахад редакц сэтгүүлчдийг өөрсдөөр нь хөгжүүлэх, ирлүүлэх ёстой юм билээ. Бүр шөвөгдөх ёстой. Нэг сэдвийг хоёр хүнд өгч гаргаад хэн нь, яаж харж байгааг анзаарах, тэд илүү юуг, аль талаас нь харж байна гэхчлэн өрсөлдөөн байх учиртай. Бидний хувьд нэг нь орж ирээд мэдээ хэлэхэд нөгөө нь “Би наадахыг чинь түрүүлээд сонссон байсан” гээд урд нь гарч гүйдэг, алхаа, гишгээгээрээ хүртэл уралддаг байсан. Залуу байх тусмаа сэтгүүлч аливааг олон янзаар, соргог олж хардаг. Харин түүнийг эфирт яаж өгөх вэ гэж тунгаах нь редакторын ажил. Энэ бол цензур биш шүү. Олон нийтэд яаж хүргэх үү, хэрхэн хүлээж авах бол гэхчлэн тал бүрээс нь бодож тунгааснаар хүргэнэ. 

Ер нь сэтгүүлч хүн буцалж л байдаг, хатгаж л байвал илүү ихийг хийдэг. Үүнийг хязгаарлах цензургүй учраас хэнээс ч айлгүй үгээ хэлдэг, нээлттэй ярилцдаг байсан нь Ийглийн хамгийн гол онцлог. 

-Карьерийн тань явцад алдаа, оноо олонтоо тохиосон байх. Сургамж авч, илүү сайжирсан тэр мөч хэзээ вэ? 

-Аливаа мэдээллийг түргэн, шуурхай хүргэнэ гэдэг бол мэдээллийн тасралтгүй урсгал. Энэ зууртаа хүн нэг л хэвийн байдалд дасах, үйл явдал, үзэгдлийг “шинээр” харахдаа хойргошиж мэдэх нь бий. Тийм учраас үүнээс л сэргийлж байнга шинэчлэгдэж байх ёстой. Агуулгын хувьд төдийгүй хэлбэрийн хувьд ч үргэлж шинэчлэгдэж, шинэ мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг байх учиртай юм билээ. 

Яг алдаа гэвэл ядарсан үедээ л эфирт суумааргүй юм билээ. (инээв) Одоо үед сошиал медиа хөгжөөд үзэгчид шууд орж ирээд л “Жаргалмаа эгчээ та ядраад байгаа юм уу?”, “Таны нүүр яагаа вэ?”, “Та буруу крем түрхчихэв үү?” гэхчлэн янз бүрээр сэтгэгдлээ илэхрийлнэ. Та битгий буруугаар ойлгоорой гэж байгаад хэлдэг тэр үгс нь л сургамж болж байна даа.  

-Гэхдээ та тасралтгүй олон цагаар эфирт сууж дадсан туршлагатай хүн шүү дээ? 

-Тийм л дээ. Зургаан цаг гаруй тасралтгүй шууд эфиртэй байж үзсэн. Одоо ч хааяа тэгнэ. Сонгуулийн үеэр л гэхчлэн улс орныг хамарсан чухал үйл явдлын үеэр орой 6 цагаас өглөө 6 цаг хүртэл дүн, мэдээ дамжуулаад л эфиртээ сууж байдаг. Энэ бол дуртай ажлаа хийж байгаа учраас надад ачаалал биш санагддаг. Тэнд би буцлаад л ажиллаж байгаа учраас ядрахаа огт мэдэрдэггүй. Гэтэл одоо үзэгчдээс тэрийгээ мэдрээд байна л даа. “Жаргалмаа, чи ядарсан байна шүү” гээд. 

-Таны амьдралд од гийсэнтэй дүйх боломж, тохиол юу байсан бэ? 

-Ер нь ингэж бодож байгаагүй юм байна шүү. Ямартай ч миний сэтгэл зүрх үргэлж л эфирээ гэж цохилж байдаг юм байна. 2008 оны долоодугаар сарын нэгний харамсалтай үйл явдлын үед би охиноо гаргаад гэртээ байсан. Гэхдээ мэдээний хүн болоод ч юм уу, үйл явдал өрнөж байхад би охиноо ой хүрээгүй байхад ажилдаа оръё гээд гүйгээд ирсэн. Яагаад ч юм би энд дуугарах ёстой юм шиг санагдаад. Ер нь би нэг тийм хүн. Хүмүүс “Жаргалмаа чи ажлаа хийхгүй байгаа юм уу, Ийгл үзэхээр чи гарахгүй байна” гэж асуух нь намайг үхүүлээд байгаа юм шиг санагддаг. 

-Шуурхай үйл явдал болохоор өөрийн эрхгүй эфиртээ суух ёстой юм шиг, өөрийгөө сойдог морь шиг гэж ярьж байсан тань санаанд орж байна шүү. 

-Ажилдаа дурлах гэдэг л тэр болов уу гэж боддог. Бас хамт олноо үгүйлнэ гэдэг юу юунаас илүү сайхан. Үйл явдал өрнөж байхад би гэртээ зүгээр суулгүй, тэр дунд буцалмаар болдог. 

-Сэтгүүлч хүний сэтгэлзүй, мэргэжлийн онцлог л энэ байх даа, тийм үү? 

-Тийм байх. Бид чинь энэ улсын түүхийг бичдэг хүмүүс шүү дээ. Тиймээс тэр түүхэн цаг үед бид байж л байх ёстой. Би 2000 онд өөрийн студи байгуулаад сонгуулийн өглөө Сүхбаатарын талбайгаар дээл, хувцсаа өмсөөд саналаа өгөхөөр явж буй хүмүүстэй ярилцлага хийж байсан юм. Дараа нь тэрийгээ юунд ашиглаж, хаагуур ч цацсан юм мэдэхгүй. Гэхдээ сэтгүүлчийн мэргэжил хүнийг хатгаад байдаг нь л тэр байх даа. 

Одоо ч ялгаагүй коронавирусийн халдварын энэ үед чартерийн онгоцонд юу болж байгааг би хармаар, хүмүүс хэрхэн зорчиж буйг сурвалжилмаар л байна. Тэнд сурвалжлах баг оруулж өгөөч гэх хүсэлтийг хэдийнэ Онцгой байдлын ерөнхий газарт тавьчхаад л сууж байна. Тэгсэн яг тэр өдөр нь “Херо” энтертайнментийн зураглаач орсон тухай мэдээлэл сошиал орчонд давалгаалж хүмүүс янз бүрийн хариу үзүүлж байсан. Би ч бас сэтгүүлч биш гэхэд ядаж зураглаач оруулж өгөөч гэдэг хүсэлт тавиад байлаа. Учир нь, энэ бол Монгол Улсын түүх шүү дээ. 

Бид түүх бичдэг, баримт бичдэг ажилтай хүмүүс. Бид 1966 оны их үер л гээд байдаг тэр түүхийг баримт үзэж байж л дараа үедээ сургамжилдаг. Сансарт монгол хүн ниссэн гээд зураг, дүрс хараад л бахаддаг. Түүний адилаар 2020 онд коронавирус гэж тахал гараад Монгол Улс ингэж ажиллаж байсан гэх тэр түүхийг хойч үедээ үзүүлэхийн тулд бидэнд баримт хэрэгтэй. Тиймдээ ч сэтгүүлч хүн энэ улсын түүхийг бичиж байгаа гэдгээрээ хэзээд бэлэн, комманд авсан цэрэг гэдэг шиг л байх ёстой. 

-Баримтыг хүлээж авсан сэтгэгдлээрээ дамжуулагчийг буруутгах тохиолдол хүлээн авагчдын зүгээс багагүй ирдэг. Та үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ? 

-Миний ярилцлагын хувьд би хэн нэгнийг сайхан муухайгаар, эсвэл өмөөрч харуулах өчүүхэн ч сонирхол байдаггүй. Би тэр хүн хэн бэ, тэр юу ярьж, илэрхийлэхийг хүсэж байна гэдгийг нээж гаргахыг зорьдог. Түүнээс биш ямар нэг өнцгөөр яриулахыг хүсдэггүй. Мөн ярилцлагын үедээ би өөрийгөө сэтгүүлч гэхээс илүүтэй үзэгчийн байр сууринд тавьдаг. Тийм болохоор заримдаа хүмүүс Жаргалмаа ийм юм асуух гэж дээ гэх нь бий. Энэ нь ч үнэн. Гэхдээ тийм зүйл асуух, түүндээ хариулт авахыг хүсэж буй үзэгч байгаа л байхгүй юу. Тэр үүднээс нь би асуудаг. 

-Та ажил, мэргэжлийнхээ үнэ цэнийг юу гэж тодорхойлох вэ? 

-Би олонтойгоо байдаг. Томоор хэлэх юм бол ард түмэнтэйгээ байдаг. Яагаад гэвэл тэд намайг сонсдог. Магадгүй их горьдох юм бол тэр хүмүүс намайг хүлээдэг учраас. “Жагаа, яагаад “Таны цаг”-аа авахгүй байгаа юм бэ” гэж асуух нь л намайг үгүйлж байгаагийн илрэл гэж боддог. Энэ бол миний үнэ цэн. Хоёрдугаарт, би “Ийгл” гэдэг нэрэн дор байгаа учраас энэ нэр, энэ хамт олон миний үнэ цэн. 

ЗурагТайлбар




-Танд зориглон тавих нэг асуулт байна. Та хавдраар өвчилж, үүнийгээ бас даван туулсан. Анх тэр мэдээг дуулаад хүнд юу боддог юм байна?

-Би энэ тухай ярихдаа эмзэглэдэггүй ээ. Яагаад гэвэл би үнэхээр үхээд сэхсэн учраас. Өвчний мэдээлэл аваад би ингээд үхэх юм байна, амьд үлдлээ ч тахир дутуу болох юм байна гэсэн ойлголттой байсан. Бүр гэрээслэл хүртэл биччихсэн байсныгаа дараа нь уншаад үхтлээ инээж билээ. Тэр үед энэ мэдээ зөвхөн надаас гадна ээжийг минь их зовоосон. Хагалгаанд орохын өмнөхөн далайн голд “Авраарай” гэж орилоход бурхан болсон аав минь намайг аваад явснаар зүүдэлсэн гэдэг. Тийм болохоор аав руугаа явчихлаа, охиноо алдах нь гэж бодсон юм билээ. Бас яг эмнэлгийн орон дээр хэвтээд хагалгааны өрөө рүү явахдаа эгчдээ “баяртай” гээд инээгээд даллахад минь “юуны чинь баяртай” гэж гээд эгч минь зэмлэж байсан ч би дотроо яагаад ч юм эргээд ирэхгүй юм шиг л санагдсан. 

Тэгээд нэг мэдэхэд эгч чихэнд “Жагаа, чи бид хоёр энэ гоё өрөөнд байна. Монголоос хүн утасдаад хөнгөлөлттэй үнээр оруулж өгсөн” гээд л яриад байхаар нь би үхээгүй байна гэж бодож билээ. Тэгээд нүдээ нээгээд л уйлж эхэлсэн. Удалгүй ээжтэйгээ ярихад “Миний охин чинь ард түмний охин юм байна шүү дээ. Ард түмэн охинд минь яаж тусалж байгааг чи мэдэж байна уу” гэж билээ. 

-Аймшигтай ч юм шиг. Гэхдээ та бүр үхэлтэй эвлэрчихсэн байжээ. Тийм үед хүн өнгөрүүлсэн амьдралынхаа талаар юу боддог юм болоо? 

-Юун түрүүнд ээжийнхээ өмнө орж, ээждээ үхэл үзүүлж байна даа гэж маш их харамсаж, зовоож байгаадаа гунигтай санагдаж байлаа. Харин өөрийнхөө хувьд бол би өөрийгөө амьдарч чадсан гэж бодож байсан. Хүүтэй, охинтой, хань ижилтэй байлаа гээд бүхнийг эргэцүүлсэн. Хүний үзэх ёстой бүхнийг үзэж, олон хүнд хайрлагдсан байна. Олон хүн намайг эдгээрэй, эргээд ирээрэй гээд хүлээж байгаа нь цаанаа дулаан сайхан байсан. Гэхдээ амьдралд сайн, муу бүхнийг үзчихсэн болохоор амьдрал намайг ингээд авч байгаа юм байна даа л гэж бодсон доо. 

-Эргээд ирэхэд ямар байсан бэ? Хүн анх төрөхдөө ухамсар суугаагүй, уйлаад л ирдэг бол хоёр дахиа “төрөхөд” ямар байдаг юм байна? 

-Дахиад төрөхдөө дахиад л уйлдаг юм байна лээ. Дэндүү жаргал мэдэрч байгаа шүү дээ. Энэ амьдрал ингээд дууслаа гэж бодтол дахиад л шинээр эхэлсэн. Дахиад л намайг олон хүн хүсэн хүлээж, хайрласан хэвээр байсан. Монгол Улсын хилээр орж ирэхэд л хагалгааны хавдар буугаагүй нүүр, амтай намайг тэндэхийн залуус “Энэ Жаргалмаа эгч шүү” гээд олны нүднээс холуурхан түрээд гүйж билээ. Монгол Улс намайг тэгж хүлээж авахад хилээр орж ирэхдээ би уйлж байлаа. Гудамжинд ч ялгаагүй, нүүрээ боочихоод явж байхад хүмүүс “Сайн уу, Жаргалмаа миний охин” гээд үнсэж байсан тэр сайхан сэтгэл надад илүү их урам зориг хайрласан. 

Дараа нь хамгийн сайхан уулзалт бол “Ийгл”-ийн хамт олон, эфир маань байсан нь ямар гоё мэдрэмж байсан гэж бодно. Нүүр маань бүрэн эдгээгүй ч эфирээр мэндчилээд, уулзаад суух зоригийг үзэгчид маань надад өгч байлаа. 

-Та хоёр дахиа “төрөөд” хүний хувьд өөрчлөгдөв үү? 

-Би илүү хүчтэй болсон гэж болно. Олон хүний хайр надад ирсэн учраас ихийг хийх ёстой гэх хүч, зориг надад нэмэгдсэн. Муу байх, муухай байх, алдах эрхгүй гэсэн үг л дээ. Энэ олон хүний хайр, итгэл гэдэг агуу шүү дээ. Үүнийг даачихаад би муухай явах ёсгүй. Ээж минь хүртэл “Ажилгүй өдөр байлаа ч нүүрээ будаж бай. Чамайг олон хүн харж байгаа” гэдэг. 

-Таны яриаг сонсож байхад их хүчтэй, эрэмгий эмэгтэй шиг сонсогдож байснаа үе үе “Ээж тэгж хэлээд”, “Ээж минь тэгсэн” гээд л жаахан охин шиг болчих юм. Одоог хүртэл ээжийн охин байх нь ээ. 

-Тийм ээ, би ээжийн охин. Одоо бүр эмээ болчихсон хэрнээ л өөрийгөө ээжийн охин л гэж боддог. Өнөөдөр би ээжтэй байгаадаа л хүч чадалтай байгаа байх. Ээж минь байхгүй бол магадгүй надаас ийм хүч гарахгүй. Ээжийгээ сайн авч явахын тулд би хүчтэй байх ёстой, хүчирхэг байхад минь ээж миний дэргэд байх учиртай. Өглөө гарахад заавал цайгаа уу, нүүрээ будаад гар гэж захидаг нь “Чи хүчирхэг байх ёстой шүү” гэдгийг мэдрүүлж байгаа хэрэг болов уу. Үүнээс илүү жаргал гэж байх уу. Ийм хүч өгөх хүн гэвэл миний ээж, охин хоёр л шүү дээ. 

-Орчин үед ажил, амьдралын заагаа зөв чиглүүлэх тухай ихэд ярих болжээ. Харамсалтай нь сэтгүүлч хүнд энэ хамгийн хэцүү байх. Та энэ тал дээр юу гэж боддог вэ? 

-Сэтгүүлч гэдэг чинь автобусанд явахдаа хүртэл чих нь ажлаа хийж байдаг хүн шүү дээ. Хэдийгээр зохицуулж дадах ёстой ч бидний мэргэжилд үнэхээр тийм боломж хомс. Ар гэрийн амьдрал маань ээж байгаа учраас, ээж миний ажлыг мэдэрдэг учраас болоод байдаг. Тавьдаг шаардлага нь ихдээ л чи ядарчихлаа гэх шүү дээ. Гэхдээ зүрх сэтгэлээрээ ажлаа хийдэг нь л сэтгүүлчдийн чанар байх даа. Ямар ч сэтгүүлч үйл явдал өрнөлөө гэхэд амьдралаа орхиод гүйчихдэг л байхгүй юу. 

-Та амарч, алжаалаа тайлах үедээ юу хийхийг хүсдэг вэ? 

-Ер нь бол хоолоо хийгээд хүүхдүүдтэйгээ инээлдэх дуртай. Миний хувьд их ажлын ард гараад гэртээ хариад ямар хоол хийх үү л гэдэг нь тайвшрал болдог. Хүмүүс ямар гоё юм бэ гээд дуу алдвал урам аваад л, дараачийн хоолоо хийж эхэлдэг. Сүүлийн үед бас гүйх, фитнесс хийх сонирхолтой болоод байна. Хэтэрхий их ачаалал авахаар хүний толгой дийлэхгүй шүү дээ, тиймээс хөдөлгөөн хийж алжаалаа тайлах зүгээр санагддаг. 

-Та 25 настай өөртөө ямар зөвлөгөө өгөх вэ? 

-Би 25 настай үеэ эргээд санах юм бол “UBS” телевизийн Мэдээний албыг байгуулалцаад даргыг нь хийж явсан байна. Ер нь 25 нас гэдэг бол хүн өөрийгөө таних, сорих ид нас гэж боддог. Тиймээс буцлах насандаа буцлаад, юу чадаж байна тэр хэмжээнд өөрийгөө сориод мэдээд авах хэрэгтэй. Тэр нь хойшдын ирээдүйг тодорхойлно. Тэр насандаа өөрийнхөө хүчийг үзээд би одоо энийг чадаж байгаа юм чинь дараачийнхыг нь чадна гээд нөөц бололцоогоо мэдээд авбал илүү ахих эхлэл болно доо.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
14
1
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үзэгч 2020.04.05 172.69.45.137

Ухаантай сайхан сэтгэлтэй мундаг бүсгүй шүү Амжилт хүсье

0 Хариулах


Монгол 2020.04.04 162.158.119.170

Анкор гэдэг нь юу гэсэн үг юм болдоо ! Хөтлөгч нарын хэлснийг ойлгох гэж заавал толь харах юмаа аа

0 Хариулах


Зочин 2020.04.03 172.69.252.139

Ymar goe yum be butslah nasan deeree butsal. Mash ih uram awchihlaa BAYARLALAA

0 Хариулах


Я.Баяраа 2020.04.03 172.69.252.139

Жагаа эгчийн түс тас хоолой дотроос нь сонсогдож байх жишээний

0 Хариулах