Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.06.22) Сүхбаатар аймгийн Асгат сум, Бичигтийн боомтод албан томилолтоор ажиллаж, “Бичигт боомтын төв замаас аялал жуулчлалын бүс нутаг Дарьганга байгалийн цогцолбор газар хүртэлх хатуу хучилттай авто замын эхлэл буюу зүүн бүс төслийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс", "Эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс" болгон хөгжүүлэх зорилтыг тусгасан. Уг бодлогын хүрээнд Бичигт боомтын төв замаас Дарьганга байгалийн цогцолбор газар хүртэлх нийт 136.9 км хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эхний ээлжийн 34.95 км авто замыг 2026-2027 онд барьж байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
Төслийн эхлэл болох энэхүү автозам нь Баруун-Урт, Бичигт чиглэлийн А2002 дугаар улсын чанартай автозамын 111.3 дахь км буюу “Улаан хужирын нуруу”-ны баруун хойд хэсгээс эхэлж, Шилийн Богд уулын орчим хүртэл үргэлжлэх юм.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд уг төслийн санхүүжилтэд нийт 14.9 тэрбум төгрөг тусгасан бөгөөд барилга угсралтын ажлын тендерийг хоёр багц болгон зарлаж, гүйцэтгэгчээр нь “Өвөр Монголын зам гүүр групп” ХХК шалгарсан байна.
Сүхбаатар аймаг нь Алтан-Овоо, Шилийн Богд, Монголын хүн чулуун хөшөө, Таван толгойн археологийн цогцолбор, Ганга нуур, Оргихын булаг, Егүзэрийн хийд зэрэг түүх, соёл, байгалийн хосгүй өв бүхий аялал жуулчлалын томоохон нөөцтэй бүс нутаг.



Энэ зам ашиглалтад орсноор Баруун-Урт, Бичигт чиглэлийн улсын чанартай авто зам болон олон улсын CAREC-4С тээврийн коридортой холбогдож, Бичигт-Зүүнхатавч боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, зорчигч болон ачаа тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг албаныхан онцоллоо.
Нээлтийн үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ, “Энэхүү авто зам нь зөвхөн дэд бүтцийн бүтээн байгуулалт бус, зүүн бүсийн хөгжил, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ гарц болох юм. Зам дагаж хөгжил ирдэг. Зам дагаж хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, ажлын байр, шинэ боломжууд бий болдог. Иймээс уг төслийг чанартай, хугацаанд нь хэрэгжүүлж, ард иргэдийн хүлээлтэд нийцсэн бүтээн байгуулалт болгох нь бид бүхний хамтын үүрэг” гэдгийг онцоллоо.
Тэрээр мөн энэхүү төсөл хэрэгжсэнээр Бичигт боомтын тээвэр, логистикийн чадавх нэмэгдэж, Дарьгангын байгалийн болон түүх, соёлын өвийн хүртээмж сайжран, бүс нутгийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц. Идэрбат, УИХ-ын гишүүн М. Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Л. Соронзонболд, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, ЗТЯ-ны Авто замын бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Л.Баярбат, Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг дарга У.Мөнхбаяр нар оролцлоо.