С.Зориг агсны хөшөөг өнөөдөр нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ талаар ар гэрийнхэн нь ямар байр суурьтай байгаа талаар С.Зориг агсны дүү Оюунаас тодрууллаа.
-С.Зориг агсны хөшөөг шилжүүлсэн талаар та болон танай гэр бүлийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Цаг гаруйн өмнө гэнэт ийм мэдээ яваад эхлэхэд нь худлаа мэдээ байлгүй дээ гэж бодоод өөрөө очиж үзтэл үнэхээр зөөчихсөн байсан. Гэр бүлийнхэн бидний хувьд энэ хөшөө байсан тэр байрандаа л байх ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн жил энэ асуудал яригдаж байхад ч энэ байр сууриа илэрхийлж байсан.
1998 оны тэр хэцүү, хар өдрүүдэд хөшөө байсан тэрхүү газарт анхлан олон хүн цуглаж, хөшөө дурсгал босгох санаа гаргаж байсан түүхтэй. Хүмүүс тав, таван төгрөгөө цуглуулж, ахын минь найз Б.Дэнзэн энэ хөшөөг босгосон. Мөн доор нь “Монголын ард түмнээс” гэж бичсэн байдаг.

Энэ утгаараа уг хөшөө бол гэр бүлийнхэн бидний өмч ч биш, олон түмэн босгох санаачилга гаргасан, олон түмний л хөшөө, өмч шүү дээ. Тиймээс энэ хөшөө анхлан байсан тэр газартаа л байх ёстой гэсэн байр суурьтай байна.
Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын Цахим мэдээллийн сан Ubheritage.mn сайтад мэдээлснээр хөшөө байрлаж буй газар нь Нийслэлийн өмч бөгөөд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хувьд Сүхбаатар дүүргийн хамгаалалтад байдаг.


