UBLife Logo
Спорт

Месси: Би ганцаардлаас таашаал авдаг

Месси: Би ганцаардлаас таашаал авдаг

Лионель Месси илэн далангүй ярилцлага өгөөд байдаг хүн биш. Угаасаа даруу төлөв хүн тул хувийн амьдралаа дэлгэх дургүй. Харин энэ удаад түүнтэй ярилцсан Аргентины “Luzu TV” платформ урьд өмнө хүмүүсийн мэддэггүй байсан баримтуудыг танилцуулж чадсан юм.

Ганцаардлын талаар: Үнэнийг хэлэхэд би заримдаа их хачин хүн. Би ганцаараа байх дуртай, бүр ганцаардлаас таашаал авдаг гэж хэлж болно. Заримдаа гэрт гурван хүүхэд шуугилдаад, гүйлдээд, тоглоод байхад их ядардаг. Надад чив чимээгүй орчин таалагддаг.

Сэтгэл зүй: Сэтгэл зүйчийн тусламж авч байсан үе бий. Барселонад амьдарч байхдаа л даа. Дараа нь больсон. Би хамаг зүйлээ дотроо хадгалаад байдаг муу зуршилтай. Хамаг асуудлыг ганцаараа шийдэх гэж оролдоно. Ингэхээр дотор зөндөө юм хуримтлагддаг.

Талбай дээрх өөрчлөлт: Талбайд гарахад миний дотор өрсөлдөх, ялах хүсэл эрмэлзэл асдаг. Тэгээд уурлах, тэсрэх зүйл гардаг. Дараа нь тэнэг зүйл хийж дээ гээд харамсдаг.

Олон нийтийн сүлжээ: Хэн нэгнийг хасах, хэн нэгнээс зугтах хүсэл төрдөг. Гэхдээ би хэзээ ч тэгж байгаагүй. Учир нь энэ нь юунд хүргэж болохыг би мэднэ. Жижиг зүйл мэт боловч маш муу үр дүнтэй байдаг нь сэтгэл зовоодог. Намайг хөлбөмбөгөөс өөр зүйлээр шүүн ярихад би дургүй.

Шүүмжлэл: Би өөрөө өөрийнхөө хамгийн том шүүмжлэгч гэдгээ байнга хэлж ирсэн. Зөв юм хийж байгаа эсэхээ би сайн мэддэг.

Зурхай: Би мэлхийн орд. Зурхай огт ойлгодоггүй. Антонеллагийн аав нь бас мэлхийн орд болохоор бид сайн ойлголцдог.

Романтик: Би энэ талдаа муу. Ер нь хүйтэн талдаа болохоор Антонелла нэг хэсэг романтик байхаа больсон байлаа. Ингээд нэг удаа түүнд “Чи өмнөхөөсөө өөр болчхож” гэж хэлж байсан. Хайртай дотнын хүмүүс минь аз жаргалтай байхад би дуртай. Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаад байдаггүй ч мэдрэмжтэй. Заримдаа кино үзээд уйлдаг. Бодит түүхээр хийсэн кино үзэхээр нулимс гараад байдаг юм.

Дэг журам: Миний эд зүйлсэд хүн хүрэхэд дургүй. Багаасаа л тийм байсан. Хүүхдүүд минь ч яг адилхан.

Бүжиг, архи: Согтууруулах ундаанд дургүй. Гэхдээ бүжиглэхийн тулд бага зэрэг халаалт хэрэгтэй. Би дарс уудаг. Хурдан халахын тулд спрайттай дарс уудаг гэж байгаа.

Төрсөн нутаг: Баяраар очих дуртай. Гэхдээ үнэндээ гадагш бараг гардаггүй. Гэр бүлийнхэн, найзуудтайгаа уулзах сайхан шүү. Ялангуяа 12 дугаар сард нутагтаа очих сайхан. Энэ үед нэг л өөр байдаг юм. Аргентины зун.

Бизнес: Хүмүүс надад тусалдаг. Анх хөлбөмбөгөөс өөр юм боддоггүй байлаа. Одоо хамтран ажилладаг хүмүүстээ итгэдэг болохоор бизнесээ бараг хажуугаас нь хараад сууж байдаг гэхэд болно.

Шоу-бизнес: Надад хов жив таалагддаг. Ээж бид хоёр хов базна. Харин Антонелла элдэв ярианд дургүй. Ээжээс надад өвлөгдөж үлдсэн зүйл энэ.

Гадаад хэл: Гадаад хэл мэдэхгүй байх нь тун эвгүй байдаг. Гэхдээ би англи хэлээр ойлголцож чадна гэж боддог.

Хиймэл оюун: Энэ талаар огт мэдэхгүй.

Ирээдүй: Үнэндээ би дасгалжуулагч болно гэж боддоггүй. Менежер болж болох юм. Хэрэв сонго гэвэл багийн эзэн болохыг илүүд үзнэ. Өөрийн багтай болоод хөгжүүлж, хүүхдүүдэд боломж олгох нь миний хүсэл.

Цол хэргэм: Одоо надад хүсээд байх зүйл үлдээгүй. Бурхан надад төсөөлснөөс минь илүүг өгсөн. Боломжгүй болчихлоо гэж бодож байтал Аргентинтайгаа цуг ялаад эхэлсэн. Эхлээд Америкийн цом, дараа нь дэлхийн аварга. Цаашдаа юу болохыг Бурхан л мэднэ. Би талархаж явдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.