UBLife Logo
Хөлбөмбөг

Баячууд ДАШТ-ийг ингэж үздэг

Баячууд ДАШТ-ийг ингэж үздэг

Шагнал гардуулах ёслолын үеэр талбайд гарах эрхтэй, цэнгэлдэх хүрээлэнгийн яг төв хэсэгт эхний эгнээний 6 тасалбар 4 сая ам.долларын үнэтэй. 24 цагийн дотор зарагдсан. Энэхүү тасалбарууд хэт баян хүмүүст үйлчилдэг “Knightsbridge Circle” компанийн үйлчилгээ. Энэ багц тасалбар нь ДАШТ-ий түүхэнд анх удаа худалдаанд гарсан бөгөөд зөвхөн сонгогдсон хүмүүст зардаг. Авах хүмүүсийг урьдчилан сайтар шалгаж, гишүүнээр элсүүлсэн байдаг.

“Knightsbridge Circle” бол баячуудад ДАШТ-ий үеэр тансаг үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн компанийн нэг. Энэ удаагийн ДАШТ Канад, Мексик, АНУ гэсэн гурван орны 16 хотод болж, 48 шигшээ баг нийт 104 тоглолт хийх юм. Тэмцээнийг амьдаар нь үзэх гэсэн олон хүнд тасалбарын хэт өндөр үнэ, тээвэр унаа, Америкийн виз гээд олон саад учирсан. Харин дээрх компанийн үйлчлүүлэгчид тийм зовлонг мэдэхгүй. Тэд хувийн онгоцоор тоглолт болох хотод ирж, цэнгэлдэхэд нисдэг тэрэг, эсвэл лимузин машинаар хүргүүлнэ. Тусгай ВИП суудалд сууж, дураараа тухтай үзнэ. Хэдхэн цагийн өмнө тоглолт үзэхээр шийдсэн байсан ч хамаагүй.  

“Би энэ тусгай үйлчилгээний салбарт 22 жил ажиллаж байна. Гэхдээ намайг гайхуулсан зүйл энэ удаагийн ДАШТ. Ёстой мөнгөтэй бол юуг ч авч болох тэмцээн байна” гэж “Knightsbridge Circle” компанийн тэргүүн Макнил ярьж байна.

Макнил болон түүний адил ажил хийдэг хүмүүс хэзээ ч үйлчлүүлэгчийнхээ нэрийг зарладаггүй. Харин алдартнууд, тамирчид, компанийн эзэд, тэрбумтнууд байгаа гэдгийг л хэллээ.

6 оронтой тоо

Тансаг үйлчилгээ гэхээр дандаа сая ам.доллар даваад байхгүй. Гэхдээ ихэнх үйлчилгээний үнэ 6 оронтой тоотой. Ийм багцад хувийн онгоц, нисдэг тэрэг, нисэх буудал дахь ВИП үйлчилгээ, хамгаалалт, зочид буудал багтдаг.

Дээд зэрэглэлийн аяллын “Magma Global” компанийн дэд ерөнхийлөгч Николь Уоллах багц үйлчилгээний хамгийн хямд нь 75 мянган ам.доллар байдаг гэж байна. Зарим хүн хэд хэдэн хотоор аядах хэдэн өдрийн үнэтэй багц худалдан авдаг. Лос-Анжелест тоглолт үзээд дараа нь хэд хоног Хавайн аралд амардаг хүн ч бий. ДАШТ-ий сүүлийн долоо хоногийн тоглолт, хүрэл медалийн төлөөх тоглолтын тасалбарын үнэ зургаан оронтой тоонд хүрэх гэнэ. Баячууд тансаг буудал, амттай хоолноос гадна нэмэлт олон үйлчилгээ авдаг. Тамирчидтай уулзаж болох тусгай суудал хэдэн зуун мянгын үнэтэй.

Хувийн нууц нэмэлт үнэтэй

Баян үйлчлүүлэгчдэд хамгийн чухал нь тав тух, хувийн нууц байдал үнээс илүү чухал. Ихэнх нь дагуул, гэр бүлтэйгээ явдаг бөгөөд бүгд тус тусдаа өөр үйлчилгээ шаардана. Тэдэнд хамгийн урд талын суудал хангалттай биш. Олон балиашиг уух, идэх юм авах гэж олон цаг зогсдог бол баячууд тусгай тагт, өрөөнд тансаг хоол зооглоно. Тэд хүмүүстэй түлхэлцээд, шахцалдаад байх дургүй. Хэн нэг нь хараад, таниад хамт зураг авхуулах гэж зүтгэхийг тэвчихгүй. Тийм болохоор мөнгөтэйдаа үнэтэй үйлчилгээ авч байгаа биш тухтай байхыг хүсэж байгаа хэрэг. Баячууд бусад хүмүүс шиг хүлээхийг хүсдэггүй. Зарим тэрбумтан хувийн тогооч, бие хамгаалагчаа дагуулаад ирнэ.  

Сүүлийн мөчид

Жирийн хүмүүстэй адил тэд тасалбар, онгоц энэ тэрээ олон хоногийн өмнө захиалдаггүй. Цагийг мөнгөнөөс илүү үнэлдэг тул эцсийн мөчид шийдвэр гаргах нь олонтой. Макнилийн ярьснаар тэд эхлээд ДАШТ үзэх саналыг нь бараг тоогоогүй гэнэ. АНУ-гаас өөр улсад амьдардаг зарим нь улс төрийн шалтгаанаар ирэхийг хүсэхгүй байв. Гэвч ДАШТ эхлэхэд тусгай үйлчилгээний үнэ өссөн, 1/8 финалд ямар баг шалгарснаас хамааран хэд нугарах гэнэ.

Стюарт Макнилийн компани баячуудад ДАШТ-д оролцож байсан хуучны алдартай тамирчидтай уулзах, хоолонд орох үйлчилгээ зохион байгуулсан нь их орлого оруулж байгаа ажээ. Баячууд алдарт хөлбөмбөгчдийг ойроос харах хүсэлтэй, хэрэв тэр хөлбөмбөгч ямар нэг буян ажил хийдэг бол хандив өргөхөд ч бэлэн байдаг.

“Тиймээс хандив авах хүсэлтэй алдартай хөлбөмбөгч чөлөөтэй цагаараа манай баян үйлчлүүлэгчидтэй уулзахад бэлэн. Хамт зураг авхуулна, бөмбөг тоглоно” гэж Макнил ярилаа.

Одоогийн байдлаар “Knightsbridge Circle” компанид 4 сая ам.долларын үнэтэй финалын тоглолтын багц тасалбар нөөцөд байгаа гэнэ. Талбайн яг дэргэдэх хоёр тасалбар тус бүр 1,5 саяар эзнээ хүлээж байна.

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...