UBLife Logo
Хөлбөмбөг

ДАШТ-ий плей-оффт шалгарсан “бяцхан” Кабо-Вердегийн нууц

ДАШТ-ий плей-оффт шалгарсан “бяцхан” Кабо-Вердегийн нууц

Канад, Мексик, АНУ-д болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий плей-офф эхэллээ. Кабо-Вердегийн шигшээ баг анх удаагаа ДАШТ-д оролцож байгаа ч нэгэн дээд амжилт тогтоосон. Энэ улс ДАШТ-ий түүхэн дэх хасагдах шатанд шалгарсан хамгийн жижигхэн улсаар тодорчээ. Кабо-Верде энэ тэмцээнд нэг ч ялаагүй  ч, нэг ч ялагдаагүй. Хүчирхэг Испанийн багийн араас шалгарч, Уругвай, Саудын Араб хоёрыг хасаж орхилоо. Одоо тэд Месси тэргүүтэй дэлхийн аварга Аргентинтай үхэх сэхэхээ үзэхээр бэлтгэлээ базааж байна.

Кабо-Верде бол 520 мянган хүн амтай арлын орон. Багийн 40 настай хаалгач Возинья “Бид жижигхэн. Гэхдээ бидний зүрх сэтгэл том, бид дайчид” гэж хэлсэн байна. Возинья өөрөө ДАШТ-д анх удаа оролцож байгаа хамгийн ахмад тамирчны рекорд тогтоогоод байгаа. Түүний тухай нийтлэлийг эндээс үзнэ үү.

Кабо-Вердегийн баг хэсэгтээ Саудын Арабтай 0:0, Уругвайтай 2:2, Испанитай 0:0 тэнцсэн. Хэсгээс шалгарсны дараа ахлах дасгалжуулагч Бубишта “Бид энэ шатанд шалгарснаараа бахархаж байна. Жижигхэн орон ч зорилгодоо хүрч чаддаг гэдгээ харуулж чадлаа” гэж хэлж байлаа.

Арлын бяцхан орны нууц юу вэ?

Хамгийн эхний нууц бол Кабо-Вердегийн хөлбөмбөгийн холбооноос гаргасан гадаадад амьдарч байгаа нутгийнхаа уугуул иргэдийг дуудах шийдвэр байлаа. Энэ тэмцээнд оролцож байгаа багийн 26 гишүүний 14 нь гадаадад төрсөн хүн.

Кабо-Верде бол Португалын эзэмшил байсан газар. Одоо Португалын Премьер лигт довтлогч Дайлон Ливраменту, хамгаалагч Сидни Кабрал хоёр тоглож байна. Нидерландад байдаг Кабо-Вердечуудаас 6 хүн шигшээд ирсний дотор хагас хамгаалагч Жамир Монтейра, ах дүү Дерой, Ларуш Дуарте нар байна. Ларуш Нидерландын залуучуудын шигшээд дуудагдаж байсан тоглогч.

Төвийн хамгаалагч Роберту Лопеш Ирландын Дублинд төрсөн. Холбөмбөгийн холбооноос түүнийг 2019 онд LinkedIn сүлжээнээс олж байжээ. Лопеш анх португал хэл дээр бичсэн урилгыг хүлээн аваад спам гэж байсан гэдэг.

“Энэ баг дэлхийн шилдэг багуудтай үзэлцэж чадна гэсэн итгэл бидэнд байдаг” Лопеш

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бубишта багаа 2020 оноос удирдаж байгаа. 2025 онд тэр Африкийн шилдэг дасгалжуулагч болсон.

“Эв нэгдэлтэй баг гэдгээ харуулж, хүч чадал, нэгдэл, тэвчээр хатуужилтайгаа батлах нь үр дүнгээс илүү чухал” Бубишта

“Үнэнийг хэлэхэд одоо би зүүдэлж байгаа юм шиг л байна. Итгэхгүй байна. Өнөөдөр бид баяраа тэмдэглээд маргаашнаас Аргентинтай хийх тоглолтын бэлтгэлдээ анхаарлаа хандуулна. Хэцүү байж болох ч боломжгүй юм гэж байдаггүй” Дерой Дуарте

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...