Сүүлийн жилүүдэд залуусын сэтгэл зүй, амьдралаас авч буй сэтгэл ханамж огцом унаж байгаа нь олон улсын судалгаанууд дээр батлагдсаар байна. Дэлхийн 20 гаруй оронд 200,000 гаруй хүнийг хамруулсан шинэ судалгаагаар өнөөгийн залуу үе өмнөх үеийнхнээсээ хамаагүй бага аз жаргалтай байгааг тогтоожээ. Харвардын их сургууль болон Бэйлорын их сургуулийн хамтарсан “Global Flourishing Study” нэртэй энэхүү судалгааны дүн “Nature Mental Health” сэтгүүлд нийтлэгдээд байгаагаас сонирхуулж байна.
Судалгаанд оролцсон 18-29 насны залуус зөвхөн аз жаргалын хувьд ч бус, сэтгэц болон биеийн эрүүл мэнд, мөнгө санхүү, амьдралын утга учир, харилцаа холбоо, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэрэг бүхий л түвшинд хүнд байдалд байгаагаа илэрхийлжээ. Залуусын дийлэнх нь ирээдүйгээ тодорхойгүй, тогтворгүй гэж үзэж байгаа нь тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Харвардын судалгааны багийн ахлагч, профессор Тайлер Вандервийл судалгааны тухайд “Энэ бол тун ноцтой дүр зураг юм. Бид залуусын сайн сайхан байдалд хангалттай хөрөнгө оруулалт хийж чадаж байна уу гэдгээ эргэн нэг харах ёстой” хэмээсэн байна.
Технологийн хэт хэрэглээ, нийгмийн дарамт, эдийн засгийн хүнд байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь энэ уналтын мөн ноцтой шалтгаанууд болохыг судалгааг удирдан явуулсан баг дүгнэжээ. Хүмүүс хоорондын бодит, гүн холбоо багасч, оронд нь хийсвэр, түр зуурын харилцаа давамгайлж буй нь залуусыг өөрсдөдөө итгэх итгэлээ алдах, ганцаардахад хүргэж байгааг нуухын аргагүй.
Өмнөх үеийнхэн буюу жишээлбэл 80-90-ээд онд өссөн залуус одоо үеийнхнийг бодоход илүү өөдрөг, ирээдүйд итгэлтэй байсан бол өнөө цаг үед өсөж яваа залуу үе нийгмийн олон асуудлыг өөрсдийн нуруун дээр үүрч яваа мэт мэдэрч, сэтгэл зүйн хувьд илүү хүнд ачаалалтай амьдарч байна.

Сэдвийн хүрээнд олон судалгаанд оролцсон эдийн засагч Дэвид Бланчфлауэр; “Залуусын асуудлын гол шалтгаан нь тэд юу хийж байгаадаа бус, харин юу хийхээ больсон явдалд оршиж байна” гэжээ. Тэрээр Роберт Путнамын “Bowling Alone” номыг иш татан “Одоо бол тэд зүгээр ганцаараа боулинг тоглож байгаа биш, бүр тоглохоо ч больсон” хэмээн анхааруулжээ.
Залуусыг зөвхөн "ирээдүйн хүч, найдвар" хэмээн харж, хүлээлт тавихаас гадна яг одоо тэдний сайн сайхан байдалд хөрөнгө оруулах, бодит дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг энэ судалгаа сануулж байна. Хамгийн гол нь залуусын дуу хоолойг сонсож, тэдэнд дэмжлэг үзүүлж, хэрэгтэй үед нь бодит тусламж үзүүлэх нь чухал юм. Түүнчлэн сэтгэл зүйн боловсрол, амьдралын ухаан, харилцааны ур чадварыг эртнээс олгох нь тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлж чадна гэж судалгааны баг зөвлөжээ.
Эх сурвалж: The New York Times