UBLife Logo
Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа,

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан, зарим гэмт бүлэглэлийн шинжтэй этгээдүүдээс эрээ цээргүй довтолгоо хийж, төрийн тэргүүн болон ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдлүүд гарч байна. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Мөн Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол улс орны гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаатай шууд холбоотой асуудал.

Монгол Улсад хүн биш, хууль засагладаг. Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа өгч, үнэн мөнийг тогтоолгох хэрэгтэй гэсэн байна. Би үүнтэй санал нэг байна. Төрийн тэргүүний үүрэгт ажлаа өгч, үнэн худлыг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Би нэр төрөө сэргээнэ.

Би үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, жирийн иргэн болно. Үүний дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж, бүх асуудлын талаар нээлттэй ярилцана. Надад хэлэх, тайлбарлах зүйл олон бий. Төрийн тэргүүний албан тушаал хашиж байгаа хүнд ярих, ярихгүй зүйл гэж байдаг. Харин ажлаа өгснийхөө дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэж мэдэгдсэн.

Үндсэн хуульд зааснаар "Ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна" гэсэн байдаг. Энэ хүрээнд одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өгсний дараа шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэлх хугацаанд бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр хүргүүлнэ. Лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдэх байх гэж харж байна" гэж сэтгүүлчдэд мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...