UBLife Logo
The Media Show

The Media Show | Өмнөх жилийн оролцогчид юуг онцлов?

Ub.life
Ub.life
The Media Show | Өмнөх жилийн оролцогчид юуг онцлов?

Медиа салбарынхан нэгэн танхимд цуглаж, хийсэн, бүтээснээ нээлттэй ярилцаж, алдаж, оносон туршлагаа харамгүй хуваалцдаг, шинэ санаа, урам зоригийн индэр The Media Show арга хэмжээ 11-р сарын 21-нд дөрөв дэх удаагаа болох гэж байна.

Та яагаад жил бүр энэ арга хэмжээг зорих ёстой вэ, тэнд ямар уур амьсгалтай, яриа хөөрөө өрнөдөг вэ гэдгийг өнгөрсөн жилийн оролцогдын сэтгэгдлээс хүлээж аваарай.

The Media Show 2026 арга хэмжээний мэдээллийг энэ эвентэд нэгдэж цаг тухайд нь аваарай.

Р.Оюунцэцэг, Хэвлэлийн хүрээлэнгийн зөвлөх багш

Би Ж.Хулангийн подкастыг сонсож, бидний эмзэглэж явдаг асуудлуудыг хөнддөгийг нь эртнээс мэднэ. Тиймдээ ч энэ арга хэмжээг чих тавин хүлээж байлаа. Оролцогчдын хувьд ч тэр олон талын хүмүүс байдгийг мэдээллээс харж байсан тул өнөөдөр зорьж ирлээ.

Манай шинэ үеийн медиа салбарынхан маш их санаачилгатай, бидний академик сургалтаар өгдөг тэр бүх онол, практикийн асуудлыг бодитоор амьдралд өөрсдөө хэрэгжүүлээд ирсэн туршлагатай оролцогчид байгаа нь сэтгэл хөдөлгөлөө. Тэгээд бүгд сэтгүүл зүйнхээ төлөө бүр зүрх сэтгэлээ өгчихсөн. Түүнийгээ өөр, өөрийнхөө ажил дээр яг тодорхой хэрэгжүүлчихсэн. Жишээ нь, өнөөдөр технологийн салбарт ажиллаж байгаа залуу медиа салбарт ажиллаж байсан юм байна. Тэгээд одоо технологи болон медиа гэсэн бусад дэд бүтцүүдээ яаж холбох вэ гэдгийг маш мундаг олж хараад, ажиллаад явж байна шүү дээ. Ийм л санал санаачилгатай, түүнийгээ хэрэгжүүлж, туршаад явж байгаа хүмүүсийг сонсох үнэхээр талаагдлаа.

С.Болд-Эрдэнэ, “Mining Insight” сэтгүүлийн эдитор

Манай “Mining Insight” сэтгүүл 2021 оноос хойш сэтгүүлчид өөрсдөө нийлээд байгуулж, эрхлэн гаргаж байгаа уул уурхайн төрөлжсөн сэтгүүл. Тодорхой сегмент рүү чиглэсэн сэтгүүл, контент хийнэ гэдэг маш их ур чадвар, мэдлэг, мэдээлэл, мэдрэмж шаарддаг л даа. Энэ тухайгаа The Media Show арга хэмжээний тайзнаас хуваалцаж, залуу сэтгүүлчдэд туршлагаа ярилаа.

Ер нь нэг чиглэлээр мэргэших их гоё шүү дээ, би энэ чиглэлээр 16 жил ажиллаж байна. Мэргэшсэн сэдвээрээ хамгийн сайн контент, нийтлэл гаргачхаад, тэр нь өндөр үнэлгээ аваад, тодорхой хэмжээнд бодлого, шийдвэрт нөлөөлнө гэдэг хамгийн таашаалтай үйл хэрэг. Энэ гоё сайхныг бас залуустаа хуваалцаж, хэлэх нь чухал байлаа.

The Media Show арга хэмжээний хувьд гэвэл аливаа салбар үргэлж хөдөлгөөнтэй буюу байнгын ярилцаж, сайжирч байдаг. Монголын хэвлэл мэдээллийн салбар ч тийм байх ёстой. Дэлхий дахинаа цаг үеэ дагаад өөрчлөлт явагдаж байгаагаас бид хоцрох учиргүй. Харин энэ бүхнийг нэг хүн яриад болчихдог юм биш. Бие биеийнхээ сайн туршлагыг сонсдог, хуваалцдаг, үлгэр жишээ авдаг байх ёстой. Чадсанаа ярьдаг, болоогүйгээ ч хэлдэг, алдсанаа өөрөө оношлоод тэрийгээ бусад хуваалцдаг, алдахгүй байхад энэ чухал юм байна шүү гэж ярилцах талбар манайд хэрэгтэй байсан. Энэ орон зайг The Media Show бүтээж чадсан.

Б.Энхжин, МУИС-ийн төгсөх ангийн оюутан (2025 он)

Надад The Media Show арга хэмжээтэй чөлөөтэй, энгийн уур амьсгалтай байгаа нь их таалагдлаа. Хэт албаны, мэргэжлийн нарийн зүйлс яригдаад би ойлгохгүй бол яана ч гэж бодож байсан. Гэтэл амьдралд маш ойрхон, салбарын асуудлуудыг ойлгомжтой, хялбараар, сонирхолтой хүргэсэн нь онцлог байлаа.

Оюутан хүний хувьд удахгүй төгсөөд ямар чиглэлээр ажиллах вэ, юу хийх вэ гээд олон бодол эргэлдэж байх үед энэ арга хэмжээнд ирснээрээ салбар маань ямар баялаг юм бэ, уул уурхай, технологийн нарийн чиглэлүүд яаж хөгжиж ирж вэ, ямар их боломж байгаа юм бэ гэдгийг олж харлаа. 

Л.Анударь, Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн хөтөлбөрийн захирал

Манай медиа салбарт гарч байгаа инновац, алдаа, оноо юу байна гээд бүгдийг нь ярилцаж байгаа энэ арга хэмжээний нэг хэсэг болж илтгэл тавьсандаа баяртай байна. Бидний хувьд “Юнител” групптэй хамтран технологийн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилготой “Tech Journo” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн хувьд энэ тухайгаа танилцууллаа.

Манай улсад технологийн салбарт маш их боломж байгааг бид тэр бүр анзаардаггүй юм шиг. Үүнийг таниулахад иргэд, олон нийт мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал, тэгж байж хөгжинө. Энэ утгаараа энэ салбарт мэргэшсэн сэтгүүлч болох нь ирээдүйтэй гэж болно. Нөгөө талаас манай байгууллагаас хийсэн судалгаанаас харвал хэвлэл мэдээллийн нийт мэдээллийн 80 хувийг улс төр, эдийн засаг, нийгмийн сэдэв эзэлж байна. Харин хүлээн авагчдаас асуухаар технологийн сэдвийг гуравт эрэмбэлж нэрлэсэн. Энэ бол технологийн мэдээллийн эрэлт байгаа юм байна гэдгийн илрэл. Тиймээс бид “Юнител” групптэй хамтран хэрэгжүүлж байгаа “Tech Journo” хөтөлбөрөө оюутан залуус болон салбартаа ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтнүүдэд хүргэж чадсандаа баяртай байна.

Монголд ер нь янз бүрийн салбарын хэлэлцүүлэг, арга хэмжээ их болдог ч манай медиа салбарт ийм орон зай харьцангуй бага санагддаг. Харин The Media Show дээр хийсэн, бүтээснээ болон алдаа, оноогоо нээлттэй ярилцаад, бие биетэйгээ хуваалцдаг орон зай болж байгаа нь энэ шоу үргэлжилсээр байх хамгийн том шалтгаан болов уу.

Ш.Даваадорж, сэтгүүлч

Би The Media Show-г зар нь гарснаас хойш хүлээж байгаад ирлээ. Сэтгүүл зүйд маш их өөрчлөлт, мэдлэг авчирч, шинэ санаа өгч байгаа нь ирсэн сэтгүүлч, мэргэжилтнүүдэд урам зориг болох нь гарцаагүй. Би өөрөө ч өглөөнөөс эхлээд уйдах завгүй илтгэлүүдийг сонслоо. Сэтгүүлч хүний хувьд энэ салбарт ямар зовлон бэрхшээл байдаг юм, түүнийг яаж туулдаг вэ гэдгээ бүгд нээлттэй ярьж, хэлэхийн зэрэгцээ шинэ сэтгүүл зүйн орчинд амжилттай ажиллаж яваа залуус туршлагаа ярьж байгаа нь их шинэлэг байна. Тэр хэрээрээ илтгэл нь их сонирхолтой байна.

Цаашдаа The Media Show маань тасралтгүй үргэлжлээсэй. Сэтгүүл зүйд гоё өөрчлөлт гарах эхлэл шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...