UBLife Logo
Спорт

Майкл Жордан “Дэлхийн хамгийн агуу сагсан бөмбөгч”-ийг нэрлэлээ

Майкл Жордан “Дэлхийн хамгийн агуу сагсан бөмбөгч”-ийг нэрлэлээ

Сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогч хэн бэ гэсэн асуулт олон арван жил яригдаж ирсэн. Өнөө цагт спорт сонирхогчид ихэнх тохиолдолд “Чикаго Буллз” багийн домог Майкл Жордан, “Лос-Анжелес Лейкерс” багийн од Леброн Жеймс хоёрыг харьцуулж байна. Харин шинжээчид, сагсан бөмбөгийн хорхойтнууд энэ хоёр дээр Карим Абдул-Жаббар, Коби Брайант нар нэмэгдэх ёстой гэж үздэг, баталгаа ч гаргадаг билээ. Жордан ийм төрлийн ярианд оролцох дургүй, аль болох зайлсхийж ирсэн түүхтэй. Саяхан Майкл “Insights to Excellence” нэвтрүүлэгт орохдоо өөрийн бодлыг хэлжээ.

Майкл Жордан “Агуу гэдэг ойлголт надад хэзээ ч онцгой сэтгэгдэл төрүүлж байгаагүй. Миний хувьд агуу гэж зүйл байхгүй. Би Оскар Робертсон, Жерри Уэст нарын эсрэг тоглож үзээгүй. Мэдээж тэдэнтэй өрсөлдөхийг хүснэ. Би тэд нараас суралцаж, дараа нь бид Коби, Леброн нарын замыг засаж өгсөн. Үе болгон өөрийн хувь нэмрээ сагсан бөмбөгт оруулдаг нь энэ спортын нэгэн сайхан чанар юм. Гэхдээ энэ үйл явцыг өөртөө сагс зааж өгсөн хүмүүсийн эсрэг ашиглаж болохгүй” гэжээ.

Үнэхээр сагсан бөмбөг байнга хөгжиж байгаа тул өнөөдөр чухал байсан зүйл маргааш хэрэггүй болж мэднэ. Одоогийн одод ах нараа харан, суралцаж, ур чадвараа сайжруулж байсан нь гарцаагүй. Хоёр өөр үед тоглож байсан тамирчдыг харьцуулах нь утгагүй гэж Майкл үзэж байна.

Жордан “Би, Коби, Леброн гээд бүгд ид үедээ хамт тогловол сайхан хэрэг. Гэхдээ тэглээ гээд ямар үр дүн байх байсныг хэн ч мэдэхгүй. Энэ бүх чансаа бол маркетингийн нэг хэсэг. Нэг үеийг нөгөөхөөс нь дээгүүр тавих гэсэн оролдлого дайсагналцлыг авчирна. Миний хувьд одоогийн тоглогчдын эсрэг ямар нэг юм байхгүй. Гэвч сагсан бөмбөгт оруулсан хувь нэмрийг нь мартаад үнэлэхгүй байхаар зарим ахмад тоглогчид уурладаг, гомддог”

Бүхний ард чимээгүй суугаад, ажлаа хийдэг тамирчид бий. Тэднийг үнэлэхгүй, хурц гялалзсаныг нь л хойч үе нь дурсаад байвал буруу.

Майкл “Леброны замнал үнэхээр гайхалтай. Би түүнээр яг л Коби, Кевин Дюрант шиг бахархдаг. Тэд бүгд сагсан бөмбөгийн түвшинг дээшлүүлсэн. Гэхдээ тэдний хэн нэгийг нь бусдаас нь дээгүүр тавихыг би зөвшөөрөхгүй. Бид энэ бүхний хөрсийг бэлтгэж өгсөн тамирчдад талархаж явах ёстой. Билл Расселл 11 удаа аварга болсон. Гэтэл түүнийг “Та агуу биш” гэж хэлэх аргагүй биз дээ”

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...