Жил бүрийн Валентины баяраар олон хүн хамгийн дуртай хайрын тухай киногоо эргүүлэн үздэг бол орчин үед кино компани, студиэс хоёрдугаар сарын 14-нд шинэ, романтик киноныхоо нээлтийг тааруулдаг болсон байна. Солонгосын кино ертөнцөөс үзэгчиддээ зориулан, хайр, дурлалын тухай киног төрөл төрлөөр нь “үйлдвэрлэн” гаргаж байна. Энэ удаад бид та бүхэнд 2019 оноос хойш гарсан таван киног санал болгож байна. Энд алс хол суугаа хайртууд, сургуулийн үеийн үерхэл, ямар ч саад бэрхшээлийг даван туулж байгаа үнэнч дурлалын талаар өгүүлэх болно.
“Past Lives”
Гол дүрд: Грета Ли, Ю Тэ O
Он: 2023

Олон жилийн өмнө цагаачлан, алс холыг зорьсон багын найзууд Нью-Йоркт учирч байгаа талаар өгүүлнэ. Зүрхэндээ үлдсэн байсан хайрын галыг дахин ноцоосон, дулаахан кино. Найруулагч Селин Сон өөрөө ч Өмнөд Солонгосоос АНУ-д ирж байсан хүн тул намтар зохиол гэж ч хэлж болох юм.
“20th Century Girl”
Гол дүрд: Ким Ю Чжон, Пён У Сок
Он: 2022

1999 он, Чхонджу. Америкт хагалгаа хийлгэхээр явж байгаа ахлах ангийн охин хайртай болсон залуугаа харж байхыг Бо Ра гаас хүснэ. Бо Ра цахим шуудангаар мэдээлэл илгээн, залууг бараг мөрдөж байтал гэнэтийн юм болж, хайр дурлал хүрээд ирэх нь тэр. Хэн хэнд дурласан юм бол?
“Decision to Leave”
Гол дүрд: Тан Вэй, Пак Хэ Иль
Он: 2022

Хэ Джун бол ажилдаа дуртай, мөрдөг байцаагч. Ууланд болсон хүн амины хэрэг мөрдөж байгаад хохирогчийн бэлбэсэн эхнэрт татагдаж эхлэнэ. Хэчнээн сэжигтэй санагдав ч хайр бол хайр.
“Tune in for Love”
Гол дүрд: Чон Хэ Ин, Ким Го Ын
Он: 2019

1994 оны аравдугаар сарын 1-нд “Хөгжмийн цомог” нэвтрүүлгийн хөтлөгч солигдоно. Яг энэ өдөр Хён У хүүхдийн хорих газраас суллагдаж, жижигхэн талхны газарт ажилд орно. Эзэн нь түүнээс нэлээд эгч Ми Су байх ажээ. У жирийн амьдрах гэж хичээх ч хуучин найзууд нь саад болно.
“30 Days / Love Reset”
Гол дүрд: Кан Ха Ныль, Чон Со Мин
Он: 2023

Эрт өмнө хайрлаж, дурлан гэрлэж байсан хоёр одоо нэг нэгнээ үзэхгүй. Тэд салахаар өргөдлөө гаргаад хууль ёсоор 30 хоног хүлээх болжээ. Машины осолд ороод хоёулаа ой санамжаа алдана.
