Их Британи даяар Red Bull, Monster зэрэг энергийн ундааг 16-гаас доош насны хүүхдэд худалдахыг хориглох шинэ хуулийн төслийг хэлэлцэж байна. Тиссайдын их сургуулиас Их Британид 3 хүүхэд тутмын 1 нь долоо хоног бүр энергийн ундаа хэрэглэдэг гэсэн судалгааг гаргажээ. Зарим энергийн ундаа 2 аяга хар кофе ууснаас илүү хэмжээтэй кафейн агуулдаг ба хүүхдийн хэт их кафейны хэрэглээ нь толгой өвчин, нойрны зарим асуудлуудын шалтгаан болоод байна.

Хэт их кафейны хэрэглээ нь зүрхний цохилт хурдасгах, зүрхний хэм алдагдах, гэнэтийн таталт өгөх зэргээр хүний биед сөргөөр нөлөөлөх магадлалтай. Хэдий маш ховор үзэгдэл ч үхэлд хүрэх эрсдэлтэй байдаг.

Англи улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн газрын нарийн бичгийн дарга Уэс Стритинг “Энергийн ундаа хүүхдийн эрүүл мэнд болон суралцах, төвлөрөх чадварт нөлөөлж байна. Тиймээс бид энэхүү шинэ хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн” гэжээ.
Ирэх 12 долоо хоногийн турш эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтнүүдээс гадна олон нийт болон энергийн ундаа үйлдвэрлэгчдээс санал асуулга авч, нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.
Энергийн ундааг 16-гаас доош насны хүүхдүүдэд худалдахыг хориглох өдөр тодорхойгүй байгаа ч Уэс Стритинг “Тун удахгүй” хэмээн мэдэгдээд байна. Тэрээр мөн “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зар сурталчилгаатай тэмцэх хэрэгтэй” хэмээн хэлжээ.
Умард Ирланд, Шотланд, Уэльс зэрэг улсуудад ч мөн энергийн ундаанд хориг тавихаар хэлэлцэж байна.
Бэлтгэсэн: Ү.Дэлгэрцэцэг