Европын хөгжмийн хамгийн том наадмын нэг "Евровидение"-д оролцохоос татгалзсан улсын тоо тав боллоо. Тус наадмыг зохион байгуулагчид Израил улсыг урьсантай холбоотойгоор Исланд наадамд оролцохоос татгалзлаа. Өмнө нь Нидерланд, Испани, Словени, Ирланд улсууд бойкот зарлаад байсан юм.
Эдгээр улсууд Газын зурваст хоморголон устгах дайн явуулж байгаа Израилыг уралдаанаас хасахыг шаардаж байгаа билээ. Одоогийн байдлаар 34 орон оролцохоо мэдэгдээд байна.
"Евровидение-2026” наадам ирэх тавдугаар сард Австрид болох бөгөөд оролцохгүй улсын тоо цаашдаа нэмэгдэх шинжтэй. Харин наадмын гол ивээн тэтгэгч Герман улс хэрэв Израилыг хасвал оролцохгүй гэж сүрдүүлсэн бол зохион байгуулагч Австри улс Израилыг дэмжжээ.

