Непалын Мэдээллийн технологи, харилцаа холбооны яамнаас сошиал медиа гол платформууд буюу Facebook, Instagram, YouTube, and X зэрэг 26 платформыг дотоодын зохицуулалт, нөхцөл шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр шууд хаажээ. Түүнчлэн жагсаалт Discord, Messenger, WeChat, Reddit, Snapchat гэхчлэн үргэлжлэх бөгөөд наймдугаар сарын 25-нд Засгийн газраас аливаа сошиал медиа платформыг долоо хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа бүртгүүлэх, орон нутагт төлөөлөгч томилох гэсэн үүрэг ногдуулсан байна.
Энэ шийдвэр нь өнгөрсөн сард тус улсын Дээд шүүхээс гаргасан ташаа мэдээлэлтэй тэмцэх тухай арга хэмжээ авах шийдвэртэй холбоо гэв. Гэхдээ шүүхээс Засгийн газрыг хууль, эрх зүйн судалгаа хийж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан боловч сошиал медиаг шууд хаах тухай санаа илэрхийлээгүй гэжээ.
Иргэний нийгмийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс гэнэтийн энэ шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байна. Непалын сэтгүүлчдийн холбооноос хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд халдсан үйл явдал боллоо гэсэн бол Сэтгүүлчдийг хамгаалах олон улсын хорооноос мэдээлэл олж авах, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд халтай алхам хийлээ гэжээ.
Одоогоор Непалд сошиал медиа 26 үйлчилгээнд хандах боломжгүй байгаа ч TikTok болон Viber зэрэг зарим платформ хэвийн ажиллаж байна. Тэд Засгийн газраас гаргасан нөхцөл, шаардлагыг биелүүлсэн гэж мэдээлжээ.
Дашрамд, энэ оны эхээр Непалын Засгийн газраас сошиал медиатай холбоотой хуулийн төсөл өргөн барьсан нь маргаан дагуулаад байсан юм. Уг төсөлд “үндэсний ашиг сонирхол, эв нэгдэл”-ийн эсрэг агуулгатай пост нийтэлбэл торгох, хорих заалт тусгасан нь цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан зохицуулалт гэж олон нийтийн зүгээс эсэргүүцэж, түр хугацаагаар хэлэлцэхийг хойшлуулсан.
Энэ мэтчилэн цахим орчин дахь мэдээллийн эрх чөлөөнд халдсан алхам хийсээр байгаа нь дижитал дарангуйлал тогтсон улсууд дахь цензурийн арга хэлбэрээс ялгаагүй гэдгийг интернэт хүртээмжийн Access Now байгууллагаас дүгнэжээ.