UBLife Logo
Амьдралын дүрэм

Софи Марсо 60 нас хүрлээ

Софи Марсо 60 нас хүрлээ

Францын ард түмний хайртай эрхэм Софи Марсо 14 настайдаа жүжигчин болсон хүн. Охидын моделийн агентлагт ажиллаж байсан түүнийг “La Boum” киноны найруулагчид гол дүрдээ сонгосон юм. Хоёр жилийн дараа киноны үргэлжлэл гарч, Софи “Сезар” шагналын эзэн болсон билээ. Тэр цагаас хойш Марсогийн жүжигчний замнал өв тэгш биш ч нийтэд нь дүгнэвэл амжилттай үргэлжилсэн гэж хэлж болно. Софи 40 гаруй кинонд тоглосон. Тэр Жерар Депардье, Катрин Денев нартай хамт тоглож, Мел Гибсоны “Braveheart”, Микеланжело Антонионигийн  “Al di là delle nuvole” кинонд дүр бүтээж, Жеймс Бондын бүсгүй болсон. Францын бэлгэ тэмдэг болох нэг төрлийн уралдаанд хэд хэдэн удаа нэр дэвшиж, 2012 онд Марион Котийяр, Ванесса Паради нарыг ялан, түрүүлж байлаа. Өнөөдөр тэр 60 нас хүрч байна.

1982 онд Марсо өөрөөсөө 26 насаар ах Польшийн найруулагч Анджей Жулавскийтай учирч, гэрлэсэн. 1995 онд тэд Венсан хэмээх хүүтэй болсон. Дараа нь АНУ-ын продюсер Жим  Лемлитэй гэрлэж, Жюльет охинтой болжээ.

Марсо хөгжимд дуртай. Иоганн Себастьян Бах, Густав Малерын аялгууг байнга сонсдог. Уран зураач гэж хэлж болохоор авьяастай.

2007 оноос жүжигчин Кристофер Ламберттай хамт амьдарч, 2014 онд эв найрамдалтай салж байгаагаа талууд зарласан.

2016 онд Францын Хүндэт легионы одонгоос татгалзаж, шуугиан тарьсан. 2026 оны аравдугаар сарын сүүлээр “Warszawa” (Варшав) намтар номоо гаргасан.

Софи Марсогийн амьдралын дүрэм

Өнгөрснөө ухаад байх дургүй. Дөнгөж өчигдөр болсон зүйлээ ч эргэн харах дургүй.

Надад юу хийсэн, хийж байгаагаа бодож суух зав байхгүй.

Би Бондын бүсгүй байгаагүй. Би чинь сөрөг талын баатар байсан шүү дээ. Эсрэг дүр бүтээх их сайхан.

Зураг авалтын талбайд нүцэглэх дургүй. Оронд нь нүүрэндээ бялуу шидүүлсэн нь дээр.

Нэг удаа надад “Үтрээний хүүрнэл”-д тоглох санал ирсэн. Та нарт үтрээний ажил сонирхолтой юу? Надад бол үгүй.

Бусдын мөрийг түшсэнээс өөрөө мөрөө өгөх нь надад илүү таалагддаг.

Зураг авалтын үеэр би орой болгон гэртээ маш их ядарсан, хоосорсон харьж ирдэг. Ямар нэг том гай зовлон туулсан мэт. Ингээд л зурагт үзэнгээ хоол идэх зэрэг тэнэг зүйл хийж эхэлдэг.

Нэг хэсэг би хогийн бохир, туслах дүрүүдэд тоглохоос үнэхээр залхсан. Хэн нэгэн гаж найруулагчийн толгойд төрсөн зөгнөл, мөрөөдлийг биелүүлэх гэж тоглох хэрэг үү?

Нас ахих тутам хэрэгтэй зүйлс цөөрсөөр байна. Жишээ нь, би аялах дуртай байсан бол одоо дэлхийн хамгийн шилдэг газар бол гэр гэж боддог болсон. Гэр бүлийнхээ дунд байхад ганцаардахгүй сайхан.

Маш их зовлон туулсан болохоор амжилтад хүрлээ гэж олон хүн боддог. Мэдээж амьдрал хүнийг хатуужуулна. Гэхдээ надад үзэж туулсан гай зовлон ашигтай, хичээл болж өгсөн мэт санагддаггүй.

Францчууд дэлхийд ганцаараа юм шиг аашилдаг. Гэхдээ үнэндээ тэд их зантайдаа биш өөртөө итгэлгүй учраас тэгдэг юм. Францчууд хүмүүсийн доог болохоор үхэх юм шиг л их айдаг.

Би хүчтэй эмэгтэй. Гэхдээ тамлуулбал давж гарж чадахгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...