Бяцхан үрсийнхээ жилд ганц тохиодог баярын өдрөөр нь та бүх л өдөржин наранд шарагдаж, олон арван хүний араас дугаарлаж зогсмооргүй л байгаа биз дээ. Тогтсон маршрут болох Хүүхдийн паркад очихын оронд зургаадугаар сарын 1-нд өөр сонирхолтой үйл ажиллагаа болох газруудыг зорихыг зөвлөж байна. Энэ өдөр олон газар таны хүүхдийг баярлуулах сонирхолтой үйл ажиллагаанууд болно.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан үйл ажиллагаа зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр 500 хүүхэд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг” аялгууг бишгүүр хөгжмөөр тоглож, мөн Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу” хөгжмийг 500 морин хуурч хүүхэд хөгжимдөх юм. Үүнээс гадна Чингисийн талбайг зорьсноор та болон таны бяцхан үр 1000 хүүхдийн найрал дуу, уран гимнастик, хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны амталгаат худалдаа гээд олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Монголын үндэсний ёс заншил, баяр Наадмыг сурталчлах зорилготоор “Монгол Хүү” арга хэмжээ Хүй долоон худагийн Хүй мандлын дэнж дээр болох гэж байна. Энэ жил анх удаа Монгол хэв маягтай зохион байгуулагдаж буй тус баярт оролцсоноор нэг өдрийг цэвэр агаарт үеийн хүүхдүүдтэйгээ сонирхолтой уралдаан, тэмцээнд оролцож өнгөрүүлэх боломжтой юм. Энэ үеэр Хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолт болно. Мөн хүүхдийн ном, тоглоом, хувцас хэрэглэл, амттаны худалдаа болохоос гадна үлгэрийн баатруудтай гэрэл зураг татуулах, түрээсийн унадаг дугуй унах, алсын удирдлагатай машины уралдаан гээд хүүхэд багачуудын сэтгэлийг булаах олох арга хэмжээ болно.

Хүүхэд нь амьтанд хайртай эцэг эхчүүд наашаа анхаарлаа хандуулаарай. Учир нь хүүхдийн баяраар “Хүннү молл”-д “Муур хөөрхөн” нэртэй тун сонирхолтой фестиваль болох гэж байна. Энд бенгал, чаузи, шиншилла, британи, сиам гээд Монголд байгаа ховор үүлдрийн муур болон муурны зулзагуудыг олон нийтэд сонирхуулах юм байна. Бүр та хүүхдэдээ бэлэг болгоод фестивалиас төрөл бүрийн өнгөтэй муур, муужгай болон муурны эд хэрэглэл худалдаж авах, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсох боложтой юм. Тус үйл ажиллагаанд оролцоход хүүхэд 5000₮, том хүн 8000₮-ийн үнэтэй. Энэ фестивалиас гадна хүүхдийн баярт зориулсан өөр олон сонирхолтой арга хэмжээ “Хүннү молл”-д болно.
“Вива сити” хотхоноос зарласан “Ууртай шувууд” буюу “Angry bird” хүүхэлдэйн киноны сэдэвт гэр бүлийн бүтээлийн уралдааны шалгаруулалт зургаадугаар сарын 1-нд болно. Бүтээлүүдийн зургийг тус хотхоны фэйсбүүк хуудсанд байршуулж хамгийн их “like”, “share” цуглуулсан оролцогчдын шагналыг хүүхдийн баяраар “Вива сити” хотхонд гардуулна. Мөн энэ үеэр Ази хоолнуудыг амтлах, “Аз хур” номын их дэлгүүрийн ном болон олон төрлийн амттан худалдаалагдах юм.
Жэнко тур бюро ХХК-с жил бүр уламжлал болгон зохион байгууладаг “Чингис хааны үрсын баяр” үйл ажиллагаа Чингис хааны морьт хөшөө цогцолборт болно. Энэ үеэр таны бяцхан үрсийг үлгэрийн баатрууд угтаж авсны дараа урлагын тоглолт, бүжиг, илбэ заахаас гадна хөгжөөнт тоглоом, алиалагчийн үзвэр гээд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулна.

Хүүхдээ багаас нь урлаг, гоо зүйн боловсролтой болгож өсгөхөд тайз дэлгэцийн урлаг хамгийн тохиромжтой. Тэр дундаа хүүхдийг уйдаахгүй хүүхдийн жүжгүүд бүр ч илүү тохиромжтой билээ. УДЭТ-ын хамт олон хүүхдийн баярт зориулж “Хүүхдийн жүжгийн өдрүүд”-ийг зарласан. Тэгвэл зургаадугаар сарын нэгэнд 11:00 болон 14:00 цагуудад Д.Содномдоржийн “Норовын намтар” мюзикл инээдмийн жүжиг тоглогдоно. Тоглолтын тасалбар 10.000₮-р худалдаалагдаж байна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хүүхдүүдэд зориулан Төрийн шагналт, Улсын гавъяат зүтгэлтэн Г.Бирваагийн “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгийн жүжгийг 16:00 цагаас өөрийн тайзнаа тоглох гэж байна. Тус тоглолтыг зохиолч Х.Батаа, найруулагч Д.Ганболд, бүжгийг Төрийн соёрхолт С.Сүхбаатар, Гавъяат жүжигчин Ш.Одонтуяа нар дэглэн найруулжээ. Тоглолтын тасалбар 5000₮-р худалдаалагдаж байна.
Монгол орны 21 аймаг, 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 18 насны бүх сурагчдын дунд зарласан “Хүүхдийн ертөнц-2016” хүүхдийн уран зургийн улсын уралдаанд шалгарсан бүтээлүүдийн үзэсгэлэнг хүүхдийн баяраар дэлгэх гэж байна. Энд ирснээр та хүүхдээ урлагтай нөхөрлүүлэх эхний бөгөөд тун энгийн алхам байж мэдэх юм. Учир нь тэнд хүүхдийн ухаанаар бүтсэн бүтээлүүд дэлгэгдэх тул бяцхан хүүхдүүд ойлгоход дөхөм байх болно.
