Оюутан залуусын хувьд их сургуулиа төгсөөд ямар байгууллагад ажиллах, ямар ажил эрхлэх вэ гэдэг бодлоос огт гардаггүй асуудлуудын нэг мөнөөс мөн. Мэргэжил эзэмшиж, их дээд сургуульд суралцаж буй дөрвөн жил бол ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэхэд өөрийгөө бэлтгэж буй үйл явц билээ. Оюутан байх хугацаандаа янз янзын байгууллагуудын соёл, зохион байгуулалт зэрэгтэй танилцаж, туршлага хуримтлуулах нь ажлын байран дээр гарахад том давуу тал болдог. МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээ, Зориг сан хамтран өнгөрсөн баасан гарагт Монголын хамгийн анхны LEED сертификаттай ногоон барилгатай танилцах аяллыг оюутнуудын дунд зохион байгууллаа.
Танилцах аялалд хамрагдсан оюутнуудад бидний зочилсон MMS GREEN BUILDING барилгын шийдэл, өнцөг булан бүр нэн сонирхолтой байсан нь илт байлаа. Уг барилгын хувьд ногоон барилгын голлох шалгуурууд болох сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлт, ногоон байгууламж, дотоод орчны чанарын жишиг шийдэл бүхий бүрэн автоматжуулагдсан төдийгүй нийт талбайн 30 хувийг ногоон байгууламж эзлэдэгээрээ онцлогтой юм.

Танилцах аялалд МУИС-ийн олон төрлийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд хамрагдсан бөгөөд тэд өөр өөрсдийн суралцдаг мэргэжлийн өнцгөөс барилгын шийдлүүдийг онцлон харж, мэдэхийг хүссэн асуултуудыг ээлж дараалан асууж тодруулж байсан юм. Танилцах аялалын хөтөч, инженер Б.Батболд ч тухайн асуултуудад уриалгахан хариулж байлаа.
“Мөнгө санхүүжилт, бусад хүчин зүйлсээс шалтгаалж болохгүй, чадахгүй гэж хойш суухгүйгээр ийм хэмжээний жишиг төсөл, барилгыг хийж бүтээж болдог юм байна гэдгийг нүдээр харлаа.”

“Би ирээдүйд барилга байгууламж, архитектур төлөвлөлттэй нягт уялдаатай ажиллах мэргэжлээр сурч байгаа учраас ногоон барилгатай танилцах аялалд явж буйдаа маш баяртай байна. Ногоон барилга байгууламжийн дизайн, архитектурын шийдэл болон жижиг деталь хэсгүүдийн талаар төсөөлөл л байсан. Яг өөрийн биеэр танилцаж, нүдээр үзэх үнэхээр сонирхолтой байлаа. Дэлхийн томоохон барилга, цамхагууд, бизнес төвүүдийн жишигтэй нийцэх ийм барилга Монголд баригдсан нь урам зориг өгсөн. Мөнгө санхүүжилт, бусад хүчин зүйлсээс шалтгаалж болохгүй, чадахгүй гэж хойш суухгүйгээр ийм хэмжээний жишиг төсөл, барилгыг хийж бүтээж болдог юм байна гэдгийг нүдээр харсан учраас сэтгэгдэл маш өндөр байна.”
Оюутнууд зөвхөн барилгын шийдэл, хийцтэй танилцаад зогсохгүй ирээдүйд ямар орчинд ажиллавал тэдэнд ээлтэй байх вэ, ая тухтай ажлын байр ямар байх ёстой гэдэг талаар хоорондоо санал сэтгэгдлээ хуваалцаж байсан нь танилцах аяллын онцлох мөчүүдийн нэг байв. “Ийм оффист ажиллавал гоё доо, энэ хэсэг нь их тухтай харагдаж байна шүү” гэх зэргээр ярилцаж байсан юм.


“Ажилтнууддаа зориулсан, хүндээ ээлтэй оффис байлаа.”

“Өмнө нь олон байгууллагын оффисоор зочилж үзээгүй ч энэ танилцах аялал маш сонирхолтой байлаа. Монголд ийм ногоон байгууламж байдаг гэх төсөөлөл өмнө нь огт байгаагүй. Төлөвлөлт, өнгө, жижиг деталь бүрийг бодолцож маш зөв шийдэлтэй хийсэн нь их шинэлэг санагдсан. Биологи, хими, физик гээд бүх шинжлэх ухааны элемент, шийдлүүд барилгын бүх хэсэгт байсан нь онцлог. Мөн ажилтнуудынхаа ая тухтай ажиллах бүхий л боломжийг хангаж, тэдэнд зориулж хийсэн нь хүндээ ээлтэй шийдэл гэдэг утгаараа маш их таалагдлаа.”

MMS компанийн ерөнхий инженер Б.Батболд бидэнд барилгынхаа үүднээс эхлээд үзүүлж, танилцуулж болох бүхий л зүйлсийг танилцуулан, хөтөч болсон билээ. Тэрээр зөвхөн барилгын шийдлийг танилцуулахаас гадна ажлын байр гэдэг зөвхөн ажиллах орчин бус амьдралын чанар, бүтээмжид ч нөлөөлдөг зүйл гэдгийг онцлон хэлсээр байсан юм.


“Бидний консепт бол ажилчид маань байж болох бүх боломжоороо эрх чөлөө, ая тухыг ажлын байран дээрээ мэдрээсэй гэсэн хүсэл юм.”

“Бид нар хамгийн ёс суртахуунтай үндэстэн гэвэл автоматаар Япончуудыг төсөөлдөг шүү дээ. Японд очиход бүх зүйл нь хүндээ зориулагдсан, хүний төлөө шийдэлтэй гэдэг нь алхам тутамд мэдрэгддэг. Харин япон хүний сэтгэлгээ бол үр хүүхдээ цэцэрлэгт орохоос нь эхлээд “Миний хүү, миний охин чи бол япон хүүхэд шүү. Тийм учраас япон хүн хог хаяж болохгүй, япон хүн бусдад талархаж, уучлалт гуйдаг, ийм ёс зүйтэй байдаг юм шүү” гэдгийг төлөвшүүлдэг. Тийм эмзэг нандин, бага насандаа ингээд төлөвшчихсөн хүүхэд насан туршдаа тэр хүмүүжлээ гээдэггүй. Иймээс ч тэр хүүхдүүд цаашид юмсыг үнэлэх үнэлэмж, хандах хандлага нь яг тэр хэвээрээ тогтдог. Үүний адил оюутан сурагчдад монгол хүн ямар орчинд ажиллаж, амьдрах ёстой вэ гэдгийг танилцуулснаар тэдний оюун санаанд бид ийм хэмжээний түвшинд ажиллаж амьдрах ёстой юм шүү, энэ бол энгийн стандарт зүйл шүү гэдэг ойлголтыг суулгаж өгч байгаа юм. Энгийнээр оюун санааны хөрөнгө оруулалт гэж хэлж болно.
Нөгөө талдаа, оюутан залуус маань урам зориг авч, өөрийнхөө амьдарч байгаа орчин, ажиллаж буй оффис, гэр сургууль гээд бүхий л зүйлдээ өндөр, чанартай түвшинд хандаж, тийм зүйлийг бий болгох эрмэлзэл бий болно гэж хардаг. Тиймээс манай байгууллага, бидний үйл ажиллагаатай танилцах хүсэлтэй бүх хүнд нээлттэй байдаг гэдгийг энэ дашрамд дуулгая.”

Бид хоногийн 24 цагийнхаа гуравны нэгийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Ажил бол хоёр дахь гэр гэдэг үг ч үүнээс улбаатай. Харин ажил дээрээ ая тухтай, сэтгэл ханамжтай байж чадах эсэх нь ажиллах орчноос шууд хамааралтай бөгөөд энэ нь амьдралын чанар, бүтээмж, сэтгэл санаанд ч нөлөөлдөг. MMS GREEN BUILDING барилгатай танилцах аяллаар дамжуулан оюутнууд ажилтандаа болоод хүрээлэн буй орчиндоо ч ээлтэй ажлын байр ямар байдаг талаар төсөөлөл, чиг баримжаа авч чадлаа.
