UBLife Logo
Newsfeed

“Мексикийн Бэтмен” хочит нууц этгээд хулгайчдыг барьж, шонгоос уяж орхижээ

“Мексикийн Бэтмен” хочит нууц этгээд хулгайчдыг барьж, шонгоос уяж орхижээ

Мексикийн Жалиско мужид өөрийгөө хууль сахиулагч хэмээн харуулахыг оролдож буй нэгэн үл мэдэгдэх этгээд мотоцикл, дугуй хулгайлсан гэж сэжиглэгдсэн хүмүүсийг гудамжны шонгоос нааж орхисон хэрэг олон нийтийн анхаарлыг татаж байна.

Лагос-де-Морено хотын орчимд сүүлийн үед нийт таван ижил төстэй хэрэг бүртгэгдсэн бөгөөд сэжигтнүүдийг скочоор шонгоос хүлж, духан дээр нь испани хэлээр "Ratero" буюу "Хулгайч" гэж бичсэн байдалтай олжээ.

Зарим хүний нүүрэн дээр сахал зурсан байсан бөгөөд тэдний хажууд хулгайлагдсан байж болзошгүй мотоциклуудыг үлдээсэн байжээ. Мөн толгой дээгүүр нь ягаан өнгийн самбар өлгөж, тухайн хүнийг ямар хэрэгт буруутгаж байгааг бичсэн байсан аж.

Жалиско мужийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Хуан Пабло Эрнандесийн мэдээлснээр, хохирогч болсон бүх хүнийг суллаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор уг хэргийг хүн барьж хорьсон, хүч хэрэглэсэн хэрэг гэж үзэн мөрдөн шалгаж байна.

Мөн халдлагатай холбоотой байж болзошгүй хоёр автомашиныг тогтоосон ч одоогоор сэжигтний нэрийг зарлаагүй байна.

Энэхүү үйл явдал цахим орчинд хурдтай тархаж, олон хэрэглэгч үл мэдэгдэх этгээдийг "Лагос-де-Мореногийн Бэтмен", эсвэл "Мексикийн Бэтмен" хэмээн хочлох болжээ. Зарим нь түүнийг гэмт хэрэгтэй тэмцэж байна хэмээн магтсан бол нөгөө хэсэг нь хууль бус хүч хэрэглэсэн үйлдлийг зөвтгөх боломжгүй гэж үзэж байна.

Мексикт сүүлийн жилүүдэд иргэд хууль сахиулах байгууллагын оронд өөрсдөө аюулгүй байдлаа хамгаалах тохиолдол нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, ойролцоох Мичоакан мужид хэсэг эмэгтэйчүүд Jalisco New Generation хар тамхины бүлэглэлийн эсрэг автомат буу барин хамгаалалтын бүлэг байгуулж, гар хийцийн хуягт машин хүртэл ашиглан замын хяналтын цэгүүд байгуулсан талаар өмнө нь мэдээлж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...