За энэхүү хоёр нэр томьёог харьцуулан үзэцгээе. FOMO буюу “мэдэхгүй хоцрохоос айх” эмгэгийн (fear of missing out) талаар сүүлийн үед маш их ярьж, бичиж байгаа. Энэ бол хүнийг өөрийн амьдралын хэв маяг, байдалдаа эргэлзэхэд хүргэдэг, ямар нэг зүйлээс хоцорсон юм биш биз гэж байнга эмээдэг байдалд хүргэдэг байна. Энэ эмгэг дэлхий дахинд багасаж байгаа нь сайн хэрэг ч эсрэгээрээ Монголд улам нэмэгдэх шинжтэй. “Нүүр ном орохгүй мэдээллээс хоцорлоо”, өглөө ажилдаа ирээд “Өнөөдрийн хэл ам юу байна” гэж асууна. Телевизийн реалити-шоу үзэхдээ ч өөрийн сэтгэлээр хүлээн авахгүй, олон нийтийн сүлжээнд орж, хүмүүсийн сэтгэгдэл уншина. Энэ бол нийгмийн эмгэг юм.

Тэгвэл дэлхий дахин, монголчуудаас бусад хүн төрөлхтөн FOMO-гоос зайлсхийж, ROMO хандлагатай болж эхэлжээ.
ROMO бол “хоцорсондоо сэтгэл амрах” (relief of missing out, ROMO) мэдрэмж. Хүмүүс үүнийг эрүүл мэнд, эрч хүч, сэтгэцээ хамгаалахад ашигладаг болсон байна. Торонтогийн кино наадмын үеэр жүжигчин Киллиан Мерфи “Найруулагч Кристофер Нолантай хамт “Одиссея” кинонд тоглоогүйдээ харамсдаг уу” гэсэн асуултад “Би ямар нэг юмнаас хоцрохдоо сэтгэл амардаг буюу ROMO” гэж хариулснаар энэ эерэг хандлагыг хүмүүс их сонирхдог болсон.
Алдартнуудаас Том Холланд олон нийтийн сүлжээ амьдралыг нь сүйтгэж байгааг мэдэрсэн тул идэвхтэй байхаа болсон гэж хэлсэн бол жүжигчин Тэрон Эжертон хоёр жил олон нийтийн сүлжээ ашиглахгүй байж байгаад дахин ороход маш их дарамт мэдэрч, стресст орсноо ярьж байв. Селена Гомес сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд үе үе сүлжээнээс завсарлага авдаг. Зейн Малик яагаад ROMO-г сонгосноо “Би өөрийн тойрогтоо л амьдардаг. Элдэв шуугиан сонсохыг хүсдэггүй” гэж тайлбарлаж байлаа.
Өдөр ирэх тусам ROMO-г сонгох хүний тоо нэмэгдсээр. Залуус гадуур шуугиантай шоу хийхээ больж, согтууруулах ундаа бага хэрэглэж, үдшийг тайван амгалан өнгөрүүлдэг болж байна. Манайх шиг “Би тэр төрсөн өдөрт очихгүй бол болохгүй”, “Сараа үдэшлэгт очиж байгаа бол би заавал очно” гэж хүчээр явдаг үе өнгөрч байна. Түүнээс гадна “bed rotting” зуршилтай хүн олширч байгаа юм. Өөрөөр хэлбэл гар утсаа барилгүй, зүгээр л орон дотроо хэвтэж байдаг хүмүүс. Энэ зарчмын гол дүрэм нь унтахгүй, зүгээр л хэвтэж, хүч тамираа сэргээх.

“Political Communication” сэтгүүлд гарсан ROMO-гийн судалгаагаар хүмүүс түгшүүр, аюул осол, ямар ч хамгаалалтгүй мэт мэдрэмж авахын тулд мэдээ үзэх, уншихаа больж байгаа юм байна. FOMO-той хүмүүс ямар нэг арга хэмжээнд очоогүй, ямар нэг шоу үзээгүй, шинэ трендийг мэдэхгүй байхдаа сэтгэлээр унаж, ичиж зовон, стресстээд эхэлдэг байна. Бидний тархины элдэв дохио, цочролыг хүлээн авах хэмжээ нь хязгаартай байдаг. Ажил, гэртээ байнга хүлээн авдаг дохионоос гадна элдэв сурталчилгаа, сенсац мэдээ хүлээн аваад байхаар тархи ихэд ядардаг. Ингээд хүн хяналтаа алдаж, эмзэг, хэврэг болдог ажээ. Мэдээллийн урсгал хязгааргүй, ганц хүн байтугай бүх хүн төрөлхтөн ч бүгдийг нь хүлээн авах чадваргүй гэдгийг тэд ойлгодоггүй.

ROMO, FOMO хоёроос гадна JOMO гэж бий. JOMO (joy of missing out) нь хоцорсондоо баярлах мэдрэмж. Энэ тохиолдолд хүн өөрөө ямар нэг зүйлд оролцохгүй шийдвэр гаргасан, түүндээ баяртай байгаа хэрэг. Гэхдээ ROMO, JOMO хоёр хэт нэг талыг барьсан байгаа тул ROMO яг л алтан дундаж буюу хүмүүс хамгийн их сонирхдог, дагадаг зүйл болоод байгаа юм.
Европын олон компани ROMO дотоод дүрэм гаргажээ. Тэд ажилтнуудаа амралтын өдрөөр ажлын захидал, хүсэлтэд хариулахыг хориглосон. Францад нэгэн хууль гаргасан нь 50 болон тавиас дээш ажилтантай компаниуд ажлын цаг өнгөрсний дараа ажилтнаа ухаалаг төхөөрөмж ашиглуулах шаардлагатай болсон бол тухайн ажилтнаас гадна үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж тохиролцох хэрэгтэй болдог байна.
