UBLife Logo
Спорт

Жулия Симон хулгайн хэргээр ял сонссон ч олимпод оролцоно

Жулия Симон хулгайн хэргээр ял сонссон ч олимпод оролцоно

Францын биатлоны шигшээ багийн дотор гарсан нэгэн хэрэг Шүүхэд шилжээд хоёр жилийн дараа, яг үйлдэгдсэнээсээ хойш 3 жилийн дараа эцэслэн шийдэгдлээ. Олимпын медальт, дэлхийн 10 удаагийн аварга Жулия Симон нэг юм хэргээ хүлээж, гэм буруугаа зөвшөөрлөө.

Хэргийг сануулахад, 2022 онд Норвегид болсон “Blinkfestivalen” наадмын үеэр Симон багийнхаа анд Жюстин Бреза-Бушегийн кредит картыг ашиглан, цахимаар GoPro спорт камер худалдан авчээ. Энэ камер болон өөр бусад худалдан авалт нь 1000-2000 евро хүрсэн гэж үзэж байгаа юм. Хохирогч Бреза-Буше шүүхэд хандсан бөгөөд шигшээ багийн бас нэгэн гишүүн 20 еврогийн хохирол нэхэмжилсэн байна. Шүүхээс Симоныг шигшээ багийнхандаа нийт 2300 еврогийн хохирол учруулсан гэж үзжээ.

Энэ хэргийн талаар нэг жил хэртэй хэн ч мэдээгүй юм. Учир нь Жюстин багийн дотоодод гарсан асуудлыг дэлгэх хэрэггүй гэж үзээд дараад байжээ. Харин Жулия хэргээ огт хүлээхгүй байсан тул Францын цанын холбоонд хандсан байна. Яг тэр үед Жулия Симон оролцсон тэмцээн болгондоо түрүүлэн, “Болор бөмбөрцөг” шагнал авахад дөхөөд байсан учир холбоо ч хэдэн сар хав дараад, баримт нотолгоо алга гэж хэлсэн байна. Ингээд Жюстин Цагдаагийн газарт хандахаас өөр аргагүй болсон юм. Харин Жулия “Би ч гэсэн хохирогч. Миний хувийн мэдээллийг хулгайлсан” гэж мэдэгдэн, түүний албан ёсны төлөөлөгч нь “Симон хэн нэгэн өөрийг нь доромжлохыг хүлцэхгүй” хэмээн зарга мэдүүлэхээр сүрдүүлж байлаа.

Хэрэг ингээд өнгөрөх нь гэж холбогдогчид бүгд бодож байсан биз. Симон ч ээлж дараалан түрүүлсээр, хэргийг сануулах ганцхан зүйл байсан нь Жюстин тэр хоёр харьцахаа байсан явдал байлаа. Багийн буухиа уралдаанд хамт хүч сорихдоо тэд үг солихгүй байгааг сэтгүүлчид ажигласаар л.

Харин энэ улирлын өмнө Шүүх хурал дээр Жулия Симон бүх хэргээ хүлээлээ. Тэрээр хулгайн хэрэгт сэжиглэгдэж байгаагаа сонсоод их айсан гэдгээ хэлсэн ч хулгай хийх болсон шалтгаанаа тайлбарлаж чадсангүй.

“Би тайлбарлаж чадахгүй байна. Өөрийгөө хулгай хийж байгаагаар ч төсөөлж чадахгүй. Би ийм юм хийх ёсгүй” гэж хэлээд хохирогчид болон Францын цанын холбооноос уучлалт гуйлаа.

Шүүх хурлаар Францын биатлоны эмэгтэй шигшээ багийн хэд хэдэн гишүүн өөрсдийн сэжгийн талаар ярьсан байна. Эгч дүү Анаис, Клоэ Шевалье хувийн эд зүйлсээс гадна 50 евро нь алга болж байсан удаатай гэсэн бол Каролин Коломбо тоог нь хэлээгүй ч мөнгөө алдсан, харин Лу Жанмонно Симонтой нэг өрөөнд байрлаж байхад юм нь алга болдог байсныг дурсжээ.

Ингээд шүүхээс Симонд залилан, хулгайн хэрэгт нь 3 сарын тэнсэн харгалзах ял, 15 мянган еврогийн торгууль оноолоо. Мөн Бреза-Бушегийн Шүүхийн зардлыг төлөхийг үүрэг болгсон байна. Нэг еврог Францын цанын холбооны хохирлыг барагдуулах хэлбэрээр холбоонд  шилжүүлэхээр шийджээ.

Гэхдээ хэрэг ингээд дуусаагүй. Одоо Францын цанын холбооны Сахилга батын хорооноос шийтгэл оноох учиртай. Харин Өвлийн олимпын наадам дөхсөн энэ цаг үед тус холбоо шилдэг тамирчиндаа тэмцээнээс хасах шийтгэл оноохгүй болов уу? Яаж ч бодсон олимпын алтан медаль гэдэг хэдэн мянган еврогоос үнэтэй, цэнтэй зүйл билээ. Эцсийн шийдвэр 11 дүгээр сарын 10-нд гарах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.