Хайх зүйлээ бичнэ үү

22 мин

Эгэл хүмүүс, эгэл бус түүхүүд: Гэрэл, сүүдрийн дагуул


Өөрийгөө уран бүтээлч гэж тодорхойлохыг нэг их яардаггүй нь ярианы өнгөнөөс мэдэгдэнэ. Гэвч сонирхол л түүнийг энэ хүртэл хөтөлж ирсэн гэвэл хэтэрхий даруухан хариулт болохыг барууны хэвлэлд нийтлэгдсэн зургууд нь, тэдгээрийн тухай гэрэл зурагчдын үнэлгээ, агшин хормыг эгзэгтэй үед хадгалан үлдсэн кадрууд, ховор ан амьтны зургууд батална. Эгэл энгийн хэр нь эгэл бус кадруудыг үлдээж буй гэрэл зурагчин Ч.Батзаяагийн ярилцлагыг хүргэе. 


-Гэрэл зурагчид үргэлж эрэлд хатаж явдаг байх. Хөдөө гадаа, зургийнхаа араас гээд хаа сайгүй явна. Жилдээ хэр хугацааг гэрээсээ хол өнгөрүүлдэг вэ? 

-Би яг гэрэл зургаар хоолоо олж иддэг, зуун хувь гэрэл зургийн хүн биш. Нэг талдаа аялагч, нөгөө талдаа аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хүн болохоор зураг авахад дөхөмтэй. Дээр нь хобби гэж зүйл хүнийг зүгээр байлгахгүй. Долоо хоногт ядаж нэг удаа зураг авахгүй бол хэцүүднэ шүү. 

-Монголынхоо нутгаар бол хангалттай явсан биз? 

-Бүх сумаар очиж чадаагүй. Гэхдээ бүх аймаг, тэгээд зарим сумаар дайраад гарах, заримд нь арав гаруй удаа очих тохиолдол ч байна. Монголын аяллын үндсэн маршрутаар бол явчихсан. Дээр нь энэ газар гоё юм байна, тэр газар гоё юм байна гэж судалж байгаад эргээд очно. Нэг газар очиж зураг авчхаад сэтгэл ханахгүй дахин дахин очих тохиолдол байдаг. 

Гадагшаа бол нэлээн явсаан. Европын ихэнх орноор, Азийн орнуудаар 2012-13 онд үүргэвчтэй аялал хийж явж байлаа. Африкаар, Сахарын цөлөөр явж байлаа гээд өөрийнхөө үзье гэсэн орон руу явчихдаг. Хонконг, Сингапур шиг хотжилтой газрууд надад таалагддаггүй, харин түүний оронд Энэтхэг, Вьетнам, Тайландад бол дахин дахин очдог. Учир нь, энэ газрууд нэгдүгээрт ахуй амьдрал нь хоёрт, зураг авахад сонирхолтой, үзүүштэй, дурсамжтай байдаг. 

ЗурагТайлбар



-Аялал жуулчлалын бизнес эрхэлж явсан хүн хэзээ гэрэл зурагт дурлах болов. Анхны дарсан кадраа санадаг уу? 

-Аялал жуулчлалын салбарт хүнд бүтээгдэхүүнээ зарах, хүнийг урин дуудахад ямар нэг контент хэрэг болно. Түүний гол бүрдүүлэгч зүйл бол гэрэл зураг. Гэрэл зураг байхгүй бол дүрсэлж яриад хүнд хүрэхэд хэцүү. Хуучин бол бүр ч тийм байлаа. Нэг танилцуулга хэвлээд очно, гэтэл тэр нь харилцагчид маань таалагдах ёстой. Тэгж байж харилцаа үргэлжилнэ, тийм ээ. 

Анх аялал жуулчлалын компани байгуулчхаад бас л хүмүүсээс зураг гуйж аваад, эвлүүлээд л нэг танилцуулга хийсэн юм. Нэг хоёр, гурван ч жил хийлээ. Ингээд түрүүчээсээ ганц нэг жуулчин аваад эхэллээ. Өнөөх жуулчинтайгаа явж юу авч, юу сонирхож байгааг нь мэдэрдэг боллоо. Тэрний дараа, 2005 онд Сахарын цөлөөр олон хоног явган аялал хийсэн юм. Франц, Бельги, Швейцарийн нэгдсэн багтай. Тэгэхдээ анхны камераа худалдаж аваад явсан. Тэгээд баахан зураг аваад Францад буцаж очоод цуг явсан найзууд, багийнхандаа үзүүллээ. Тэгсэн нөхдүүд “Чамд нэг авьяас байгаад байна. Чи аймаар авсан байна. Чамд ямар нэг төрөлхийн юм байна” гэдэг юм байна. Тэрнээс хойш л урамшиж, зураг авч эхэлсэн л дээ. 

Тэр аяллаас би нэг зүйлийг анзаарсан. Ер нь жуулчдын хүсэж сонирхож байгаа, мэдэхийг хүсэж байгаа зүйлийг үзүүлж байж л илүү үр дүнд хүрэхийн байна гэж. Аль болохоор монголчуудын нүдээр биш, жуулчдын эрэлт хэрэгцээнд тааруулсан зургууд авч реклам сурталчилгаа хийх хэрэгтэй юм байна гээд өөрөө зургуудаа авч эхэлсэн. Ингээд нэгт ажлын шаардлагаар хоёрт, ажлын орчин маань гэрэл зурагт ойр учраас нөлөөлсөн. Гуравт, залуу хүн юм юманд сонирхолтой байдаг шүү дээ. Тэгж яваад 2012 оноос хэдэн жил завсарласан юм аа. Бүх камер, хард хэрэгслээ хулгайд алдчихсан. Тэгээд нэг л өдөр “Би ч их юм аа алдсан юм байна даа. Зургаа дахиж авах хэрэгтэй юм байна” гээд Бээжин орж камер хэрэгсэл авчраад л маш идэвхтэй зурганд орсон доо. 

-Өнөөх Сахарын зураг сэлт бүгд байхгүй юу? 

-Байхгүй. Яахав энэ тэнд гэрийн компьютер дээр ч юм уу, найз нөхдөд өгсөн зургуудаа л цуглуулсан. 

- Сахарын аялалд яаж нэгдэв? 

-Арваад жилийн өмнө чинь Монголд хээрийн аялал нэлээд их байлаа. Тэгээд ер нь тийм аяллыг яаж зохион байгуулдаг, яаж хийдгийг мэдэх гэж Сахарын цөлд майханд хоноод явдаг аялалд франц түншийнхээ санал болгосноор нэгдсэн дээ. Нэг талдаа бусад орны аялал жуулчлал яаж явдгийг харах гэж, нөгөө талдаа санаа цуглуулах гэж л явсан. Монголын ялгарлыг ч гэсэн тэндээс л олж харж байгаа байхгүй юу. Сүүлийн үед миний анзаарч буй зүйл бол дэлхийн улсууд ялгарал, өөрийн гэсэн онцлог байдал дээр тулгуурлан жуулчдыг татаж байгаа болохоос өндөр үнэтэй зочид буудал, хамгийн гоё далайн эрэг сонин биш боллоо шүү дээ. Тийм зүйлээр ялгарлаа ч өөр газрууд ялгарчихна. Тийм болохоор бидний гэх ялгарлыг олж харах хэрэгтэй гэсэн санаа. 

-Таныхаар бидний ялгарал юу вэ? 

-Бид бол нүүдэлчид. Тэрнээс бидний боддог шиг байгаль л үзэх гэж ирдэггүй юм байна. Дан байгаль хангалтгүй, нэмэх нь хүн байх ёстой юм байна. Монголчууд яаж аж төрж, яаж амьдарч байгаа нь барууныханд тааварлагдашгүй сонин. Жишээ нь, таван ханатай гэрт таван ам бүл яаж амьдраад байгаа нь хүртэл сонин. Энэ бол бидний ялгарал. Энэ нүүдэлчин ахуй чинь тэр хүмүүсийн хувьд шал өөр ертөнц. Өөр байгаа юмаа тэд нарт сонирхуулж, мэдээлэл мэдлэг өгөх нь ялгарал, давуу тал гэж хараад байгаа. Тэрнээс монголоос дутахгүй сайхан байгальтай газрууд байж л байна, уугуул соёлтой отог омгууд ч бий. 

-Эхэн үеийн зургууд чинь байгалийн зураг байсан. Сүүлдээ ахуйн зураг нэлээд авсан, одоо бол зэрлэг ан амьтны зураг руу орсон байна, тийм үү? 

-Анх бол байгалийн зураг аваад явахад камераа тэгж тохируулах ёстой юм байна. Тэдэн цагт, тэндээс авах ёстой юм байна. Бүр аль улиралд очиж авахаа хүртэл төлөвлөдөг байлаа. Бас газар орноо ч мэддэг болчихож байгаа юм. Энэ бол хобби маань анхан шатандаа явсан үе. Ингээд ямар ч үед, ямар ч зураг авдаг болчихлоо. Дараа нь байгалийн зургаас жаахан уйдаж ирээд хүн, ахуй, гэр доторх амьдрал сэдвээр нэлээд зураг авсан. Ахуйн зураг бол ихэнхдээ аяллын явцын зураг. Тэгэхээр одоо зорьж очиж авдаг зураг авмаар байна шүү дээ, тийм ээ. Гэхдээ байгаль, ахуйгаа бол хажуугаар нь аваад л байгаа. Ингээд “Бүргэд” цуврал зураг авлаа. Бүргэд, бүргэдчин, бүргэдийн баярын зураг аваад 10 жил өнгөрч, одоо ч авсаар л байгаа. Намайг 10 жилийн өмнө очиход байсан жаахан хүү өнөөдөр том залуу болоод эхнэр авчихаж, настай буурлууд нь өөд дэвшчихэж. Сангаа ухахад ийм хувьсал хүртэл ажиглагдаж байна. Бүргэдчдийг бүгдийг нь танина. Тэдний сүүлийн 10 жилийн түүх миний компьютерт байна л гэсэн үг.

ЗурагТайлбар



Ингээд зургуудаа сэдэвчилж эхэлж байгаа нь энэ. Учир нь, өнөөх л ялгарал руу ойртох гээд байна шүү дээ. Монгол Улс өнөөдрийн дэлхий ертөнцөд юугаараа ялгарах, юугаараа онцгойрох вэ? гэсэн асуулт тавиад, хариулт хайсан. Нэгдүгээрт, монгол хүнийг харуулсан ном, зургийн контент хэрэгтэй юм байна. Хоёрт, бүргэдийн соёл. Дараа нь тайга, цаатан болон тайгын амьдрал. Дөрөвт, баяр ёслол, арга хэмжээг яаж зохион байгуулдаг юм бэ? гэдгийг харуулах. Тавд, монгол морины соёл гэж юу вэ, монгол морь яагаад бахархалтай вэ? гэсэн таван контентыг тодорхой хугацааны дараа хийнэ гээд агуулгыг нь гаргаад явнаа гэж төвлөсөн юм. Энэ агуулгуудаа алийг нь ч орхиогүй л байгаа. Сүүлийн үед ирвэсийн ном дээр ажиллаж байгаа учраас тэр талын зураг түлхүү нийтэлсэн байж мэднэ. 

Сүүлийн үед болохоор шувуу, зэрлэг амьтан аваад байдаг болсон байна гэж чи хэллээ. Гэхдээ энд нэг бэрхшээл бий. Энэ сэдэв бүхэн техник хэрэгслийн хувьд өөр өөр зүйл шаардана. Айлд бол энгийн дурангаар аваад байж болно. Гэтэл зэрлэг амьтан дарахад хамгийн сүүлийн үеийн, өндөр чанартай техник хэрэгтэй. Тэгээд техник хэрэгслээ бүрдүүлж аваад ирвэс гэдэг сэдвийг барьж авлаа. 

Гурван жил ирвэсийн араас хөөцөлдлөө. Ирвэс бол давхиж очоод авчихдаг амар амьтан биш. Аз, дээр нь олон удаагийн уйгагүй хөдөлмөр, нэлээд мөнгө төгрөг, зардал чирэгдэл болдог амьтан шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд л би зургаан удаа Баян-Өлгий аймаг ниссэн байх жишээний. Очоод л эрэл хайгуулаа хийгээд явна. Баас шээс, мөрийг нь хайж, судалгаа хийнэ. Тэр нь ихэнхдээ бүтэлгүй болно. Ингэж явахдаа дан ганц ирвэс биш ойр орчмын ан амьтан, идэш тэжээл, нутаг орныг авчихаж байгаа юм. Өнөөх Монголын ялгарлаа одоо зургаа болгож байгаа нь тэр. Ирвэс бол яалт ч үгүй Монголын ялгарал.

Ирвэс авдаг техник хэрэгсэлтэй болчихсон хүн чинь өөр юу авч болох вэ гэж бодно. Тэгэхээр хамгийн түрүүнд шувуу орж ирж байгаа юм. Шувуу бол хүнд их амралт болдог төрлийн амьтан л даа. Анх ердөө элээ, хэрээ, галуу гурав гэж л мэддэг байсан бол шувуу чинь ямар олон төрөл байдаг юм бэ? Авах тусам сонирхолтой болдог юм билээ. 

Дэлхий дээр 10 гаруй мянган төрөл зүйл шувуу байдгаас Монголд зусдаг, дайран өнгөрдөг 500 гаруй төрөл зүйлийн шувуу бүртгэгдсэн байна. Энэ бүхэн чинь өөр өөр. Нэг төрөл мөртлөө дотроо янз бүр байх тохиол ч байна. Тэгэхээр эрийг нь авсан бол эмийг нь, нэг төрлийг нь авсан бол нөгөө төрлийг нь гээд бүр сонирхож эхэлнэ. Жишээ нь, дэлхий дээр 15 зүйл тогоруу байдгийн зургаа нь Монголд байна. Үүнээс тав нь тохиолдлоор таараад байдаг, нэг нь буюу япон тогоруу маш ховор. Би жишээ нь тавыг нь авчихсан, зургаа дахь нь үлдчихээд л байна. Гэх мэтчилэнгээр хобби илүү сонирхолтой, утгатай болж байгаа юм. Ингээд өөрийнхөө хэмжээнд тодорхойлсон Монголын ялгарлууд маань цаашаа өсөөд, хүрээ нь тэлээд, ажил болоод л явж байна. 

-Гэрэл зурагчин болсноос хойших хамгийн хэцүү нөхцөлд авсан зураг ямар зураг вэ? 

-Зураг бүхэн түүхтэй. Заримыг нь их амархан авчихна. Заримыг нь бодоод, шаналаад яваад байгаа хэр нь болохгүй. Хуучин бол зургийнхаа санааг жижиг дэвтэр дээр зурчихдаг байлаа. Нар тэндээс гарч байхад ийм зураг авна. Жишээ нь, хоёр хүүхэд барилдууна. Цаана нь гэр харагдана, гэрийн үүдэнд эмээ нь сууж байна гэдэг ч юм уу, зохиомж төлөвлөдөг байсан. Тэгж авсан зургууд үнэ цэнтэй, үлдэцтэй байдаг. Тайгад бүсээ бүсэлж байгаа ахын зургийг авсан л даа. Тайга бол цав цагаан, цаа цав цагаан тэр дунд ув улаан бүс бүсэлж буй ахыг авсан байх жишээний. Энэ бол би бодож олоод байгаа юм биш, багад өссөн ахуй, бас энэ тэндээс үзсэн зураг, кино зэргээс хүртэл төрсөн санаанууд. 

ЗурагТайлбар



Энэ дунд хамгийн хэцүү нь ирвэс. 3000 болон түүнээс дээш өндөрт амьдардаг. Намайг түрүүлж харна уу гэхээс би түрүүлж харахгүй амьтан. Дээр нь нуугдамтгай. Тэр өндөр ууланд зузаан хувцас, том дуран үүрээд явна гэхээр өөрийгөө тамалж байгаа сонгодог хэлбэр юм даа. 

-Зургууд чинь монгол ахуйг их сайн дүрсэлдэг болохоор яг тийм ахуйд өссөн болов уу гэж бодсон? 

-Би Завхан аймгийн Сонгино суманд өссөн. Аав ээж маань албан хаагч, зүгээр л сумын төвийн л хүүхэд. Эмээ маань сум тойроод зундаа зусдаг. Эмээгийнхээрээ очно, авга, нагацынхаараа очно. Тэгж л өссөн. Ер нь төрөлхөөсөө амьтан хайрлах зөн байгаад байдаг юм уу гэж боддог. Бас адуу, бүргэд, зэрлэг амьтан чинь зүгээр нэг зогсож байгаад авахуулдаггүй, хөдөлгөөн, эрмэг, эрч хүч мэдрэгддэг, зурагчнаас самбаачлах хурд шаарддаг амьтад. Тэр нь бас татдаг байж мэднэ. 

-Адуу гэснээс таны адууны зургууд барууны олон хэвлэлд гарсан даа? 

-Тэр зургийг Хэнтий аймгийн Батноров суманд авсан. “Түмэн адуу” баярыг анх хийх гээд Улаанбаатараас 40-50 зурагчин очсон шүү. Бас л нэг ийм карантины үе байсан юм. Тэгээд малын бэлчээрт очоод дөрөв таван азарга адуу цуглуулж адуучидтай баахан зураг дарсан. Тэр чинь өвлийн дунд сар, маш хүйтэн, дээр нь манарсан цас зургууд дээр их хүч өгсөн үе. Би бүх хүн анхаарч буй дүрслэлийг биш, өөр зураг яаж авах уу гээд нэг дээшээ нэг гараад, доошоо нэг буугаад байж байтал нэг тийм аз тохиосон юм. Жаахан довын цаанаас цас манараад адуу ирж яваа нь мэдэгдсэн л дээ. Тэгэхээр нь өөдөөс тосоод гүйчихсэн. Тэгсэн чинь хоёр адуучин нэлээд хүүлэг адуу туучихсан ирж явсан. Үлгэрийн мэт харагдсан л даа. Тэр адуунд хур дэлтэй шарга азарга түрүүлээд явж байгаа нь их сүр хүчтэй харагдсан. Тэгээд л хэдэн зураг авсан. 

Би авсан зургуудаа аялал жуулчлалын ажлынхаа хүрээнд нэг сайтад тавьдаг байсан юм. Тэрлүүгээ явуулаад тавиад байж байтал Английн нэг хэвлэлийн агентлагаас хамтарч ажиллах санал ирлээ. Тэгээд өнөөх өвлийн адуу маллагааны тухай бүлэг зураг өгч явууллаа. Тайлбарт нь “Монгол адуу бол өөрсдөө бэлчээрээс хоолоо олж иддэг. Ямар нэг нэмэлт тэжээл шаардлагагүй. Өвлийн -40 градусыг даван туулдаг. Чингис хаан дэлхийн талыг туулахдаа ч энэ л морьдыг унаж явсан. Ийм л тэсвэр тэвчээртэй баатарлаг амьтад юм” гэсэн мэдээлэл бүхий контент бэлдээд өглөө. Бас хэд хэдэн газар луу явуулсан юм. Тэгээд Америкийн Weather.com сайтынханд Монголын -40 хэмд адуу маллаж буй зургууд таалагдаад тэднийх нийтлээд, бас Английн хамтардаг агентлаг маань хэд хэдэн газар луу явуулсан. Ингээд Daily news, Telegraph, Yahoo.com дээр гээд нэлээн олон газруудад гарсан.

Оны эцсээр “Оны шилдэг амьтны зураг”-т шалгарч, бас Английн дуучин Элли Голдингтой адилхан байна гээд харьцуулсан зураг цахимд тараад, тэрнээс хойш хаа сайгүй гарсан л даа. Тэр тохиолдол Монголыг сайнаар таниулж, адууны соёл, Чингис хаан, хүйтэн өвлийг дам таниулсан нь надад их таалагддаг. Тэр зураг надад их урам өгсөн л дөө. Дараа нь бас “Дэлхийд ойртсон сар” гээд зураг Англид бас нэлээд явсан. Энэ зургуудаа дараа нь нэрээрээ хайгаад үзэхэд 500 гаруй сайт дээр гарсан байсан шүү. 

ЗурагТайлбар



-Ингээд гараад ирэхээр зургийн эрхийг яаж хамгаалж байсан бэ? 

- Мэдээж гэрээтэй ажилласан. Дээр нь тодорхой хэмжээний төлбөр авна. 

-Нийтлэг ойлголт бол ганц кадр дараад зураг бол зураг. Гэтэл гэрэл зурагчдын хувьд өөр байх. Ганцхан кадр дараад гэрэл зураг гэж хэлэх, хэдэн арван удаа дараад тэндээсээ хүссэн кадраа гаргаж авах гэдэг өөр өөр асуудал уу? 

-Ганц дараад үүнийг зураг гэж байгаа хүнийг буруутгах арга байхгүй л дээ. Хэрэглээ талаасаа тэр зураг мөн. Илүү их нарийн орох тусам илүү чанартай, өгүүлэмжтэй, дурсгалтай, үнэ цэнтэй байлгах юмсан гээд нарийвчлаад яваад өгч байгаа юм. Миний компьютер дээр 30-40 тера зураг бий. Түрүүний ярьсанчлан сэдэв тус бүрээрээ баяжаад л явж байна. Байгаль дэлхий бол бидний үед ч, биднээс хойш ч нэг их өөрчлөгдөхгүй шүү дээ, тийм ээ. Гэтэл ахуй амьдрал асар хурдан өөрчлөгдөж байна. Хорин жилийн өмнөх айлын амьдрал, тэдний эдэлж хэрэглэж буй тавилга асар өөр, гэтэл өнөөдрөөс хойш 20 жил болоход бас л өөрчлөгдөнө. 

-Зургуудаа цахим орчинд нийтэлдэг. Хүмүүс хуваалцаад таны мэдлээс гараад явчихна. Танигдахгүй болчихсон явах үе ч байдаг байх. Зохиогчийн эрхийн асуудлыг яаж шийдэж байна вэ? 

-Энэ бол хүмүүсийн боловсролтой л холбоотой. Түүнээс биш өөр оронд бол хууль дүрэм чанга, зохиогчийн эрхийг хүндэлдэг. Манайд яг эсрэгээрээ хууль дүрэм сул, дээрээс нь таньж мэдээгүй байна л даа. Дунд болон дээд боловсрол эзэмшээд гарч байгаа хүмүүсийн нийтийн боловсрол, тэр дундаа гоо сайхныг ойлгох мэдлэг бага юм байна гэж анзаарагддаг. Тэгэхээр үнэлж, ойлгохгүй бол хайрлахыг хүлээх хэрэггүй л байх. Харин зургийг өөрсдөөрөө дамжуулан хэвлэн түгээж байгаа газрууд энэ дээр анхаармаар санагддаг. Заримдаа танигдахгүй болчхоод эргээд ирнэ. Гэхдээ энэ цаг хугацааны л асуудал байх гэж боддог. 

-Таны зургийг хүмүүс хэр их худалдаж авдаг вэ? 

-Ер нь нэлээд ирнэ ээ. Хүн л юм чинь хэрэгцээ байна. Хэдэн зуун километр яваад, маш их зарлага, хөлс хүч гаргаж байж авсан зургийг маань хүн үнэлбэл сайхан л байлгүй яахав. Цөөн хэдэн тохиолдолд л зарж байсан. Гэхдээ зарж, борлуулах гэхээсээ илүү утга учир, зорилготой болгож байж тэндээсээ орлого олдог болъё гэсэн бодол байгаа боловч одоогоор зарлага нь 99 хувь л байна даа. 

-Таны ажиллаж буй салбарын тухай яриагаа чиглүүлмээр санагдлаа. Тахлаас болж аялал жуулчлалын салбар таг зогслоо. Нэгэнтээ нам зогссон салбар эргэж сэргэх гэж хэр удах бол? 

-Хорин жил аялал жуулчлалын бизнес хийхдээ өнөөдрийнх шиг нөхцөлтэй таарч байсангүй. Ганцхан Монголын асуудал биш дэлхийн асуудал болчихлоо. Дээр нь тааварлашгүй, яахаа мэдэхгүй байгаа нь л хамгийн хэцүү.

Үүнийг ярихаас өмнө бүр монголчуудын аялал жуулчлалын талаарх ойлголтыг ярих хэрэгтэй болно. Бид аялал жуулчлал гэдгийг бааз, зочид буудлаар хэмждэг. Энэ хоёр чинь аялал жуулчлалын нэг л хэсэг болохоос гол зүйл нь биш. 1841 онд Томс Күүк гэж хүн галт тэргээр аялах анхны багц аяллыг санаачилсан гэдэг юм. Түүнээс хойш бүх зүйлээ шийдүүлсэн багц аялал үүсээд явсан. Монголд болохоор 1954 онд Жуулчин компани гаднаас анхны багц жуулчнаа авсан байдаг. Тэрнээс хойш бид аялал жуулчлалыг бааз, зочид буудлын түвшинд л ойлгож ирж. Уг нь бол аялал жуулчлалын гол амин сүнс нь тур оператор гэдэг авчрагч, эсвэл илгээгч компаниуд байхгүй юу. Тур оператор байхгүй бол зохион байгуулж авчрах, явуулах газар байхгүй тул хэчнээн сайн буудал, бааз байгаад яах юм бэ? Бас татвараас чөлөөллөө гэнэ. Нэгэнт ганц ч жуулчин ирэхгүй байгаа аяллын компаниуд ямар юмныхаа татвараас чөлөөлөгдөх вэ дээ. Ингээд аялал жуулчлалаа төр засаг нь хүртэл ойлгохгүй байгаа нь том хүндрэл. 

ЗурагТайлбар



Дэлхийн аялал жуулчлалын нөхцөл байдлыг хараад байхаар найман сар хүртэл 80 хувь унана гэсэн мэдээлэл байна. Тэрийг тэгвэл монгол дээр махчилаад үзье л дээ. Өнгөрсөн жил Монгол Улс 577000 жуулчин авсан. Тэрний 80 хувь нь ирэхгүй гэхээр 120000 орчим хүн ирэх магадлалтай юм байна. Гэхдээ улс орны хил найман сараас нээгдэж, 10-12 сар хүртэл аяндаа тэлж, жуулчдын урсгал 30 хүртэл хувиар нэмнэ гэж байгаа юм. Ингээд харахаар өнөөх 120 мянган хүн дотор жуулчин ирэх боломж байхгүй. Манай аялал жуулчлал улирлын учраас зогсчихдог. Тэгэхээр хэн ирэх вэ? Бие даасан судлаачид, эрдэмтэд, хобби дээрээ түшиглэсэн зурагчид ч юм уу ирэх магадлалтай. Ингээд харахаар аялал жуулчлалын салбарт хүртэх нь маш бага болж байгаа юм. 

-Энэ жилдээ уналт тэр чигтээ байсаар ирэх жилтэй золгох нь уу? 

-Тэгнэ. Дэлхийд арай гайгүй болох магадлалтай тэр үед нь манайд өвөл болоод аялал жуулчлал хаагдчихна. Ирэх жил дэлхий дахинд өнөөх 80 хувийн уналт буцаад 40 хувь хүртэл өснө. Тэгэхээр 2019 онд байсан жуулчид 2020 онд бүр байхгүй болоод 2021 онд буцаад 40 орчим хувь өсөх хандлагатай гэсэн үг. Уг нь аялал жуулчлалыг өөдрөгөөр яримаар байвч бодит байдал ийм л байна. Нэг багахан давуу тал байгаа нь Ази, Номхон далайн бүс нутагт бусад тивүүдийг бодвол аялал жуулчлалын идэвхжил арай түрүүлж сэргэнэ гэсэн мэдээлэл гарч байгаа. 

Өнгөрсөн онд манайд ирсэн жуулчдын 65 хувь нь Ази, Номхон далайн орнуудын жуулчид байсан. Хэрэв Азийн сэргэлт арай түрүүлж эхэлбэл бусад газруудтай харьцуулбал чүд өмнө өндийх эерэг зүйл харагдаж байна. Бас нэг сөрөг зүйл дахиад нэмэгдсэн нь хар жагсаалт. Тухайлбал, гаднаас манайх руу мөнгө шилжүүлэх гэтэл манайх энэ банктай харьцдаггүй, өөр банкаар хий гэвэл өнөөх ирэх гэж байгаа хүмүүст хүндрэл болно шүү дээ. Жуулчны мөнгийг хянаад, хүндрэл болоод байхгүй юмаа гэхэд аяллыг хөнгөвчлөх арга замыг хааснаараа жуулчдаа алдах эрсдэл байж болно. Энэ мэтчилэн манай талаас хамаарах зүйл их. Визний хөнгөлөлт үзүүлдэг ч юм уу, давуу талууд бий болгох хэрэгтэй. 

-Ер нь бид аялал жуулчлал дээр хаана нь алдаад байдаг юм бэ. Гол, чухал салбар гэх атлаа цэгцэрч өгөхгүй л байна шүү дээ? 

-Манайх бол адал явдалт аялал жуулчлал илүү хөгжих боломжтой орон Тэр тал руу нь бид хөгжүүлэх ёстой. Энэ нь дотроо алхалтын, авиралтын, морь тэмээ унах, цэцэг ургамал харах, шувуу харах, зураг авах гээд дотроо олон хэсэгтэй. Жишээлбэл, манайх хүйтэн тиймээс Африкийн орнууд руу сурталчилгаа хийж, цас үзэх хүмүүс авчиръя гэж сэтгэж болохгүй л байхгүй юу. Тэр хүн цас үзье гэвэл ойрхон яваад үзчих газар зөндөө бий. Тэрний оронд цанчид, ууланд аялагчид, авирагчдыг олноор авчирна гэвэл илүү бодитой. 

Шувууны аялал гэхэд тусдаа том аяллын сэдэв байна. Өвөл Энэтхэг, Хятадад өвөлжсөн шувууд яг өнгө зүс нь гоё болох үед Монголд зусахаар ирэх юм уу, дамжин өнгөрөхөөр ирдэг. Тэгэхээр шувуу сонирхдог хэсэгт сурталчилгаагаа хүргэх, тэднийг урин дуудах л хэрэгтэй. Өөр бидэнд сонин содон юм юу байна, тэр дагуу хүний сонирхол дээр тулгуурласан аяллыг хөгжүүлэх хэрэгтэй. Хүн сонирхлынхоо төлөө явдаг л байхгүй юу. 

ЗурагТайлбар



-Манайхны аялал жуулчлалын бодлого хөшөө, байгууламжид төвлөрөөд байгаа юм биш үү? 

-Тийм, тэр хөшөөг ирж үзэх хүн хэд вэ? Өвөрмонголчууд ирж мэднэ. Бид зорилтод зах зээлээ л бодох хэрэгтэй. Аялал жуулчлал чинь хүнд таашаал зардаг байхгүй юу. Чингисийн хөшөөн дээр очоод бүх хүмүүс кайф авах уу. Монгол хүн бол авах л байх. Гэтэл тэр чинь зөвхөн монголчуудад зориулагдсан бол өнөөх их тоондоо яаж хүрэх юм бэ? Юу руу мөнгө оруулахаа бодохгүй бол төр орж самраад байвал хэцүү дээ. 

-Таны сүүлийн үед хийж буй ажлын тухай ярья. Ирвэсээр дагнаж гаргаж байгаа анхны гэрэл зургийн ном болов уу? 

-Гэрэл зургаар бол тийм байх. Ер нь түрүүний ярьсан бүргэдийн баяр, монгол ахуй, зэрлэг ан амьтнаар дагнасан танин мэдэхүйн гэрэл зургийн ном хийнэ гэсэн бодолтой яваа. Гэхдээ энэ номнууд ямар орон зайг туулан очихыг одоогийн байдлаар хэлж мэдэхгүй. Сүүлийн үед ирвэсийн ном дээр идэвхтэй сууж байна. Нэгдүгээрт, ирвэс дэлхий дээр 6000 тоо толгой бий гэдэг. Нуугдмал амьтан, бага судлагдсан учраас яс нарийн тоо биш. 13 орны уулсыг дамжсан нутагт 6000 ирвэс байгаа гэдэг. Хамгийн олон нь Хятад, Төвдийн нутагт. Хоёрдахь олон ирвэстэй орон нь Монгол. Монголд бол 1000 орчим ирвэс бий гэсэн тоо гаргаад байгаа. Тиймээс энэ амьтан Монголын онцлогийг харуулах боломж бололцоо юм уу гэж боддог. Одоо бол байгааг нь өсгөж үржүүлэх юмсан гэхээсээ байгааг нь байгаагаар хадгалах юм сан гэдэг цаг үед ирлээ шүү дээ. Монголд зарим зүйлс байх нь тодорхойгүй болох шинжтэй болж байгаа тул ирвэсийг хүмүүст ойлгуулахад хувь нэмрээ оруулмаар юм байна гэж бодоод үүнийг хийсэн. Мал өсөхийн хэрээр ирвэсийн нутаг хумигдаж, хүн амьтан шахаад ирэхээр ирвэсийн тэжээл болдог аргаль, янгир нь дүрвээд явчихна. Ингэхээр яалт ч үгүй доошоо бууж хонь ямаа иднэ. Тэгээд малчид, ирвэсийн хооронд зөрчил гарч, агнадаг тохиолдол гараад байна. 

Оршин байх газаргүй болохоор амьдрахад хэцүү болоод байгаа учраас үүнийг ойлгож, хамгаалж, хайрламаар байна, ховор гэдгийг ойлгуулмаар байгаа юм. Өнөөх л Монголын гэсэн онцлогийг харуулах, бас гэрэл зурагчны ур чадвараа сорих нэг сорил болж байгаа.

ЗурагТайлбар



Гурван жил араас нь яваад ааш араншин, үр зулзага, амьдралын хэв маяг, идэш тэжээл, амьдрах орчныг нь харуулсан материал нэлээд цуглаад ирсэн учраас үүнийг дариухан хүмүүст хүргэчихмээр юм байна гээд л ном гаргахаар ажиллаж байна. Гэрэл зургийн ном мөртлөө танин мэдэхүйн ном болгоё гэж бодож байгаа. Зургууд бол харьцангуй сайн гарсан, ойроос авсан зургууд бий. Цаашдаа бүргэдийн соёл, тайгын амьдралын талаар бас таниулах сонирхол бий.  





Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2021.08.18
Г.Оргил, Б.Маралмаа: Хүн өөрөө хөдөлмөрлөхгүй бол хараатай байгаад ч нэмэргүй
2
2021.02.02
Хөл хорионы үед сэтгэлийг тань дулаацуулах 35 БОГИНО ТҮҮХ
3
2021.01.19
ФОТО: Нуугдсан түүхүүд буюу бидний анзаардаггүй хүмүүс
санал болгох
1
22 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.