UBLife Logo
Дэлхий

Зөнч мэргэч, манганаас болж Японд жуулчин цөөрч байна  

Зөнч мэргэч, манганаас болж Японд жуулчин цөөрч байна  

Японд Хонконгоос ирэх жуулчдын тоо эрс цөөрсөнд Японы аялал, жуулчлалын компаниуд ихэд гайхаж, учрыг нь олохоор хөөцөлджээ.

Гэтэл Токио дахь БНХАУ-ын ЭСЯ-наас иргэддээ хандан, энэ зун Японд байгалийн том гамшиг болж магадгүй гэсэн анхааруулга гаргасныг олж мэджээ. Мэдээж албан ёсны газар тул итгэхгүй байхын аргагүй. Ингээд л жуулчид Наран оронд ирэхээ больсон хэрэг. Яагаад дипломат албан байгууллагаас ийм анхааруулга гаргав? Юу болов?

Хамаг асуудал хуучны манга, Хонконгийн фэн-шуй мастер, зөнч мэргэч нараас эхэлжээ. Юуны өмнө гуравдугаар сарын 31-нд Японы Засгийн газраас хэрэв Нанкайд хүчтэй газар хөдлөлт, цүнами болбол хэдэн хүн амиа алдахыг тооцоолон гаргасан. 298 мянган хүн гэж гарсан. Үүнийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан ч Хятадад тун болгоомжтой хүлээн авсан. Ингээд ЭСЯ-наас дөрөвдүгээр сарын 14-нд иргэддээ хандан Японд болзошгүй байгалийн гамшгаас сэргийлэх, ЭСЯ-ндаа бүртгүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа болгоомжтой байхыг анхааруулсан байна. Ядаж байхад энэ анхааруулга яг Хонконгийн олон нийтийн сүлжээнд долоодугаар сард Японд газар хөдөлнө гэсэн цуурхал гарч байсан үетэй таарсан байна. Энэ цуурхлыг өдөөн хатгасан явдал нь нэгэн япон манга, мөн Хонконгийн мэргэч төлөгч нар байв.

Тэрхүү манга нь 2021 онд гарсан Рё Тацүкигийн “Миний харсан ирээдүй, бүрэн хэвлэл” хэмээх манга бөгөөд 2025 оны долоодугаар сарын 5-нд Японд болж байгаа хүчтэй газар хөдлөлтийн талаар хэлэлцэнэ. Тацүки 1999 онд  гаргасан “Миний харсан ирээдүй” мангадаа 2011 оны байгалийн гамшгийг урьдчилан харж чадсан гэдгээрээ алдартай зохиолч юм.  Тэр үед Рё зүүдэндээ харсан зүйлээ бичсэн нь ирээдүйд тохиосон гэж ярьж байлаа.

Хонконгийн зурхайч Ци Сянь Юй “Энэ жил маш олон байгалийн гамшиг, газар хөдлөлт, түймэр болно. Машин, онгоцны ослын тоо эрс өснө. Зүүн хойд зүгийн орнуудад аялахдаа болгоомжил. Болж өгвөл Япон, БНСУ-д очихоос зайлсхий” гэж мэдэгдсэн нь эдийн засгийн маш хортой нөлөө үзүүлсэн байна. Хонконгоос Японы хотуудад хийдэг нислэгүүд цуцлагдаж, аяллын компаниуд аргаа барж байна. NHK телевизийн мэдээлснээр энэхүү зурхайн талаар олон нийтийн сүлжээнд нийт 1400 бичлэг гарч, 100 сая хүн үзсэн байна. Бичлэг Хонконг, Хятад төдийгүй Вьетнам, Тайландад гарч, ирэх долоодугаар сард Японд аялах захиалга илт буураад эхэлжээ. Ялангуяа ойрын үед газар хөдөлсөн хот, мужуудад аялах жуулчны тоо буурсаар байгаа юм. Хонконгийн Greater Bay Airlines компани Токүшима, Сэндайд нисэх нислэгээ  хаалаа.

Харин Японы Засгийн газраас шинжлэх ухааны үүднээс “Газар хөдлөлт хэзээ, хаана болохыг хэн ч тааж мэдэж чадахгүй. 2021 онд гарсан манга газар хөдлөлтийг урьдчилан төсөөлж чадахгүй. Энэ бол зүгээр л цуурхал” гэж мэдэгдсэн ч одоогийн байдлаар тусыг эс оллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Munkhbayar\13.251.63.5
Uuchlaarai ugaasaa yponii zasgiin gazar touristaa tsuuruuleh bodlogo hiij baigaa ter muhar suseg baigaliin gamshig edriin talaar haana ch medegdel hiigeegui ugaasaa ypon baingiin gamshigiin belen baidald baidagshu