Жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдрийг Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. 2026 онд энэ өдрийг “Чихрийн шижинг эрт илрүүлье” сэдвийн хүрээнд тэмдэглэж эрт илрүүлэг, өвчлөх эрсдэлийг бууруулахад анхаарал хандуулж байна.
Анх 1991 онд ДЭМБ болон Олон улсын чихрийн шижингийн холбооноос инсулин дааврыг нээсэн эрдэмтэн Фредрхи Бантингийн төрсөн өдөр буюу 11 сарын 14-ний өдрийг Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Монгол Улсад Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг 1995 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд чихрийн шижинтэй 537 сая хүн амьдарч байна. 2030 он гэхэд энэ тоо 643 саяд хүрэн, дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалтай байна. Ингээд энэ өвчнөөс урьдчилан сэргийлүүлэх үүднээс чихрийн шижингээр амиа алдсан 7 одын түүхийг танилцуулж байна.
Мишель Трахтенберг

“Buffy the Vampire Slayer” цувралын од жүжигчин Мишель 2025 оны хоёрдугаар сард 39 настайдаа нас барсан. Жилийн өмнөөс гэнэт турж эхэлсэн түүний эрүүл мэндэд фэнүүд нь санаа зовж эхэлсэн ч бүсгүй өөрөө эрүүл энх, аз жаргалтай байна хэмээн мэдэгдэж байлаа. Мишель 2025 оны хоёрдугаар сарын 26-нд ээжийнхээ Манхэттэн дэх орон сууцанд нас барсан байдалтай олдсон. Хожим нь тэрээр хэдэн сарын өмнө элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон нь тогтоогдсон юм. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхлийн шалтгаан нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын гаж нөлөө болох чихрийн шижин байжээ.
Жонни Кэш

1997 онд 65 настайдаа домогт кантри дуучин Кэш Паркинсоны өвчнөөр өвдсөнөө зарласан. Мөн мэдрэлийн хүнд өвчтэй гэж оношлогдсон юм. Гэвч хоёр онош хоёулаа алдаж, Кэш чихрийн шижинтэй холбоотой мэдрэлийн эмгэг туссан нь батлагджээ. Тэрээр өвчтэй байсан ч “American III: Solitary Man” (2000), “American IV: The Man Comes Around” (2002) гэдэг хоёр цомог гаргасан. Эхнэр Жун Картер нь нөхрөө арчилж, уран бүтээлд нь тус болж байв. Гэвч 2003 оны тавдугаар сард эхнэр нь нас барлаа. Жонни Кэш үүнээс дөрвөн сарын дараа 2003 оны есдүгээр сард чихрийн шижингээр нас барсан юм.
Элла Фицджеральд

Чихрийн шижинтэй гэдгээ тэрээр тун оройтож мэдсэн. 1993 онд хоёр хөлөө тайруулж, юм харахаа байжээ. 1996 онд 79 настайдаа нас барсан.
Робби Колтрейн

“Харри Поттер” киноны эелдэг зөөлөн Хагрид олон жил үе мөчний үрэвслээр шаналсан. 2019 оноос тэргэнцэр хэрэглэдэг болж, 2022 онд нас барсан. Шинжилгээний хариу нь уушгины халдвар, зүрхний бөглөрөл зэргээс үүдэлтэй олон эрхтний дутагдал, 2-р хэлбэрийн чихрийн шижин гэж гарсан байна.
Би Би Кинг

Домогт дуучин 89 насалж, бараг сүүлийн өдөр хүртлээ тайзан дээр гарсан. 2015 онд Би Би Кинг нойрон дундаа чихрийн шижингийн хүндрэлээр амьсгал хураажээ.
Михаил Пуговкин

ЗХУ-ын алдарт жүжигчин олон жил чихрийн шижингээр өвдсөн юм. 2004 оноос бие нь муудсан ч хүмүүст зовж байгаагаа үзүүлэхгүйн тулд эмнэлэгт хэвтэхээс тагалзсаар байв. 2007 онд цус харваж, 2008 онд зүрхний шигдээс боллоо. Гэвч тэр эмнэлэгт очихыг хүссэнгүй. Долоо хоногийн дараа цус харваж, түргэн тусламж дуудсан байна. Мөн л эмнэлгээс татгалзлаа. Үүнээс дахин ганцхан цагийн дараа дахин түргэн тусламж ирсэн ч энэ удаад амийг нь аварч чадсангүй.
Евгений Моргунов

“Кавказад болсон явдал” киноны бүдүүн Бывалый-гийн дүрээр алдаршсан. Харин энэ илүүдэл жингийн шалтгаан нь чихрийн шижин байсан юм. Бодисын солилцооны эмгэг түүнд бага байхад нь илэрсэн. Өлсгөлөнгийн үед тэрээр ээжийнхээ авчирсан савтай маслыг бүгдийг нь идэж орхисон нь эхлэл байлаа. 25 настайдаа чихрийн шижин гэж оношлогдсон. Тамхи, архинаас татгалзаж, хоолны дэглэм барих ёстой ч Моргунов огт тоосонгүй. 130 кг жинтэй болж, нэг удаа цус харваж, хоёр удаа зүрхний шигдээс болов. Амьдралынх нь сүүлийн жилүүдэд хөл нь өвдөж, эмч тайрах гэсэн боловч эхнэр нь зөвшөөрсөнгүй. Моргунов тайзан дээр таавчигтай, оймстой гарсаар байв. 1998 онд хүү нь ослоор нас барсан нь түүний биеийг улам муутгалаа. Евгений Моргунов 72 настайдаа нас барсан.
