“Баримт нэн тэргүүнд” сүлжээнийхэн “Цахим залилангийн эсрэг мэдээллийн аян”-ы тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдоос шилдгийг шалгаруулж, 3 гишүүн редакцид тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа. “Дансаа бүү ашиглуул” аяны хүрээнд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв нь Монголын банкны холбооны дэмжлэгтэйгээр тус тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан юм. Нийт есөн редакц сэтгүүл зүйн бүтээлийн санаагаа ирүүлснээс “Дорнод дата” студи, анализ мэдээллийн itoim сайт болон манай ub.life сайт шилдгээр шалгарлаа.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Он гарсаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн гуравны нэгийг залилан эзэлж, түүний 90 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Манай холбоо Монголын баримт шалгах төвтэй, мөн энэ мэргэжлийн, ёс зүйтэй редакцуудын нэгдэлтэй хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна. Бид жил бүр цахим залилангаас сэргийлэх аян зохион байгуулж ирсэн. Энэ удаад редакцуудын мэргэжлийн нүдээр харж, бэлтгэх нийтлэл нэвтрүүлгүүдээр хүч нэмж байгаа тул үр нөлөө илүү байна гэдэгт найдаж байна” хэмээв.

Ub.life сайтын Ерөнхий редактор О.Анхзаяа “Цахим залилан сүүлийн жилүүдэд ямар их хүнийг хохироож байгаа нь миний сэтгэлийг эмзэглүүлсэн. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт материалаа илгээхийн өмнө би өөрөө огт төсөөлөөгүй байдлаар цахим залиланд өртсөн минь ч энэ тухай мэдээ, нийтлэлийг илүү сайн түгээж, олон нийтэд хүргэх ёстойг бататгасан. Өөрийгөө энэ тал дээр мэдээлэлтэй, болгоомжтой нэгэн гэж бодсон ч залилангийн нэгэн хэсэг болсон. Тэгэхээр огт мэдээлэл аваагүй байгаа хэдэн мянган хүмүүс ямар их эрсдэл дунд байгааг шууд л ойлгуулж, айдас төрүүлсэн. Тиймээс тэтгэлэгт шалгарсан урам зоригоороо цаашид хамгийн сонирхолтой, баримттай бас хэрэгцээтэй мэдээлэл түгээхээр бэлтгээд байна. Гурван сарын хугацаанд миний бичиж, бэлтгэх мэдээ нийтлэлүүдтэй хамт байж, ойр дотнын хүмүүстээ түгээгээрэй. Цахим залилангийн эсрэг болгоомжлол, сэрэмж бий болгоорой хэмээн уншигч та бүхнээсээ хүсье. Хамтдаа дуу хоолойгоо хүргэж, өөрсдийн мэдээлэл, эд хөрөнгө, сэтгэл санааны аюулгүй байдлыг улам бүр батжуулцгаая” гэлээ.
Тус хөтөлбөр нь цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголт өгөх чиглэлээр контент бэлтгэж гурван сарын турш олон нийтэд хүргэх зорилготой. Шалгарсан редакцуудын бүтээлийн санал өөр өөрсдийн гэсэн онцлогтой байсан талаар зохион байгуулагчид онцолж байсан юм. Тухайлбал, “Дорнод дата” студийнхэн өмнө нь цахим залилангийн эсрэг контентууд бүтээж, аймгийнхаа цагдаагийн газартай хамтран түгээж байжээ. Үүний үр дүнд телеграм платформоор үйлдэгддэг залилан энэ хугацаанд тус аймагт бүртгэгдээгүй байна.
“Баримт нэн тэргүүнд” сүлжээ нь хуурамч мэдээллийг бууруулж, бодит үнэн, бүрэн дүүрэн мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгод нэгдсэн үндэсний хэмжээний мэргэжлийн редакцууд, энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага болон хуулийн фирм зэрэг нэгдсэн бүтцээр ажилладаг сүлжээ юм.
