UBLife Logo
Нийгэм

Монгол Улсад хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсад хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Жавхлан болон Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны долоодугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжиж байна.

Тус хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.4 сая гаруй иргэнийг унд, ахуйн шаардлага хангасан цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэнэ. Мөн энэ нь усны салбарт сүүлийн 30 жилд хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Монгол Улсад анх удаа томоохон хэмжээний хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад орууллаа.

Тус үйлдвэр нь дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох бусад дэд бүтцийн хамт баригдсан бөгөөд дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй өдөрт 50 мянган шоо метр хаягдал усыг хүлээн авч боловсруулан гурав, дөрөвдүгээр дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм.

Ингэснээр жилд 14–18 сая шоо метр орчим гүний цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэж, хотын усны хязгаарлагдмал нөөцийг хамгаалах, тогтвортой, хариуцлагатай усны менежментийг бий болгох, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой юм гэж Сангийн яамнаас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...