UBLife Logo
Дэлхий

Фото: Камеруны ядуурлын тэмдэг болсон Мото такси

Фото: Камеруны ядуурлын тэмдэг болсон Мото такси

Мото такси гэдэг маань мотоциклоор таксины үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Камеруны эдийн засгийн төв болох Дуалад хэдэн мянган хүн өдөр бүр мотоциклоо унан, ажилдаа гардаг. Тэд бол таксичид юм. Мото такси энэ хотын салшгүй нэгэн хэсэг болсон бөгөөд Камерун улсын хямрал, ядуурлын тэмдэг гэж хэлэхэд болно.

Мото таксичдыг бенскин (benskin) гэж нэрлэдэг. Энэ үгээр таксины үйлчилгээ төдийгүй түгжрэл, бөөгнөрсөн хүмүүс дундуур сүлжээд гарах чадварыг нь илэрхийлж болно. Ийм чадваргүй бол хүн, ачаа бараа зөөх ямар ч боломжгүй.

Засгийн газраас тэднийг эмх замбараагүй байдал, гэмт хэргийн үндэс гэж үздэг ч бенскин нар өөр ажил хийх битгий хэл олж ч чадахгүй.

Албан ёсны мэдээгээр Камерунд ажилгүйдэл 3,5%, харин залуучуудын дунд энэ тоо 39 хувьд хүрээд байгаа юм.

33 настай Закияу Мохамед орон гэргүй тул төмөр замын вокзал дээр хоног төөрүүлнэ. Өдөр нь тэр 100 камерун франкаар (18 ам.цент) хүн зөөдөг. Угаасаа ажил олдохгүй тул яаж ийгээд мотоциклтой болж, такси хийх нь эндхийн амьдралаа залгуулах гол арга.

36 настай Акселин Нгуана эмнэлэгт сувилагч байсан ч цалин хэт бага тул орхижээ. Одоо тэр мотоцикл засварын газар ажиллуулдаг, өөрөө ч таксинд явна. Хэчнээн ядарсан ч тэр гурван хүүхдээ тэжээхийн төлөө өглөө болгон ажилдаа ирнэ. Баяжихыг мөрөөдөхөө аль хэдийн больсон, одоо хоногийн хоолтой байхыг л хүсдэг болжээ.

39 настай Карин Альфонсина Кегне багадаа хөлбөмбөгийн шүүгч болохыг мөрөөддөг байжээ. Гэвч ээж нь нас барсны дараа сургуулиа орхихоос өөр аргагүйд хүрсэн. Хүнээс түрээсэлсэн мотоциклоороо хүн зөөж эхэлсэн нь одоо түүний үндсэн ажил болжээ. Хангалттай мөнгө хураагаад хоёр хүүхэдтэйгээ хамт гадаадад гарах нь түүний зорилго.

30 настай Нубисси Матюрен Альбер инженер болохыг хүсдэг байсан ч сургалтын төлбөрөө дийлсэнгүй. Одоо мото таксинд явж, амжилттай яваа ангийн нөхөдтэйгөө тааралдахгүй байхыг хичээдэг.

2018 онд Альбер Сөрөг хүчний төлөө саналаа өгч, амьдрал өөрчлөгдөнө гэж итгэж байлаа. Гэвч дахиад л эрх баригч нам элдэв булхайгаар ялсан тул дахиж хэзээ ч сонгуульд оролцохгүй гэж андгайлсан.

Энэ хүмүүсийн түүх бол Камерун улсын бодит байдал. Албан ёсны мэдээллийн ард хэдэн сая хүн ядуурлын түвшинд амьдарч байгааг бенскин нар харуулж байна.

Засгийн газрын түшмэлүүд ирээдүйн хөгжил, төсөв, төслийн талаар ярьж байхад бенскин нар хар үүрээр сэрж, мотоциклоо асаасаар. Өөр ажил угаасаа тэдэнд олдохгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.