УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “УИХ дахь Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа. УИХ-ын дарга, МАН-ын даргаар хавсран ажиллаж байгаа Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа хүлээлгэж өгтөл Ардчилсан нам чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах үйлдэл биш. УИХ өөрөө олон намын төлөөлөлтэй, хоёр УИХ-ын дэд даргатай. Энэ асуудлыг хөндөхөд олон үндэслэл байна. Бодлогын хувьд 2016 оноос хойш тоолбол 10 жил нэг нам дангаараа засаглаж байна. Энэ 10 жил авлигажуулсан, авлигыг систем болгосон, авлигын тогтолцоог угсарсан 10 жил байлаа. Үүний үрээр энэ улс орныг хямралын байдалд энэ улс төрийн хүчин аваачсан. Энэ улс төрийн хүчнийг даргалж байгаа дарга эрүүл саруул бодлогын мэтгэлцээн өрнөх ёстой улсын их хурлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь зарчмын хувьд буруу. Цаашид ч үүнийг зарчим болгож ажиллах ёстой.” гэлээ.