UBLife Logo
Нийгэм

Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр 2-5 дахин нэмэгдлээ

Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр 2-5 дахин нэмэгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг 2026 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн яамнаас олон нийтэд дараах мэдээллийг өглөө.

Суудлын автомашины төлбөр 5000, ачааны автомашиных 20 мянган төгрөг болно

Энэхүү шинэчилсэн тарифаар суудлын автомашины автозам ашигласны төлбөрийг 1000-5000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10-20 мянган төгрөг болгон шинэчилэн тогтоосон байна. Ингэснээр тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалан төлбөрийн хэмжээ өмнөхөөс 2-5 дахин нэмэгдэж байна.

Энэхүү шинэчлэгдсэн тариф нь Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөгдөх бөгөөд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам, мөн аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто зам хамрагдана.

Хэрэв та орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг бол бол урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг мэдээллээ.

Төлбөрийн нэмэгдлийг зөвхөн замын засвар арчлалтад зарцуулж, орлого төвлөрөлтийг ил тод болгох аж. Улсын төсвийн ачааллыг бууруулж, автозамын засвар, арчлалтын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоож, нэмэгдсэн орлогыг зөвхөн замын засвар, арчлалтад зориулан зарцуулахаар шийдвэрлэснийг Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, ахлах мэргэжилтэн Д.Оюунбилэг, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд, “Авто замын засвар, арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярдорж нар мэдээллийн үеэр онцоллоо.

Автозамын төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авах юм. Энэ оноос эхлэн улсын хэмжээнд байрлах 33 төлбөр авах цэгийг бүрэн цахим системд шилжүүлж, авто зам ашигласны төлбөрийг автомат хэлбэрээр авч эхэлсэн талаар мөн мэдээлж байна.

Автозамын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиглаж буй тээврийн хэрэгсэл, түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журмын дагуу түргэн тусламж, гал түймэр унтраах, онцгой байдал, төрийн шуурхай ажиллагааны зориулалттай тээврийн хэрэгслүүд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө гэв.

Түүнчлэн ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлөх бөгөөд нийслэлийн алслагдсан бүсэд амьдардаг иргэд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо (Эмээлт), Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо (Өлзийт), Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд “E-Mongolia” системээр дамжуулан “Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт” гаргаж, “Цагаан жагсаалт”-д бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой гэдгийг танилцууллаа.

Уг жагсаалтад бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр нэвтрэхэд систем автоматаар таньж, хаалт шууд нээгдэнэ. Харин орон нутгийн замаар зорчсон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр автозам ашигласны төлбөр цахимаар илгээгдэнэ.

Та энэхүү төлбөрийг тухайн ондоо багтаан өөрийн боломжид тохируулан хэсэгчлэн хуваан төлөх боломжтой. Хэрэв таны зам ашигласны төлбөр 20 болон түүнээс дээш удаа хуримтлагдсан тохиолдолд постын автомат хаалт нээгдэхгүй, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд зорчих боломжтой гэдгийг анхаарууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...