UBLife Logo
Дэлхий

Монгол БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээлээс ОХУ-ыг шахна

Монгол БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээлээс ОХУ-ыг шахна

Хятадын эдийн засаг дүн, шинжилгээний “Mysteel” агентлаг дэлхийн зах зээлийн шинэ таамаглалаа гаргалаа. “Mysteel”-ийн дүн шинжилгээ маш нэр хүндтэй бөгөөд дэлхийн шилдэг санхүүгийн хүрээлэн, хэвлэл, компаниуд өргөнөөр ашигладаг юм.

Шинэ таамаглалаар 2027 онд Монголоос БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ 82-95 сая тоннд хүрч, 2025 оноос 42-58 хувь нэмэгдэх тооцоо гарчээ. Энэ нь БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээлээс Монгол улс ОХУ тэргүүтэй өрсөлдөгчдөө шахан гаргаж, ноёрхоно гэсэн үг юм.

Монголын нүүрсний экспорт эрс нэмэгдэх 2 гол хүчин зүйл бий гэж тус агентлаг үзжээ. Үүнд, Гашуунсухайт — Ганцмод гэсэн төмөр замын шинэ шугам их нөлөөтэй. Одоогийн байдлаар Монголын засгийн газар хил дамнасан тус замын ийт 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, гүйцэтгэл 100 хувьд хүрсэн байна. Замын туршилтын тээвэр 2027 оны дөрөвдүгээр сард эхлэх юм.

Хоёрдугаарт, БНХАУ-ын зах зээлийн хэрэгцээ. Хятадад коксжих нүүрсний хомсдол байгаа нь Монголын түүхий эд хэрэгцээтэй байхын тэмдэг гэжээ.

Хятадын коксжтх нүүрсний импортын 50 гаруй хувийг Млнгол улс дангаараа эзэлдэг. Энэ оны эхний хагаст импорт 40 сая тоннд хүрсэн бөгөөд оны эцэст 82-84 сая тонн болно.  

Харин ОХУ-ын коксжих нүүрсний БНХАУ-д нийлүүлэх хэмжээ энэ оны эхний хагаст олон улсын хориг, дэд бүтцийн хүндрэлээс болж, 20 хувь буурсан. Энэ онгорхой зайг Монгол улс нөхөж байна.

БНХАУ-ын Засгийн газраас Австралийн нүүрсэнд хориг тавиад байсан. Албан бус энэхүү хориг цуцлагдсан ч Австралийн нүүрсний экспорт өмнөх хэмжээндээ хүрч чадсангүй. Үүнд байгалийн таагүй нөхцөл, далайн тээврийн зардал нөлөөлжээ.

Индонезийн хувьд коксжих нүүрсний чанар муу тул Монголын нүүрстэй өрсөлдөж чадахгүй.

Монгол улс хуурай замын шугамаар БНХАУ-д шууд нийлүүлдэг тул өрсөлдөх чадвар өндөр. 2027 онд дээр дурдсан төмөр замын шугамаа ашиглалтад оруулахад Хятад улсад ОХУ, Австралийн далайн замаар тээвэрлэсэн зардал ихтэй нүүрсний хэрэгцээ буурна гэж шинжээчид үзэж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...