Шинэ сургуульд шилжин суралцах гэж буй хүүхдүүдэд сэтгэл зүйн тодорхой хүндрэлүүд тулгарч болзошгүй байдаг ба ямар хүндрэлүүд гарч болох, тэдгээрийг даван туулахад эцэг эхчүүд хэрхэн дэмжлэг үзүүлэх бололцоотой талаар бид сэтгэл зүйч Б.Баасанжаргалтай хамтран дараах зөвлөмжийг хуваалцаж байна. Цаашид ч мөн хүүхэд болон эцэг, эхийн харилцаанд үүсдэг асуудлуудын талаар сэтгэл зүйн зөвлөгөөг цувралаар хүргэх учир та бүхэн манай сайттай үргэлж хамт байгаарай.
Шилжин суралцаж байгаа сурагчдад үүсэж болох сэтгэл зүйн хүндрэлүүд


Хүүхэд нь дассан орчноо солих, дотнын найз нөхдөөсөө холдоход хүргэдэг шилжин суралцах үйл явцдаа нас, сэтгэхүй болон сэтгэл зүйн онцлогоос хамааран янз бүрийн сорилттой нүүр тулдаг. Энэ нь насны үечлэлээс үл хамааран хүүхэд бүхэнд тохиолдох нийтлэг хямрал гэж болно. Нэн түрүүнд тухайн хүүхэд орчноо сольсоны дараахнаас бухимдалтай болох ба энэ нь түр зуурын үзэгдэл юм. Харин үүнийг эцэг эхчүүдийн зүгээс ойлгож, хүлээн зөвшөөрөх нь чухал байдаг.
Сэтгэл зүйн хувьд нийтлэг байдлаар түр зуурын хугацаанд өөртөө итгэх итгэл буурах, нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлах, харилцааны идэвхгүй байдал, ганцаардах, гуниглах болон сэтгэл түгших хэв шинжүүдээр илэрдэг. Нөгөөтээгүүр зан үйлийн хувьд, өдөр тутмын амьдралын хэвшлүүд алдагдах, сурлагын амжилт буурах, хичээлдээ болон сургуульдаа очих дургүй болох, даалгавар болон хичээлд хандах идэвх буурах магадлалтай бол бие махбодын шинж тэмдэгт толгой өвдөх, гэдэс өвдөх/базлах, мушгирах/, нойрны асуудал (сэтгэл зүйн түгшүүрийн биеийн илрэл) зэрэг нийтлэг хэв шинжүүд илэрч болно. Гэсэн хэдий ч эдгээр хэв шинжүүд нь ихэвчлэн 3-6 сарын хугацаанд тогтворждог бөгөөд шинэ орчинд аль хэдийнээ дасан зохицон, сэтгэл зүйн хувьд тогтвортой болох бүрэн боломжтой.
6-10 насны буюу бага сургуулийн сурагчид

Бага ангийн сурагчдын хувьд эцэг, эх, багшийн анхаарал халамж, дэмжлэг нь дунд болон ахлах ангийн сурагчдаас илүү хамааралтай байдаг учраас сургууль солих үед “шинэ орчин” дахь өөрчлөлтөөс үүдэн, хувийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдлаар тодорхой хэмжээний стрессийг мэдэрдэг. Зарим сурагч маш хурдан хугацаанд шинэ сургуульдаа дасан зохицож чаддаг бол заримд нь тодорхой хугацаан дахь тогтвортой, олон талын дэмжлэг хэрэгтэй болдог. 1-5-р ангийн сурагчдын хувьд дийлэнх тохиолдолд сэтгэл түгших, гэрээсээ холдохоос дургүйцэх, толгой өвдөх, гэдэс эвгүйрхэх зэрэг биеийн зовуурь үүсэхээс гадна сурлагын үзүүлэлт түр хугацаанд буурах, хичээлдээ явахаас татгалзах, идэвхгүй болох байдлаар илэрч болно. Энэ үед эцэг эх, багшийн зүгээс хамгийн түрүүнд сонсож, маш сайн ажиглан харилцааны нээлттэй байдлаар дэмжлэг үзүүлэх нь тохиромжтой. Түүнчлэн сайн мэдээ гэвэл бага ангийн сурагчдын хувьд шинэ сургууль дээрээ дотно найзтай болох, дасан зохицох түвшин хоёр дахин хурдан байдгийг Америкийн Сэтгэл Судлалын холбоо судалсан байдаг.
11-14 насны буюу дунд сургуулийн сурагчид

Дунд анги буюу 11-14 насны 6-9-р ангийн сурагчдын хувьд өөрийгөө тодорхойлох, найз нөхдийн хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ хамгийн өндөр байдаг онцлогтой нас. Энэ үед сурагчид үе тэнгийнхний үнэлэмжид ихээхэн ач холбогдол өгдөг тул орчин солигдох нь тэдний сэтгэл зүйн тогтвортой байдалд шууд байдлаар хүчтэй нөлөөлдөг. Сургуулиа солих үед шинэ хамт олондоо “хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх вэ” гэсэн түгшүүр давамгайлж, найз нөхөдтэй болох үйл явц тэдний хувьд хамгийн том асуудал болдог.
Бага сургуулийн сурагчдаас ялгаатай нь дунд ангийн сурагчдад шилжин суралцахад нийгэмшихүйн болон харилцааны хүндрэл, бэрхшээлүүд үүсэх нь бага байдаг. Сэтгэл зүйн хувьд өөртөө итгэх итгэл буурах, шинэ найз нөхөдтэй болохоос айх, ганцаараа байхыг хүсэх, нийгмээс өөрийгөө тусгаарлах, тусгаарлаж буй нь өөрт таатай санагдах, түр хугацаанд дүн буурах зэрэг хэв шинжүүд ихэнх тохиолдолд илэрдэг.
2024-2025 онд Их Британид сурагчдын шинэ орчинд дасах чадварыг судлах зорилгоор сургуулиа сольж буй 100 мянган сурагчдын дунд судалгаа явуулсан байдаг. Тус судалгаанд шилжин суралцаж байгаа 5 хүүхэд тутмын 1-2 нь шинэ орчинд дасан зохицоход хүндрэлтэй байдаг бөгөөд орчин солигдох стрессээс үүдэн, сэтгэл хөдлөлийн хүчтэй сөрөг хариу үйлдлүүд үзүүлдэг гэсэн үр дүн гарсан байдаг.
15-18 насны буюу ахлах сургуулийн сурагчид

15-18 нас буюу ахлах ангийн сурагчид өөрийн ирээдүйн чиг баримжаа, “Би-үнэлэмж”(self-esteem)-ээ тодорхойлдог хамгийн мэдрэмтгий үе шат юм. Энэ насанд үе тэнгийнхний харилцаа, нийгмийн уур амьсгал хамгийн чухал байр суурь эзэлдэг бөгөөд үе тэнгийн харилцаа болон бусдын үнэлэлт дүгнэлт нь сурагчдын өөртөө итгэх итгэл, урам зориг, сэтгэл зүйн тогтвортой байдалд шууд байдлаар нөлөөлж байдаг. Нөгөөтээгүүр ахлах ангийн сурагчид амьдралдаа тодорхой хэд хэдэн чухал алхам хийдэг учраас өндөр хариуцлагын мэдрэмжээс үүдэн сэтгэл түгших, өөртөө итгэлгүй болох, аливааг сөргөөг төсөөлөх гэх мэт хариу үйлдлүүд давтамжтай байдлаар илрэх ч тохиолдол байдаг.
Сургууль солих, шинэ хамт олонд дасан зохицох нь ахлах ангийн хүүхдэд өөрийн дотоод үнэлэмж, ирээдүйн төлөвлөгөөгөө тодорхойлоход түр хугацаанд саад учруулдаг тул стресс үүсгэдэг. Эдгээр нь өөрийгөө тусгаарлах, урам зориггүй болох, ирээдүйн төлөвлөгөөтэй холбоотой түгшүүр мэдрэх, шалгалтаас айх, түгших, шинэ хамт олондоо дасахгүй байх, харилцаанаас зайлсхийх, эсэргүүцэл үзүүлэх, хичээлдээ идэвхгүй болох, сурлагын амжилт буурах, шалгалтын дарамт, ирээдүйн сонголтын стресс нэмэгдэх нь түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд байдаг.
Эдгээр бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах вэ?
Шинэ сургуульд шилжин суралцах нь хүүхдийн хувьд шинэ тулгардаг асуудал боловч эцэг эхийн дэмжлэг, багшийн чиглүүлэг, хамт олон, сэтгэл зүйчийн зөв тусламж, мөн сурагчийн өөрийн идэвхтэй оролцоо нийлбэрээр богино хугацаанд сургуулийнхаа шинэхэн орчинд дасан зохицож чадна.
1. Эерэг төсөөллийг бий болгох
Нэн тэргүүнд хүүхдэдээ шинэ сургуулийн талаарх эерэг төсөөллийг бий болгох нь шинэ орчны айдас түгшүүрийг багасгадаг. Шинэ сургуулийн давуу талуудыг тайлбарлаж, тухайн орчинд өөрийг нь олон янзын боломж хүлээж байгааг ойлгуулах нь хүүхдийн шинэ орчинд хандах хандлагыг эергээр өөрчлөх боломжтой байдаг.
2. Тогтмол ярилцах
Хүүхдийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахын тулд эцэг, эхийн зүгээс хүүхэдтэйгээ өдөр бүр ярилцах дадлыг суулгах нь зүйтэй. Ярилцахдаа яриагаа “Шинэ ангид нь хамгийн сонирхолтой зүйл юу байсан бэ” гэх зэрэг хөнгөн асуултаар эхлээрэй. Хүүхэд тань сөрөг зүйл ярьсан ч үгүйсгэж шүүмжлэлгүйгээр, хүлээн авч яриаг нь дуустал сонсох нь чухал. Ярилцах үедээ хүүхдийг магтаж, сайшааж өөртөө итгэх итгэлийг нь дэмжиж өгөөрэй.
3. Асуудлыг хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлэх
Шилжин суралцаж байгаа хүүхдийн сурлага түр хугацаанд муудах, найз нөхөдтэй болоход хүндрэлтэй байх зэрэг бэрхшээлүүд тулгарч болохыг эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрч, ойлгож, дэмжлэг үзүүлэх нь хүүхдэд шинэ орчинд хурдан дасан зохицоход тусалдаг. Түр зуурын зүйл гэдгийг санаж хүүхдийг буруушааж, зэмлэлгүй ойлгохыг хичээгээрэй. Дэмжлэг үзүүлэхдээ:
“Чи сайн чадна” гэх мэт урмын үгс хэрэглэх.
Хүүхдийг буруутгах, бусадтай харьцуулахгүй байх.
Бие даан суралцахад туслах орчин бүрдүүлэх.
4. Мэргэжлийн тусламж авах
Хэрэв хүүхэд удаан хугацаанд түгшүүртэй, ганцаардсан мэдрэмж мэдэрсээр байвал сургуулийн сэтгэл зүйчид хандах нь зөв сонголт юм. Эцэг, эхийн зүгээс хүүхэдтэйгээ хамт сэтгэл зүйчийн тогтмол зөвлөгөөнд хамрагдсанаар түгшүүрийн мэдрэмж буурах, ганцаардсан мэдрэмж багасах, шинэ харилцаанд нээлттэй хандах зэрэг олон олон эерэг өөрчлөлтүүд гарах боломжтой.
Бэлтгэсэн: Ү.Дэлгэрцэцэг