UBLife Logo
УИХ

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, Б.Жаргалан, О.Батнайрамдал нар өнөөдөр /2026.09.28/ Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын дэд захирал, Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Маршал Миллс нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад тус Байнгын хорооны гишүүд, УИХ-д суудал бүхий нам, эвслийн төлөөлөл оролцож, макро эдийн засгийн нөхцөл өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ болон төсвийн хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлж, санал солилцов.

Байнгын хорооны дарга, гишүүд Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй хагас жилийн өмнө уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, сорилтуудын талаар санал солилцож байсан. Өдгөө тэдгээр нөхцөл байдал, сорилт үргэлжилсэн хэвээр байгаа ч Эдийн засгийн байнгын хорооноос төрийн өмчийн ил тод байдал, засаглалын чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг батлуулсан талаар уулзалтын үеэр танилцууллаа. Түүнчлэн Орон сууцжуулалтын төрөлжсөн банк байгуулах, Төв банкны тухай, Үнэт цаасны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.

Олон улсын валютын сангийн зүгээс дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдлаас улбаатай эдийн засгийн нөхцөл байдалд Монгол Улс бэлэн байж, урьд өмнө байгаагүй хэмжээнд валютын нөөц бүрдүүлсэн, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хэвийн түвшинд хадгалагдаж байгааг дурдлаа.

Мөн цаашид инфляцын өсөлтийн дарамт нэмэгдэх тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогыг чангаруулж, бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлага үүсэж болзошгүйг онцлов. Энэ нөхцөлд мөнгөний бодлогын шийдвэрийг хараат бусаар гаргах Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчин бэхжүүлэх нь чухал бөгөөд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг онцлов.

Уулзалтад Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн болон Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагчид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд байлцлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...