UBLife Logo
Сэтгэл судлал

Дээрэлхэлт, хүчирхийллийн талаар хүүхэдтэйгээ зөв ярилцах 10 арга

Дээрэлхэлт, хүчирхийллийн талаар хүүхэдтэйгээ зөв ярилцах 10 арга

Сүүлийн жилүүдэд сургууль, гэр бүлийн орчинд хүүхдүүдэд үзүүлэх дээрэлхэлт, хүчирхийлэл нэмэгдэж буй тул эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдүүдтэйгээ энэ сэдвээр зөв харилцах нь чухал болжээ. Хүүхдэд ойлгомжтой, аюулгүй орчинд ярилцах нь тэдний сэтгэл зүйг хамгаалж, асуудлыг шийдэх чадварыг нь хөгжүүлэхэд тусална.

Энд хүүхдүүдтэй дээрэлхэлт, хүчирхийллийн талаар зөв ярилцах 10 арга зөвлөмжийг хүргэж байна.


Итгэлцэл бий болгох

Хүүхдэд ямар ч асуудлыг хэлэхэд аюулгүй гэдгийг ойлгуулах. Тэднийг сонсож, шүүмжлэхгүйгээр хүлээн авснаар итгэлцэл бий болно. Энэ яриаг зөрүүлэн ямар нэг байдлаар хүүхдийн эсрэг ашиглахгүй гэдгээ, өөрт нь хэлэхэд зүгээр гэдгийг мэдрүүлэж, ойлгуулах нь нэн түрүүний хийх ёстой зүйл юм шүү.

Энгийн, ойлгомжтой үг хэллэг ашиглах

Тухайн хүүхдийн насанд тохирсон энгийн үг, жишээгээр тайлбарлах хэрэгтэй. Бүр бага насны хүүхэд байх тусмаа үүнийг илүү анхаараарай. Ер нь ийм сэдвийн тухай хэт сүржин эсвэл албаны, мэдээний үг хэллэг ашиглах нь тэр хүүхдийн итгэж, нээн ярихаас илүү холдуулдаг.

Асуулт асууж, санаа бодлыг нь сонсох

“Сургуулийнх нь нөхдөөс хэн нэг нь чамд таагүй зүйл хийсэн үү?” гэх мэт энгийн асуултаар тэдний мэдрэмж, бодлыг ойлгох гээд оролдоорой. Хамгийн гол нь хүүхдийнхээ яриаг тасалж, яаруулж огт болохгүй. Тэгвэл тэд хэлэх гэж байсан үгээ залгиад үлдэх магадлал өндөр.

Өөрийн жишээгээр тайлбарлах

Хүүхэд ойлгоход амар болгох үүднээс өөрийн амьдралын жижиг жишээ, түүх хэлж өгөх нь хүүхэдтэйгээ илүү холбогдох боломж олгоно. Эсвэл танилд тань тохиолдсон явдал, сонссон түүхээ хуваалцаж, жишээ болгон ярьснаар хүүхэд илүү хариу үйлдэл үзүүлэх боломжтой болно.

Эерэг шийдлийг заах

Дээрэлхсэн нөхцөлд юу хийх, хэнд хандах, хэн тусалж чадахыг тодорхой тайлбарлаж өгөх хэрэгтэй. Жишээ нь ийм зүйл болоход багш, эцэг эх, итгэлтэй хүн рүү хандах шаардлагатайг, дуугүй өнгөрч болохгүйг хэлж ойлгуулах нь цаашид нэмэгдэх эрсдлийг бууруулахад тус болно. Томчууд үнэндээ тэднийг хамгаалахын төлөө байдаг гэдгийг мэдрүүлэх нь бидний чухал үүрэг.

Эрсдлийг ойлгуулах, айдсыг нэмэхгүй байх

Хүүхдийг айлгахгүйгээр “Буруу зүйлд зүгээр, дуугүй байж болохгүй” гэдгийг тайлбарлах нь ихээхэн мэдрэмж шаардана. Зоригийг нь мохоохгүйгээр гарч болох сөрөг үр дагаврыг айлгахгүйгээр тайлбарлаж, араас нь авах ёстой зөв арга хэмжээг хэлж өгснөөр хүүхдүүд илүү тодорхой ойлголттой, зүг чигтэй болох боломжтой.

Дүрэм, хязгаар тогтоох

Хүүхдэд ямар зан үйл буруу, ямар үйлдэл нь өөрт болон бусдад аюултай болохыг ойлгуулах хэрэгтэй. Зарим тохиолдолд хүүхдүүд нь бусдад хүч хэрэглэж, дээрэлхсэн тохиолдлууд байж болно шүү дээ. Ийм нөхцөлд яаж болохгүй, яагаад буруу болохыг тайлбарлан хэлэх нь ихээхэн чухал.

Сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэхийг заах

Айсан, гомдсон, уурласан мэдрэмжээ хэрхэн аюулгүй илэрхийлэх, хэнтэй хуваалцахыг зааж өгөх нь чухал. Бид хэрвээ айвал дотроо тээлгүй итгэдэг хүн, насанд хүрсэн хэн нэгэнд хэлэх ёстой, уурласан бол шууд хэн нэгэн рүү гаргаж болохгүй, зөвөөр уураа гаргах аргыг олох хэрэгтэй гэх мэтээр хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, илэрхийлэмжийг ойлгуулахдаа мэргэжлийн хүмүүсийн арга зөвлөгөөг ашиглаад үзээрэй.

Дүрс бичлэг, ном, тоглоом ашиглах

Хүүхдэд ойлгуулахад зураг, дүрс бичлэг, хүүхдийн ном, тоглоомыг ашиглах нь үр дүнтэй байдаг. Сүүлийн үед хүүхдийн мэдрэмж, сэтгэл зүй, асуудлуудтай холбоотой чанартай бүтээлүүд ч олон гарсан тул сонирхоод үзээрэй.

Дахин ярилцах орчин бүрдүүлэх

Нэг удаа ярилцахаас гадна тогтмол хүүхдийнхээ мэдрэмж, өдөр тутмын туршлагыг сонсох орчинг бий болгох хэрэгтэй.

Хүүхдэд дээрэлхэлт, хүчирхийллийн талаарх мэдлэг олгох нь зөвхөн аюулгүйн арга хэмжээ биш, мөн тэдний сэтгэл зүйн өсөлт, өөрийгөө хамгаалах чадварыг хөгжүүлэх чухал алхам юм. Эцэг эхчүүд энэ зөвлөмжийг дагаж хүүхдэдээ аюулгүй, ойлгомжтой орчин бүрдүүлэхийг санал болгож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...