Ажилд орох гэдэг бол залуу хүний хувьд зүгээр нэг хөдөлмөрийн гэрээний эхлэл биш. Энэ бол өөртөө итгэх итгэл, мэргэжлээ сонгосон шийдэл, амьдралдаа хүлээсэн хариуцлагын бодит илрэл. Өөрийн замаа олж харах анхны алхам бүхэн тодорхой биш, заримдаа бүр айдастай байдаг ч хувийн өсөлт, түүх яг л тэндээс эхэлдэг.
Яг энэ замд хамтдаа алхах “Алхам 2.0” мэдээллийн аяныг бид эхлүүлээд буй. Зориг сангийн хэрэгжүүлж буй “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” болон МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээ, Лоринэт сангийн хамтын ажиллагааны хүрээнд залуусын ажил мэргэжлийн замналд итгэлтэй алхахад нь зориулсан хэрэгцээтэй, бодит мэдээлэл, урам зориг өгөх дуу хоолойг бид хүргэх гэж байна.
Энэ удаа бид зөвхөн нэг хүний өнцгийг биш, харин уг төслийн амин сүнс болсон байгууллагуудын төлөөллүүдтэй ярилцсанаа хүргэж байна.
Н.Буянжаргал | Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагч

"Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг бид 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ажил идэвхтэй хайж байгаа боловч тогтвортой хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа залуучуудыг энэ хүрээнд хамруулсан юм. Энэ зуурт анзаарсан зүйл нь оюутан, залуус маань их сургуулиа төгссөний дараа ажилд орох хүртлээ тодорхой цаг хугацааг алддаг юм билээ. Тухайлбал, академик боловсрол хангалттай хэмжээнд эзэмшиж чадаж байгаа ч, ажилд ороход шаардлагатай зөөлөн ур чадвар олж авч чадахгүй байна гэдгийг олж харсан.
Ингээд 2022 онд “Алхам 1.0” кампанит ажлыг явуулсан бол энэ удаад “Алхам 2.0” аяныг Ub.life сайттай хамтран эхлүүлээд байна. “Алхам 1.0” кампанит ажлын үеэр залуусыг ажил, хөдөлмөрт уриалах, энэ талаарх ойлголт, хандлагыг нь зөв төлөвшүүлэх зорилготой байлаа. Харин “Алхам 2.0”-ыг хэрэгжүүлэхдээ анхны зорилгоо бага зэрэг өөрчлөөд сургуулиа төгссөн залуус бус ид суралцаж байгаа оюутнуудад анхаарахаар шийдсэн. Хүн мэргэжил эзэмшинэ гэдэг нь алсдаа хөдөлмөр эрхлэхэд өөрийгөө бэлдэж байгаа үйл явц юм гэдгийг оюутнуудад эрт ойлгуулах нь чухал юм байна гэж үзсэн.
Бид энэ удаад МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтарч ажиллаж байна. Монголд энэ чиглэлийн үйлчилгээ олон улсын чиг хандлагатай харьцуулбал аргагүй хоцрогдож байна. Мэдээж их, дээд сургуулиуд карьер хөгжлийн үйлчилгээгээр дамжуулан хүний хувь заяаны замыг бүхэлд нь төлөвлөж өгөх шаардлагагүй. Гэхдээ хөдөлмөрийн зах зээл, карьер хөгжлийн талаарх анхан шатны мэдээлэл, ойлголтуудыг оюутан, залууст таниулж, ойлгуулах нь чухал.
Бүр нарийн яривал, шинэ төгсөгчдөд үнэндээ ажил хэрхэн хайх, ажлын ярилцлагад яаж хувцаслах, CV-гээ хэрхэн чанартай бэлтгэх талаар төсөөлөл тун бага. Тиймээс CV-тэй байх ёстой юм байна гэж мэдмэгцээ интернэтээс санамсаргүй хайлтаар зөвхөн өөртөө сайхан харагдсан загварыг татаж аваад, мэдээллээ хагас дутуу оруулчихдаг. Тэгтэл тухайн мэргэжил, ажил горилж байгаа байгууллагын үйл ажиллагааны онцлог, салбартайгаа уялдуулаад CV тань өнгөлөг байх юм уу, эсвэл албан ёсных байх юм уу, үг хэллэг, өгүүлбэр нь ямар хэл найруулгаар бичигдэх вэ гэдэг нь тодорхой стандарттай шүү дээ.
Иймээс л залуучууд наанадаж ямар салбарт, ямар байгууллагад илгээж байгаагаасаа шалтгаалаад CV-гээ байнгын шинэчлэлт хийх учиртай юм байна гэдэг ойлголтыг карьер хөгжлийн үйлчилгээнээс мэдэж авах учиртай.
Цаашлаад шинэ ажилтан юунд анхаарах ёстой вэ, байгууллагын аливаа соёл, системд хэрхэн дасан зохицох вэ, карьераа урт хугацаанд хэрхэн төлөвлөх вэ гэхчлэн олон талт мэдээлэл, зөвлөгөө хүргэхээр уг кампанит ажлыг бид хэрэгжүүлж байна.
Энэ зорилгодоо хүрэхийн тулд сар бүр томоохон ажил олгогчийг МУИС-д урьж оюутнуудад зориулсан нээлттэй ярилцлага, уулзалтыг зохион байгуулж байна. Үүгээр тухайн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх бодит ойлголт, мэдээллийг энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудтай хуваалцах юм. Залуучууд хөдөлмөр эрхлэх, орлоготой байх, тэр нь тогтвортой байх нь урт хугацаандаа амьдралынх нь баталгаа болно.
Тиймээс л бид бүх талын ойлголтыг нэгтгэх нь алсдаа томоохон үр дүнд хүрнэ гэж итгээд “Алхам 2.0” кампанит ажлыг хэрэгжүүлж байна. Хамгийн чухал нь энэ ажлаас үр шим хүртэгчид болох оюутнууд маань карьераа зураглах, ирээдүйдээ бэлтгэхийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгож бидний зорилтот үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна.
Б.Цэцэнцолмон | МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын дарга

Социализмын үед иргэн бүрийг ямар нэгэн мэргэжил эзэмшүүлэх байдлаар улсаас бодлогоор боловсон хүчнийг бэлтгэдэг байлаа. Ингээд суралцаж, төгсөхөд нь тухайн хүний ажлын байрыг зааж, томилно. Тэр хүн нэгэнт эзэмшсэн мэргэжлээрээ насан туршдаа ажиллах төдийгүй ихэнх тохиолдолд анх орсон байгууллагадаа тэтгэвэрт гарах хүртлээ хүчин зүтгэдэг систем байсан. Өдгөө энэ дүр зураг өөрчлөгдөж, хүн амьдралдаа хэдэн ч мэргэжил эзэмших, хэдэн ч газар ажиллах боломж нээлттэй цаг үе ирсэн. Тэр ч бүү хэл өөрөө өөртөө ажлын байр бий болгох ч гэдэг юм уу, тааварлашгүй олон сонголттой нийгэмд бид амьдарч байна. Тэгэхээр МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас үзүүлж байгаа карьер хөгжлийн үйлчилгээний хувьд ч тэр үүнд нийцсэн, энэ эрх чөлөөт боломжийг тооцсон байх шаардлага үүсээд байгаа юм.
Дээд боловсролын сургалтын хөтөлбөрөөр оюутнуудад мэргэжил эзэмших суурь ур чадвар суулгадаг. Үүнээс гадна бусад зөөлөн ур чадварыг оюутнуудад олгох ажил нь оюутны хөгжлийн хөтөлбөр, карьер хөгжлийн үйлчилгээнд суурилдаг онцлогтой.
Дээд боловсролын байгууллагын тэргүүн зорилгын нэг нь төгсөгчдийнх нь дийлэнх тогтвортой ажил хөдөлмөр эрхлэх, улмаар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах явдал билээ. Тэгэхээр төгсөгчдөө ажлын байранд зуучлах, тогтвортой ажиллахад нь шаардагдах зөөлөн ур чадваруудыг тэдэнд эзэмшүүлэх нь мөн байгууллагын үйл ажиллагааны чухал хэсэг байдаг.
МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын үйл ажиллагааны нэг томоохон чиглэл нь карьер хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөх үйлчилгээ байдаг. Тухайлбал, хичээлийн хөтөлбөрөөр заадаггүй ур чадварууд болох СV бичих арга аргачлал, ажлын ярилцлагад бэлтгэх болон бусад зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээгээр оюутнууддаа тусалдаг юм, бид. Үүнийг илүү өргөн хүрээнд, үр дүнтэй ажил болгохын тулд бид сүүлийн гурван жилийн хугацаанд “Зориг сан”-тай хамтран ажиллаж байна.
Уг хамтын ажиллагааны хүрээнд 2022 оноос туршилтын байдлаар хэрэгжүүлсэн “Алхам 1.0” кампанит ажил маань энэ жил “Лоринэт” сангийн дэмжлэгтэйгээр “Алхам 2.0” болж, хүрээгээ тэлээд буй.
Энэ ажлын хүрээнд “Num Career” оюутны клубийг байгуулж, гишүүдээ сурган бэлдээд байна. Тухайн оюутнууд маань сургагч болсноор бусад оюутнуудад зөвлөн тусалж, дэмжлэг үзүүлэх боломж нээгдэнэ.
Ер нь МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын үйл ажиллагаа дан ганц карьер хөгжлийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй. Бидний зүгээс сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэндийн үйлчилгээ, клуб олон нийтийн ажил, санхүүгийн дэмжлэг, гадаад оюутныг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих зэрэг оюутны хөгжил, нийгмийн зөвлөх үйлчилгээний арав гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Оюутны хөгжлийн үйлчилгээг олон улсад дээд боловсролын салбарын “гуравдагч орон зай” гэж нэрийдэх нь бий. Энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд ч гэсэн мэргэшсэн боловсон хүчин байх учиртай. Түүнчлэн дээрх чиг хандлагын дагуу МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын үйл ажиллагааг бэхжүүлж, хөгжүүлэхийн тулд улс үндэстнийхээ уламжлалт ойлголт, соёлын онцлогийг мөн бодож тооцоолох шаардлагатай байдаг тухай сурч, мэдэж байна, бид. Цаашид олон улсын туршлагаас суралцсан, улс орны дээд боловсролын байгууллагын тогтолцоонд нийцсэн, монголчуудын уламжлалт соёл, сэтгэлгээний онцлогийг тусгасан оюутны хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна.
Б.Тамир | Лоринэт сангийн Монгол дахь захирал

Монгол бол залуусын орон. Хүн амын дийлэнхийг 35-аас доош насныхан бүрдүүлдэг нь энэхүү тодорхойлолтыг зүгээр нэг уриа лоозон бус, бодит зураглал болохыг харуулдаг. Гэсэн хэдий ч энэ асар том нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, залуусын оролцоог тэгш хангах орчныг бид хараахан бүрдүүлж чадаагүй байна.
2022 онд Лоринэт сан Монголын залуусын ажил эрхлэлтийн нөхцөл байдлыг судлахад 15–29 насны таван залуу тутмын нэг нь тухайн үед хөдөлмөр эрхлээгүй, мөн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хамрагдаагүй байсныг тогтоосон. Олон улсын хэмжээнд “NEET” (Not in Employment, Education or Training) хэмээн тодорхойлдог энэ бүлэгт олон тооны залуус харьяалагдах тусам улс орны тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг.
Ийм нөхцөл байдалд орсон залуусыг “өөрсдөө хичээдэггүй” гэх хэт ерөнхий, шүүмжлэлт хандлага нийгэмд оршсоор байгаа нь асуудлыг шийдэх бус, улам хүндрүүлдэг. Судалгааны дүнг нарийвчлан харахад эдгээр залуусын дунд ажил идэвхтэй хайж буй боловч олж чадахгүй байгаа залуус, бага насны хүүхдээ гэртээ өсгөн хүмүүжүүлж буй залуу ээжүүд, эрүүл мэндийн шалтгаантай, эсвэл өөрт тохирох ажил байхгүй хэмээн итгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлоо алдсан бүлгүүд багтаж байв. Тэднийг ойлгож, хэрэгцээ шаардлагыг нь нарийвчлан тодорхойлж байж үр дүнтэй шийдэл боловсруулах боломж бүрдэнэ.
Залуусын хөдөлмөр эрхлэлтийн асуудал зөвхөн хувь хүний хүчин чармайлтаар шийдэгдэхгүй. Энэ бол боловсролын тогтолцоо, хөдөлмөрийн зах зээл, төрийн бодлого, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг шаардсан олон талт асуудал. Жишээлбэл, дээд боловсрол эзэмшсэн залуусын дунд ур чадварын хангалтгүй байдал буюу ажил олгогчийн шаардлагад үл нийцэж байгаа нь боловсролын салбар болон хөдөлмөрийн зах зээл хоорондын эрэлт нийлүүлэлтийн зөрүү байгааг харуулж байна. Ажлын байранд түгээмэл шаардагддаг зөөлөн ур чадвар, багаар ажиллах чадамж, харилцааны ур чадвар зэргийг системтэй олгож чадахгүй байгаа нь нэн тэргүүнд анхаарах асуудал юм.
Үүнээс гадна, хувиараа хөдөлмөр эрхлэх залуусын тоо Монголд тун бага буюу ердөө 1.3 хувьтай байна. Энэ бол залуусын идэвх, санаачилгыг дэмжих орчны хүрэлцээгүйг харуулсан бодит үзүүлэлт. Тодорхой санаа, хүсэл эрмэлзэл байгаа ч бизнес эрхлэх сэтгэлгээ, хэрхэн, хаанаас эхлэх талаарх ойлголт, ур чадвар хангалтгүй байгаа ба эдгээрийг дэмжсэн тогтолцооны дутагдал залуусын замыг хязгаарлаж байна.
Лоринэт сан 2017 оноос хойш Монгол Улсад бага насны хүүхдийн хөгжил болон залуусын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр нийгмийн хөрөнгө оруулалт хийж ирсэн билээ. Бид хүүхэд залууст чиглэсэн оновчтой, урт хугацааны дэмжлэг үзүүлэх замаар хувь хүний амьдралд төдийгүй тогтолцоонд эерэг өөрчлөлт авчрах бүрэн боломжтой хэмээн итгэж, түүний төлөө ажиллахыг зорьдог.
Бид төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхээс гадна нотолгоонд суурилсан мэдлэг бүтээх, экосистемийг оролцогч талууд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, сайн туршлагыг бодлого боловсруулах түвшинд хүргэх зэрэг цогц аргачлалаар тогтолцооны өөрчлөлт бий болгохыг зорьдог.
Бид энэ зарчмаараа Зориг сангаас хэрэгжүүлж буй “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-г 2019 оноос хойш дэмжин ажиллаж байна. 2024 онд энэхүү хөтөлбөрийн 3-р үе шат эхэлж Алхам кампанит ажил болон дээд боловсролын байгууллагуудын карьер хөгжлийн үйлчилгээний тогтолцоог сайжруулах замаар олон мянган төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээл рүү нэвтрэхэд нь бодит дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа. МУИС дээр хэрэгжиж буй энэ загварыг өргөтгөн, бусад их, дээд сургуульд нутагшуулах нь энэхүү хөтөлбөрийн алсын зорилго.
Нэг залууд хүрсэн боломж зөв төлөвлөлт, зохистой орчны дэмжлэгтэй байж чадвал тэр боломж нийгэмд бүхэлд нь хүртээмжтэй байж, тогтвортой ирээдүй рүү хөтөлж чадна. Хүн бүрд боломж хэрэгтэй. Харин тэр боломжийг бодит болгох зам нь хамтын ажиллагаа, ойлголцол, хариуцлагатай оролцоо юм.
