UBLife Logo
Спорт

Дакар Ралли: Монгол Улсаа дэлхийд цуурайтуулсан өдөр

Дакар Ралли: Монгол Улсаа дэлхийд цуурайтуулсан өдөр

48 дахь удаагийн Дакар ралли 2026 хөшгөө хааж, ангилал тус бүрийн шилдэг тамирчид, авто мото спортын олимпын хүнд хэцүү, бахархам гайхамшгийг мэдрүүлсэн 14 хоног байлаа. Тэр дундаа МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд Монгол Улсын шинэ түүхийг бичсэн, хүнд хэцүү, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа сорьсон өдрүүд байв.

”Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин МУГТ Э.Халиунболд 14 өдрийн уралдааны турш нийт 8000 км  замыг туулж,  мотоциклийн 120 тамирчин (анх) гараанаас гарч уралдсанаас 16-р байрт, Ралли 2 төрөлдөө 6-р байрт, мөн Шинэ шилдэг тамирчны 3-р байрын цомыг хүртэж, Монголын ард түмнээ баярлууллаа.

Харин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий дүнгээр 29, Ралли-2 ангилалдаа 19 дүгээр байрт шалгарсан амжилтаар 48 дахь удаагийн “Дакар ралли”-г өндөрлүүллээ.

Мотоциклийн төрөлд энэ 48 дахь Дакар раллид бас нэгэн шинэ түүх бичигдсэн нь HONDA түрүүлэх үү, KTM түрүүлэх үү гэсэн асуулт байсан юм. 12 гарааны нийлбэр дүнгээр R.Brabec (Honda), L.Benavides хоёр тэргүүлж явсан ба тэднийг 3 минут 20 секунд зааглаж байлаа.13 дахь өдрийн 105 км уралдаан эхлэхэд тэргүүлэгч R.Brabec гараанаас түрүүлж гарч, (зугтах тактик барин) уралдааны зам дуусахаас 3 км наана төөрч буцаад замдаа орж бариаллаа.

Ингээд 3:20 секундийг нөхөх хүндхэн даалгавар L.Benavides дээр ирж, дэлхийн авто мото сонирхогчид анхааралтай ажиглаж байсан юм. L. Benavides барианд Хонда багийн тамирчин R.Brabec-ээс 2 секундийн урд барианд орсноор олон өдрийн ралли тэмцээний нэгэн шинэ түүх бичигдлээ. L.Benavides- ийн анхны түрүү амттай гайхамшигтай байлаа.

“Тал нутгаас Дакарт” төслийн зохицуулагч н.Ууган-Эрдэнэ “Rally GP буюу үйлдвэрлэгчдийн тулаанд “КТМ” багийн Luciano Benavides найз маань аваргаллаа. Сайхан байлаа. Анх 2019 онд танилцаж байсан аргентин залуу өнөөдөр ахынхаа араас аварга хэмээх нэр алдрыг хүртлээ. Өчигдөр бивуакт таараад Djr (Ууганаа) чиний найз 57 мөн тийм ээ? Нэр нь хэн билээ Хак билүү гэж байна. Тиймээ мөн Хак57 гэсэн чинь “Тиймээ тэр үнэхээр ХУРДАН залуу байна лээ. Уралдааны замд таарсан Rookie жил гэхэд сайн шүү гэж хэлэхэд ёо ёо л боллоо. Аймаар байлаа. Начо бас тэгж хэлсэн, КТМ Фактори багийн нэг ах Марокоос хойш чамайг харсан хүснэгтээс байнга харж байлаа Монголиан Бест шүү гээд хэлж байна” гэж ярьсан байна.

Монгол Улсын Гавьяат Тамирчин Эрдэнэбилэгийн Халиунболд “Амаргүй хүнд хэцүүгийн шалгуур болсон сайхан уралдаанаа амжилттай дууслаа. Бүх цаг үед дэмжиж байсан та бүхэнд талархлаа. Нийт дүнгээр 16, Rally 2 төрөлд 6, Rookie class ангилалд 3-р байр эзэллээ. Дакарт уралдахад төсөөлөл анх байгаагүй ч үүнийг хийх ёстой л гэж бодсон. Гэхдээ дотроо нууцхан шилдэг 20-д багтах юм сан гэх хүсэлтэй. Тэгээд “Дакар ралли”-д оролцсоноор 16-т багтаж, зарим гараанд дээгүүр уралдаж, зураг унших сургалтад сууж чихээ онгойлгон номын дуу сонссондоо баяртай байна. Бидний төслийг анхнаас дэмжиж байсан бүх хүнд баярлалаа. Энэ хүртэл авч явсан “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхаа хамт олонд талархал илэрхийлье” гэж ярилаа.

Монгол тамирчид Авто Мото спортын олимпод амжилттай оролцож, Алтан Соёмбот төрийн далбаагаа мандууллаа. МУГТ Э.Халиунболд болон төслийн багийнхан энэ сарын 20-ны өглөө 7:30 минутад Монгол эх орондоо ирнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.