Монголын залуучуудын өдөр өнөөдөр тохиож байгаа тул бид “Women Who Dare” буландаа шийдвэр гаргалт, бодлого боловсруулах түвшний нийгмийн аливаа хөдөлгөөн, үйл ажиллагаанд залуусын дуу хоолойг ямагт төлөөлж, илэрхийлж байдаг залуу эмэгтэйг зочноор урилаа. Тэр бол Монголын залуучуудын эвсэл байгууллагын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа.
-Монголын залуучуудын өдрийн талаар Та мэдээлэл өгөөч. Нийгмийг хамарсан хэлэлцүүлэг, дуулиан шуугиан багатай өнгөрдөг тул энэ өдрийн талаар залуус маань ч хангалттай мэддэггүй санагддаг.
-НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Залуучуудыг дэмжих арга хэмжээний хөтөлбөр”-ийг 1995 онд баталж дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилгоор Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн наймдугаар сарын 12-нд тэмдэглэж ирсэн юм билээ. Харин Монгол Улсын хувьд Залуучуудын өдөр нь наймдугаар сарын 25-нд тохиодог. Манай байгууллага буюу Монголын залуучуудын эвсэл нь 2015 оноос жил бүрийн энэ өдөр Залуучуудын иргэний нийгмийн чуулган зохион байгуулж, эндээс ярилцаж, тодорхойлсон асуудлаа тухайн үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд залуучуудын асуудал харьяалагддаг байсан тул зөвлөмжөө хүргүүлдэг байсан.
Харин 2019 онд Засгийн газрын зүгээс энэ чуулганыг хамтран зохион байгуулах эхлэлийг тавьсан. Тухайн үед төр, иргэний нийгмийн түншлэл чухал гэдгийг бодолцон хамтран зохион байгуулж байв. Ялангуяа, түншлэлгүйгээр бодлогын өөрчлөлт ярих боломжгүй тул энэ саналыг хүлээн авч байсан.
Харин өнгөрсөн жилээс Соёлын яамны харьяанд залуусын асуудал очсон. Ингээд чуулганаа хамтран зохион байгуулах тухай ярилцаж байсан ч болоогүй. Энэ жил мөн хамтран ажиллах тухай ярилцаж байна, одоогоор есдүгээр сарын 20-нд үндэсний чуулганаа хийх бэлтгэл ажил явагдаж байна. Ер нь төр, иргэний нийгэм хамтраад арга хэмжээ зохион байгуулахад янз бүрийн л асуудалтай нүүр тулдаг. Агуулгын хувьд хэрхэн зохион байгуулах, ямар дуу хоолой илэрхийлэх вэ, үнэхээр асуудлаа ярилцсан арга хэмжээ болж чадах уу, эсвэл Засгийн газрын ээлжит нэг “ажил” болоод өнгөрөх үү гэдэг асуудалтай. Гэсэн хэдий ч бидний хувьд хамтраад оролцоод явах нь чухал гэж боддог. Ядаж л цөөнхийн бүлгийн дуу хоолойг тусгах, тэднийг яриулах, урьдчилсан хэлэлцүүлэг заавал хийх гэхчлэн оруулдаг хувь нэмэр нь их.
-Төр, иргэний нийгмийн түншлэл гэдэг их сонирхолтой сонсогдож байна. Олон нийтийн зүгээс иргэний нийгэм үргэлж шүүмжлэх учиртай гэсэн хүлээлт байх нь элбэг. Ер нь нийгмийн бодлогыг тодорхойлоход нэг оролцогч тал болохын хувьд иргэний нийгэм гэж юу вэ, ямар нөлөөлөлтэй байдаг юм бэ?
-Иргэний нийгэм гэдэг бол өөрсдийн үзэл санаа, үнэт зүйл дээр сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн бүлэг хүмүүс гэж товчхондоо ойлгож болно. Энэ нь заавал төрийн бус байгууллага хэлбэрт орох, эсвэл заавал нэг асуудлаар Засгийн газрыг шүүмжилж ажиллахдаа гол нь биш. Бүр бүжиг, спортын клуб, эсвэл хувь хүн ч байж болно. Нөгөөтээгүүр тодорхой хугацаанд, нэг асуудал дээр нэгдээд зорилгодоо хүрчих юм бол тарж бас болно. Ийм харьцангуй уян хатан зохион байгуулалттай, иргэдийн сайн дурын бүлгийн нэгдэл гэвэл иргэний нийгэм гэж ойлгоно. Харин илүү өргөжөөд ирэхээр иргэний орон зай гэгдэж, түүний хамгийн чухал тоглогч нь иргэний нийгмийн байгууллагууд болно.
Тэгэхээр иргэний орон зай гээд томоор нь харвал хувь хүн ч тоглогч болж болдог буюу нийтийн эрх ашгийн төлөө, нийтлэг эрх ашгаа хамгаалахын төлөө, тодорхой сэдвээр танигдсан хүмүүс ч байна. Үүний нэг жишээ нь Шилэн Цогоо гэж хүн шүү дээ. Тэр хүн ганцаараа төсвийг мөшгөөд, хяналт тавиад, хүмүүс ч бас тэр хүнээс хүлээлт нэхдэг. Талбай дээр ганцаараа жагсдаг хүмүүс ч байна. Энэ хүмүүс иргэний орон зайн нэг хэсэг мөн үү мөн. Мөн өнгөрсөн хавар талбай дээр жагссан “Огцрох амархан” жагсаал ч тэр. 10 орчим залуу хоорондоо ярьж байгаад нэгдээд, тодорхой зорилгын төлөө 21 хоног жагслаа шүү дээ. Тэдний эвлэлдэн нэгдсэн гол зорилго бол Ерөнхий сайдад хариуцлага тооцуулах буюу огцруулах байсан. Тэдний хувьд зорилгодоо хүрсэн, тарсан. Нэг удаа нэгдсэнээрээ үргэлжлүүлээд асуудал гарч ирэх бүрд жагсаад байх ёстой гэсэн үг биш.
Харин илүү тууштай ажиллахаар сонголт хийгээд, алсын хараа, зорилгоо тодорхойлоод ажиллаж байгаа хэлбэр нь бол төрийн бус байгууллагууд болчхож байгаа юм.
Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагын тодорхойлолтод байдаг нэг шинж нь төр, иргэн хоёрыг холбогч гүүр болно гэдэг. Ер нь манайх шиг хөгжиж байгаа орны хувьд иргэд өдөр тутмын амьжиргаагаа яая гэж байгаа нөхцөлд бүх асуудалд анхаарал хандуулаад, оролцоод байх боломжгүй. Ийм нөхцөлд иргэний нийгмийн байгууллагын үүрэг маш чухал. Нэг талаас иргэдийн дуу хоолой болж иргэдийн өмнөөс дуугарна, нөгөө талаас иргэдэд төр, засгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө гэхчлэн цаашлаад олон хэлбэр бий.
-Та дээр төр, иргэний нийгмийн түншлэлийн тухай дурдсан. Мөн төр, иргэн хооронд гүүр болох учиртай ч гэж хэллээ. Энэ тухайд дэлгэрүүлбэл.
-Юун түрүүн ямар төрлийн байгууллага вэ гэдгээсээ хамаарна л даа. Миний хувьд 11 дэх жилдээ иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байгаа туршлагаасаа харахад иргэд, олон нийтийн хувьд иргэний нийгэм гэдэг үргэлж голын нөгөө талд, сөрөг хүчин болж дандаа шүүмжлэх ёстой гэсэн хүлээлттэй байдгийг мэднэ. Учир нь, Монголд иргэний нийгэм бүрэлдэн тогтож ажиллаж ирсэн хувилбар нь энэ л дээ. Үүнээс ч хурц буюу “Даяар монгол”, “Хөх монгол” гэсэн байгууллагууд байдаг нөгөөтээгүүр уул уурхай, байгалийн баялаг ихтэй учраас төрийн бус байгууллагууд илүүтэй жагсаал, тэмцлийн хэлбэртэй ажиллаж ирсэн.
Харин миний ажиллаж ирсэн салбар бол хүний эрх, засаглал, жендэрийн шударга ёс гэхчлэн дандаа бодлогын нөлөөлөл хийх зайлшгүй шаардлагатай. Энд ажиллаж байгаа хүмүүс түншлэхээс өөр арга байхгүй. Бодлогын нөлөөллийг үргэлж жагсаал хийж, аливаа ажлыг зогсоож, өөр шийдвэр гаргуулж явна гэвэл өрөөсгөл. Бодлогын нөлөөлөл үндэслэлтэй, бүтээлч байх учиртай. Асуудлаа дундаа тавиад, юу болж байгаа, болохгүй байгаа вэ гэдгийг хэлэлцэж, судалж, ширээний ард наана, цаанаа сууж ярилцах ёстой. Бодлогын шийдвэрүүд гэдэг голдуу хууль, тогтоомж, шийдвэр хэлбэрээр гарч байгаа нөхцөлд цаасан дээр дандаа ажиллана.
Ер нь түншлэл, хамтын ажиллагаа гэдэг зөвхөн төр, хувийн хэвшил гэсэн явцуу хүрээнд хардаг байсан бол одоо төр, хувийн хэвшил, иргэний нийгэм гэж авч үздэг дэлхийн жишиг нь бий. Манайд энэ хандлага арай хойно буюу төрийн зүгээс ч тэр, иргэдийн зүгээс ч тэр төр, хувийн хэвшил хүрээнд л харсан, иргэний нийгмээ дутуу үнэлсэн хэмжээнд байна гэж анзаарагддаг.

-Саяхан Монгол Улсын төсвийн төсөлд иргэдээс санал авах үеэр Та төр, иргэн хооронд түншлэл үүсэх нөхцөл бүрдээгүй байна гэсэн байр суурь илэрхийлж байсан. Иргэдийн оролцоог хангах хэлбэр мөн боловч алдаа нь юундаа байсан бэ?
-Тийм ээ, сая явагдсан төсвийн санал асуулга ор нэрийн төдий явагдчихсан. Оролцоог ойлгоход дөхөм болох арга зүй бол Рожер Хартын найман шатлалт оролцооны тухай тайлбар юм. Оролцооны тухай ойлголт олон байдаг ч, тэртээ 1969 онд ингээд шатлал бүхий загвар гаргачихсан. Харамсалтай нь, манайд одоог хүртэл үүнийг ашигладаггүй, төрийнхөн ойлгохгүй байгаа нь хачирхалтай.
Хамгийн гол суурь бол оролцоог бодитоор бий болгохын тулд мэдээллээр хангах ёстой. Ингэхдээ иргэдийнхээ боловсролын түвшин, хөгжлийн бэрхшээлийн байдал, цаг хугацаа, орон зай, амьдарч байгаа орчноос шалтгаалан олон хувилбараар хүргэх ёстой. Жишээ нь, хараа, сонсголын бэрхшээлтэй бол яах вэ, хөдөө суманд амьдарч байгаа бол мэдээллийг яаж өгөх вэ гэхчлэн. Улмаар мэдээллийг хамгийн ойлгомжтой, энгийн болгох. Дараа нь, санал асууж байгаа юм чинь зөвлөлдөх бөгөөд түншлэх гээд үргэлжилнэ. Харин мэдээлэл өгөөгүй хэр нь санал авч байгаа бол нэг бол тархи угаалт, үгүй бол тайвшруулах оролдлого болоод явчих нь.
Энэ үүднээсээ саяын санал асуулга бол тайвшруулах арга хэмжээ явсан гэж би харж байгаа. Эсвэл гоёл, чимэглэлийн ч гэж болно. Учир нь, яамд бүгд зар тавьж, хэлэлцүүлэг хийсэн, бид очсон. Гэтэл төсвийн төслөө хараад, ойлгоод, эмх цэгцтэй асуулт тавьж байгаа хүн ховор. Ердөө л манай салбарын яам учраас гээд ирж дурын асуудлаа ярьж байгаа юм. Цагтаа багтаж асууж, хариулах гэхчлэн олон асуудал байсан бөгөөд ердөө сайдынхаа өөдөөс хараад асуудлаа ярьсандаа зарим оролцогч тайвширчхаж байгаа юм. Түүнээс биш төсвөө нэмэгдүүлсэн, үгүй ерөөсөө хамаагүй. Нөгөө талаас үүнийг бүтэн бичлэг хийгээд, зураг аваад Монгол Улсын Засгийн Газрын сошиал хуудсаар цацаж байгаа нь бид гоёл, чимэглэл болчхож байгаа юм. Яагаад гэхээр асуулт тавьж, юм ярьснаас биш тэр санаа тусгагдах эсэх нь тодорхойгүй, бүр нарийндаа хуулиараа боломжгүй юм билээ. Эдийн засгийн хөгжлийн яамнаас төсвийн дээд хязгаар буюу төсвийн тааз тогтоочихсон, түүнд тааруулаад яамд төсвийн төсөөллөө хийгээд өгчихсөн. Түүнээс хэтрэх юм бол угаасаа хүлээж авахгүй гэдгээ хэлчихсэн. Тэгэхээр ийм хайрцаглачихсан зүйлд санал өгөх нь өөрөө утгагүй болчхож байгаа юм.
Зөвхөн энэ төдийгүй манай төрийн Шилэн данс л гэхэд дурын хүн үзэхэд ойлгомжтой биш, мэдээлэл нь .pdf өргөтгөлөөр, багц дүн өрчихсөн, үүнийг нь анализ хийхэд бэрхшээлтэй. Тэгэхээр манай төрд оролцоог хангаж чадахгүй байна, хандлага нь хойрго байна.
-Эргээд залуучуудын асуудал руугаа ороход залуус гэдэг үг нэг л хөнгөн ойлгогдох нь бий. Асуудлыг нь нухацтай, чухалчлан авч үзэх нь ховор. Та үүнийг юу гэж хардаг вэ?
-Тийм ээ, намайг анх иргэний нийгмийн салбарт ажиллаж эхлэх үеэс л залуучууд гэдгийг шууд энтертайнмент гэж ойлгодог байсан. Нэг их өнгөлөг, царайлаг, олуулаа бужигнасан, дуутай, хууртай гэхчлэн. Маш хөнгөн, амархан. Залуучуудад асуудал байхгүй мэт, байж болохгүй ч юм шиг. Тэгэхээр залуу хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг их чухал.
2017 онд манай улсад Залуучуудын хөгжлийн тухай хууль батлагдсанаараа бид Азид ийм хуультай анхны орон болж, сайн туршлага гэгдэж байв. Тухайн үед Монголын залуучуудын эвсэл энэ хуулийн төслийг боловсруулахад идэвхтэй хувь нэмрээ оруулж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтарч олон тооны хэлэлцүүлэг хийж байсан. Тэр үеэс л залуучууд гэж хэн юм бэ, хэнийг залуу хүн гэж ойлгох вэ, тэдэнд ямар асуудал байдаг вэ гэх асуулга, хэлэлцүүлгүүд их явагдаж эхэлсэн.
Хуулиар бол 15-34 насны хүнийг залуу хүн гэнэ гэсэн тодорхойлолт бий. Гэвч энэ бол маш урт насны бүлэг шүү дээ. 15-18 бол өсвөр нас, дараа нь оюутнуудын асуудал орж ирнэ, хөдөлмөрийн үнэлэмж, тэгээд гэр бүл буюу залуу гэр бүлийн асуудал. Улмаар карьерын хувьд тодорхой түвшинд хүрсэн, ид ажиллаж яваа 30-аад насныхан гэхчлэн. Үүн дээр нэмээд цөөнхийн бүлэг, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн тулгамдсан асуудлууд хамаарна гэхчлэн насны бүлгийн маш өргөн тодорхойлолт, тэр бүрд тохиолддог асуудал олон янз байгаа өргөн хүрээний асуудалтай нүүр тулах болдог.
Бид өнгөрсөн жил ССАЖЗ-ын яамтай хамтраад 13 удаагийн цуврал хэлэлцүүлэг хийж иргэний нийгмээс эхлээд оюутан, хүчний байгууллага, соёл, спорт гэхчлэн бүх талбарт ажиллаж, суралцаж буй залуусыг сонссон юм. Эндээс ч бас салбар бүрийн залуучуудын асуудал маш өргөн хүрээтэй гэдэг нь харагдсан. Соёлын салбарын залуучууд гэхэд хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал орхигддог, хүчний байгууллагын залууст тушаал биелүүлэх нэрээр цаг наргүй ажилладаг нь эрүүл мэнд, гэр бүлд нөлөөлдөг гэхчлэн бүх л салбарт залуу хүн байх нь янз бүрийн нөхцөл байдалд оруулдаг. Тэгэхээр салбар дундын уялдаа холбоо шаардлагатай буюу бүх л салбарт залуучуудынхаа бүлэгт анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг анзаарсан. Ингэж чадвал эдийн засгийн хөгжил, дундаж давхаргын тэлэлт илүү хурдацтай явагдах юм байна. Үүнийгээ бид ССАЖЗ-нд залуучуудын хөгжлийн индексэд нийцүүлж Залуучуудын хөгжлийн бодлогын стратегид санал боловсруулж өгсөн боловч ердөө 30-40 хувьтай тусгагдсанд сэтгэл дундуур байгаа.
Ер нь залуучууд гэдгийг энтертайнментаар ойлгодгийн бодит жишээ нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамт байгаагаас харж болно. Энэ яам 500 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй боловч түүний 5 нь л залуучуудад оногдож байна. Оролцооны хөтөлбөр, сургалт, чуулган гээд л энэ нь дуусна. Харин шийдэх асуудал нь дээр дурдсан өргөн хүрээтэй хийгээд 15-34 насны залуусын тоо манай улсын хүн амын хэдэн хувь нь билээ гээд бодвол дэндүү чамлалттай.
-Залуучууд гадагшаа олноор явах болсныг сүүлийн жилүүдэд хүн бүр л ярьж байна. Үүнийг дорвитой шийдэх, гол учир нь юу гэж Та хардаг вэ?
-Дээр дурдсан хэлэлцүүлгүүдийг сонссон, өөрөө ч энэ нийгэмд ажиллаж, амьдарч буй залуу хүний хувьд харахад залуучууд гадагшаа явъя гэх нь аргагүй. Нэг талаас цалин нь хангалтгүй буюу, хөдөлмөрийн үнэлэмж шударга бус байна л даа. Ямартаа л багш нар зуны гурван сар Солонгос явчхаад ирэх вэ дээ. Мөн хөдөлмөрийн үнэлэмж шударга гэдэг нь амьдралд хүрэлцэхүйц байх ёстой. Гэтэл одоо зээлтэй хүн л хамгийн баян хүн болчхоод байна шүү дээ. Ипотекийн зээлд хамрагдах болбол зээлийн түүхийг нь харгалздаг буюу ядаж нэг аппликейшнээс ч болов зээл авч, түүх үүсгэсэн байх ёстой гэдэг. Энэ бол бодлогоор зээлтэй байхыг шаардаж байгаа үйлдэл. Энэ шалтгаанаас үүдээд залуучууд явъя гэх нь аргагүй. Гэхдээ харамсалтай нь яваад ирэхээрээ эрүүл мэндээ алдаж байна. Түүнийгээ эмчлүүлэхийн тулд эргээд гадаад явах болно, зардлаа хандиваар босгох болно. Хүүхэд, залуучуудын хувьд хандивгүй л бол амьд үлдэх боломжгүй нөхцөлд амьдарч байгаа нь харамсалтай байна.
Тэгэхээр залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдалд зайлшгүй анхаарах ёстой. Сая болсон төсвийн санал асуулгын үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд 117 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байсан. Үүнээс хэд нь 18-34 насны залууст, хэдэн хувь нь, аль бүлгийн залуучуудаас ажилтай болно гэж тооцоолсон бэ гэхэд хариулт өгч чадахгүй байна. Энэ бол асуудлаа судлахгүй, залуучуудын асуудал, тэдний ажиллах хүчинд орчуулж байгаа хувь нэмрийг огт судалж, хайхрахгүй байгаагийн илрэл.

-Танай байгууллага буюу Монгол залуучуудын эвсэл ямар үйл ажиллагаатай байгууллага вэ. Та хэрхэн холбогдов?
-Миний хувьд энэ байгууллагад ажиллаад есөн сар болж байна. Миний өмнө ажиллаж байсан “Бодлогод залуусын хяналт” ТББ залуучуудын эвсэл анх үүсгэн байгуулахад л гишүүнээр орж байсан л даа. Монголын залуучуудын эвсэл нь залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэр дундаа хүний эрх, ардчилал, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахыг эрхэмлэдэг. Анх 33 гишүүн байгууллагатай байсан бол одоо 18 байгууллага бий. Орон нутгаас болон ардчиллын үнэт зүйлс, охидын эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хэвлэл мэдээлэл, ЛГБТ эрхийг хамгаалах, гэр бүлийн боловсрол олгох, эрүүл мэндийн чиглэлээр гэхчлэн маш олон янзын төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрддэг. Тэгэхээр залуучуудын нийтлэг эрх ашиг дотроо олон янз дуу хоолой болох зорилгыг нэн тэргүүнд тавьсан эвсэл юм.
Бидний хувьд дөрвөн хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэний орон зайг хамгаалах хөтөлбөр, үүн дотроо үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах гэхчлэн. Залуучуудын хөгжлийн хөтөлбөр нь илүү оролцоог эрхэмлэсэн. Мөн 2023 оноос Төсвийн хөтөлбөртэй болж төсвөө мэдэх, төсвөө мөшгөхийг залуустаа уриалж, мэдээлж байна. Үүн дээр нэмээд иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж эхэлсэн. Тун удахгүй “Завсарлага” нэртэй подкастаа эхлүүлж, Үндсэн хуулийн цэц, Дээд Шүүхээс гарч байгаа шийдвэрүүдийг тайлбарлаж, ач холбогдлыг нь таниулах ажил явах юм.
Ер нь залуучуудын хөгжил оролцоо, сайн дурын оролцоо гэсэн чиглэлээр ажилладаг байж байгаад одоо илүүтэй шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог хангах тал руу стратегиа чиглүүлж байна. Залуучуудын дуу хоолойг хүргэх, илүү олуулаа, хүчтэй дуугарах нөхцөлийг бүрдүүлэхэд бид идэвхтэй оролцох ёстой юм байна гэж харж байна.
-Та өөрөө иргэний нийгмийн салбартай хэрхэн холбогдож байсан тухайгаа ярьж өгөөч?
-Энэ бүр багын түүхтэй маань холбогдоно л доо. Намайг сурагч байхад Английн Хүүхдийг ивээх сангаас хотын захын хорооллуудад олон нийтийн төв буюу хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих төвүүд байгуулаад байсан юм билээ. Би Баянзүрх дүүргийн 92-р сургуульд сурдаг байсан бөгөөд манай ойролцоо нэг төв нь байгуулагдах болсон байсан. Идэвхтэй сурагч байсны хувьд би тэр төвийн нээлтэд уригдаж очоод, улмаар үйл ажиллагаа нь маш их таалагдсанаар байнга үйлчлүүлэх болсон. Тухайн үед хүүхдүүд бидэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ч хомс байсан болохоор янз бүрийн клуб, тоглоом, хичээл давтах орчин гээд бүх л зүйл байлаа. Ядаж л манай сургуульд номын сан байхгүй байхад тэнд хичээлээ хийж болдог байсан. Мөн бусад төвийнхөө хүүхдүүдтэй танилцаад хүүхдүүдийн асуудал хүртэл ярилцдаг боллоо. Тэр үедээ хүүхдүүдийн асуудлыг яагаад хэн ч биднээс асуулгүй шийдээд байдаг юм бол ч гэж бодох болсон. Ингээд дунд сургуулиа төгсмөгц найзуудтайгаа нийлээд “Хүүхэд хүүхдийн төлөө” гэдэг байгууллага байгуулсан. Бид дөнгөж 18 нас хүрээд байсан байх. Оюутан болоод энэ байгууллагаа үргэлжлүүлж байсан ч өөрөө залуу хүн болоод ирэхэд залуучуудын асуудал анхаарал татсанаар байгууллагаа дараа үедээ хүлээлгэж өгсөн.
Харин оюутан байхдаа “Монфемнет” ТББ-д ажиллаж байсан Ц.Мандхайхатантай танилцсан юм. Огт бие биеэ мэддэггүй байсан боловч нэг гарын авлага хамтран боловсруулах болсноор, олон зүйлийг ярилцаж, ойлголцож байлаа. Улмаар үзэл бодол нэгтэй найзуудаа цуглуулаад долоон хүн нийлээд анх “Бодлогод залуусын хяналт” ТББ-ыг байгуулж байсан. Ингэснээр ёстой л ажиллах явцдаа маш их зүйлд суралцсан даа. Бодлогын түвшний асуудлыг ойлгох, хууль гэж, тогтоол, шийдвэр нь яадаг юм гэдгээс эхлээд.
Бодлогын асуудал руу намайг эргэлт буцалтгүй оруулсан нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэн үйл явдал байлаа. Нэг удаа хэлэлцүүлэгт бүртгүүлчхээд орох гэтэл зохион байгуулалтын алдаанаас болоод суудал дүүрсэн гэж худлаа яриад оруулаагүй. Тэр үед л энэ өөрчлөлт юу болж байна вэ, энэ чиглэлээр ажилладаг залуус бид ингэж ордны гадаа үлдэж байгаа юм чинь, бусад хүмүүс оролцож чадахгүй нь энүүхэнд, дээгүүрээ хүмүүс тохироод л Үндсэн хуулиа өөрчилчих юм уу гэх болгоомжлол төрсөн. Ингээд иргэний нийгмийн залуучуудыг татан оролцуулаад дөрвөн сарын турш ямар ч цалин, хөлс ч гэлгүй цэвэр сайн дурын үндсэн дээр идэвхтэй акц өрнүүлсэн. Шүүхийн хараат бус байдал, Засгийн газрын давхар дээлийн асуудлыг дөрөв хүртэл буулгах, нутгийн өөрөө удирдах ёсонд өөрөө удирдлагыг шилжүүлэх гэхчлэн ямар ч гэсэн ахицтай, ардчилалд дэм болсон шийдвэрүүдийг Үндсэн хуульд тусгуулж чадаад бидэнд маш их хүч байгаа юм байна гэх мэдрэмж төрсөн. Ялангуяа, залуучууд асуудлаа ойлгоод, бодлогын нөлөөлөл хийгээд, шийдвэр гаргагчдад нөлөөлөөд явахад Үндсэн хуулийн хэмжээнд нөлөөлж чадаж байгаа юм чинь бусад хуулиуд дээр ажиллах бүрэн боломж байна гэж итгэл төрөөд эргэлт, буцалтгүй орсон.
-Залуусын тэрхүү хүчийг өдөөх, хурцлах гол зүйлс нь юу байв?
-Дараа нь эргээд харахад тэр дөрвөн сар ажиллахад маш их ядарсан. УИХ-ын чуулган хуралдах бүрд үзнэ, тэр гишүүн, энэ гишүүн юу гэж хэлэх нь вэ гэдгийг анзаарна. Сошиал медиагаа хөтөлнө, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн цар тахлын өмнөх үе тул цахим уулзалт тийм ч их болдоггүй, бүх уулзалт биеэр, тэр бүрд оролцоно. Түүнийгээ бусад залуустаа ярьж, түгээнэ гээд амрах завгүй ажилласан. Залуусаас ийм их хүч гарч болж байгаа юм.
Эндээс олж харсан зүйлс гэвэл асуудлыг залуучуудад ойлгогдох хэлээр нь хэлж өгөх чухал юм билээ. Муухайгаар хэлбэл зажилж өгөх. Энэ чинь яг бэлэн хоол болгож өгнө гэсэн үг биш, залгихын өмнөх шүү дээ. Тийм энгийн тайлбарлаагүйн улмаас залуучууд ихэнх асуудлыг ойлгохгүй, анзаарахгүй яваад байдаг юм байна гэж бодсон.
Хоёрдугаарт, залуучуудад ингэж ойлгуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь тухайн үеийн ажлын хэсэгт ажилласан эрдэмтэн, докторууд байсан. Тэдний яриаг нэг удаа сонсоод ойлгоход хүнд шүү дээ. Хэвлэлээс ярихад нь ч энгийн уншигчид тэр бүр ойлгож, хүлээж авч чаддаггүй. Харин түүнийг нь бид энгийншүүлж, тайлбарлаж залуучууддаа хүргэж байлаа. Түүнээс биш бид Үндсэн хууль мундаг ойлгодогтоо бас байгаагүй. Тэгэхээр активизм өрнүүлэх, бодлогын түвшний нөлөөлөл хийхэд суурь нь судлаач, эрдэмтэд юм билээ. Тэр хүмүүст талархах хэрэгтэй.
Дараа нь хүссэн, хүсээгүй залуус бидэнд байгаа нийтлэг үнэт зүйл бол ардчилал. Үүний цаана эрх чөлөө гэх ойлголт байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд, гудамжинд чөлөөтэй алхаад, шийдвэр гаргагчийг шүүмжлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө. Сая “Огцрох амархан” жагсаалаар ч тэр үнэт зүйл л залуусыг нэгтгэсэн шүү дээ.
Ингээд харахаар хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, судлаачид гээд олон талт хамтын ажиллагаа өрнөж байж залуус энтертайнмент гэдэг ойлголтоосоо гарна. Дангаараа залуучууд жигтэйхэн чухал царайлж байгаад өөрчилчих юм бас биш, гол нь хамтран ажиллах.
-Олон нийтийн эрх ашгийн төлөө бодлого, шийдвэрт нөлөөлөх ийм ажил, үйл хэрэг эрхэлдгийн хувьд Та өөртөө ямар зарчим баримталдаг вэ?
-Эв санааны нэгдэл хамгийн чухал гэж боддог. Иргэний нийгэмд ажиллахад эв санааны нэгдэл үгүй бол хүчин мөхөстөнө. Томруулах боломжтой боловч одоо ийм жижигхэн байгаа иргэний орон зайд маань хамтын ажиллагаа хамгийн чухал. Манай салбарт зарим байгууллага асуудлаа өмчлөх, олон жилийн туршлагатай нь бусдыгаа хүлээн зөвшөөрөхгүй ч юм уу сул тал бас бий. Энэ тохиолдолд миний баримталдаг хамгийн гол гэж боддог зүйл нь эв санааны нэгдэл. Мөн би өөрөө ЛГБТ хүн биш ч гэлээ, “Pride parade” миний хувьд маш чухал. Энэ чиглэлийн байгууллагуудтайгаа хамтраад тэгш эрх, шударга ёсыг тунхаглах, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчиж, шударга бус юм аа гээд хамт алхах нь эв санааны нэгдлээ илэрхийлж буй хэлбэр маань.
Энэ мэтчилэн нийгмийн болон нийтийн эрх ашгийн аливаа асуудал дээр “solidarity” буюу эв санааны нэгдлээ бий болгоод, заримд нь хөдөлгөөн үүсгээд хамтраад явах их чухал гэж боддог.
-Дандаа л нийгмийн асуудал хөндөж, шийдвэр гаргагчидтай түншлэх, бас тэмцэлдэх дундуур явахад халшрах үе гардаг уу. Таныг урагш хөтөлдөг зүйл нь юу вэ?
-Үнэт зүйл маань л юм байна даа. Эдгээр ажлыг бэлэн мөнгө, нэр хүнд, эсвэл албан тушаал горилж хийдэггүй шүү дээ. Үнэт зүйлээ хамгаалж л хийдэг. Мөн жишээ нь, хотын дарга Д.Сумъяабазарт хариуцлага тооцуулах асуудлыг хөндөхөд маш олон мянган иргэн гарын үсэг зураад нэгдэж байгаа нь ижил санаа бодолтой олон хүнтэй хамт байгаа гэсэн итгэл төрүүлж, хамтдаа үр дүн гаргах нь чухал юм аа гэж хурцлагдаж байв.
Заримдаа гэр бүлийн хүн маань хэлдэг л юм. Бид чинь гурван хүүхэдтэй, тэгээд “Чи дандаа бөх, уяач, эрх мэдэлтэй, хүчтэй хүмүүстэй тэмцэлдэх юм. Аюултай биш үү” гэнэ. Гэвч үүний цаана нийтийн эрх ашиг л байгаа шүү дээ. Ирээдүйд миний хүүхдүүдийн амьдрах, тэр нийгэмд өгч байгаа жижиг ч гэсэн өөрчлөлтүүд чухал гэж боддог. Үүнийг хийхдээ ганцаараа биш олуулаа гэдгээ мэдрэх нь их чухал байдаг. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр 21 аймгаас залуучууд нэгдээд дэмжиж байгаа илэрхийлж, зурагт хуудас бариад зургаа авхуулж, үгээ хэлж байхыг харахад ядарсан ч байсан ард нь гарчихъя гэх урам зориг төрж байсан.
Ер нь хорвоо дээр шударга, зарчимч хүн маш олон. Түүнийгээ илэрхийлдэг үү, үгүй юу, эсвэл үйлдэл хэрхэн болгох вэ гэдгээ мэдэхгүй хүмүүс л байдаг. Үүнийг нь таниулаад, мэдүүлээд хамтдаа байна, илүү олуулаа болъё гэдгийг ойлгуулахаар их сайхан байдаг.

-Үнэт зүйлийн тухай яриаг зарим хүн их романтик, идеалист хандлага гэх нь бий.
-Үгүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ яг л бодит амьдралд, бидний өдөр тутмын амьдралд биеллээ олж байх учиртай зүйлийг үнэт зүйл гэж хэлээд байгаа. Жишээ нь, ардчиллын үнэт зүйл гэвэл бид дөрвөн жил тутамд саналаа өгч байна. Үүндээ идэвхтэй очоод оролцчих юм бол бидний үнэт зүйлийн нэг хэсэг биеллээ олж, бид өөрсдөө бүтээж байна гэсэн үг. Шаардлагатай бол гарын үсэг цуглуулж, хэвлэлийн бага хурал хийж, талбай дээр гараад жагсаж байна гэдэг ардчиллын үнэт зүйлийн л нэг хэсэг.
Үнэхээр ч зарим хүн иргэний нийгэм гэхээр хийсвэр, романтик зүйл ярьж байна, тусдаа хэлээр ярьж байна гэх нь бий. Гэвч үнэт зүйлээ алтан гадас зорилгоо болгоод аливаа нам, улс төр, бизнес ашиг сонирхлын бүлгээс татгалзаад ганхахгүй, цэх шулуун яваад болоод байгаа шүү дээ. Тэгэхээр үнэт зүйл бол тийм хийсвэр, хоосон зүйл биш ээ. Ойлгоод, мэдрээд, өдөр тутамдаа хийж, хэрэгжүүлж болдог, илүү өнгөлж, гялалзуулах ёстой тэр зүйл юм.
-Та Монголын иргэний нийгмийн ирээдүйг юу гэж төсөөлж хардаг вэ?
-Иргэний орон зайг чөлөөтэй байлгах нь ардчилалд маш том хувь нэмэртэй. Харамсалтай нь манай улс үүнийг хумих оролдлого байнга хийдэг. Хэвлэлийн эрх чөлөөний индекс, авлигын индекс, ардчиллын үзүүлэлтээр ч тэр бид ухраад л байна. Энэ үзүүлэлтүүдийг сайжруулж, дэлхийд сайн туршлага орон болох сон гэж хүсдэг. Надад Монгол Улсын хувьд энэ тийм ч хэцүү санагддаггүй. Би 2023 онд Эстонид нэг хуралд оролцохдоо Эстони, Финляндын нөхцөл байдлыг хараад тэгж бодсон. Энэ хоёр улс аль аль нь Оросын нөлөөнд байсан, цөөн хүн амтай. Одоо нэг нь цахим хөгжлөөр дэлхийд тэргүүлж, нөгөө нь хөгжлийн олон үзүүлэлтээрээ манлайлж байна.
Манай улсын хувьд хоёр их гүрний дунд гэж тайлбарладаг боловч бидний гол асуудал бол авлига. Авлига их байгаад байвал ядуурал хэзээ ч арилахгүй, нийгэмд тэгш хүртээх ёстой зүйл нь зорилтдоо хүрэхгүй. Боловсрол, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулахгүй бол урагшлахгүй. Энэ бодлогыг шахах юм нь иргэний орон зайг тэлэх. Мөн хэвлэлийн эрх чөлөө сайн байх. Сэтгүүлч нь худалдагддаггүй, амьжиргаа нь сайн байх. Тэгж байж зоригтой дуугарна шүү дээ. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хангагдах ёстой. Жирийн иргэн лайваар нэг үг хэлсний төлөө хориод байвал дахиж хэн шүүмжлэл хэлэх вэ.
Иргэний нийгмийг бол татвараар дарамталж үйл ажиллагааг нь хумихын зэрэгцээ хуулийн өөрчлөлтүүдээр хумих гэж оролдож байна. Өндөр татвар ногдуулах, үйл ажиллагааг нь өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр татан буулгах гэхчлэн олон асуудал бий. Тэгэхээр энэ мэт үйлдлүүдээ зогсоогоод сайн жишгүүдийг хэрэгжүүлж, сайн туршлага болохуйц хэмжээнд аваачих нь миний мөрөөдлийн иргэний орон зай.
-Үүнд залуучуудын үүрэг оролцоо ямар байх ёстой вэ?
-Бидний хүсэж байгаа гоё нийгэм буюу ардчилал маш хийсвэр гэхдээ олон сайн элементтэй. Үүнийг хадгалж, хамгаалах үүрэг нь залуучууд бидэнд байгаа. Хэрэв хөгжлийн түлхүүр гээд төсөөлөөд үзвэл, тэр нь залуучуудад байна гэдгийг залуучууд маш сайн ухамсарлаж эхэлсэн мэт санагдаж байгаа.
Шийдвэр гаргагчид төдийгүй олон нийтийн хувьд залуучууд ирээдүй гэж хардаг. Би бол залуучууд өнөөдөр гэж хэлнэ. Бид өнөөдөр ямар амьдарч байгаагаас тав, арван жилийн дараа ямар амьдрах өнөөдрөөс шалтгаална. Өнөөдөр хариуцлагатай байна уу гэдгээс хамаарна.
Бид хүн амын гуравны нэг нь шүү дээ. Хөгжлийн гарц түлхүүр нь залуучуудын оролцоо. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өөртөө хамаатай асуудал дээр л дуугарчих. Юм бүхэнд дуугарч амжихгүй, хүрэлцэхгүй байх. Бидэнд хамаатай асуудал юу байна вэ, төсөв байгаа бол төсөв дээр, татвар бол татвар дээр гэхчлэн. Өөрөө хүүхэдтэй бол хүүхдийн асуудал дээр гэхчлэн анхаарах боломжтой, анхаарлыг чинь татаж байгаа асуудал дээр л дуугараад байвал нийгэм өөрчлөгдөх болно.
Сая болсон санал асуулгад саналаа өгсөн хамгийн өндөр хувьтай бүлэг нь 18-34 насныхан байгааг хараад би маш их баярласан. Үүнд бидний хийж байгаа ажил ч бас нөлөөлж байгаа шүү дээ. Залуучууд ингээд л оролцчихвол. Бас сонгуульдаа оролцоод дүн тавиад сурчихвал олон зүйл өөрчлөгдөнө.
-Энэ булангийнхаа уламжлалт асуултаар яриагаа өндөрлөе. Women who dare гэж таны хувьд хэнийг хэлэх вэ?
-Нийгмийн хэвшмэл ойлголтод баригдалгүйгээр аль ч салбарт байхаас үл хамааран өөрийнхөөрөө ажиллаж, амжилт гаргаж байгаа тийм эмэгтэйчүүдийг зоримог гэх болов уу. Эмэгтэй хүн гэрийн ажил л хийх ёстой, эсвэл эмэгтэйчүүдийн манлайлал гэж юу байх вэ, улс төрд бол чимээгүй л байх ёстой гэх зэрэг хэвшмэл ойлголтыг үл тоож, бүх түвшинд хүнээрээ, өөрийнхөөрөө байгааг хэлнэ. Түүнчлэн манлайлал гэдэг нь үзэл бодлоо илэрхийлэх, бусдаас түрүүлж алхаж, ахиц дэвшил гаргахад хувь нэмрээ оруулж байгааг хэлнэ. Мэдээж урд гарахгүй ч, манлайлаад салбар, салбартаа явж байгаа хүмүүс байгаа л даа. Гэхдээ зоримог гэдэг нь бол урд гарч, нийтийн эрх ашгийн төлөө түрүүлж дуугарах, шударга ёсыг шаардах юм. Ийм байж болохгүй шүү гэдгийг бусдад түрүүлж сануулж, түүнд тохирсон өөрчлөлт хийж байгаа хүнийг хэлнэ.